Номыг үр дүнтэй уншиж чаддаг байх чадвар бол оюутнуудыг амжилтанд хүргэх гол түлхүүр нь болдог юм. Ямар чмэргэжлээр,хаана ч суралцсан тэд чамайг “уншуулна”. Магадгүй “уншуулна” гэхээс илүү, уншихыг “шаарддаг”, “хүчилдэг” гэвэл зохистой. Гэтэл тэднээс үнэхээр “уншиж” чаддаг нь цөөхөн. Хэрэв та номыг зугаа цэнгэл болгон уншдаг бол надруу мэйл чулуудна уу. Би чамаас яриа авмаар байна, гэхдээ “ийм” хүн оршдог эсэхэд эргэлзэж л байна шүү.

Ном уншина гэдэг өөрөө сонин л доо. Тиймээ, сонин зүйл. Хуучинсаг үзлээр бол бид номыг унших “ёстой” байдаг. Энд би голчлоод “онолын ном” унших талаар ярьж байгаа гэдгийг санаарай. Хэдий чи номын хорхойтон буюу “Твайлайт”, “Харри Поттер”, “Өлсгөлөн тоглоом” зэргийг ганц 7 хоногийн дотор уншчихдаг солиот байсан ч онолын ном унших нь арай өөр гэдгийг гадарлах байлгүй. Тиймээс хэрхэн textbook уншдаг болохыг ойлгох нь бидэнд амин чухал юм.

Онолын номны зорилго нь мэдээллэх болон боловсрол олгох. Харин Харри Поттер бол үлгэр өгүүлэх. Онолын ном нь бодитой мэдээллийг шинжлэх ухаанчаар тайлбарладаг бол Харри Поттер хийсвэр зүйлийг өгүүлээд өнгөрдөг. Тиймээс бид дээрх 2 зүйлийг уншихад тохиромжтой өөр өөрийн гэсэн стратегитэй байх шаардлагатай байх нь. За тэгээд, онолын ном унших болбол дараах 4 хялбар аргыг баримтлаад үзээрэй!

§УРДААС ХОЙШ НЬ УНШИХ ХЭРЭГГҮЙ

Энэ нь уламжлалыг эвдсэн хэрэг гэдгийг би мэдэж байна. Гэхдээ л туршаад үз. Хэрэв та Шерлок Холмесийн түүхийг эхнээс нь уншиж ойлгохгүйгээр хойноос нь уншаад эхэлбэл сонирхолтой байхгүй нь ойлгомжтой. Бруйс Виллс бурхны оронд очдог болохыг түрүүлээд мэдчихвэл Армагедон үзэх хэрэггүй гэх мэт. Гэтэл онолын номонд эхлэл болон төгсгөл нь тэс өөр байх тохиолдол маш цөөхөн гэдгийг би амлаж байна. Би олон ном уншиж байсаан. Гэтэл дээр дурдсан уран зохиолын үйл явдал шиг зүйл хэзээ ч онолын номонд байдаггүй юм.

Энэ аргыг хэрэглэмээр байна уу? Тэгвэл тус дарааллаар нэг сэдэв унших гээд үзээрэй.

1.Сэдвийн төгсгөлд байх холбогдох (шалгалтын) асуултуудыг унш. Тэгээд өөрт байгаа мэдлэгээ ашиглаад түүнд хариулах гээд эсвэл ярих гээд үзээрэй. Ингээд эцэст нь өөрт юу хэрэгтэйг мэдсэн учир мэдэхгүйгээ мэдэх аянд мордоно доо.

2.Дараа нь сэдвийн дүгнэлт хэсэг буюу эцсийн параграфыг уншаад үз. Энэ нь чамд холбогдох сэдвийн дагуух ерөнхий мэдлэгийн суурийг өгнө.

3.Гуравдугаарт, сэдвийн дэд сэдвүүдэд юу бичсэн байгааг гүйлгээд хараарай. Бас хэрхэн хувааж ангилсан байгаа талаар анзаарна уу.

4.Эцэст нь сэдвийн оршил, танилцуулга, эхлэл хэсгийг нь уншаарай.

Энэ байдлаар эхний сэдвээс эхлүүлээд төгсгөлийн сэдэв хүртэл нь тус бүр хойноос нь урагш байдлаар уншаарай. Өөрөөр хэлбэл, уншигч өөрт хэрэгтэй мэдээллийг сонгон авах зарчимаар энэ арга хэрэгжиж байна. Тэрнээс “хүчлэх” нь хаана ч байсан ажиллагаагүй арга хэвээр байх болно.

§ГОЛ САНААГ ОЛЖ УНШИХ НЬ

Онолын ном бичигдэхдээ өөрөө маш нарийн нямбай бөгөөд дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Энэ нь түүнийг уншиж буй хүн сэдвийн дагуу дурдагдсан бүхий л нарийн детайл мэдээллийг (манай ерөнхийлөгчийн хэлснээр бол “сажиг”) толгойдоо хийх буюу цээжилнэ гэсэн үг биш юм. Харин та хамгийн гол зүйл буюу гол санаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Онолын ном бол бодит мэдээллийн гол санааг контекст хэлбэрээр гайхалтайгаар тайлбарласан байдаг учир бид түүнийг нь олохгүйгээр дотор нь төөрчих гээд байдаг талтай. Тэгэхээр эхлээд сэдвийн гол санааг олж, уншиж, ойлгосны дараагаар тэрхүү ойлголтыг бүрдүүлэх бусад өнөөх нарийн мэдээллүүдийг олж түүх нь илүү үр дүнтэй байх болно. Ер нь ч тэгээд редакторууд аливаа гол санааг өгүүлсэн өгүүлбэр болон хэсгийг бичихдээ олж харахад амархан байлгахаар тодотгосон, доогуур нь зурчихсан байдаг билээ.

§ТҮЛХҮҮР ДЕТАЛИЙГ ОЛЖ УНШИХ НЬ

Гол нь санааны ойлголтыг бүрдүүлэхэд дэмжлэг хэрэгтэй. Үгүй бол тэд зүгээр л бодол болон хувирах болно. Дарааллын дагуу, гол санааг өгүүлэхэд ашиглагдсан нарийн детайл, түлхүүр мэдээллийг олж унших хэрэгтэй. Жишээ нь түүхийн номонд дайны тухай сэдэв байлаа гэхэд үйл явдал болж өнгөрсөн газар нутаг, оролцсон талууд, он цаг хугацаа зэрэг нь түлхүүр детайл нь болдог. Англи хэлний номонд англи хэлний дүрэм, нэр үг, үйл үг гээд тус бүртээ детайл мэдээллүүд юм.

Ингээд махаа идсэн бол ясаа сайн мөлжих хэрэгтэй болно доо. Үйлдсэн тэмдэглэлүүдээ хараад сэдвийн төгсгөлд байх шалгалтын асуултуудад дахин хариулах гээд оролдоод үз. Хэрэв өмнөхөөсөө дээрдэж байвал та зөв зүйл хийж байна гэсэн үг билээ.

§НОМЫГ ГАНЦ УДАА УНШ, ХАРИН ТЭМДЭГЛЭЛИЙГ ОЛОН УНШ

Та номыг, тэр дундаа сэдвийг нэгээс илүү унших гэж оролдсоны хэрэггүй. Хэрэв уншлага болон тэмдэглэлийг сайтар хийж, үйлдсэн бол танд тэрхүү ойлголтоо цаашид ашиглаад байх баримжаа үлдсэн гэсэн үг.

Мэдээж энэ бүхнийг оролдоод, гарах үр дүнг амсахад та багагүй хугацаа зарцуулна. Хэрэв танд чөлөөт цаг байгаа бол “энэ арга хэрэгжихгүй байна” гээд өөрөө өөртөө бухимдах хэрэггүй шүү. Тиймээс номыг түргэн бөгөөд үр дүнтэй унших гэж байгаа бол одооноос эхлээд энэхүү 4 аргыг хэрэгжүүлээрэй. Бас ном болон цахим ертөнцийг зэрэгцүүлэн, зөв авч яваа уншигч танд баяр хүргэе!

Эх сурвалж: www.internom.mn