Сингапурын эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн Ли Куан Ю 92 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр 2-р сарын 5-нд уушигний үрэвсэл гэсэн оноштой эмнэлэгт хүргэгдсэн юм байна.

Ли Куан Ю 31 жил Сингапурын Ерөнхий сайдаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл Сингапур 1959 онд тусгаар тогтнолоо олсноос хойш. Түүний санаачилсан эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт Английн колони байсан энэ орныг хөгжил цэцэглэлтэд хүргэж чадсан юм. Тэрээр эгэл жирийн ард иргэдийн нийгмийн бодлогод ихэд анхааран, авилгыг устгаж, хүнд сурталыг үгүй хийснээр ийм амжилтад хүрснээ онцлон тэмдэглэдэг байв.

Түүний хамгийн алдартай ишлэл бол "Өөрийн 3 найзаа шоронд суулгаснаар ажлаа эхэл. Тэднийг юуны төлөө суулгасныг та яг мэдэж байгаа". Энэ бол Ли Куан Югийн авилгатай тэмцэх гол зарчим байсан.

Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю "Хэн ч бидэнд сайхан амьдрал авч ирэхгүй. Бид түүнийг өөрсдийн хөдөлмөрөөр бий болгох ёстой" гэж хэлж байжээ. Байгалийн ямар ч баялаггүй энэ орныг Азийн бар болгосон түүний гавьяаг сингапурчууд үнэлэн мөнхийн Ерөнхий сайд гэдэг.

“Хүмүүсийн “мал” шиг сэтгэхүйг өөрчилж чадвал шинэтгэл боломжтой. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэвийн амьдрах эрх хэрэгжээгүй нөхцөлд /мал шиг бус харин хүн шиг амьдрах боломжтой орчин бүрдүүлээгүй бол/ өөрчлөлт, шинэтгэл хийх боломжгүй” гэж Ли Куан Ю мэдэгдсэн. Ингээд агуу Ли Куан Юуг дурсан, хэдэн жилийн өмнө орчуулсан зарим материалаа дахин орууллаа.



Ли Куан Ю: Хэдэн зуун дамжин уламжлагдан ирсэн мал шиг сэтгэхүйг ч өөрчилж болдог

Миний стратегийн нэг хэсэг нь Сингапурыг Зүүн өмнөд Азид “дэлхийн анхны баянбүрд” болгох явдал байлаа. Бид хөгжингүй орнуудын стандартын жишгээр хотуудаа тохижуулбал Сингапур бүс нутагтаа бизнес, аялал жуулчлалын бааз болох байлаа.

Үнэндээ хотын дэд бүтцийг өөрчлөх нь хүмүүсийн дадал зуршлыг өөрчлөхөөс хялбар байсан юм. Олон хүн гадаа жорлонтой урц, овоохойноос нүүж, цэвэр, бохир устай орчин үеийн тэнгэр баганадсан өндөр байшинд нүүж орсон ч тэдний авир төрх хэвээрээ байлаа. Иймээс бид хог хаягдал, бүдүүлэг зан авир, дуу чимээний эсрэг тэмцэж, хүмүүсийг бие биедээ эелдэг, боловсон ханддаг болгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

Бид маш доогуур түвшнээс эхэлсэн. 1960-аад онд сайд, парламентын гишүүд бид ард түмэнтэйгээ уулзах үед ажилгүй хүмүүс эхнэр, хүүхдүүдтэйгээ ирж, урт дараалал үүсгэдэг байв. Тэд ажил олж өгөхийг гуйн, гудамжны худалдаа эрхлэх эсвэл такси барих, сургуулийн хоолны газарт хүнсний бараа зарах зөвшөөрөл хүсдэг байсан.

Хэдэн мянган ийм хүн гудамж талбайд хоол хийж талхны мөнгөө олдог ч тэд замын хөдөлгөөний дүрэм, ариун цэврийн болон бусад шаардлагыг үл тоомсорлодог байсан юм. Ингээд хотын ихэнх хэсэг хог новшиндоо дарагдаж, бохир заваан, эмх замбараагүй байхын зэрэгцээ өмхийрч ялзарсан хоолны үнэр үнэртдэг байв. Бид ялаа, шумуулыг устгаж, өмхий үнэртэй жорлон, суваг шуудууг үгүй хийсэн. Тэгээд хотын нийтийн бүх жорлон зохих шаардлагыг хангах болсон.

Олон иргэн ямар ч зөвшөөрөл, даатгалгүй хэрнээ хулгайгаар хүн тээвэрлэдэг байв. Тэд хаа ч хамаагүй зорчигчдыг авч, буулган замын хөдөлгөөнд аюул учруулж байсан. Олон зуу, мянган хулгайн такси нийтийн тээврийн хөгжлийг бараг зогсоох шахсан тул Засгийн газар хэдэн жилийн турш үүнтэй тэмцлээ.

Бид автобусны системийг өөрчилж, 1971 оноос хойш олон ажлын байрыг шинээр бий болгож, хувиараа машин барьдаг хүмүүст боломж олгосны эцэст хулгайн таксинаас гудамжуудаа цэвэрлэж авсан. Гудамжны худалдаа, гуанзыг авто замын хажуугаас халуун хүйтэн ус, хог зайлуулагч бүхий төвүүд рүү нүүлгэж чадсан. Тэдний зарим нь алдартай тогооч болж, амттай, сайхан хоолоороо жуулчдыг татдаг боллоо. Тэр бүү хэл баяжсан тогоочид одоо саятан болж, мерседес унаж, зөөгчдийг хөлсөлж байна. Ийм хүмүүсийн бизнес сэтгэлгээ, эрч хүч, авьяас билэг л өнөөгийн Сингапурыг бүтээсэн юм.

Бид Сингапурыг хот-цэцэрлэг болгохоор шийдсэн. Би төрөл бүрийн нээлт, ёслол, янз бүрийн байгууллага дээр, мөн замын хажууд гээд хаа сайгүй мод суулгахад оролцож байлаа. Харин би дараа нь биечлэн очиж, модоо шалгадаг байсан. Зарим газар ургаагүй модны оронд намайг ирэхээс өмнө шинийг суулгаж байсан тул удалгүй Үндэсний хөгжлийн яамны хүрээнд ногоон байгууламжийг хамгаалдаг байгууллагатай болсон.

Цэвэр хот, ногоон байгууламжийн төлөө хөдөлгөөнд өндөр албан тушаалтай түшмэдийг бүгдийг татан оруулж байлаа. Бид сая сая мод, бут суулгасан. Учир нь ногоон байгууламж хүмүүсийн ёс суртахууны түвшинг дээшлүүлж, иргэд өөрийн хотоороо бахархдаг боллоо. Бид ажилчин анги болон дунд давхаргын төлөөлөгчдийн амьдарч байгаа орчинг ижил болгож чадсан юм. Гэвч хүмүүсийн буруу зуршлуудтай тэмцэхийн тулд шаргуу тэмцэх хөдөлмөрлөх хэрэгтэй байлаа. Хүмүүс ногоон дээгүүр туучиж, цэцгийн мандлыг сүйтгэж, суулгацыг хулгайлж, унадаг дугуй, мотоциклоо мод түшүүлж тавин гэмтээдэг байсан.

Зөвхөн ядуус гэлтгүй докторын зэрэгтэй хүн хүртэл өндөр үнэтэй сортын нарсыг хулгайлж, гэрийнхээ гадаа тарихаар авч явдаг байлаа. Хүмүүсийг ногоон байгууламжинд хайртай болгохын тулд бид эхлээд сургуулийн сурагчдад ургамал, ногоог арчлах, хамгаалах хичээл заасан. Тэд дараа нь эцэг, эхтэйгээ туршлагаа хуваалцдаг юм.

Би дэлхийн бараг 50 улсад айлчилсан, тэдгээр орны үйлчилгээний түвшин надад их таалагдсан. Ингээд бид дэлгүүрийн худалдагч, таксины жолооч, үйлчилгээний хүрээний болон зочид буудал, зоогийн газрын ажилтнуудад эелдэг, боловсон харьцааны хичээл заах болов. Мөн Аялал жуулчлалын болон Худалдаа, үйлчилгээний яам ажилтнуудынхаа дунд үйлчилгээний чанарыг дээшлүүлэх кампанит ажил явуулж эхэллээ. Харин би энэ үед хөндлөнгөөс оролцож, “Зөвхөн жуулчдад төдийгүй Сингапурын иргэдэд ч зөв, боловсон, соёлч хандах ёстой” гэж мэдэгдсэн.

Дараа нь би Батлан хамгаалах яаманд даалгавар өгч, цэргүүдээрээ хүн амын дунд энэ талаар ухуулга сурталчилгаа явуулахыг даалгав. Түүнчлэн Боловсролын яам хагас сая оюутнуудаа, Зам харилцааны газар хэдэн зуун мянган ажилчдаа мөн ийм ажилд хамруулсан. Ийнхүү эелдэг, боловсон зан манай амьдралын хэв маяг болж, Сингапур маань жуулчдад төдийгүй оршин суугчдад таатай газар болон хувирсан юм.

Бүтээн босголтын ажилтай холбоотойгоор бид хүн амыг нүүлгэн шилжүүлэх тусгай тасаг байгуулсан. Тэд гудамжны худалдаачин, фермер, гар урлалч зэрэг хүмүүстэй дуусдаггүй яриа өрнүүлж, сэнхрүүлдэг болсон. Учир нь иргэд өөрсдийг нь нүүлгэн шилжүүлж, эсвэл ажил төрлийн чиглэлээ өөрчлөхийг шаардаж байгаад дургүйцэж байсан юм. Энэ бол улстөрийн осолтой даалгавар байлаа.

Хэрэв бид үүнийг маш болгоомжтой, хүмүүстээ ихэд анхаарал халамж тавьж, шийдээгүй бол дараагийн сонгуульд саналаа алдах байсан. Албан тушаалтнууд, парламентын гишүүдээс бүрдсэн зөвлөл эдгээр арга хэмжээнээс үүдэлтэй улстөрийн хохирлыг багасгахад бидэнд тусалж байлаа.

Хамгийн хүнд нь фермерүүдийг нүүлгэх байсан. Фермийн барилгын үнэ, хатуу хучилттай талбай, жимсний мод, загас үржүүлгийн газар зэргийг тооцон тэдэнд нөхөн төлбөр олгож байлаа. Энэ үед манай эдийн засаг хөгжин цэцэглэсэн тул бид нөхөн төлбөрийн хэмжээг ихэсгэсэн. Гэвч заримдаа хамгийн өгөөмөр нөхөн төлбөр ч хангалтгүй байлаа.

Ахмад үеийн фермерүүд цаашид ямар ажил хийх, нөхөн төлбөрийн мөнгөөр юу хийхээ мэдэхгүй байсан. Тэд орон сууцанд амьдардаг болсон ч гахай, нугас тахиа, жимсний мод, ногооны газраа санагалзсаар байв. Шинэ хорооллуудад нүүлгэн шилжүүлснээс 10-15 жилийн дараа ч Ардын хөдөлгөөний намын эсрэг саналаа өгөгчид байсаар байсан. Тэд Засгийн газрыг өөрсдийн нь амьдралыг сүйтгэсэн гэж үздэг байсан юм.

Хотын орчин ямар бохирдолтой байгааг ургамал ногоогоор амархан тодорхойлж болно. Хөнгөн болон ачааны машин, автобусны утаа ногоон ургамлыг хөө тортгоор хучиж, үхүүлж байлаа. Би 1970 оны намар Бостонд очоод шатахуун түгээгүүрийн дэргэд урт оочир үүссэнийг хараад гайхсан. Жолооч маань надад “Өнөөдөр бол ирэх жил машин барих лицензээ сэргээх сүүлчийн өдөр. Тусгай эрх авсан шатахуун түгээгүүрийн газруудад машинтай хүмүүс машинаа ашиглаж болох эсэхийг шалгуулдаг” гэж тайлбарласан.

Би Засгийн газрын бүтцэд Хүрээлэн буй орчны бохирдолттой тэмцэх тасаг байгуулж, хөдөлгөөн ихтэй авто замууд дээр машины утааны нягтрал, тоосны бөөгнөрөл, хүхрийн давхар ислийн агуулгыг хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулав.

Дэлхийн бусад хотын орчимд цэвэр, ногоон дагуул хотууд байдаг. Харин жижигхэн Сингапурт бид энэ жижиг орон зайдаа ажиллаж, амьдарч, бас амрах ёстой. Иймээс байгаль орчноо хамгаалан, баячуудад, ядуучуудад гэлгүй адил авч үлдэх хэрэгтэй болсон. 100 орчим фабрикаар хүрээлүүлсэн Журонг хотын төвд 1971 онд шувууны хүрээлэн байгуулав. Хэрэв бид байгаль орчны бохирдуулалтын хэм хэмжээг тодорхой тогтоож, хатуу чанд дүрэм гаргаагүй бол дэлхийн өнцөг булан бүрээс авч ирсэн тэдгээр шувуу үхэх байсан биз.

Мөн би тээврийн хэрэгсэл, барилгын ажил, чанга яригч, зурагт, радиогийн дуу чимээтэй тэмцсэн. Байнгын тэмцлийн дүнд бид шинэ, шинэ дүрэм гарган шуугианы түвшнийг бууруулсаар байлаа. Ялангуяа Хятадын шинэ жилийн баяраар салют буудуулах уламжлалтай тэмцэх их хэцүү байсан. Энэ салют их дуу чимээтэй төдийгүй хүмүүсийг гэмтээдэг. Түүнээс болж модон урц, овоохойтой бүхэл бүтэн тосгон шатсан тохиолдол олон.

1970 онд салютаас болж, том түймэр дэгдэхэд таван хүн амь үрэгдэж, олноороо шархадсан. Иймээс би Хятадын энэ уламжлалыг бүрмөсөн хорилоо. Гэсэн ч эсэргүүцэгчид байсаар л байв. Тэд нэг удаа шаардлага тавьсан зэвсэггүй цагдаа нарыг харгисаар зодсоны дараа би гадаадаас салют оруулахыг бүрмөсөн хориглов.

Хүн ам нь бараг тэр чигээрээ 10-20 давхар байшинд амьдарч байгаа нөхцөлд хуучны зарим уламжлалаас татгалзах хэрэгтэй.

1960-аад онд хотуудын өөрчлөн байгуулалт эрчимжиж, шинэ барилга барих гэж хотын хуучин төвийг нурааж, түүхэн дурсгалт газрыг сүйтгэдэг үе шат өнгөрлөө. 1971 онд Засгийн газар Хөшөө дурсгалыг хамгаалах газар байгуулав. 1970-аад оноос бид залуусыг буруу зуршлаас сэргийлэхийн тулд тамхины сурталчилгааг бүрмөсөн хориглосон. Дараа нь бид олон нийтийн газар, автобус, галт тэрэгний буудал, оффис, зоогийн газарт ч тамхийг хорьсон. Би дэлхийд үлгэр дуурайл болсон Канадаас жишээ авч байлаа.

Америкчууд энэ тал дээр бидний ард хоцорсон, учир нь тэдний тамхины лобби хэт хүчирхэг. Бид жил бүр "тамхигүй долоо хоног" зохиохын зэрэгцээ би зурагтаар хувийн туршлагаа ярьж өгдөг байсан.

Тамхины эсрэг тэмцэл бол дуусдаггүй тулаан. Эд баялаг, АНУ-ын тамхины үйлдвэрлэлийн сурталчилгааны боломж тамхийг хүчирхэг дайсан болгож байлаа. Хөгшин тамхичдын тоо цөөрсөн ч залуус болон охид бүсгүйчүүд занганд орсоор байсан ч бид энэ тулаанд ялагдах эрхгүй улс.

Манайд бохь зажлахыг хориглоход америкчууд шоолж байлаа. 1983 онд Үндэсний хөгжлийн сайд “Зажилсан бохио цоожны нүх, шуудангийн хайрцаг, цахилгаан шатны товчлуур руу чихсэнээс үүдэн, метро галт тэрэгний хөдөлгөөн зогсох зэрэг асуудал гарах боллоо. Иймээс бохийг хориглоё” гэж уриалав. Шаланд наалдсан бохь цэвэрлэгээний өртгийг нэмэгдүүлж, цэвэрлэх багаж төхөөрөмжийг эвдэж байлаа.

Эхлээд би бохийг бүрэн хориглох нь арай хэтэрнэ гэж үзэж байсан. Харин миний дараа Ерөнхий сайд болсон Го Чок Тонг болон түүний хамтран зүтгэгчид 1992 оны нэгдүгээр сараас бохь хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Дэлгүүрүүдийн бүх бохийг хураасны дараа метро, галт тэрэгний асуудал багаслаа.

Сингапурт ирсэн гадаадын сэтгүүлчид авлига, том гэмт хэргийн талаар мэдээ олж чадахаа болив. Иймээс тэд бидний дээрх кампанит ажлуудын талаар бичиж, Сингапурыг Асрагч-улс (Nanny State) гэж шоолох болсон.

Харин бид хамгийн сүүлд инээнэ гэдэгт би итгэлтэй байсан юм. Хэрэв бид ард иргэдийнхээ дадал зуршлыг өөрчлөхөөр хүчин чармайлт гаргаагүй бол, тэднийг хүмүүжүүлэн, тэтгэн бойжуулаагүй бол одоо илүү бүдүүлэг, зэрлэг нийгэмд амьдрах байсан биз. Сингапур ч хүмүүжилтэй, соёлжсон хот болохгүй байсан. Иймээс бид хамгийн богино хугацаанд тийм нийгэмтэй болох оролдлогоосоо ичээгүй юм.

Бид хүмүүсийн хүмүүжлээс, ард иргэдээ хүмүүжүүлэхээс эхэлсэн. Ингээд ихэнх хүмүүст итгүүлсний дараа зориудаар дүрэм зөрчдөг цөөнхийг шийтгэх хууль гаргасан. Энэ бүхэн л Сингапурыг амьдрахад таатай газар болгон хувиргасан билээ. Хэрэв үүнийг Асрагч-улс гэдэг юм бол би түүнийг байгуулсандаа бахархаж байна.


М.Цогзолмаа, www.mnews.mn