БНСУ-ын Ерөнхийлөгчөөр 18 жил ажиллаж, аж үйлдвэржсэн үсрэнгүй хөгжилтэй БНСУ-ыг байгуулж чадсан энэ хүний номын хуудас бүрийг атаархал унагаж уншлаа. Газрын баялаггүй, Хойд Солонгосын аюул заналхийлэл дор байдаг, АНУ-аас эдийн засгийн хараат энэ орныг хэрхэн босгож өндийлгөсөн түүх сэтгэл хөдөлгөм.

Энэхүү намтар номыг Ерөнхийлөгч Пак Жөнхый амьд сэрүүндээ бичиж үлдээж чадаагүй. Учир нь тэрээр 18 дахь жилийнхээ ойн дээр бусдад харамсалтайгаар амь насаа алдсан юм. /"Цөхрөл намайг хатуужуулж Найдвар намайг урагшлуулдаг" номыг бичсэн, одоогийн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гынхе бол энэ хүний том охин юм/. Тиймээс энэ намтар номыг ХҮЯ, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн бичсэн юм. Улс төрч хүн бичсэн болохоор уран сайхантай биш, үсэг дотор тоо цохиж явна гэдэг шиг бүдүүвч ихтэй, зарим хүнд номын хэл огтхон ч таалагдахгүй байх вий. Ингээд агуулга руу нь орьё.

БНСУ-ын иргэдийн дунд "урамхай зутан" гэсэн нэртэй шөл байжээ. Энэхүү хоолыг хаврын хар өлсгөлөнгийн үеэр солонгосчууд идэцгээнэ. Идэх дуртайдаа ч иддэггүй, өөр ямар ч аргагүйгээс иддэг байж. Тутарга дөнгөж соёолж эхлэхтэй зэрэг солонгосчууд арга буюу түүхийгээр нь бага зэрэг хурааж тээрэмдээд, арвижуулахын тулд өвсний үндэс болон модны холтос хийж чанадаг байв. Энэ хоолыг идсэн хүний өтгөн хатах ба өтгөнөө гаргахын тулд хүний хошногоны нүх заавал урагддаг байв. Иймийн тулд "урамхай зутан" гэсэн золигийн нэр оноож л дээ. Ард түмний амьдрал нэг иймэрхүү л байлаа. Дээр хэлсэнчлэн газрын баялаг гээд байх зүйлгүй, 13-р зуунд Юань гүрэнд, хожмоо Японд эзлэгдэж ихэд зовж байсан, Хойд Солонгосын аюул байнга заналхийлдэг, АНУ-ын цэргийн баазыг нутаг дээрээ байршуулдгийн хүчээр жилдээ 300 орчим сая ам.долларын зээл тусламж авдаг. Үүн дээр л амьдрал нь тогтдог улс байлаа. Энэ бол ердөө 1960 он.

Пак Жөнхый цэргийн эргэлт хийж гарч ирээд, бахархал гээч зүйлгүй, өөртөө итгэх итгэл гээчгүй улс үндэстнийг Азийн бар болгож, тэргүүлэх улсын хэмжээнд хүргэсэн юм. Өмнөх удирдагч нар нь яасан ч олхиогүй хүмүүс байсан юм.
Тэр цэргийн эргэлт хийж гарч ирэнгүүтээ эхний жилүүдийн төлөвлөгөө болох 1964 он гэхэд БНСУ 120 сая долларын экспорт хийнэ хэмээх зорилтыг тавьсан юм. Энэ нь тухайн үедээ үндсэндээ ямар ч боломжгүй зүйл байлаа. Гэвч тэр хүн бүрийг дайчилж, өөрийн үндэстний хөдөлмөрч зан чанарыг дуудан сэрээж чадсан юм. 1964 онд санаанд оромгүй зүйл тохиож, Ерөнхийлөгчийн удирдан зүтгэсэн 120 сая долларын экспортыг хийж чадсан байна. Жижиг дунд үйлдвэрүүд энэ үед олноор байгуулагдав.
Тэгтэл үүндээ урамшиж дуусаагүй байтал Пак Жөнхый Ерөнхийлөгч 1967 онд 300 сая долларын экспорт хийнэ гэсэн зорилт дэвшүүлэв. Сайд дарга нар үүнийг боломжгүй хэмээн эсэргүүцэж, хэвлэл мэдээллээр ч энэ талаар нэлээд яриа хэл гарав. Гэвч Ерөнхийлөгч хэлсэн үгнээсээ буцсангүй. Учир нь 300 сая ам.доллар гэдэг бол тухайн үед АНУ-ын жилд өгдөг мөнгөн дүнтэй тэнцэхээр байв. Хичээвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй байжээ. 1967 онд БНСУ түүхэндээ анх удаа 300 сая ам.долларын экспортыг хийж чадсан байна. Пак Жөнхый Ерөнхийлөгчийн экспортыг бурхан мэт шүтэх, гадаад валют их хэмжээгээр оруулж ирж улс үндэстнээ хүчирхэгжүүлэх ажиллагаа ард иргэдийг галзуурсан мэт сэрээлээ. Энэ үед БНСУ усан онгоцны үйлдвэр байгуулсан ба Вьетнам руу найман онгоц нийлүүлж, энэ мөнгө нь шилжиж орж ирж, банкны хуулга барьсан хүн хэдэн км газар хар гүйхээрээ гүйж, баярт мэдээ дуулгаж, хүмүүс баярласандаа уйлалдан нэг нэгнээ тэвэрч байсан сэргэн босголтын үе юм.
Энэхүү амжилтандаа урамшсан Ерөнхийлөгч 1970 он гэхэд БНСУ 1 тэрбум ам.долларын экспорт хийнэ гэсэн том зорилт дэвшүүлэв. Энэ бол үнэхээр хар дарсан зүүд байв. "300 сая доллар бол боломжтой байсан гэхэд энэ ч арай дэндэнээ" хэмээн олон нийт бодож байсан байж болох юм. Гэвч бүхий л салбар бүх хүч чадлаа дайчлан зүтгэв. Эдийн засгийн яамны сайд хамаг ачааг үүрч байв. Ажлаа хийж чадахгүй, ажилдаа тэнцэхгүй сайдыг сольж байв. Гурван жилийн дотор гэхэд 7 дахь сайдынхаа нүүрийг үзэв. Гэвч зарж болох, экспорт хийж болох бүгдийг гадагшаа гаргав. Гэртээ сууж, гэрийн "зарц" болох тавилантай эмэгтэйчүүдийг олноор нь сурган оёдлын үйлдвэрүүд олноор байгуулагдав. Үлэмж олон эрчүүдийг Вьетнам руу ажиллах хүчээр илгээв /Тэр үед Вьетнам БНСУ-ыг бодвол өндөр хөгжилтэй байжээ/. Эрчүүдийн хувцас хунар, гутал тэсэхгүй. Хоол унд нь таарахгүй. Энэ бүгдийг нь БНСУ өөрсдөө бэлдэж өгье гэдэг санал гаргав. Гэтэл АНУ-ын тал тэдний хүслийг унтраав: "Та нарын бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцэхгүй". Гэвч солонгосчууд бууж өгсөнгүй. Хувцас хунараас өгсүүлээд кимчигээ өөрсдөө үйлдвэрлэж эхлэв. Эхэндээ чанар гэж авах юмгүй, хэл ам нэлээд дагуулсан ч хүмүүс үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ голж чамлалгүй эдэлж хэрэглэсээр сүүлдээ жинхэнээсээ дэлхийн хэмжээнд хүрэв /Хэл ам дагуулсан хүүхдийн дүрэмт хувцсыг дотооддоо хийлгэж оёдлын салбарыг босгож ирэх гэж оролдсон л юм бол нэг мөр цагдаагийн хувцсыг Туркт оёулах дэмий байсан ч юм уу гэж бодсоныг энд хавчуулья/ Вьетнамын дараа газрын тосны арвин нөөц илэрснээр гадаад валютыг уут уутаар нь олж эхэлсэн Ойрхи Дорнодын орнуудад ажиллах хүч ихээр гаргав. Хёндай зэрэг үндэсний томоохон компаниуд энэ ажилд дайчлагдсан байна. Ийнхүү бүгд эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөсөөр 1970 он буюу ердөө долоохон жилийн дотор БНСУ 1 тэрбум ам.долларын экспорт хийх нь тэр. Үнэхээр итгэмээргүй.
Сингапурын Ерөнхий сайд тэр үеэр айлчлан ирээд "Пак Жөнхый чи үнэхээр агуу удирдагч юмаа" гэж толгой сэгсэрч байсан юм билээ. 1979 онд Пак Жөнхый Ерөнхийлөгч бусдын гарт алагдах үед БНСУ 14.7 тэрбум ам.долларын экспорт хийдэг хүчирхэг улс болсон байна.

"Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол "Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн" гэж бахархал дүүрэн хэлье" Ерөнхийлөгч Пак Жөнхый

http://amartuvshind.blogspot.com