-Оросын тоймч Дмитрий Киселёвийн нийтлэлээс-

Дүрвэсэн арабуудаас болж Европын гол зарчмууд, үнэт зүйлс нүдэн дээр маань сүйрч байна. Шенгений хэлэлцээрээр баталсан гол зарчмуудын нэг болох Европын холбооны "нээлттэй хил" одоо үйлчлэхээ больжээ.

Европын холбооны 7 улс, тодруулбал Норвег, Дани, Швед, Австри, Герман, Франц, Мальтын хил дээр хүч нэмэгдүүлсэн харуул манаа, хяналттай болжээ.

Еврокомиссын тэргүүлэгч Жан-Клод Юнкер энэ удаа Страсбургт үг хэлэхдээ "Нөхцөл байдал маш муу" хэмээжээ. "Шенгений орон зай нэн эрсдэлтэй боллоо, амьд үлдэх эсэх тухай ярих цаг болжээ. Өнөөдөр баяр хөөртэйгээр хил дээрээ хяналттай болсон бол маргааш энэ бүхний эдийн засгийн үнэ өртөг их байгаа талаар ярьж эхэлнэ. Харин нөгөөдөр нь хил хаалттай, шилжилт хөдөлгөөн ба дотоод зах зээлийн эрх чөлөө хумигдсан хойно бидэнд нэгдсэн валют ямар хэрэгтэй юм гэх байх" гэж Юнкер мэдэгдлээ.

Европын холбооны тэргүүлэгч Дональд Туск бүр ч гутранги үзэлтэй байна. Туск Европарламентад үг хэлэхдээ "Нөхцөл байдлыг хяналтад авахад бидэнд ердөө 2 сарын хугацаа л үлдлээ. Зул сарын баярын талаарх статистикийн мэдээнээс үзэхэд өдөрт 2000 дүрвэгч Европын холбоонд ирсэн хэвээр үргэлжлээд байвал муугаар эргэх шинжтэй. 3-р сард болох Европын холбооны хурал бол манай стратеги хүчинтэй ажиллаж байгаа эсэхийг харах сүүлчийн боломж бололтой. Хэрэв үгүй бол ноцтой уршиг дагавартай, жишээлбэл Шенген задрах болно" хэмээжээ.

Европ сүйрэхэд ганцхан алхам үлдсэн бололтой. Харамсалтай л юм, бүх юм ямар сайхан эхэллээ. 30 гаруйхан жилийн өмнө буюу 1985 онд Европын холбооны 5 улс (Бельги, Нидерланд, Люксембург, Франц, Герман) нийлээд Люксембургийн Шенген гэдэг газарт хилийн хяналтаас татгалзах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

1995 оны 3 сар гэхэд хилийн багана, хаалтуудыг авч хаян энэ гэрээ дээрх 5 орны газар нутаг дээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Дээр нь Испани, Португал нэмэгдсэн. Австри, Итали улсууд 1997 онд Шенгенд орсон бол 2000 онд Грек нийлсэн. 2001онд Дани, Исланд, Норвег, Финлянд, Швед, 2007 онд 9 орон, тодруулбал Унгар, Латви, Литов, Польш, Словак, Словен, Чех, Эстон, Мальт, харин 2008 онд Швейцарь, 2011 онд Лихтенштейн нэмэгджээ.

Европ тивд 26 улс байдаг, одоогийн байдлаар Шенгений бүсийн нийт талбай 4 сая 300 мянган км2, хүн ам нь 400 сая гаруй байгаа.

Энэ бүхэн агуу утопи гэж үү? Та бидний нүдэн дээр аварга том төсөл сүйрч байна. 1 сая дүрвэгч л үүнийг хийчихлээ. Майхан хотхонууд, бохир заваан, шавар шалбааг, өлсгөлөн, гэмт хэрэг, уур хилэн, урам хугарал... Шенген задарч байна.

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn