Дэлхийг донсолгосон маш нууц яриа хэлэлцээрийг "The Moscow Times" олон нийтэд дэлгэж, бөөн дуулиан дэгдээлээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэртлээ уурлаж, Туркийн Ерөнхийлөгчийг дарангуйлагч хэмээгээд хамсаатнуудтай нь хамт там руу илгээнэ гэж амласан байна.

Одоо бүхнийг эхнээс нь өгүүлье. Путин Орост суугаа Туркийн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Умит Ярдымыг дуудаж уулзжээ. Путин Туркийн гадаад бодлогыг шүүмжилж, "Танай улс Сири болон Ирак, Йемен дэх Аль-Кайдагийн террористуудыг дэмжиж байна. Танай Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган хэрэв Сирид үйл ажиллагаа явуулдаг "ISIS"-ийг дэмжихээ болихгүй бол манай улс дипломат харилцаагаа тасална" гэжээ.Энд тодруулахад, "ISIS" гэдэг нь Ирак ба Левантын Исламын улс гэсэн нэрийн товчлол.

Харин Туркийн Элчин сайд мөчөөгөө өгөхгүй сөргөн маргалдаж тэр бүү хэл Сирийн үргэлжилсэн иргэний дайнд Оросыг буруутгав. Ингээд тэд сүүлдээ өндөр дуугаар хашгиралдаж гарчээ.

2 цаг хаалттай хаалганы цаана ийм маягаар "хэлэлцсэн"-ий эцэст Путин дипломат ёс дэгийг умартан "Тэгвэл та өөрийн дарангуйлагч Ерөнхийлөгчдөө ингэж дамжуул. Тэр өөрөө Сири дэх "ISIS"-ийн нөгөө алан хядагчидтайгаа хамт тамд очиж магадгүй шүү. Яагаад гэвэл, танай Эрдоган ба Адольф Гитлерээс ч хорлонтой түүний хамсаатан Саудын холбоотнуудын хувьд Сирийг бүхэлд нь ганц том Сталинград болгож хувиргахаас өөр зам надад алга" гэж хашгирчээ.

"Танай Ерөнхийлөгч хоёр нүүртэй. Нэг талаас ардчиллын төлөө гэж орилон Египетийн цэргийн эргэлтийг хурц шүүмжилдэг, нөгөө талаас Сирийн Ерөнхийлөгчийг түлхэн унагаахыг оролдсоор байгаа дээрэмчдийн бүх террорист үйл ажиллагааг цайруулж байна. Манай улс Сирийн хууль ёсны төр засгийг үргэлж дэмжсээр байх болно. Сирийн эцэс төгсгөлгүй иргэний дайныг зогсоох улстөрийн шийдэл олохын тулд өөрийн холбоотнууд Иран, Хятадтай хамтран ажиллана" гэж Путин нэмж хэллээ.

Путин ийнхүү Сири гэж үхэлдээд байдаг ганц шалтгаан бий. Чухам Сири улсад л Газрын дундад тэнгис дэх Оросын Тэнгисийн цэргийн цорын ганц бааз байрладаг билээ.

Энэ сэдвээр Оросын нийтлэлч Юлия Бражникова "Оросууд өөрийн талынхныг хэзээ ч хөсөр хаядаггүй" гэжээ. Ингээд түүний материалыг товчлон хүргэе.

Турк улс "улаан зураас"-ыг давж, эрээ цээргүйгээр Сирийг бөмбөгдөж байгаа нь ийнхүү Путины дургүйг хүргэжээ. Сонирхолтой нь, Оросын тусгай албад ийнхүү Москвагийн сонинд ийм нийтлэл гарах гэж байгааг мэдээгүй л байв гэж. Иймэрхүү нийтлэлээс болж сонин хаагдах төдийгүй дипломат ноот гардуулах, харилцаа муудаж улмаар харилцаагаа таслах зэрэг 2 оронд ноцтой үр дагавартай. Тиймээс зориудаар цацаж, бүгдийн чихэнд хүргэх гэсэн бололтой. Туркт ч гэсэн энэ материалыг нийтэлсэн. Туркийн дээд удирдлага бараг л Ерөнхийлөгч нь өөрөө звшөөрсөн байх.

Барак Обама байлдааны нисэх хүчнээ "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг төдийгүй Башар Асадын эсрэг хэрэглэхээ мэдэгдсэн. Турк ийнхүү илтээр Оросын эсрэг тоглож эхэлсэн гэхэд болно. Гэхдээ Турк бие даан шийдвэр гаргадаггүй, яг Украин шиг.

Эцэст нь Турк л хохирох байх. Америк түүнд байгалийн хий өгөхгүй, мөнгө ч гэсэн. "Исламын улс" бүлэглэл улам уурлаж догшрон улам олон хүнийг хөнөөнө. Турк хэрэв АНУ-ын удирдлаган дор Арабын бусад оронтой нэгдэн "Исламын улс"-ын эсрэг тэмцвэл яах бол? Гэвч Арабын орнууд бүгд өөрийн дүрмээр тус тусдаа тоглодог бол харин АНУ өчигдрийн холбоотноо өнөөдөр "гол гаргадаг". Иймээс Туркийн Эрдоган эцэстээ Гитлер шиг биш юмаа гэхэд Каддафи шиг төгсөх магадлалтай.

Путинтэй хэн ч тоглохыг хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр энэ нийтлэл бол Путиний эхний сэрэмжлүүлэг юм. Тэр хэзээ ч Асадаас урвахгүй. Оросууд хэзээ ч өөрийнхнөө хөсөр хаядаггүй. Тиймээс хэрэв Путиний санал болгосон энх тайвныг хүсэхгүй бол Сталинградтай нүүр тулцгаа... Гэхдээ ер нь бөмбөгдөж байхаар "Исламын улс"-тай холбоо тогтоож тэдэнд юу хэрэгтэй, яагаад ийм уур хорсолтой байгааг мэдэх хэрэгтэй юм биш үү?


www.mnews.mn