Хэдхэн хоногийн дараа “Чингис” бондын “төрсөн өдөр” болно. Олон улсын зах зээлд Засгийн газрын үнэт цаас анхлан арилжсаны ой тохионо. Тэмдэглэлт өдөр биш боловч энэ өдрийг бид баяр, хөөртэй угтахгүй шинжтэй. Гараанаас анх тун дориун гарч, олон улсад шуугиан тарьж, хүү нь бага тогтон хөл хөөр болж байсан цаг улирч, ердөө нэг жилийн дотор монголчууд бидэнд бонд гэх үг айдастай сонсогдох болтлоо хаширчээ. “Өргүй бол баян” гэж хэн ч хэлсэн юм бүү мэд, гэхдээ л монголчууд бид өр зээл тавихдаа тэгтлээ баярладаггүй. Санхүүгийн зах зээлийн эрсдэлтэй ч, хөдөлг өж чадвал нэгийг гаргаад арвыг олох боломжтой “тоглоом”-д гүрийж гүрийж тун саяхан хөл тавьсан нь үүнийг батална. Анхных болохоор аз ч, эз ч дагуулж 1.5 тэрбум буюу ДНБ-ийхээ тавны нэгтэй дүйцэх үйц их мөнгө төсвийн нөхөөс болж, төгрөгийн ханшийн үлэмж уналтаас сэргийлсэн зэргээр сайн, муу үр нөлөө дагуулсаар нэг жилийг үдэх гэж байна. Гэтэл дахиад бонд гаргах сураг дуулдав. Японы зах зээлд “Самурай” бонд гаргаж, 600 саяас нэг тэрбум хүртэлх ам.доллар босгох боломж бидний өмнө нээгдлээ. “Самурай” бонд гаргах эсэхээ эцэслээгүй, өдөр судраа товлоогүй хэдий ч цаг нь болоогүй учралын сайн мууг цагаас нь эрт шинжээд үзье.

Вьетнамтай нэг шугамд

Хөрөнгийн зах зээл дэх “Самурай” бонд хэмээх ойлголтыг 1970 онд тухайн үед Японы Сангийн сайдын алба хашиж байсан Такео Фүкүда гаргаж ирсэн бөгөөд тухайн жил Азийн хөгжлийн банк долоон жилийн хугацаатай, зургаан тэрбум иенийн бонд гаргаснаар замнал нь эхэлж байв. “Самурай” бонд Японы гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснээс гадны иенийн ханшийг тогтвортой байлгахад ч дэм болсон гэдэг. 1970 онд ам.доллартай харьцах иенийн ханш 360 байснаа, гуравхан жилийн дотор 290 болж буурсан жишээг хөрөнгийн зах зээлийн шинжээчид дурдах дуртай. Удалгүй Австрали, Мексик, Бразил “Самурай”-д нэгдэж, 1984 онд Хятадын Төвбанк 915 тэрбум иенийн бонд гаргаж, үр шимийг нь ч ханатал хүртсэнээр нэр хүнд нь зэгсэн өссөн. Сүүлд Филиппин 100 тэрбум иен (1.1 тэрбум ам.доллар) босгож, одоо Монгол болон Вьетнамд баталгаа өгөөд байна.

Заавал гэж албадаагүй ч, баталгаа өгнө гэдэг нь том хүндлэл хэмээн “Bloomberg”-т бичсэн нь ч ортой. Айдас ба боломж Гэвч бид хүү нь өндөр тогтож, эрсдэл дагуулан байж авчирсан мөнгөө төсвийн нөхөөс маягаар ашиглачих вий гэсэн хоёр үндэслэлээр “Самурай”-гаас эмээж байна. Эдийн засгийн өндөр өсөлтийн буухиа тасарч, улс төрийн бодлого, үйл ойлголцолоос үүдэн хөрөнгө оруулагчдын хувьд “хадны мангаа” болсон нь эмээх нэг үндэслэл. “Чингис” бонд гаргаж, 1.5 тэрбум ам.доллар халааслачихаад чухам ямар төслүүдийг дэмжиж, юунд хөрөнгө оруулахаа мэдэхгүй цалгардаж, цаг алдсан нь эмээх бас нэг үндэслэл. Гэвч хүрд эргүүлээд үзэх үүнээс дээр шалтгаанууд бас байгаа юм байна. Японы зүгээс хэдэн хувийн баталгаа олгосноос үүдэн, хүүг таамаглаж болдог. Манайд 85-95 хувийн баталгаа өгсөн хэмээн Засгийн газрын тэргүүн хэлсэн. Энэ бол өндөр итгэл бөгөөд ийм тохиолдолд хүү 2-3 хувьд тогтчих боломжтой. Гэхдээ ёсоор боллоо гэхэд энэ нь айдгаа авдартаа хийчихлээ гэсэн үг биш бөгөөд зээл эргэн төлөх болоход иенийн ханш хэд дахин өсчихвөл бас л хэцүү. Ийм жишээг бид бэлхнээ мэдэж, бодитоор амссан улс шүү дээ. Жишээ нь, Төвбанкнаас нэрлэсэн иентэй харьцах төгрөгийн ханш сүүлийн таван жилийн дотор 40 хувиар өсчээ.

Харин энэ онд уг валютын ханш дотоодын зах зээлд харьцангуй тогтвортой байгаа. Хэрэв одоо төлөвлөж буй хэмжээний буюу 600 сая ам.долларын “Самурай” бонд гаргавал үүнийг ам.доллар эсвэл төгрөгт шилжүүлэлгүй, харин иенээр орлого олох төслүүдэд хөрөнгө оруулбал алдахгүй гэж эдийн засагчид үзэж байна. Хөшигтийн хөндийн нисэх буудал, Дархан-Уул аймаг дахь газрын тосны үйлдвэр, V ДЦС, Орхон аймагт барих гангийн үйлдвэр зэрэг ойрын жилүүдэд өрнөх томоохон бүтээн байгуулалтыг Японы компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. “Самурай” бондын мөнгийг эдгээр төслийг санхүүжүүлэхэд зарцуулбал олон давуу тал байгаагийн дотор ханшийн эрсдлээс хамгаалахад ч эерэг нөлөө үзүүлэх аж.

“Самурай” бондын эерэг тал

-Хүү харьцангуй бага тогтдог.

-Японы Засгийн газар давхар хариуцлага хүлээдэг учраас тус улсын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байдаг.

-АНУ , Европын ижил төстэй бондуудтай харьцуулахад уян хатан байдаг бөгөөд санхүүгийн хямрал зэрэг тааварлаагүй эрсдлийг харгалзан үздэг.

-Дэлхийн томоохон компаниуд нэгдсэнээс хойш нэр хүнд нь зэгсэн өсөж, энэ хэрээр сонирхол болоод найдвартай байдал нь өндөр болсон.

“Financial Times”-т “Самурай” бондын давуу талуудыг ийн жагсаажээ. Бидэнд ч бас давуу талууд байна. Хэдийгээр экспортын гол нэрийн түүхий эдүүдийн үнэ дэлхийн зах зээлд унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн хувьд тун таагүй нэг оныг бид үдэх гэж байгаа. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хэвээр байгаа төдийгүй ирэх онд ч 10 хувиас буурахгүй хэмээн Дэлхийн банк тэргүүтэй томоохон байгууллагууд таамагласан. Мөн нэгэнт ойрын жилүүдэд өрнөх томоохон бүтээн байгуулалтууд Японтой их, бага ямар нэгэн сэжимээр холбогдсон учраас хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хожим үүсэх эрсдлийн зэрэг буурах магадлал бий.

Саяхан Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Самурай” бонд гаргах талаар яриа, хэлэлцээр хийхэд Японы нөлөө бүхий томоохон компаниудын 90 гаруй хувь нь оролцсон аж. Энэ бол тэнд сонирхлын түвшин энэ хэрээр өндөр буйн илрэл болой. Нэгэнт нөгөө талаас баталагаа гаргачихсан энэ үед тооцоо судалгаа хийж, толгойгоо гашилгах цаг бидний өмнө туллаа. Ханш хэрэв өсвөл хэрхэн тогтоон барих вэ, бондоос босгосон мөнгийг ямар ямар төслүүдэд зарцуулах вэ. Бонд гаргахаас урьтаж эдгээр асуултын хариуг эхлээд олъё.


Өнөөдөр сонин