Саяхан би нэг хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзаж, ярилцсан юм. Зүгээр л залуусын ажилгүйдлийн талаар ярьж эхэлсэн бидний ярианаас нэг зүйл миний сонирхлыг ихэд татсан. Юу гэвэл, оюутнууд хэрвээ өөрсдөө хичээвэл сургуулиа төгсөөд хаана, ямар ажилд орох вэ? гэж толгой өвдөхгүйгээр ажлын урилгатайгаа төгсөх боломж байна. Удахгүй их, дээд сургуулийн төгсөлтийн баяр болж шинэ “мэргэжилтэн” залуус мянга мянгаараа ажлын байр хайж эхэлнэ. Цөөн хэд нь мэргэжлээрээ ажиллаж, зарим нь арай өөр салбарт ажилладаг бол үлдсэн хэсэг нь бүр ажилд ч орж чаддаггүй. Ийм байдалд орохгүйн тулд сургуульд суралцах хугацаандаа, ялангуяа 3, 4-р курстээ маш сайн хичээвэл оюутан бүрт боломж байгааг онцлон үүнийг бичлээ.
Өнгөрсөн хавар нэг үеэл маань дээд сургуулиа төгссөн юм. Тэр үед хуруу хумсаа хугалах шахам зүтгэсний хүчинд ганц охиноо дээд боловсролтой болголоо гээд настай ээж нь л бүхнээс илүү баярлаж байсан. Гэтэл солонгос хэлний багш, орчуулагчийн чиглэлээр сурч төгссөн шинэхэн “боловсон хүчин” мэргэжлээрээ ажиллахгүй гэх юм. Учрыг асуухад “Сонирхол алга, энэ миний хүссэн мэргэжил биш байна!” гэсэн. Эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг гаргаж, цаашид ажиллах хүсэл эрмэлзэлгүй байсан бол анхнаасаа тэр чиглэлээр сурч, энэ хүртэл явах ямар шаардлага байна гэж өөрийн эрхгүй бодогдож билээ. Хайран цаг хугацаа, хайран мөнгө төгрөг...
Үүн шиг хэчнээн олон оюутан залуус өөрийн дур, сонирхолгүй сургуульд сурч, төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэж ярьж байгаа билээ. Тэдний ихэнх нь сонголтоо өөрсдөө хийгээгүйд л хамаг учир байгаа болов уу. Амьдралд хөл тавьж буй минь энэ хэмээн зарласаар арай гэж дунд сургуулиа төгсөөд ажил, мэргэжлээ сонгох гэтэл эцэг эх нь “... ийм мэргэжлийн хүн бол, энэ чиглэлээр суралц!” гээд л өмнөөс нь шууд шийдвэр гаргана. Дургүйд хүчгүй гэдэг шиг өөрийн хүссэн нь биш юм болохоор өрөөлд сурч өгч байгаа юм шиг явсаар нэг л мэдэхэд “оюутан нас минь баяртай” болж ажилтан ангийн эгнээнд ороход бэлэн болсон байдаг.
Одоо бол уг нь тухайн хүн чадвартай л бол туршлага муутай байсан ч сургаад, ажиллуулдаг цаг болж. Харин чадварлаг байхын тулд мэргэжилдээ дуртай, хайртай байх нь чухал юм шиг. Тиймээс анхнаасаа дотоод өөрийгөө сонсож, юуг хийвэл хамгийн амжилттай, аз жаргалтай байхаа мэдэх хэрэгтэй. Хүн угаас хүссэн зүйлдээ, дуртай зүйлдээ л амжилт гаргаж чаддаг хойно. Харин өөрийн дуртай мэргэжлийг сонгож, суралцаж яваа бол тэр чиглэлдээ “амбицтай” байж, бусдаас үргэлж нэг алхмын өмнө байхыг хичээх хэрэгтэй. Тэгж гэмээнэ “гайгүй” газруудын хараанд өртөж, тухайн байгууллагад дадлага хийх, цаашлаад үндсэн ажилтнаар ажиллах боломж нээгдэх юм.
Ажил олгогчдын ажилтнууддаа тавьдаг гол шаардлага нь харилцааны чадвар, компьютер техник, гадаад хэлний мэдлэг, хувь хүний харилцааны соёл, удирдах болон багаар ажиллах чадвар байдаг. Гэвч тэдний хайсан шиг мэргэжлийн өндөр ур чадвартай хүн тун ховор бөгөөд ажилд авсан хүмүүс нь ажилдаа өөриймсөг бус ханддаг, тогтвортой ажиллах бодолгүй, ажлын хариуцлага, үүрэг хүлээхдээ муу, дээрээс нь цалингаа голдог байдал нь ажлаа амжилттай явуулахад ихээхэн саад болдог аж.
Тиймээс ихэнх компани, албан байгууллагууд оюутнууд руу анхаарлаа хандуулж, илтгэлийн тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, тэтгэлэгт хөтөлбөр зэргээс ирээдүйн ажилтнуудаа “түүдэг” болжээ. Тэднийг компанидаа цалинтай дадлагажуулж, төгсөнгүүт нь үндсэн ажилтнаараа авдаг практик их болсон байна. Тэгэхээр хэрвээ та төгсөх курсын, эсвэл аль нэг байгууллагад дадлага хийж буй ахлах курсын оюутан бол одооноос маш сайн хичээж ирээдүйд ажиллах ажлын байраа “бэлдэх” нь хамгийн чухал байна.
Л.Навчаа