Роозонгийн Энхбат.

Түүний талаар олон хүнээс асуусан. Ихэнх нь “ууртай, загнаад л явчихдаг” гэдэг хариулт өгсөн. Учрыг нь асуухад “тендэр авч чадаагүйдээ тэгдэг юм билээ” гэнэ. Бүр тендэртэй огт холбоогүй хүн хүртэл ингэж ярина. Ийм хариулт сонсох бүрт улам бүр уулзаж ярилцмаар санагдсан юм. БСШУ-ны Стратеги, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан Б.Насанбаярын хэвлэлийн хурал дээр Р.Энхбат их л ууртай байсныг хэн хүнгүй л санаж буй байх. Надад бол “юунд энэ хүн ингэтлээ бухимдана вэ” гэдэг асуулт сонин санагдаж байсан юм.

Уулзаад ярилцсаны дараа асуудал тендэр авч чадсан, чадаагүйдээ биш юм байна гэдгийг ойлгосон. Алдаа мадаг байгааг мэдээд, хэлээд яриад байдаг. Гэтэл огт засагддаггүй. Өөрөө засчихъя гэтэл тийм боломж байдаггүй.

Р.Энхбат яг л дуу нэвтэрдэггүй шилэн хоргон дотор ганцаараа орилоод байгаа мэт санагдсан...

Та энэхүү ярилцлагыг уншиж, сонсож, бас үзэж болно.






О.Ариунбилэг
Сэтгүүлч








Роозонгийн Энхбат



“Адмон” группын Ерөнхий захирал

1977-1983: ХБНГУ-ын Лайпцигийн Ном хэвлэлийн дээд сургууль төгссөн

1983-1996: Улсын гэрэл зургийн газар гэрэл зурагчнаас дарга хүртэл дэвшин ажилласан. 1996 онд засгийн газар солигдсоноор ажлаас халагдаж, хувийн компаниа байгуулж эхэлсэн.

1996- оноос хойш “Адмон” компаниа удирдан ажиллаж байна.
“Адмон” группын харьяанд:

- “Адмон” хэвлэх үйлдвэр

- “Монсудар” хэвлэлийн газар

- “Интерном” номын сүлжээ дэлгүүр

- “Фотомон” зургийн студи хамаардаг.







Яахаараа гэнэт нэг хүн гарч ирээд л улс орны бодлогыг удирдаад эхэлдэг юм бэ


Мүүнтэй холбоотой гарсан шуугианд би их талархалтай хандаж байна. Учир нь энэ шуугианы “ачаар” эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах бичгийг нээх боломжийг, мөн сурах бичиг нь ямар байна вэ гэдгийг сурвалжлах боломжийг надад олголоо. Ийм учир таныг ярилцлагын буландаа урьсан юм. Харин та юу гэж бодож байна?

(сонсох)


Мүүнтэй холбоотой асуудал гэвэл БСШУ-ны яамны нэг газрын даргын асуудал л олны анхааралд хүрлээ. Эртээр болсон /2016.03.14/ хэвлэлийн хурлаас харахад сенсааци хөөсөн хүмүүс л цуглана лээ. Гэтэл үүний цаана шашны болон бусад урсгалд автсан системтэй хүмүүс төрийн аппаратад нэвтрэх, үйл ажиллагаагаа явуулах нөхцөл хангагдчихсан юм байна гэдэг нь надад анзаарагдсан. Яахаараа гэв гэнэт нэг хүн гарч ирээд л улс орны бодлогыг удирдаад эхэлдэг юм бэ. Ялангуяа боловсролын салбарыг эхнээсээ танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүн л авч явбал гадны элдэв дайралтанд өртөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, энэ салбар тогтвортой хөгжих учиртай. Гэтэл одоо аль нэг намын хүн хүрч ирээд л боловсролыг “би ингэнэ, ийм болгоно” гэдэг.

Сурах бичгийн талаар?

Сурах бичгийн асуудал бол бодлогын нэг л хэлбэр. Өөрөө Боловсролын яамны сайдтай ярилцлага хийхэд ярьсныг нь дэмжүүштэй санагдсан гэсэн. Өчигдөр харин надтай ярилцсаны дараа “тийм биш юм байна” гэж хэлсэн. Өнөөдөр би боловсролын бодлого зөв явж байна уу, буруу явж байна уу гэж ярих гээд байна. Түүн дотроо сурах бичгийн асуудал. Гэтэл зөвхөн чи бид хоёрын яриа энэ асуултанд хариу өгч чадах болов уу. Дэндүү нэг талын яриа болох биш үү. Маргааш миний оронд яамны нэг хүн ирээд ярьвал түүний үнэн юм шиг, өнөөдөр миний үнэн юм шиг. Тэгээд хүмүүс яаж үнэнийг ялгах юм бэ. Манай сэтгүүл зүй дэндүү нэг талын барьсан, жинхэнэ сэтгүүл зүй биш болчихоод байна. Асуудлыг зөв таньж мэдэхийн тулд миний ярьж байгаа зүйлийг нөгөө талаас нь ярьж байгаа хүнтэй хамтраад мэтгэлцвэл хүмүүс түүн дундаас зөв бурууг нь ялгана. Мэдээж маргаан хурцдаж болно, тэр бол хамаа байхгүй.





Мэтгэлцээнд оръё гэдэг хүсэлтийг та тавьсан биз дээ?
Тийм боломж байхгүй.

Л.Гантөмөр сайдтай таныг ярилцахыг хүсч байна гэж ойлголоо?
Мэдээж шүү дээ. “Цөм” хөтөлбөр гэдгийг хийсэн багтай нь, эрдэмтэн профессоруудтай нь. Би Л.Гантөмөрт “хамгийн сайн хийсэн ажлыг чинь л ярья” гэж хэлж байна.

Тэгвэл бид “Хурц өнцөг” буландаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон түүний багийг Адмон компанийн баг хамт олонтой хамт оролцож, “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийн агуулгын талаар мэтгэлцээч ээ гэж урьж байна. Харин өнөөдөр хоёулаа ярилцлагаа хийе болох уу?
Тэгье.

Танай компани хэдийнээс эхлээд сурах бичиг хэвлэж эхэлсэн юм бэ?
Сурах бичиг хэвлэх, хийх гэдэг хоёр асуудлыг хүмүүс хольж хутгадаг. Түүнийг нь манай эрх баригчид далимдуулдаг. Сурах бичгийг хэвлэх гэж нэг асуудал, сурах бичгийг хийх гэж нэг шал өөр асуудал. Өнөөдөр чи бид хоёр сурах бичгийг хийх буюу сурах бичгийн агуулгыг ярина гэж би ойлгож байгаа. Сурах бичгийн агуулгыг манай компани, ер нь компаниуд хийдэггүй. Үүнийг яамныхан хийдэг. Харин яамны сурах бичиг зохиож байгаа хүмүүсийн ихэнх нь хулгайч нар юм. Яагаад гэвэл ажлаа хийж байгаа хүмүүсийг ажлынх нь хажуугаар сурах бичиг хийх ажлыг яамнаас өгдөг. Тэгээд энд тэндээс хуулсан материалаар нэг, хоёр сарын дотор сурах бичиг хийдэг. Нэг, хоёр сарын дотор сурах бичиг хийх ямар ч боломжгүй. Сурах бичгийг хоёр, гурван жил хийдэг юм. Сурах бичиг хийнэ гэдэг чинь хэдэн юм цуглуулаад тавихын нэр биш шүү дээ. Хүүхдүүдийн барьдаг ганц ном л сурах бичиг байхад түүнийг нь чанартай хийх ёстой. Бусад номыг тэр бүр уншаад байхгүй. Тийм болохоор “Та нар битгий ингэж хандаач” гэж хэлээд байгаа юм.

БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн ахлагч С.Батсүх гэдэг хүн Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа сурах бичгийг бичих багийг Яам, Боловсролын хүрээлэнгээс тендэр зарлаж шалгаруулдаг. Энэ багт МУБИС, МУИС болон эцэг эхийн төлөөлөл ордог. Энэ багийнхан хүүхэд хэдэн насандаа юу сурсан байх ёстой вэ гэдэг хөтөлбөрт хамрагдаад, сурах бичиг зохионо. Зохиосон сурах бичгийг дахин редактор хянаад хэвлэлтийн шатанд өгдөг гэж ярьсан байна.

Бид өчигдөр /2016.03.14/ та бүхэнд сурах бичгүүдийг харуулсан. Яамны хэлж байгаа зүйл үнэн байна уу, бидний хэлж байгаа нь үнэн байна уу. Энэ сурах бичгийг ахалсан нь наад хүн чинь шүү дээ.





Сурв: Бид "Адмон" компанийн байранд очиж “Иргэний боловсрол” хичээлийн I-V ангийн сурах бичигтэй танилцсан юм. Тус сурах бичгийн эхний нүүрэнд тухайн сурагч юу сурах талаар дурьджээ. Гэтэл I-V ангийн бүх сурах бичгийн эхний нүүр ямар ч үг үсгийн зөрүүгүй хоорондоо адилхан байх аж. Бид энэ нь тухайн жилүүдэд хүүхдэд суулгаж өгөх ёстой дадал хэвшил юм болов уу гэж “Боловсролын давалгаа” ТББ-ын мэргэжилтэн Д.Дэлгэрмаагаас асуухад:

-Гурван жилийн турш суулгах ёстой дадал гэж байхгүй. Ямар ч хичээлд хүүхдийн насны ангилал гэж байх ёстой. Гурван жилийн хугацаанд суулгах ёстой гэвэл ерөнхий ойлголт. Хүүхэд нэг анги дэвшихэд тодорхой хэмжээгээр ойлголттой болсон байх ёстой. Тэр тусмаа бага насны хүүхдүүд хэвшил дадлаа илүү олоод авчихсан, илүү яаж хөгжих вэ гэдэг нь дараагийн шатны юм. Гэтэл гурван жилийн хугацаанд юм уу, таван жилийн хугацаанд "бага сургуульд үүнийг ойлгочихно" гээд хаячихвал зарим багш нь заагаад, зарим нь заахгүй байж болно. Ингэвэл маш замбараагүй болно. Харин стандартад анги ангийн түвшин нь ахисан шатлалтай, дээр нь уялдаа холбоотой байх ёстой гэж заасан. Гэтэл энэ сурах бичигт тийм шаардлага огт хангагдаагүй.

Энд дахиад л нэг Сайнбаяр гэдэг хүн ирнэ. Эсвэл Сайнтөмөр ч юм уу


БСШУ-ны сайдын 2009 оны тушаалаар “Хэвлэлийн эх бичиг нь түүнийг хэвлэх, түгээх гэсэн хоёр үйл явцаас бүрдэнэ. Ингэхдээ сурах бичгийн эхийг зохиох баг нь хэвлэлийн газар болон боловсролын яамтай хамтраад, агуулгад нь хэвлэлийн газар давхар редактор хийнэ” гэж заажээ. Хэвлэлийн газрууд өнөөдөр редактор хийх боломж байх уу?
Байхгүй.

Тэгвэл сайдын тушаал хэдийгээр өөрчлөгдчихөв?
Ер нь төр засгаас гарч байгаа бичиг баримтууд яаж л бол яаж ойлгогдохоор байдаг. Наад тушаалыг чинь бидний эсрэг ч ашиглаж болно, бидний ярьж байгаагийн дагуу ч ашиглаж болно.

Өчигдөр миний харснаар 2014, 2015 онд “Энэ сурах бичиг алдаатай байна. Үүнд засвар оруулаач ээ” гэсэн хүсэлтийг танай компаниас яам руу явуулсан байна. Яам таньд ямар хариу өгсөн бэ?
Иргэний боловсролын I-V ангийн сурах бичгийн алдааг бид эрээн мяраан болтол нь засаад яаманд танилцуулсан чинь тоогоогүй. Арай ч дээ, хэзээ ч урьд нь ийм сурах бичиг гарч байгаагүй юм. Ингээд бид УИХ-ын даргад явуулсан. Их хурлын дарга түүнийг үзэж чадаагүй юм уу, бүтэн зуны дараа “намар яам руу явуулчихсан” гэж байгаа юм. Тэгэхээр нь “яам руу явуулах хамаагүй та бүхэн юу гэж үзэж байна вэ” гэсэн хариу ирээгүй. Бид ингэж бичиг илгээх болсон учир нь тэр алдаатай сурах бичиг дахин хэвлэгдэх гэж байсан. Тиймээс "хэвлэгдэхээс нь өмнө засвар оруулаач ээ" л гэсэн юм. Өөр юу ч хүсээгүй. Тэгсэн “Үгүй, оруулахгүй” гэнэ.
Энэ жил дахиад нөгөө сурах бичгээ хэвлэх гээд “засвар оруулж болохгүй” гэдэг албан бичиг ирэхээр нь асуудлыг Захиргааны шүүхэд өглөө. Гэтэл шүүхээс “та яаж хохирсон юм бэ” гэнэ ээ. Манай Захиргааны шүүх ийм л байна. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэж багаас нь сургадаг биз дээ. Би системийн нэг нэгж болсон, иргэн хүн. Би өөрөө хохироогүй ч систем хохирох гэж байгаа асуудлыг хэлж байна. Манай Захиргааны шүүх энэ улс орны төлөө ажилладаггүй.

Удахгүй болох сонгуулийн дараа Боловсролын яамны баг бүрэлдэхүүн өөрчлөгдөх байх. Тэр үед яах бол?
Би Б.Насанбаяр эсвэл Л.Гантөмөр гэдэг хувь хүний тухай ярихыг огт эрмэлзээгүй. Энд дахиад л нэг Сайнбаяр гэдэг хүн ирнэ. Эсвэл Сайнтөмөр ч юм уу. Тэгээд яг л адилхан. Урьд нь байсан Ё.Отгонбаяр гэдэг хүн ийм л болгосон. Дараагийн дөрвөн жилд дахиад өөр хүмүүс ирээд “бид тэгнэ ингэнэ тийм гоё юм хийнэ” гээд л эхэлнэ.
Та бид хоёрын ярилцлага, агуулга бүх зүйл мухардчихлаа. Тэгэхээр одоо яах вэ?

Сэтгүүл зүй болон хуулийн байгууллага бол аливаа асуудлыг зөв зүйтэй тал руу нь оруулахад хувь нэмрээ оруулах ёстой. Манайд энэ ажлаа хийхгүй байна.


Тэгээд та яая гэж бодож байна. Эрдэмтдийн баг хэвлэлийн компаниудын дэргэд ажиллах ёстой юм уу?
Эрдэмтэд биш ээ. Ийм ном гаргаж байгаа хүмүүсийг ямар эрдэмтэн гэх юм бэ. Эрдэмтэн гэдэг үг л яриад байгаа болохоос түүнийгээ хамгаалах хүн ховор байна. Ямар ч эрдэмтэн, профессор хамаагүй аваад ир, би өөдөөс нь харж байгаад ярья. Эрдэмтэн, профессорууд өчнөөн олноороо арзаганаад байж байдаг юм шиг битгий ойлго л доо. Би одоо тэр сайхан хүмүүсийг муулаад, муухай хүн шиг харагдаж байгаа. Тийм болохоор л “сэтгүүл зүйд ийм нэг талын яриагаа болиоч ээ. Энэ чинь асуудлыг шийдэх биш харин ч нийгэмд хэрүүл, талцал л авч ирдэг” гэж хэлээд байна. Энэ асуудлыг гэхэд л танайх шиг ардаас нь явж, сурвалжилж байгаа газар алга байна. Гэтэл тэр хэвлэлийн хурал дээр хэчнээн олон сэтгүүлч байсан билээ.

“Цөм” хөтөлбөртэй холбоотойгоор “Иргэний боловсрол” гэдэг хичээл гарч ирсэн үү?
“Цөм” хөтөлбөрийн бүтээгдэхүүн нь “Иргэний боловсрол” гэдэг хичээл. Иргэний боловсрол гэдэг үгийг нэгдүгээр ангийн зургаан настай хүүхэд ойлгох уу? Энэ үгийг зарим УИХ-ын гишүүн ч тайлбарлаж чадахгүй. Ойлгохгүй нэртэй хичээлийг нь зааж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ чинь л дангаараа их том сэдэв. Гэтэл өнөөдөр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг, өндөр хөгжилтэй орнууд ийм гарчигтай ном хэзээ ч гаргахгүй. Мэдээж "Иргэний боловсрол" гэдэг хичээл бол хүүхдийг багаас нь нийгэмшүүлэх, зөв бурууг ялгаж чаддаг болгох тийм хичээл. Гэхдээ нэгдүгээр ангийн ном бол “Зөв үү, буруу аль нь вэ хө” гэдэг гарчигтай байвал илүү ойр. Одоо байгаа сурах бичгүүд үнэхээр муу. Бид үүнээс хэд дахин сайныг хийж чадна.

Чадах уу?
Чадна.

Бид гэдэг нь хэн бэ?
Манай компани. Ганцхан ийм зүйл хийхийг хориглочихсон. Энийг мэдэж байгаа юу?

2012 оноос эхэлсэн гэсэн үү?
Тийм.

Тэгэхээр энэ асуудлыг “Энхбат тендэр авч чадаагүй болохоороо ингэдэг” гэдэг ярианд хөтлөөд байгаа юм шүү дээ.
Харин тийм ээ. Тэгэхээр чи бид хоёрын яриа бол хэвлэх талаар биш агуулга бүтээх талаар шүү дээ.
Агуулга боловсруулах багийг яамнаас мөн л тендэрийн зарчмаар шалгаруулдаг.
Худлаа. Урилга илгээдэг. Тэгээд “боловсролын байгууллагат тэдэн жил ажилласан, тийм цолтой” гэх мэтээр баахан заалттай. Надад докторын зэрэг байхгүй. Докторын зэрэггүй ч тэднээс илүү сурах бичиг хийчих хүн олон. Буян гээд хүн байдгийг хүмүүс мэднэ. Нийгмийн ухааны хичээлийн сурах бичгийг хувиараа хийдэг. Ямар ч шинэ сурах бичиг гарсан багш нар тэднийг тоож хардаггүй. Буян гэж хүн гэтэл хэзээ ч яамны тендэрт шалгарч чадахгүй.

Ямар ялгаа байгаа юм бэ?
Сайн л байхгүй юу. Хүүхдийн насанд нь тохирсон.





Та энэ яриагаараа монголын эрдэмтэн профессоруудыг “наад цол хэргэм чинь огт хэрэггүй болжээ” гэж ойлгуулаад байх шиг?
Яг тийм. Яагаад гэвэл нэгдүгээрт, ийм муу сурах бичиг гарсаар байтал чимээгүй байгаа биз. Хэрвээ тэд үнэхээр доктор, профессор юм бол ийм муу сурах бичгийг хараад чимээгүй байх ёстой юу. Хаа байна аа та нар. Доктор профессор биш хүмүүс илүүг хийгээд, үүний төлөө явж байна. Би хүн доромжилсон болоогүй байгаа биз дээ?

Гэхдээ сурах бичиг боловсруулж байгаа багт эрдэмтэн, профессорууд байгаа шүү дээ?
Би юугаар яаж хамгаалж эрдэмтэн, профессор болсныг нь мэдэхгүй.
Яамнаас сурах бичгийн агуулгат санаа тавих нь зүйтэй гэж би бодож байна.

Хэрвээ аль нэгэн компанид энэ асуудлыг өгчих юм бол ёстой хэн дуртай нь, юу хүссэнээ сурах бичигт оруулаад эхэлвэл яах вэ?
Хүн бүхэн айдастай байна. Юун сурах бичиг байтугай өдрийн цагаар гарахад л айдастай болчихсон. Тэгэхээр сурах бичиг дээр өөрийн чинь хэлж байгааг ойлгож байна. Хүн бүхэнд “манай хүүхдийг янз бүрийн сурах бичгээр хордуулчих вий” гэсэн айдас байгаа. Үүн дээр нь манай Боловсролын яам тоглодог байхгүй юу. Сурах бичиг гэдэг чинь ойлгоход тийм хэцүү зүйл биш. Үндсэндээ тухайн хүүхэд хэддүгээр ангид юу сурахыг л тодорхойлсон зүйл. Чи бид хоёр жишээ нь сурах бичиг хийлээ гэхэд хоёулаа өөр хийнэ. Адилхан орцтой бүтээгдэхүүнээр хоёр хүн, хоёр өөр амттай хоол хийдэг биз дээ. Бусад оронд хамгийн сайн хийсэн сурах бичгээ л хэрэглэдэг. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг болиулаад яамнаас томилсон хүмүүс л хийдэг болчихсон. Би тэрэнд гомдоод байгаа юм биш. Хүмүүс намайг өөрөө хийх гээд байна л гэж бодоод байх шиг байна. Үгүй. Би харин ч энэ чигээрээ удаан байгаасай гэж бодоод байгаа юм.

Яагаад?
Яагаад гэвэл хүмүүс ойлгог. Хүмүүс гэдэг чинь бие махбодь дээр нь тулахаар л ойлгодог юм.





СУРВ: “Иргэний боловсрол” I ангийн /зургаан настнууд/ сурах бичгийн “Гэрийн даалгавар” хэсэгт сурагчдад дараах даалгаврыг өгчээ. “Чамайг хорвоод мэндэлэхэд /алдаатай хэсгээр нь шууд оруулав/ ээж, аавынх нь сэтгэл ямар байсан талаар бичүүлж ирээрэй” гэсэн байв. Бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүд энэ гэрийн даалгаврыг хэрхэн хийх бол гэхээс зүрх эмтэрмээр. Тэд худал зохиох уу, эсвэл өөр хэн нэгнээр бичүүлэх гэж оролдох уу. Тэд гэрийн даалгавраа хэрхэн хийсэн бэ гэх багшийн асуултанд ангийнхныхаа өмнө юу гэж хариулах бол. Гэрийн даалгаврыг хийх ажил тэгсгээд өнгөрлөө гэж бодоход хөөрхий бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд ямар их сэтгэлийн зовиур, шарх үлдэх бол. Энэ талаар сурах бичгийн агуулга зохиогчид бодож үзсэнгүй гэж үү.


Сурах бичиг гэдэг чинь хүүхэд нүдэн дээр нь хөлөө хугалаад унахтай адилаар буруу зөв нь илт мэдрэгдэх зүйл биш шүү дээ?
Би хэчнээн хашгираад нэмэр алга. Надад итгэж чадахгүй ш дээ. Би яаманд ажилладаг хүн биш. Би зүгээр л нэг компанийн захирал.

Тэгээд хэзээ үүний горыг амсах бол?
Яс махан дээрээ тулаад ирэхээрээ л ойлгож, тэр үед л дорвитой шийдвэр гарах байх. Хоёрын хооронд зүсийг нь хувиргасан өөрчлөлтийн хэрэг байхгүй. Тулхтай, хариуцлагатай, удаан хугацааны, хэн нэгэн этгээд дур зоргоороо авирлах боломжгүй болгосон тийм л шийдвэр хэрэгтэй.

Та хэзээнээс сурах бичиг болохоо байлаа, үүн дээр судалгаа хийе гэж бодов?

Манай компани хүүхэд залууст зориулсан ном хийдэг боловсролын байгууллага. Сурах бичгэн дээр ямар агуулга байна, түүнд тусгагдаагүй ямар номыг хийх вэ, хичээлийг нь яаж дэлгэрүүлж болох вэ гэдэг дээр л ажилладаг. Гэтэл сурах бичиг нь ойлгогдохгүй, хэрэглэх ч боломж байхгүй. Тэгээд сургалтын хөтөлбөрийг нь уншаад үзэхээр хүүхдэд зориулсан зүйл огт харагдахгүй байгаа юм.

Хэзээнээс эхэлсэн юм бэ. Эсвэл анхнаасаа ийм байсан юм уу?

П.Цагаан сайдын үеэс л сурах бичгийн асуудал яригдаж эхэлсэн юм /Сурв: П.Цагаан 2004-2006 онд БСШУ-ны сайдын албыг хашиж байсан/

Тэгвэл гадны улс орон яаж шийддэг юм бэ?
Би Германы боловсролын үзэсгэлэнд жил бүр очдог. Бүхэл бүтэн гурван өдөр тэр үзэсгэлэнгээр яваад боловсролын салбарынхных нь хийсэн ажлыг үзээд бардаггүй. Ямар их зүйл хийдэг юм бэ. Боловсрол тэнд доороос хөгжиж байна. Боловсролд оролцогчдыг дэмжиж өгч байна. Манайд бол доороос бүх зүйл хаалттай. Зөвхөн дээрээс тарааж өгдөг. Бүх багшид компьютер тарааж өгч байгаа юм. Та нар сургуулиудаар яваад үзээрэй. Компьютерийг нь хэрэглэж байгаа багш байна уу. Үүний цаана юу болоод байна вэ гэдгийг л сурвалжлаач. Боловсролын салбар гэдэг чинь улстөрчдийн сонгуульд өөрсдийгөө сурталчилдаг газар болоод байна.

Тантай адил үзэл бодолтой хүмүүс бий юу?
Дэндүү ганцаардаж байна. Надтай адилхан бодолтой хүмүүс бий. Гэхдээ айж байна. Ингэж дугараад нэмэргүй гэж үзэж байна. Цалингаараа амьдарч байгаа хүмүүсийг би ойлгож байна. Хэцүү.

Энийг үзээд эцэг, эхчүүд сэтгэлээр унах байх даа?
Унана. Итгэл үнэмшил нь алга болчихлоо. Гэхдээ би юмыг харлуулах гэж яриагүй. Би энэ бүхнийг сайхан болгохын төлөө л ярьж байна.
Бодитой зүйлийг ярьж байна л даа.
Сайн сайхан, хөгжил цэцэглэлт гэдэг бодитой зүйлээс л үүснэ. Худлаа зүйлээс сайн сайхан гарах уу. Нэгэнт өнгөрсөн, одоо хэцүү ч гэсэн бодитой, үнэн зүйлээ ярьцгаая.



Гэхдээ ганц сурах бичгийг л сайн хийчихвэл болчих юм биш...


Ийм сурах бичиг байсаар байтал тэгвэл багш нар маань яагаад “сурах бичиг маань сайхан” гэж яриад ээлжилж хэвлэлийн хурал хийгээд байгаа юм бол оо?
“Та нар ийм юм хийлцэж байгаа юм бол энэ системийн уналтыг хамт хариуцна шүү” гэж хэлж болно биз дээ. Түүнээс би Дорж гэдэг багшийн талаар, Долгор гэдэг профессорын талаар яриагүй. Та нар хаа байна аа, гараад ирээч ээ л гэж хэлж байна. Тэтгэвэрт гарсан хүн хүртэл “боловсрол дууслаа” гэж байгаа юм. “Тэгээд та хэлээч” гэхээр “чи яасан амьдрал мэддэггүй юм бэ. Эгч нь бас нэг юм хүлээгээд байна ш дээ” гэнэ.

Мүүнтэй холбоотой гарсан маргаанаас монголын эцэг эхчүүд хүүхдээ огт хайхардаггүй юм байна, юу сурч байгааг нь мэддэггүй юм байна, гэрийн даалгаврыг нь ч хийлгэдэггүй юм байна гэдэг нь харагдлаа.
Ихэнх нь чадахгүй юм чинь. Энэ чинь хүүхдийнхээ юу боддог, юу чаддаг, сургуульд нь юу үздэгийг мэдэхгүй л гэсэн үг. Монголчууд бол хүүхдийнхээ хувцас хунар, идэж уухыг нь л хангах хоёрхон үүрэг гүйцэтгэж байна. Оюун санааг нь тэжээх, арчлах үүргийг хаяад Л.Гантөмөр, Б.Насанбаяр нарт даатгаад байна. Тэгээд болохоо байвал багш нар луу нь дайрдаг. Багш нар үнэхээр өрөвдөлтэй байдалд орчихсон.

"Эмч нар муу байна, багш нар муу байна, төрийнхөн муу байна" гээд яриад байхаар явж явж боловсролын салбартай л холбоотой болж таардаг. Тэгэхээр одоо ийм байгаа юм чинь хойшид бид бүр яана даа гэх бодол төрж байна?
Зөвхөн сурах бичгээр хязгаарлаж бодвол хэт өрөөсгөл болно. Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудал их өргөн хүрээтэй. Эцэг эхтэй их холбоотой асуудал. Эцэг эхчүүдийн талаар, төр засгийн бүтцийн талаар ярих зүйл байна. Бүх зүйлийг цогцоор нь авч ярих ёстой.
Ярилцлага өгсөнд баярлалаа.

Төгсгөлд нь БСШУ-ны Сайд Л.Гантөмөр таныг болон танай яамны Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг зохиосон баг хамт олныг Адмон компанийн баг хамт олонтой “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийн агуулгын талаар мэтгэлцээч ээ гэж урьж байна.


www.gogo.mn