МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.


Уильям Вэймарк
I
Лэйксинам сэрүүн ордны зочны жижигхэн, тохилог өрөөний хөшгийг буулгаж, ил зууханд гал өрдсөн нь хүйтэн бороотой жихүүн энэ шөнө тун тухтай дулаахан байлаа. Өвгөн Уайт хүүтэйгээ шатар нүүнэ. Тэрбээр шатар руугаа тонгойн харж, ноёноороо нэлээд аз туршсан нүүдэл хийгээд зуухны хажууд нэхэж суугаа амгалан төрхтэй буурал эмэгтэйд хандан,
- Шуурч байна шүү! хэмээгээд саяын хийсэн нүүдэл нь ямар их гарз хохиролтой нүүдэл болохыг гэнэт ухаарч хүүгийнхээ анхаарлыг сарниулахыг хичээн өрөөстэй шатар дээгүүрээ тонгойгоод,
- Би сонсож байна гэж бувтнаад, - Шаг гэлээ.



- Би түүнийг энэ шөнө бараг ирэхгүй л болов уу гэж бодож байна хэмээн хүү нь хэлээд шатар руу бодлогошронгуй харсанаа,
- Мад хэмээн шаллаа. Ноён Уайт гэнэт бухимдан уурлаж,
- Ийм газрын мухарт амьдрах үнэхээр гайтай юм гээд - Балчиг намгаар дүүрсэн энэ балиар бөглүү газар амьдрах нь үнэхээр тамтай байна. Зөрөг зам нь шалбаагаар дүүрч, гудамж, гол замаар нь үерийн ус улаанаар эргэлдэж байдаг, хүмүүс юу гэж боддогийг би мэдэхгүй юм. Тэд энэ хэнд ч хамаагүй л гэж боддог байх. Энэ гудамжинд түрээслүүлдэг зөвхөн хоёрхон байшин л байна гэж хашгичихад эхнэр нь зөөлөн дуугаар аргадан,
- Тайвшир, хонгор минь! Дараагийн удаад чи хожино доо гэлээ.
Өвгөн Уайт ээж, хүү хоёрын зүг нухацтай харсанаа хэлсэн үгэндээ гэмшиж, шингэн буурал сахлынхаа цаагуур сэмхэн мушилзав. Хаалга чанга нүдэх чимээнээр,
- Тэр ирлээ! гэж Хербэрт Уайт ориллоо. Өвгөн үүд рүү очин яаран хаалгаа нээнгээ ирсэн хүнийг хараад дуу алдав. Цаад хүн ч мөн дуу алдахыг сонсоод хатагтай Уайт илт дургүйцэн, хоолой засан ханиах дүр үзүүлэв. Удалгүй өрөөнд эргэлдсэн том нүд, улаан хацартай нүсэр эр нөхрийг нь даган орж ирээд,
- Хошууч Моррис хэмээн өөрийгөө танилцууллаа.



Хошууч галын дэргэдэх сандалд тухлаад, гэрийн эзэн ил зуухан дээрээс лонхтой виски, хундага тэргүүтнийг авахыг ажиглан гараа тааламжтайхан үрчин инээмсэглэж суув. Гурван хундага татсаны дараа зочны нүд сэргэж, баатарлаг үйл явдал, дайн, тахал, ер бусын хачирхалтай хүн ардын талаар сонирхолтой яриа дэлгэхэд аав, ээж, хүү гурав түүний ярихыг шимтэн сонсож байлаа. Өвгөн Уайт эхнэр, хүү хоёртоо хандан,
- Хориннэгэн жилийн өмнө найз маань жижигхэн, туранхай хүү агуулахад ажилладаг байхдаа эндээс явж билээ. Одоо та нар түүнийг нэг хар даа гэхэд эхнэр нь,
- Тэр эрүүл чийрэг, бас ануухан харагдаж байна хэмээн эелдгээр өгүүлэв.



- Би хорвоо дэлхийтэй танилцахаар замд гарч, Энэтхэгт очсон юм хэмээгээд хоосон хундагаа эргүүлэн зөөлөн санаа алдаад доош нь тавьж, - Би тэнд эртний сүм хийдүүд, лам хуврагууд, илбэчин, ид шидтэн гэгдэх хүмүүстэй танилцаж, тэднийг энэ хоёр нүдээрээ харахыг хүсэж байсан гэхэд өвгөн Уайт,
- Чи нэг удаа надад сармагчингийн сарвууны талаар ярьж байсан. Тэр юу болсон вэ гэхэд хошууч,
- Юу ч болоогүй хэмээн яаран хариулахыг сонсоод хатагтай Уайт,
- Сармагчингийн сарвуу гэнэ ээ? гээд хошуучийн зүг сониучирхан хартал
- Энэ ч яахав дээ. Танд ид шид юм шиг л санагдах болов уу гэж хайхрамжгүй царайлж өгүүлээд, өөрийн мэдэлгүй хоосон хундагаа авч уруулдаа хүргээд буцааж тавихад нь гэрийн эзэн хундагыг ахин дүүргэлээ. Тэр гурав сармагчингийн сарвууны талаар ихэд сонирхож байгааг хөгшин хошууч мэдрээд,
- Энэ бол жирийн л нэг хатаасан сарвуу гэж халаасаа ухан өгүүлэв. Түүний халааснаас гарч ирсэн зүйлийг хараад хатагтай Уайт ярвайн ухарч, харин хүү нь түүнийг ихэд сонирхон аваад эргүүлж тойруулан үзэж байлаа.



- Энэ тэгээд ямар учиртай эд вэ? хэмээгээд өвгөн Уайт хүүгийнхээ гараас өнөөх сарвууг авч, эргүүлж тойруулан хараад ширээн дээр тавив.
- Үүнийг нэг хөгшин лам шившсэн юм гээд хошууч яриагаа үргэлжлүүлэн - Тэр их эрдэмтэй лам байсан. Хүний хувь заяанд үүгээр дамжин нөлөөлж, өөрчлөхийг хүссэн юм. Түүнийг энэ сарвуунд шившлэг хийсний дараа гурван эр хүн тус бүр гурав гурван хүслээ шивнэсэн юм гэлээ.
- Тийм байж. Танд гурван хүсэл байдаггүй юм уу? гэж Хербэрт Уайт нухацтайгаар асуув. Хөгшин цэрэг сурсанаараа өөртөө итгэлтэйхэн царай гаргаж,
- Тийм ээ, байгаа гэж хэлсэн ч түүний барзгар нүүр цонхийсон байлаа.



- Та үнэхээр гурван хүслээ шивнэсэн юм уу? гэж хатагтай Уайт дахин асуухад нь – Тийм ээ, би шивнэсэн гэж хэлэхдээ түүний шүд шилэн аягыг тогшин чичрэх нь сонсогдов.
- Өөр хэн нэгэн хүслээ шивнэсэн үү? гэж авгайг лавлахад,
- Эхний хүн гурван хүслээ шивнэсэн. Гэвч би эхний хоёр хүний талаар мэдэхгүй. Харин гурав дахь хүн нас барсан гэдгийг л мэднэ. Тэгээд л надад энэ сарвуу байгаа юм гэж бодлогошронгуй өгүүлэв.
- Чи гурван хүслээ шивнэсэн ч өдгөө чиний байр байдал тийм ч сайнгүй харагдаж байна. Яагаад үүнийг одоо болтол өөртөө хадгалж байдаг юм? хэмээн өвгөн Уайтыг асуухад хөгшин хошууч,
- Тийм дээ, би боддог гэж аярхан хэлснээ, - Би үүнийг зарах гэж үзсэн. Гэхдээ л би зарахгүй. Энэ аль хэдийнэ гай чирээд эхэлчихсэн. Бас хэн ч үүнийг худалдаж авахгүй. Хүмүүс үүнийг зүгээр л үлгэр домог гэж боддог юм гэхэд өвгөн Уайт,
- Хэрэв чамд өөр гурван хүсэл байсан бол түүнээ шивнэх үү? гэж асуугаад хөгшин хошуучийг анхааралтайяа ажиглав. Гэтэл тэр,
- Би мэдэхгүй, мэдэхгүй гэж яаран хэлснээ сарвууг шүүрэн авч, эрхий хуруундаа өлгөн санжигнуулж байснаа гэнэтхэн гал руу шидчихэв. Уайт сулхан дуу алдаад сарвууг гал дотроос шүүрэн авахад хошууч:
- Түүнийг шатаачихсан нь дээр шүү! гэж их л ноцтойгоор хэллээ. Харин өвгөн Уайт,
- Чи үүнийг өөртөө байлгахыг хүсэхгүй байгаа юм бол надад өгчих л дөө гэхэд хошууч,
- Үгүй дээ гээд найз руугаа цөхрөнгүй харсанаа,
- Хэрэв чи үнэхээр үүнийг авахыг хүсч байвал өөртөө үлдээ, яахав. Харин ямар нэг юм тохиолдвол намайг битгий буруутгаарай! Чи жаахан уужуухан бод. Наадахаа буцаагаад гал руу хийчих гэж гуйхад өвгөн Уайт толгой сэгсрэн татгалзаад, өнөөх сарвууг эргүүлж тойруулан нарийн ажиглаж байснаа,
- Харин чи үүнд хэрхэн хүслээ шивнэхийг заагаад аль! гэж шаардлаа.



- Сарвууг баруун гартаа барьж дээш өргөөд, хүслээ чанга дуугаар хэлээрэй! хэмээгээд - Гэхдээ чи болгоомжтой байсан нь дээр шүү гэж хошууч анхааруулав. Хатагтай Уайт,
- Мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг шиг л юм! гээд босож, хоолны ширээнд очиж суулаа. Өвгөн өнөөхөө халаасандаа шургуулаад, хошуучийг хоолны ширээнд урихад хошууч түүнд хүслээ шивнэхдээ болгоомжтой ухаалаг байхыг дахин сануулаад ширээнд суув. Хоолны үеэр тэд ахиж өнөөх сарвууны тухай ярьсангүй. Харин хошуучийн Энэтхэг оронд үзэж, туулсан өөр бусад адал явдлыг шимтэн сонслоо. Шөнийн зочин сүүлчийн галт тэргэнд амжиж суухаар яаран гарсан даруйд өвгөн,
- Сармагчингийн сарвууны тухай домог түүний өмнө нь надад ярьж байснаас арай л өөр байна даа. Бид үүнээс тийм ч их юм олохгүй л болов уу гэхэд эхнэр нь,
- Чи түүний энэ сарвуунд хичнээнийг төлсөн бэ? гэж лавлав.



- Шалихгүй мөнгө. Тэр үүнийг гал руу хийхийг надаас бүр дахин дахин гуйж байсан. Үүнийг тэр өөртөө үлдээхийг хүсээгүй гэхэд хүү нь,
- Бид мөнгөтэй, нэр хүнд, эрх мэдэлтэй болж болно шүү дээ. Аав минь, та наадхаасаа Эзэн хаан болгож өгөөч гэж хүс хэмээн тохуурхав. Өвгөн халааснааснаа сарвууг гаргаад итгэл муутайхан харсанаа,
- Би яг үнэндээ энэнээс юу хүсэхээ мэдэхгүй байна. Би маш их юм хүсэж байна л даа гэжээ.
- Та том байшинтай болохыг хүсэж байсан биз дээ? гээд эцгийнхээ мөрөн дээр гараа тавин - Одоо наадхаасаа хоёр зуун фунт өгөөч гэж хүс! гэлээ.



Тэрбээр жаахан ичих аядсан ч ид шидтэй гэгдсэн сарвуугаа итгэлтэйгээр харж дээш нь өргөхөд хүү нь тохуурхан ээж рүүгээ нүдээ бүлтийлгээд, төгөлдөр хуурын ард суун бяцхан аяз тоглов. Өвгөн сарвуугаа өргөн,
- Би хоёр зуун фунттэй болохыг хүсэж байна гэж тодхон хэлэхэд түүний дуу цуурайтан төгөлдөр хуурын дууг дарахад ээж, хүү хоёр өвгөний зүг харлаа.
- Хөдөлсөн шүү гээд өвгөн өнөөх сарвуугаа шалан дээр унагаад - Энэ намайг хүслээ хэлэх үед чичрэн эргэх шиг болсон гэж эхнэр, хүү хоёртоо хандаж бараг хашгирах шахам өгүүлтэл хүү нь,
- Би ямар ч мөнгө олж харахгүй л байна даа гээд бөхийн, сарвууг шалан дээрээс авч ширээн дээр тавиад - Ямар ч мөнгө гарч ирэхгүй гэдэгт мөрийцөхөд ч алзахгүй гээд явтал,
- Энэ зөвхөн мөрөөдөл, хонгор минь гэж эхнэр нь өвгөндөө хандаж санаа зовнин өгүүлжээ. Өвгөн мөн л толгой сэгсэрч,
- Санаа зоволтгүй. Ямар ч муу юм болоогүй л байна шүү дээ. Гэхдээ л би гайхаж байна гэлээ. Тэд галын дэргэд буцаж суугаад аав, хүү хоёр гаансаа татав. Гадаа салхи ширүүсэж, дээд давхрын хаалга салхинд чихрах нь өвгөний чихэнд чийртэй байлаа. Юу ч ярилгүй, жаал чимээгүй сууснаа эхнэр, нөхөр хоёр унтахаар явав.



II
Өглөө тэнгэр цэлмэж, өвлийн илч муутай нар хоолны ширээн дээр тусахад Хербэрт ширээний ард доогтойхон инээмсэглээд сууж байлаа. Бүх зүйл урьдын адил хэвийн байж, өнөөх хатаж хорчийсон халтар сарвуу эргэнэг дээр хэвтэх авай.
- Хөгшин цэргүүд бүгд адилхан худалч амьтад. Өчигдөр оройн түүний ярьсан зүйл утга учиргүй зүйлс байсан. Хатсан сарвуунд хүслээ хэлээд бүтнэ гэдэг байж боломгүй зүйл. Бүр хоёр зуун фунт шүү гэж хатагтай Уайтыг хэлэхэд хүү нь:
- Магадгүй, аавын толгой дээр гэнэт тэнгэрээс унах ч юм бил үү хэмээн бодлоггүйгээр үгүйсгэж суулаа.
- Бүх зүйл энгийн байдлаар өрнөдөг гэж хошууч хэлсэн хэмээн өвгөн Уайтыг өгүүлэхэд,
- Тийм байдаг байж. Тэгвэл намайг ирэхээс өмнө мөнгөө үрчилгүй байж байгаарай гэсээр Хербэрт ширээнээс өндийгөөд үүд рүү явах зуураа, - Наадах чинь таныг харамч нарийн, ховдог шунахай нэгэн болгож орхиод, ээж бид хоёр танаас зугтаах вий л гэж айж байна гэхэд ээж нь инээд алдан хүүгээ хаалга хүртэл дагаж, түүнийг замаар орон явахыг харж хэсэг зогссоноо буцаад ширээнд ирж суулаа. Энэ үед шуудан зөөгч ирж хаалган дээр захидлууд орхиод явахад эзэгтэй очиж оёдолчны төлбөрийн тооцоо зэрэг хуудсуудыг авчирлаа.
- Хүү маань энд байхад сайхан шүү. Түүнийг ирэхийг би байнга л хүлээх юм даа гэж эхнэр нь ширээнд суух зуур өгүүлтэл өвгөн,
- Тэр сарвуу миний гарт хөдөлсөн шүү! Үүнийг би тангарагласан ч чадна гэж амандаа гүнгэнэн, аягатай шар айраг нь асгарахыг ч үл анзааран суулаа.



- Чи андуурсан байлгүй дээ хэмээн эхнэр нь түүнийг тайвшруулах санаатай өгүүлтэл:
- Гарт хөдлөхийг нь мэдэрсэн гэж би хэлээд байна. Би огтхон ч андуураагүй. Тэр миний гарт чичирхийлэн эргэсэн гэж тэрбээр ууртай нь аргагүй хэлжээ.
Эзэгтэй хариу хэлсэнгүй. Тэрбээр хаалганы цаана ирсэн хүнийг гайхан харж байлаа. Явган хаалганы гадна торгон малгай, гял цал болсон хувцастай нэгэн хүн хаалганд дөхөж ирээд дотогш орох эсэхдээ эргэлзэн гурван ч удаа буцахыг хараад эзэгтэйн санаанд өнөөх шидэт сарвуунаас хүссэн хоёр зуун фунт орж ирлээ. Өнөөх хүн дөрөв дэх удаагаа буцалгүй хаалгыг онгойлгон явган замаар байшингийн зүг алхав. Үүнийг хараад эзэгтэй босож, хормогчоо тайлан сандлын зөөлөвч доогуур шургуулаад зочныг хүндлэн цэвэр хувцастай угтахыг хичээлээ. Өнөөх хүн өрөөнд ер бусын аажуухан орж ирээд эзэгтэйг хулган харж, эхлээд түүний өрөөгөө цэвэрлэж, цэгцэлж амжаагүйдээ уучлал эрэхийг чимээгүйхэн сонсов. Эзэгтэй гэрт нь ирсэн хүн ярьж эхлэхийг хүлээн чимээгүй болоход тэрбээр юм хэлж чадахгүй хэсэг сууснаа:
- Би нэг юм хэлэх гэсэн юм л даа ... Юу... гээд ээрэх зуур түрийнээсээ даавуунд боодолтой зүйл гаргаж ирээд:
- Би Мав Мэггинсын пүүсээс ирлээ гэв. Хүүгийнхээ ажилладаг пүүсийн нэрийг дуулаад эхийнх нь нүд гялалзан,
- Яасан бэ? Юу болов? гэж сандран асуугаад - Хербэрт зүгээр биз? Түүнд ямар нэгэн муу юм тохиолдоогүй биз дээ? Наадахь чинь юу юм бэ? Наадах чинь юу юм бэ? гэж ар араас нь давхцуулан дуржигнуулав.



- Хүлээгээрэй, ээж минь! Хүлээ! Та наашаа суу. Битгий сандар! Та бидэнд муу мэдээ дуулгахаар ирээгүй, тийм биз дээ? хэмээн өвгөн Уайт гийчин хүнийг сэтгэл зовнин ширтлээ.
- Намайг уучлаарай! гэж өнөөх хүнийг хэлтэл,
- Хүү маань гэмтсэн үү? Хэлээч! гэж эх нь дахин шавдууллаа. Өнөөх хүн шийдэмгий гэгч толгойгоо өргөөд,
- Тийм ээ. Тэр маш хүнд гэмтсэн гэж шуудхан хэлснээ, - Гэхдээ одоо тэр ямар ч өвдөлт, шаналгааг мэдрэхгүй болсон гэхэд эх нь,
- Ээ, бурхан минь. Танд баярлалаа! Баярлалаа хэмээн алгаа хавсарснаа гэнэтхэн чимээгүй болж, өнөөх хүний царайг ширтэхүйд ирсэн хүн нүүрээ буруулахыг хараад ямар аймшигтай мэдээ дуулгаж буйг нь ойлгон эхэр татан нөхрийнхөө чичирсэн гарыг дэрлэн унажээ. Нэлээд удаан чимээгүй байсны эцэст өнөө хүн:
- Хүү чинь машинд дайруулсан гээд уртаар шүүрс алдав.
- Машинд дайруулсан гэнэ ээ? Тийм үү? хэмээн өвгөн Уайт ухаан мэдрэлгүй өгүүлээд, цонх руу гөлрөн эхнэрийнхээ унжсан гарыг хоёр алгандаа хавсарч тэртээ дөчин жилийн өмнөх шигээ энхрийлэн атгаж лагхийн суугаад, - Тэр чинь бидэнд үлдсэн цорын ганц хүү маань шүү дээ! гээд өнөөх хүн рүү аяархан эргэж, - Одоо бид яах юм бэ? хэмээн асуужээ.



Ирсэн хүн шүүрс алдан босож, цонхны дэргэд очоод,
- Пүүсийн зүгээс намайг танайд очиж, та хоёрт тохиолдсон энэ их уй гашууг хуваалцаж, харамсаж байгааг маань дамжуулаарай гэсэн юм гээд өвгөний зүг харж чадалгүй нүүр буруулан, - Та бүхэн намайг ойлгоорой. Би чинь зөвхөн зарлага төдий хүн шүү дээ гэв. Хэн ч хариу хэлсэнгүй. Хөөрхий эхийн царай цонхийн цайж, амьсгалж байгаа эсэх нь бараг мэдэгдэхгүй байлаа.
Өвгөний толгойд түүний найз хөгшин хошууч, түүнээс авсан өнөөх сарвуу зэрэг өнгөрсөн шөнийн үйл явдлууд орж ирлээ. Өнөөх хүн цааш үргэлжлүүлэн “Мав Мэггинсын пүүс энэ ослын хариуцлагыг хүлээхгүй гэсэн. Тэд ямар ч мөнгө төлөхгүй гэсэн боловч танай хүүгийн дурсгалыг хүндэтгэн тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгүүлсэн” гэлээ. Өвгөн Уайтын царайд айдас тодорч, эхнэрийнхээ гарыг алдаад ирсэн хүний зүг гөлрөн:
- Хэд вэ? хэмээн хатсан уруулаа хөдөлгөх төдий шивнэжээ.
- Хоёр зуун фунт гэхийг сонсоод эзэгтэйн хоолой чихран ухаан алдаж, өвгөний царай цонхийн солиотой мэт инээмсэглээд шалан дээр унаж, гараараа тэмтчин байлаа.



III

Суурингаас хоёр бээрийн зайд байрлах оршуулгын газарт хүүгээ оршуулснаас хойш бяцхан байшинд уй гашуу, дүнсгэр байдал ноёлном. Асар богино хугацаанд болж өнгөрсөн энэ аймшигт хагацал хоёр хөгшинд хүнд цохилт болж, ийм зүйл үнэхээр болсон гэдэгт бараг итгэж чадсангүй. Энэ харамсалтай явдал тэдний хөгшин зүрхэнд тэсэж гарах аргагүй хүнд цохилт өгчээ. Хүссэн мөнгөө авсан хэдий ч энэ мөнгө тэдний уй гашууг яахин хөнгөлөх билээ дээ. Хүйтэн хөндий дүнсгэр байдал ноёлж, заримдаа хараал зүхэл ч сонсдоно. Өвгөн, эмгэн хоёр бараг үг солихоо больж өдөр хоногийг элдэв чимээ аниргүйгээр арай ядан өнгөрөөнө.
Нэгэн шөнө өвгөн сэрээд орон дээр ганцаараа унтаж буйгаа мэдэрч, чимээ чагнатал харанхуй өрөөний цонхны дэргэдээс хэн нэгний уйлах дуун сонсогдмогц орон дээрээ өндийн суугаад:
- Чи даарчихна шүү дээ! Орондоо ор доо, хө гэж зөөлөн дуудтал,
- Хүүд маань бүр ч их хүйтэн байгаа шүү дээ! гээд эхнэр нь зогсолгүй эхэр татан уйллаа.



Өвгөн эргээд орондоо орж, дугхийтэл эхнэрийнх нь гэнэтийн чангаар хашгирах дуун түүнийг сэрээжээ.
- Өнөөх сармагчингийн сарвуу хэмээн тэрбээр чанга дуугаар хашгиран дэргэд нь ирээд, - Тэр хаана байна? Чи түүнийг алга болгочихоогүй биз дээ? Надад түүнийг өгөөд аль хэмээн хашгичихад өвгөн гайхан,
- Зочны өрөөний тавиур дээр байгаа. Яах гэсэн юм? хэмээн гайхтал эхнэр нь чанга дуугаар инээснээ,
- Би дөнгөж сая энэ тухай саналаа. Яагаад өмнө нь үүнийг санасангүй вэ? гээд өвгөний хацрыг үнсчээ.
- Юун тухай бодох гэж тэр вэ? хэмээн өвгөнийг асуутал:
- Үлдсэн хоёр хүсэл! Бид зөвхөн нэг л хүсэл хэлсэн шүү дээ гэж эхнэр нь яаран хэлтэл,
- Өмнөх нь хангалттай гай авчирсан одоо болохгүй гэж өвгөн ууртайхан хашгирав.



- Үгүй шүү! хэмээн эмгэн бууж өгөх шинжгүй орилоод, - Доошоо буугаад, өнөөх сарвуугаа аваад ир! Тэгээд хүүг минь буцаагаад амилуулаад өг гэж гуй! хэмээн шаардан зандрахад өвгөн орон дээрээ суусаар л,
- Чи галзуурч байна гэж уруулаа чичрүүлэн хэлжээ.
- Түүнийг авчир. Тэгээд хурдан шиг хүслээ хэл! Хүү минь! Хөөрхий, хүү минь! хэмээн эхнэр нь уйлж гарав.
Өвгөн шүдэнз зуран лаа асааж, эхнэрээ аргадангаа,
- Орондоо ор! Чи юу ярьж байгаагаа мэдэхгүй байна гэтэл өнөөх нь
- Бидний эхний хүслийг биелүүлсэн шүү дээ! Яагаад хоёр дахийг нь хүсэж болохгүй гэж? хэмээн дагжин асуужээ.
- Тохиолдол хэмээн түүнийг ээртэл,
- Яваад аваад ир! Тэгээд хүслээ хэл! хэмээн эхнэр нь догдолсондоо чичрэн хашгирчээ.



Өвгөн эхнэрээ тайвшруулахыг оролдон:
- Хүү маань нас бараад арваад хоночихлоо. Түүнээс гадна би чамд хэлж зүрхлээгүй юм. Түүнийхээ цогцсыг би зөвхөн өмссөн хувцсаар нь л таньсан юм. Тэр хүн харахын эцэсгүй зэрэмдэглэгдсэн байсан гэж өгүүлэхэд эхнэр нь,
- Түүнийг маань буцаагаад аваад ир! Чи намайг хүүгээсээ айна гэж бодоо юу? Би түүнийг өөрөө төрүүлж, өсгөсөн юм хэмээн орь дуу тавин чарлажээ.
Өвгөн аргагүйн эрхэнд тэмтчин байж зочны өрөө рүүгээ буугаад задгай зуухны тавиур тийш очив. Өнөөх гайт сарвуу тэндээ хэвтэж байлаа. Ер бусын айдас түүнийг нөмрөн авч, хэдийгээр хүслээ хэлээгүй байгаа ч түүний эрэмдэглэгдсэн хүүгийн цогцос харанхуйд өмнө нь гарч ирэх шиг болоход тэрбээр амьсгал нь давчдан өрөөнөөс гарах зүг чигээ олохгүй сандрав. Духных нь хүйтэн хөлс асгаран хана мөргөсөөр, арай гэж ширээ тойрон гарч өнөөх сэжиг хүрэм муухай сарвуугаа барьсаар буцаж очиход догдолсондоо хувхай цайчихсан эхнэрийнх нь царай түүнд аймшигтай харагдав. Одоо тэр эхнэрээсээ айж байлаа.



- Хүслээ хэл! хэмээн эхнэр нь түүнд ер бусын хүчирхэг дуугаар тушаав.
- Ингэх нь маш тэнэг алхам, бас их аюултай шүү дээ гэж бувтнахад,
- Хүслээ хэлээч! гэж эхнэр нь дахин хашгирчээ. Тэрбээр гараа өргөн,
- Би хүүгээ эргүүлэн амьдруулахыг хүсэж байна гэж хэлээд өнөөх сарвууг шалан дээр алдаж, сандалд чичрэн шигдлээ. Эхнэр нь нүдээ гялалзуулан харанхуй цонх руу очиж гадагш ширтэв.
Тэрбээр цонхоор харанхуйг ширтэн зогсох эхнэрээ хараад хүйтэн салхинд чичрэн суусаар байлаа. Удалгүй лаа дуусах дөхөж, дөл нь чичрэн таазны сүүдэр харанхуйлж эхлэв. Лаа дуустал ямар нэг зүйл болоогүйд өвгөн бага зэрэг тайвширч, ор руугаа аяархан явж хүрээд хажуулдтал хэдэн хормын дараа эхнэр нь чимээгүйхэн ирж хажуугаар нь орж хэвтэв. Тэд юу ч ярилгүй ханын цагны чаг чаг хийх чимээг сонсон хэвтэнэ. Модон шат үл мэдэг чихран, ханын дагуу хулгана гүйх чимээг чагнан тас харанхуйг ширтэн хэвтэх нь үнэхээр тэсэшгүй байсан тул өвгөн зориг гарган хайрцаг шүдэнз авч, нэгийг зураад лаа олж асахаар шатаар буулаа. Шүдэнз унтарч, дахин нэгийг зурах үед гэнэт гадна хаалганы цаана үл мэдэг чимээ гарч, хаалга тогшихыг сонсов. Гар дахь шүдэнзээ унагаад тэрбээр чимээ чагнаж зогстол хаалга тогших чимээ дахин сонсогдохуйд ухасхийн буцаж, унтлагын өрөөндөө ороод хаалгаа савах үед гурав дахь тогшилт сонсогдлоо.



- Юун чимээ вэ? гэж эхнэр нь асуухад өвгөн хоолойгоо чичрүүлэн байж,
- Харх! Сая шатан дээр харх явж байсан гэхэд эхнэр орон дээрээ чимээгүй сандайлаад чагнав. Хаалга тогших чимээ маш тод сонсогдож эхлэхэд эмгэн:
- Хаалга цохиж байна шүү дээ! Энэ Хербэрт байна. Тэр ирлээ гээд хаалга руу ухасхийв. Өвгөн гараас нь шүүрэн авч түүнийг чанга тэврээд:
- Чи яах гэж байна аа? гэж айдас дүүрэн хоолойгоор асуулаа.
- Миний хүү ирлээ! гэж эмгэн хашгираад өвгөний гараас мултрах гэж зүтгэн,
- Нээрээ, хоёр бээрийн зайтай газраас ирж байгаа шүү дээ. Би мартчихаж. Намайг яах гэж зуураад байна аа? Тавь гэм. Би хүүдээ хаалга нээж өгөх ёстой хэмээн орилон зүтгэх эхнэртэйгээ өвгөн зууралдах зуураа:
- Хэрэггүй, хонгор минь. Ингэж болохгүй! Хаалгаа нээж болохгүй! хэмээн үглэж байлаа.



- Чи төрсөн хүүгээсээ айж байгаа хэрэг үү? гэж эмгэн чарлаад гараас нь ер бусын их хүчээр мултарч, өрөөний хаалганд хүрч онгойлгоод шат руу гүйлээ. Өвгөн түүний араас дуудан газар унахад эмгэн үүдэнд гүйж очоод хаалганы түгжээг онгойлгохоор ноцолдох нь дуулдав.
- Доошоо буугаад ир! Хаалганы хүнд түгжээг би хүчрэхгүй байна гэж эхнэрээ дуудах үед тэрбээр ухаан жолоогүй амьтан шалан дээгүүр мөлхөж, газар самардан өнөөх сарвууг хайж байлаа. Жигдхэн бөгөөд тасралтгүйгээр хаалга тогших аймшигт чимээ байшинд цуурайтсаар, үүдний өрөөнд эмгэн нь сандлын хугархайгаар хаалганы түгжээг онгойлгохоор цохиж буй нь сонсогдоно. Хаалга онгойж гадаахь зүйлийг орж ирэхээс өмнө өнөөх сарвууг олоод гурав дахь хүслээ хэлж амжих ёстойг өвгөн ойлгож, хамаг хүчээрээ тэмтрэн хайж гарчээ.
Хаалганы хүнд төмөр түгжээ цохилтод аажмаар хойшлон мултрах чимээтэй зэрэгцэн өвгөн сарвууг олоод сүүлийн хүслээ яаран шивнэж амжлаа. Өнөөх тогшилт гэнэт чимээгүй болсон ч өмнөх цуурай нь ер арилсангүй. Түгжээ түр тархийн мултарч, хаалга дэлгэгдэн хүйтэн салхи шатаар үлээхийн хамт эхнэрийнх нь урам хугарч, сэтгэл гонсойн харамсан уйлах нь сонсогдохуйд өвгөн доош бууж үүд хүрээд, цаашлан цэцэрлэгийн нуман хаалганд тулж эхнэрийнхээ хажууд очиж зогсов. Гудамжны гэрлүүд чимээ аниргүй хоосон замыг тодоос тод гэрэлтүүлж байлаа.
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Б.УДВАЛ
- See more at: http://www.wikimon.mn/content/64362.shtml#sthash.H...