Ард олныхоо эрүүл энхийн төлөө тангараг өргөн, амь насыг аврагч алтан гартангууд хэмээн хүндлэгддэг хүмүүс маань л хүнлэг сэтгэл, хүний мөс чанар гэгчээ алдаад ирэхээр энгийн бусад нэгэн нь ямархуу болж таарах нь вэ гэсэн сониуч бодол төрүүлэхээр үйл явдлууд эрүүл мэндийн салбарт сүүлийн үед шил даран гарах боллоо.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт саяхан гурван настай цэцэг цэврүү шиг өхөөрдөм хөөрхөн охин эмчлэгч эмч сувилагч нарын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж амь насаа алдсан эмгэнэлт явдал гарч, хэвлэл мэдээллийнхнийг шуугиулж байгаа билээ. Охины ээжийн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан хэний ч сэтгэл зүрх шимшрэн, нулимс асгармаар. “Арай ч дээ, та нар...” гэж тэр эмнэлгийнхэнд хандан бүр хашгирмаар санагдсаныг нуух юун! Гуравхан настай бяцхан үр өвдөлтөндөө тарчлан, шөнөжингөө тарчилж байхад ямар ч арга хэмжээ авалгүй, “өглөө болтол тэс” гээд хэнэг ч үгүй нойроо харамлаад унтаад байгаа сувилагч нарыг юу гэж ойлгох вэ? Тэд энэрэх нинжин сэтгэл бүхий хүн мөн үү?

Энэ мэтчилэн, эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа ёс суртахууны ялзрал доройтол зөвхөн өнөөдөр ч бий болоод байгаа зүйл биш, бүр олон жилийн өмнөөс энэ салбарт үүсэн, ард олныг бухимдуулаад байсан билээ. “Таньдаг эмч сувилагчгүй л бол эмнэлэгт хэвтээд ёстой “амьтан” болно” гэсэн ойлголт хүмүүсийн дунд тархаж, заавал ч үгүй таньдаг мэддэг хүн сураглаж яриулдаг, эсвэл “гарыг нь хүндрүүлэх юм” тухайн эмнэлгийн аль нэгэн ажилтанд өгч байж, тэнд ном ёсоор эмчилгээ хийлгэх боломж нөхцлөөр хангагддаг гаж “бичигдээгүй хууль” эмнэлгүүдэд үйлчилдэг болсоор олон оныг элээж байгааг хэн хүнгүй бүгд мэдэж байгаа. Мөн эмчлүүлэгчдэдээ нийгмийн статус, гадна өнгө үзэмж, өмссөн зүүснээр нь ялгаварлан хандах шог байдал түгээмэл ажиглагддаг. Харах царайны ядарсан нэгнийг бол үхэх гэж байсан ч тоохгүй маягийн. Яг л ийм балиар хандлагаа саяын тохиолдолд гаргаад хөдлөхгүй байсан биз гэсэн таамаг төрөхөөр.

Эрүүл мэндийн салбарынхны иймэрхүү заваан, арчаагүй хандлагыг тэднийг хариуцдаг дарга сайдууд нь гадарладаг л байсан баймаар. Гэвч яагаад засаж залруулах талаар арга хэмжээ төдийлөн авдаггүй байсан юм бол оо гэсэн гайхшралыг төрүүлнэ. Хэрэв тиймэрхүү хандлагуудыг цаг тухайд нь таслан зогсоож, арга хэмжээ авч байсан бол өнөөдөр тэрхүү хөөрхөн охин амьд байж, аав, ээж, ойр дотныхноо хагацалд учруулахгүй байх байсан! Ер нь аливаа юмыг “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болдог дутагдал манайханд түгээмэл ажиглагддаг. Саяын хэрэг явдлын улмаас ээлжийн хоёр сувилагч “нойроо харамласныхаа” горыг хүртэн ажлаасаа халагдан, жижүүр хоёр эмч нь сарын цалингийнхаа тодорхой хувиар торгуулаад өнгөрч байгаа бололтой. Тэд яахав, амьд хүмүүс хойно аргаа олоод явцгаачихна. Харин хөөрхий охин тэглээ гээд босоод ирэхгүйгээс хойш!

Ерөнхийдөө манайд энэ хариуцлагын арга хэмжээний тогтолцоо төдийлөн боловсронгуй бус нь алхам тутамд мэдрэгдээд байдаг гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа нэгэн жиргээч “3 настай охины амь-ажлаас халсан. Тулгуур төмөрт цохиулж нас барсан-мөнгөн торгууль. 3 жил амбаарт хорьсон-тэнсэн. Энэ шүүхийн шинэчлэл үү?” гэж асуухав дээ!

Ингээд эцэст нь, бас нэгний бухимдлын үгсээр өндөрлөхийг хүсэв: “Эмч сувилагч нараа! Салбар чинь дампуурсан, сайд чинь чадваргүй, цалин чинь новш байж болно. Хариуцлагатай, Хүн чанартай байгаач ээ...”


Д.Мягмарсүрэн

www.zaluu.com