Цаг үе гэдэг хамгийн тогтмол усанд

Нойрмоглон найгах дэрс л байлаа

У.Шекспир “Хамлет”

Нүсэр өмсгөл, язгуурлаг зандаа тээртсэн дундад зуун, технологийн хөгжил, мэдээллийн урсгалд дөнгөлөгдсөн орчин үеийн заагт тэр тээнэгэлзэн зогсоно. Түүнийг нэг талаас нь алдар хүнддээ дарагдсан суутны сонгодог бүтээл чангааж, нөгөө талаас нь хором мөчөөр хувьсан өөрчлөгдөх цаг үе чирнэ. Ерөнхий найруулагч энэ тэлэгдмэл байдлаас зохиолын амин чанарыг атгаж үлдэх үү, үгүй юү гэдгээс шинэ тавилтын ололт шалтгаалах байв.

“Ний нуугүй хэлэхэд Шекспир сүүхэйтэй “наймаачин”, өнгөрсөн ирээдүй хоёр сүлэлдсэн өөрийнхөө л цаг үед зориулан бичиж байсан хүн. Тэр аз гийсэн дурлалт хос, амьдралын ээдрээг тольдсон аллага таллага, тайзнаа хөглөрсөн үхдэлүүдийн дунд хүний хувь тавилангийн эсэн бусын хувилбар зохиосон юм” гэсэн испани хэлт утга зохиолын эцэг Х.Л.Борхесийн шулуухан үгээр бол суут Шекспир жүжгүүдийнхээ санааг тийм айхавтар гүн далд нуугаагүй хэрэг. Түүний энэ цаг үед хүрсэн аян замын хөлөг нь маш нарийн адилтгал зүйрлэл, хэтрүүлэл байснаас биш далд утга санаа биш гэж ёжилдог уран зохиолынхны үг ортой. Дундад зууны үеийн шүүмжлэгчид түүний дүрүүдийг тал талаас нь муучилж Ромео бол Жульеттагаа алсан хэрцгий хүн гэх мэтээр өвөр зуураа хатгаж байлаа. Харин тэр туйлын зальжин агуулга, яруу хэл, амьд дүрүүдээрээ сэргэн мандалт, үйлдвэржилт, дэлхийн дайнууд, эдийн засгийн хямрал, технологийн хувьслыг гэтлэн бидний өмнө тоглогдож буй нь суутан гэж цоллох ганц шалтаг.

Н.Наранбаатарын “Ромео Жульетта” жүжгийн хүзүүтэй ноосон цамц, шулуун өмдтэй Ромеог барууны театруудад үзэгддэг Хамлеттай андуурч мэднэ. Дээр нь жирийн цагаан даашинзтай Жульетта орчин үеийн болоод эгэл байдлыг нь улам тодотгоно. Харин дундад зууны хийц бүхий хувцастай Меркуцио, Бенволио хоёр шурдхийн гарч ирээд эзэндээ үнэнч эртний баатрын ёсоор баруун хөлөө хавсран мэндчилэхэд үзэгчид яг аль цаг хугацаанд үлдэх ёстойгоо олж ядан үүлгэртэнэ. Ар араасаа хөврөх цахилгаан гитар, төгөлдөр хуур, бөмбөрийн хослолууд, барууны поп дуучид, уянгын хөгжим, бэлхүүсний хөдөлгөөн, хип хоп, стрийт бүжиг, Латин Америкийн зарим хөдөлгөөнүүдээс чухам аль цаг үед баатруудаа аваачихаар адгаад буйг нь олж харахад хэцүү.

Магадгүй найруулагч Н.Наранбаатарын “Хуучинсаг үзэлтэй хүмүүст таалагдахгүй байж мэднэ” гэж хэлсэнтэй энэ бүхэн давхцаж буй биз ээ. Жүжгийн зохиол болон өмнөх хоёр удаагийн тавилтад баригдалгүй, өөрийн Ромео, Жульеттаг бүтээхээр адгасанд нь түүнд баяр хүргэх нь зүй. Энэхүү адгалтыг юун түрүүнд хөгжмийн найруулга, хөдөлгөөний илэрхийлэл, хувцас, хэлээр тодорхойлж, нэмээд секслэг уур амьсгал, хошин мэдрэмжүүдээр хачирласнаас олж харж болно. Түүний хоёр жилийн өмнө найруулсан “Хамлет” үзэгчдийн зүгээс дундад зууны үеэсээ салаагүй, хуучинсаг байдлаар тавилаа гэсэн шүүмжлэлтэй тулгарсан нь шинэ тавилтад нь нөлөөлсөн байж мэднэ.

Тибальтын сэлмэнд Меркуцио өртөх хүртэл үргэлжлэх нэгдүгээр хэсгийн уур амьсгалд инээдэм багагүй орон зайг эзэлнэ. Мэдээж У.Шекспирт “Зуны шөнийн зүүд” ч юм уу, эсвэл “Хайр дурлалын хайран хүч” тэргүүт боть болохоор инээдмийн жүжиг бий. Харин энэ удаа найруулагч эмгэнэлт жүжгийн уур амьсгалыг инээдмээр чимсэн нь содон санагдлаа. Гэхдээ энэ нь үзэгчдийг уйдаахгүй байх арга гэхээсээ эмгэнэлт драмын сэтгэл зүрхэнд хүрэх нарийн мэдрэмжийг эвдсэн хэрэг буюу. Хоёрдугаар хэсэгт харин энэ байдлаа аятайхан залруулсан. Найруулагч Н.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амин хувиа хичээсэн энэ цаг үед би “Ромео Жульетта”-д тоглосон бүх хүнийг хэвийн биш, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, харийн гэмээр болгож байгаа” гэдгээ дурдсан. Энэхүү харийн гэмээр зан аашаа тэр секслэг уур амьсгал, бүдүүлэг төрх, хэл яриагаар бүрдүүлжээ. Энэ байдал эцэстээ үзэгчдэд Ромео, Жулльетта хоёр л гэнэн цайлган, цэвэр ариун хүмүүс, харин бусад нь дур хүсэл, шунал тачаал, өс хонзонгоо дарж эс чадсан адгууслаг амьтад гэсэн санааг тулгаж орхив. Яг ийм зааглалтыг хоёрхон зүйлээр тодорхойлж болно. Жүжгийн хэл болоод биеийн хэл.

Жүжгийн хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир “Нэг дүр нь мимодрам чиглэлийн хөдөлгөөнтэй, нөгөө нь модернизаци орсон орчин үеийн бүжгийн элементтэй байна, этник, эсвэл античный байх ёстой гэх мэт дүр бүрт өөрийг нь илэрхийлэх хөдөлгөөн байх хэрэгтэй” гэж дурдсан. Үнэхээр жүжгийн биеийн хэл, бүжгийн хөдөлгөөнүүд энэ удаагийн тавилтын онцлог байсан. Меркуциогийн хөнгөн шалмаг хөдөлгөөн огцом сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бол Капулетт, Монтегюгийн алхаа гишгээ, гарын зангаа ихэмсэг, бардам, бас дээрэнгүй шинжийг илтгэнэ. Бүжгийн хөдөлгөөнүүд ч жүжгийг орчин үеийн үзэгчидтэй холбох чухал сэжүүр болж байв. Хүн хүний сэтгэл хөдлөл, ааш араншинг илтгэсэн тэдгээр хөдөлгөөнүүд эртний ёс ёсолгоо, уламжлалт хөдөлгөөнүүдээр зангилагдсан байлаа. Гэвч иймэрхүү ширүүн дориун, гаж этгээд маягийн хөдөлгөөнүүд ихэвчлэн Ромео, Жулльетагаас бусад дүрүүдэд илэрсэн юм.

У.Шекспир болоод түүний жүжгийн талаарх ярианд орхиж болохгүй нэг зүйл бий. Тэрбээр герман болоод латин хэлний найруулгаар англи хэлийг сэлбэн, орчин үеийн англи хэлийг бий болгосон гэх сууг өөртөө хадгалдаг. “Моддын оройг цалин мөнгөөр бүрхсэн сар” мэтийн тэр үедээ л байгаагүй зүйрлэл адилтгал, уран дүрслэлүүдийг нь орхигдуулж үл болно. Харин энэ удаагийн найруулгад хэлийг төдийлэн чухалчлаагүй нь мөнөөх л орчин үед таацуулах гэсэн зорилгоос шалтгаалсан болов уу. Энгийн ярианы хэллэг, заримдаа “Нүдгүй сохор, буржгар үстэй, нум сум барьсан жаалд харвуулчихсан” мэтийн оновчгүй зүйрлэлүүд голчиллоо. Зохиолын хэлийг тэр чигээр нь тайзан дээр бүтээнэ гэдэг тийм сайхан санаа биш. Шүлэглэсэн, уянгалсан байдал нь үзэгчдийг уйдааж мэднэ, гэвч хэтэрхий хар ярианы, бүдүүлэг хэллэгээр тавих нь ч бас зохимжгүй хэрэг.

Гурван цаг дамнан үргэлжилсэн жүжигт Жульетта, Меркуцио, Лоренцо гэсэн гуравхан дүр өөрийн үүргийг биелүүлснийг хэлэлгүй үлдээж болохгүй. Гэнэн цайлган, хайр сэтгэлдээ харах нүдээ өгчихөөд хажуугийн өш хонзон, муу муухайг ч анзаарах сөхөөгүй Жульеттаг залуу жүжигчин О.Дөлгөөн чадварлаг бүтээсэн. Хорин жилийн өмнө тоглосон Жульеттагийн тухай яриагаа орхиод энэ цагийн Жульеттаг бид хүлээн авах хэрэгтэй. Меркуциогийн тогтворгүй занг бүхий л талаараа үзүүлсэн Э.Тодгэрэл, ямбаны, ихэмсэг ламыг бус, сайхан сэтгэлээ илэрхийлсэн, хөөргөн, цайлган ламыг бүтээсэн С.Болд-Эрдэнийг дурдах нь зүй. Харин Ромео хайр сэтгэлдээ шатсан залуу эр гэхээсээ илүү өс хонзон, амьдралд нухлагдаж цөхөрсөн, хүч тэнхээ сулбагар нэгнийг санагдууллаа. Үүн дээр хөгжмийн найруулга, тайзны засал, гэрэлтүүлэг гээд олзуурхан хүлээж авсан зарим зүйлсээ нэмж дурдъя.

Эцэст нь сонгодог болоод эртний жүжгийн тавилтад шинэ уур амьсгал орж ирлээ гэсэн үгийг хэлье. Найруулагч Н.Наранбаатар дундад зуунаасаа сугаран гараад, өнгөрсөн, одоо хоёрын дунд тээнэгэлзэн зогсож байна. Тэр хаашаа алхахыг дараа дараагийн бүтээлээс нь хүлээе.

У.Бямбаням