Зарим хүмүүс порнографийг гэм хортой мисоженест зүйл гэдэг бол зарим нь зугаатай, амьдралын энгийн л зүйлсийн нэг гэдэг.

Нарийн ярьвал, өнөөдөр порногүй медиаг төсөөлөхөд бэрх. Энэ нь насанд хүрээгүй хүмүүсийн зан суртахуун, сэтгэхүйд хортой гэх нь ч бий. Үүнийг бичигч би вээр хуулиар зөвшөөрөгдсөн ийм төрлийн бүтээлүүдийг хэрхэн гүйцэтгэдэг талаар, мөн түүний хэрэглээн дэх этикийн талаар авч үзэхийг урьтал болгож, харин насанд хүрээгүй хэн нэгнийг хохироох санааг зорилго болгоогүйгээ өчсү.

Бэлгийн амьдрал хийгээд бидний ярьж заншсанаар порно үйлдвэрлэлийн талаар би олон жил бичиж байна. Гэвч, өнөөгийн бидний медиад энэ асуудлыг тойрсон олон талт ойлголт үгүйн дээр, цэгцтэй ойлголтыг буй болгохын тулд нэжгээд хуудас нийтлэл хэрэгтэй болно. Порнын талаар сурвалжлахад ямар асуудал тулгардаг вэ гэвэл, хуруу дарам цөөн хүн л энэ талаар нээлттэй хийгээд итгэлтэй ярьдаг. Засгийн газрын хууль дүрэм, заалтуудаас үүдэлтэй хоригуудаас шалтгаалан ийм асуудлыг хаалттай хаалганы цаана л авч хэлэлцсээр иржээ. Насанд хүрсэн хүний ярих сэдэв нэгэнтээ мөн учир цөөн ч гэсэн хүнтэй уулзаж нээлттэй ярилцсан минь олзуурхууштай.

Түүхч, зохиолч Жулиа Питмен “Түүхийн он цагуудад аливаа нийгэмд порнограф хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй бөгөөд ёс суртахууны хувьд хүмүүс мэгдэж самгардах асуудал одоо ч бий. Порнографийг ямар ч шалтгаанаар үзлээ гэхэд энэ нь хүмүүст ямархан таашаалыг өгч буй тухай юм. Харин нууцалж далдалсан ямар ч зүйл муу шүү” гэлээ. Нийгэмд порног тэр чигээр нь хорихыг хүссэн олон хүчин, иргэний нийгмийнхэн байхад зарим хэсэг нь порныг үзэх хийгээд түүнд оролцон тоглох нь хүний эрх гэж үздэг ба энэ хоёр тал магад хэзээ ч хоорондоо зөвшилцөж чадахгүй л болов уу. Тэгвэл, дундыг баримтлах арга зам XXI зууны өнөөгийн нийгэмд бий юу?

“Хэн нэгэн хүн амьдрахын тулд биеэ худалдаж, түүнийгээ дүрсжүүлээд дэлхий даяар тараагаад, хэзээ ч уулзаагүй хэн нэгэн түүнийг нь хараад гар хангалга хийж болно гэдгийг би ойлгохгүй байна. Үүнд этик гэдэг зүйл хаана байгаа юм бэ? Үйлчлүүлэгчийн талаас авч үзвэл, бэлгийн донтой хүнийг хөхиүлэн дэмжих эрх яаж байж болох юм бэ?” хэмээн порно соёлыг зогсоох байгууллагын үүсгэн байгуулагч, доктор Гилдайнс ярьсан бол бэлгийн соёлын профессор Париза Смит “Эрчүүдийн зугаа цэнгэлд л зориулан эмэгтэйчүүд “тоглолт” үзүүлдэг гэх ойлголт дээр хүмүүс гайхалтай төвлөрдөг. Порно нь сексийн талаарх мэдээлэл, туршлагыг өгч, хүмүүсийн төсөөлөл ба бодит байдлыг холбож байдгаараа аль хэдийнэ амьдралын чухал хэсэг болоод буй” гэлээ.

Цахим ертөнцөөр тархсан порно руу хөтлөхөд ямар нэгэн код бидэнд хэрэг болно. “Секс ба цэнзүүр” хөдөлгөөний үүсгэн байгуулагч, порно цахим хуудас ажиллуулдаг байсан Жери Баннард “Асуудлыг зөв зохицуулах нь зүйн хэрэг. Энэ тухай хууль дүрмүүд анхандаа ухаалаг байдаг ч хэсэг хугацаа өнгөрөхөд тийм ч ухаалаг биш болдог. Жишээ нь, Калифорнид бэлгэвчийг зөвхөн хуулийн хүрээнд сурталчлахыг зөвшөөрдөг нь зарим тохиолдолд оновчтой байдаггүй. Үндэстний онцлог үзлээс шалтгаалсан порно кодыг бид этиктэйгээр хөгжүүлэхийг хичээж ажилласан. Зарим порно хэт гаж, бохир байдаг. Бид үүнийг дэмждэггүй”.

“Этиктэй порн гэж яг юу юм бэ?” гэхэд “Бодит байдал ба төсөөллийн хооронд маш тодорхой зааг байдгийг хүн өөрөө мэдэж байх хэрэгтэй. Ашиглуулж буй мэт дүр үзүүлэгч, жинхэнэ бэлгийн мөлжлөгт автаж буй хүмүүсийн хооронд ялгаа бий. Ийм учраас үзэгчийг мэдээгүй байхад цаад утгаараа өөр нэгэн зүйлийг урамшуулж өдөөсөн порно байдаг” хэмээв.

Хорин нэгтэйгээсээ порно кинонд тоглож, үүний сацуу хошин шогт жүжиглэж байгаа Жессикатай уулзав. “Би даатгалын байгууллагад ажиллаж байхдаа модель болохыг их хүсдэг байсан. Тэр үед нэг шоунд оролцоод III байр эзэлсний дараа порнод гол дүрийн жүжигчнээр тоглох саналууд цахим сүлжээгээр надад ирсэн. Маш олон продюсертой ч танилцсан. Би ажилдаа дуртай гэж хэлэхгүй, зүгээр л мөнгө олохын тулд ажиллаж байна. Бичлэг заримдаа шөнийн 12.00 цаг хүртэл үргэлжилдэг. Эмэгтэй хүний хувьд би өөртөө итгэлтэй байдаг” гэлээ.

Доктор Гилдайнс “Хэрэв та өөрийнхөө биеэр мөнгө олж байгаа бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө хохирч байна, хүчинд өртөж байна гэж хэлж чадахгүй. Биеэ үнэлэгч болон порнын жүжигчдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үед, 2-5 жил сексийн зах зээлд ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь “Би секст дуртай, өөрийнхөө биеэр бахархдаг” гэж хэлдэг. Ингэж ярьсан хүмүүс энэ салбараасаа гараад 2-3 жилийн дараа огт өөр зүйлсийг ярьдаг” гэлээ. Харин Жессика “Би хүчиндүүлж байгаа мэт мэдрэмж ердөө авдаггүй. Феминизмийн тухай сурна ч гэж бодохгүй байна. Энэ зүгээр л ажил болохоор намайг тодорхойлох хүчил зүйл биш шүү дээ” хэмээсэн.

Порнограф нь ихэнх тохиолдолд гетеросексуаль эрчүүдэд үзүүлэх эмэгтэйчүүдийн үйлчилгээ гэж яригддаг. Үүнээс гадна олон төрлийн порно болох бисексуаль, транссексуаль, эмэгтэйчүүдэд зориулагдсан лесби болон гей гэх мэт бий. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, лесби порног ихэнхдээ эрчүүд үздэг гэдэг ч гурван хүн тутмын нэг нь эмэгтэй гэсэн судалгаа бий.

Манчестер хотын төвд амьдардаг эрэгтэй порно жүжигчин ЖейПи де Буатай уулзахаар гэрт нь очиход гэр нь студи болж хөрвөдөг талаар тэр хуучлав. “Олон хүн надаас хэрхэн энэ зах зээл рүү орсон талаар асуудаг. Энд нуугаад байх юм юу ч байхгүй. Анх хэдэн студид өргөдлөө өгөхөд тэд надтай эргэж холбогдон, зураг авалтаа эхэлсэн. Надад муу муухай зүйл, ашиглагдаж, хүчирхийлүүлсэн явдал тохиолдож байгаагүй. Дараа нь би өөрөө хүмүүсийг авч ажиллуулдаг болсон. Ингэхдээ би бүх зүйлийг хуулийн хүрээнд хийдэг” гэв. “Этикийн хувьд та ажилдаа хэрхэн ханддаг вэ?” гэж асуувал “Маш энгийн зүйлээс эхэлнэ. Жүжигчид маань адил цалин авч байгаа эсэх нь их чухал. Аюулгүй бэлгийн харилцаа буюу бэлгэвчийг анхаарч үзнэ. Үүний зэрэгцээ бид боломжгүй зүйлийг бусдад тулган шаарддаггүй. Тэд бүгд хүмүүс шүү дээ” гэлээ. “Нэг удаа зураг авалтад орсон л бол тухайн хүн тэндээ үүрд үлдэнэ гэж хэлж болно. Танд харамсах үе байсан уу?” гэхэд “Би загвар өмсөгч болохыг хүсдэг байсан. Тийм болохоор энэ зах зээл рүү орж ирж байгаа залуучуудыг шийдвэр гаргахдаа болгоомжтой хандаасай гэж хүсдэг” гэлээ.

Порнографийн ихэнх дүр зураг дээр эмэгтэйчүүдийг дорд үзсэн мэт байдал харагддаг. Үүнээс өөр арга зам бий эсэх талаар феминист порнографчин Патрик Жоис “Феминист порнографийн талаар би хэдэн жилийн өмнө анх олж мэдэхэд надад маш их таалагдсан. Би шууд л “Бидний хүслийг харуулаад өгөх өөр олон модель бидэнд хэрэгтэй” гэж бодсон. Энэ төрлийн дүрслэлүүдэд дур тавилт гэсэн эцсийн утгыг харуулахаасаа илүүтэй бие биедээ харилцан үйлчлэл үзүүлэхдээ тодорхой консептуудтай байдаг. Мэдээж жүжигчдэдээ бид ямар нэгэн шахалт дарамт үзүүлдэггүй. Жишээ нь, өчигдөр жүжигчид маань миний төсөөлснөөс огт өөр дүр байдлууд үзүүлэх үед тэднийг тасалдуулж зогсоохыг огт хүсээгүй. Халуухан байсан болохоор тэр” гэлээ. Намайг Патрик Жоисынд очиход зураг авалтад нь оролцохоор ирсэн хос тэднийд байсан бөгөөд тэд тухайн өдөр ямар зургууд даруулснаа, сценүүдийнхээ талаар нуулгүй хуваалцсан.

Хэвлэлийн сурвалжлагчид порнын этик байдлын талаар хоёр талтай ярьдаг. Ингээд би эсрэг тэсрэг байр суурьтай хоёр сэтгүүлчийг уулзуулъя гэж бодов. Тэдний нэг нь өөрөө порно продюсер хийдэг бөгөөд тэрбээр “Би зурагчин гэр бүлээс гаралтай. Эстетик, бэлгийн амьдрал хоёрыг хольсон бүтээл хийх санаа анх надад төрөхөд би найзуудыгаа тоглуулж зураг авалт хийсэн юм. Тэгээд кино хийх үйл явцад дурласан. Иймд би үүнийг ямар нэгэн бизнес санаа болгохоос аль болох зайлсхийдэг” гэхэд нөгөө нь “Надад олон хүсэл бий. Тэдгээр хүсэл нийгмийн сүлжээтэй ямар нэгэн сэжмээр холбогддог гэж боддог. Бидний зарим нь секс болон түүний хүч, цаашлаад түүний хүчирхийллийн талаар сонсож, харж өссөн. Таны хийж байгаа зүйл порно үйлдвэрлэлд зориулагдаагүй гэж үү?” гэхэд эхний сэтгүүлч “Би киногоо порнын нэг хэсэг гэж хэлнэ. Гэхдээ бид бол инди буюу бие даасан бүтээлчид бөгөөд зөвхөн өөрсдөдөө болон энэ төрлийг сонирхох хүмүүст зориулан бүтээж байгаагаас биш томоохон компанийн нэг хэсэг болгох гэж хийгээгүй” гэлээ. Харин эсрэг байр суурьтай сэтгүүлч “Тэгсэн ч гэсэн таны кинонд тоглож байгаа хүмүүс секс хийхдээ таны болон бусдын хүсэл тачаалыг дүүргэхийн тулд үйлдэж байна шүү дээ. Үзэж буй хүмүүс, үзүүлж буй хүмүүс хоорондоо эрх тэгш гэж үзэх үү?” хэмээхэд “Балетын бүжигчин хүн маш их хөдөлмөрлөж байж тоглолтод оролцдог. Тэр нь өөрийнхөө төлөө хийсэн түүний сонголт гэж үзвэл бидний хийж байгаа зүйл ч бас сонголт, шийдвэр юм. Тэд өөрсдийн зорилго дотор өөрсдийн эрх чөлөөг олдог бол бид ч бас тийм. Харин нийгэм л үүнийг гоочилж, ичгэвтэр зүйл гэж үзээд байгаа юм. Порнод жүжиглэхээр ирсэн хүмүүсийн дунд өөрийн дуу хоолойг сонсгох арга замыг хайсан нь ч бий” гэлээ.

Ингэхээр порнографийг бүтээж буй продакшнуудын этикийн талаарх үзэл бодол энэ сэдэвт маань тусгагдах нь ойлгомжтой. Тодруулж хэлбэл, этикийн төлөөлж буй зүйлс нь тэдний олгож буй цалин, цаг, нас, эрүүл мэндийн үзлэг болон тэдгээр зураглалууд хэрхэн тараагдах зэрэг юм. Порно нь зөвхөн нэг үйлдлийн тухай бус, эдийн засгийн тухай байж болно. “Таны хийх гэж байгаа, худалдаалахаар зэхэж байгаа зургуудыг нэг удаа зах зээл дээр гаргасан байхад таны хүсэх эсэхээс үл шалтгаалан бизнесийн эргэлтэд орох боломжтой болно. Та хэдийгээр хамгийн сайн зорилгоор, бас этиктэйгээр бүтээсэн байлаа ч энэ нь хэн нэгний ашиг, олз болж хувирна. Ийм учраас үүнийгээ эсвэл ямар ч үнэ төлбөргүйгээр хийх хэрэгтэй” гэж доктор Гилдайс ярив.

“Секс ба цэнзүүр” хөдөлгөөний Жери Баннард порно дахь этикийн талаар“Ганцхан л үгээр тодорхойлж болно. Зөвшилцөл. Архидан согтууралтаас эхлээд ямар ч асуудалд нэг л зүйл шийдвэр гаргахад нөлөөлдөг нь зөвшилцөө, тохиролцоо юм. Хэрэв насанд хүрсэн хүмүүс зөвшилцөлд хүрч чадаж байвал тэнд этик агуулагдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд этикийн талаар ямар нэгэн удирдамж, заавар хэрэггүй болно” гэлээ.

Хэн нэгний хүсэл тачаалд ямар нэгэн шалтгаан үгүй. Порно өөрөө нийгмийн тусгал болж байдаг учраас хэргийн гол цөм хаанаас эхтэй вэ гэдгийг бид бодож үзмээр. Түүнээс гадна, киног бүтээж буй продакшнууд холбогдох хууль дүрмээ дагаж мөрдөх, жүжигчидтэй байгуулсан гэрээгээ зөрчдөг байгууллагууд буюу хүчирхийллийг үйлдэж буй газруудад хариуцлага тооцох зэрэг асуудлууд бий.

Ингэхээр порно үйлдвэрлэлд этикийг кодчилох боломжтойн дээр зах зээл, медиа, бусад холбогдох субъектуудад асуудлыг илүү нээлттэй авч үзэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Уншигч та дээрх олон үзэл бодлоос порно дахь этик байдлын талаар өөрийн дүгнэлтийг хийх буй за.

Орчуулсан: Зоригтын Энхмөнх