Цагаан сар ойртох тусам дэлгүүр хэссэн, хэсэхийг хүссэн хүн олширч байна. Монголчууд Цагаан сарын баярт зориулж 800 тэрбум төгрөг халааснаасаа гаргаад цацдаг тухай баримт аль эрт л гарч байсан. Өнөөдөр энэ тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лав. Харамсалтай нь төсвийн 10 гаруй хувиар тооцогдох энэ их мөнгөний дийлэнх нь Эрээн хотын бүтээн байгуулалтад зориулагддаг. Хямрал, эдийн засгийн уналт, хэмнэлт гэх зэрэг нэр томъёо бидний амьдралд үнэн төрхөө харуулан заларч ирэхийн цагт л сая үндэсний үйлдвэрлэлээ дэмжье сэргээе хэмээн эрхэм гишүүнээс эхлээд энгийн иргэн хүртэл өөр хоорондоо ярьж байна. Гэвч бидэнд үйлдвэрлэдэг зүйл, экспортлодог зүйл хэд билээ. Хүнс гэхэд дийлэнхийг нь импортоор авсаар, аюулгүй байдал гэж үглэсээр суугаа өнөө цагт аж үйлдвэржиж, экспортоос түм бумаар нь орлого олно гэдэг мөрөөдөл төдийгөөр үргэлжилсээр. УИХ-ын эрхэм гишүүний суудлаас энэ тухай ярьдаг нь ч цөөн. "Баялаг бүтээгчгүйгээр Монголын нийгмийг төсөөлөх аргагүй", "Орлого бий болгох бүх зүйлийг үйлдвэрлэл гэнэ" хэмээн лоозогнох үг олон ч жинхэнэ төсөл хийгээд бариад үүнийг хараач ээ хэмээн хашгирах нь хэд билээ.



Саяхан Манжуур орлоо. Булган эдлэлийн худалдаа наймаагаараа энэ хот алдартай. Учир нь хүйтэн сэрүүн учраас Орос Монгол хоёроос бишгүй хүн очиж зөөх. Дээрээс нь яг үнэндээ БНХАУ бол үйлдвэрлэгч гэдгээ баталгаажуулж, хаа ч орсон хэний ч барааг дууриагаад хийчихэж. Маша охинтой орос шоколад, Баавгай бас найрамдал гээд л Оросын бүхий л сархад, дээрээс нь бидний танил Алпен гоулд шоколадыг хүртэл эндхийн дэлгүүрээс авч болно. Гэхдээ мэдээж энэ бол дуураймал нь. Хятадад үйлдвэрлэсэн үү гэвэл наймаачин нь шударгаар л тийм гэж хариулах. Тэрбум гаруй хүнээ тэжээж ажилтай байлгахын тулд төр засаг нь хуулбарлаж хийхийг хүлээн зөвшөөрдөг.



Зах зээл нь ингэж хахаж нарийдсан ч гэлээ манай хэдэн наймаачид нэхий дээлээ чирчихсэн тэнд зах зээл булаацалдаж л явна. "Манай буриад гутал, нэхий дээлийг дуртай нь аргагүй авдаг шүү дээ. Нэг нэхий дээл чинь нэг булган дээл гэсэн үг дээ дүү минь. Хятад наймаачид чинь хөөрхий манай Чингистэй хивсэнд их дуртай. 50 мянган төгрөгийн жижиг хивс нэг удаа бэлэглэчихээд хэдэн ч нэхий дээлээ булган болгох наймаа хийчихнэ дээ" хэмээн ярих за­луус Хайлаар, Манжуурт "Мон­голд үйлдвэрлэв"-ийг экспор­толж л явна. Гэвч энэ бол хоёр гур­ваас хэтэрч, Монголын эдийн засгийг ундаалж тэтгэх зүйл биш. Гол нь "Монголд үйлд­вэрлэв"-ийн орон зай хах­сан зах зээлд ч байгаа гэдгийг илэрхийлэх нэг л баримт.



Бид экспорлогч болно гэхээр л зэс нүүрс алтаа хамгийн эхэнд тавьж бодсоор. Эндээс дааж давшгүй мөнгө олно гэж итгэж найдсаар. Гэвч тэр дааж давшгүй мөнгөн урсгалыг татах үйлдвэрүүд нь цааснаас өндийдөггүй. Шийдлийн гэж тодотгоод байгаа Засгийн газар Аж үйлдвэрийн яам хэмээн тусгайлан байгуулж, одоо л өнөө цаасан дээрээ байгаа үйлдвэрүүдийг чинь өндийлгөөд өгнө гэсэн ч халаас хоосон тэд лего өрж л үйлдвэр барихгүй юм бол ёстой гонжийнжоо гэгч болох вий...



Сү.Батболдын Засгийн газрын үед хамгийн эрчимтэй дуулдаж, галт тэрэгний дуут дохио хангинуулж байсан Сайншанд төслийг өнөөдөр дурдах хүн цөөхөн байгаа нь үнэхээр харамсалтай. ТЭЗҮ, төсөл хөтөлбөр бэлэн болж, хөрөнгө оруулагчдын саналын сураг эхнээсээ гарч байсан энэ төсөл өнөөдөр дуут дохиогоо хангинуулсан чигээрээ огт хөдлөхгүй галт тэрэг болчихсон гэдгийг УИХ-д долоо дахь жилдээ сууж байгаа эрхэм түшээд хамгийн сайн мэдэж байгаа даа.



Ингээд л "бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгчээр Эрдэнэтийн зэс, Таван толгойн нүүрсээ үнэд орох болтугай гэж залбирсаар, урагш нь зөөсөөр л байна.
За хүнд үйлдвэр, их мөнгө­ний сураг ч биднээс дээгүүр жаалдаг юмаа гэхэд Цагаан сараар бэлгэнд өгч тавган дээр тавих идээгээ л "Монголд үйлдвэрлэв" байлгачих юмсан гэх хүсэл хүн бүрт байна. Хүүхдийн гар цайлгах чихэр, жигнэмэгээ "Монголд үйлдвэрлэв" гээд сонгоё. Тавгийн идээгээ ч ааруулаар засья. Гэвч үүний тулд ядарсан иргэдийнхээ нуруун дээрх ачааг тав арван цаасаар үйлдвэрлэгчид маань хөнгөлөх ёстой. Хэчнээн эх оронч сэтгэлгээ гаргалаа гэхэд халаасан дахь хэддээ хүн бүр захирагдана.



Тавгийн ааруул маань кг нь 12000-20000 төгрөг гэнэ. Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хэмээн дүүрэг бүрт гарсан худалдааны үнэ. Өрөм 10 мянган төгрөг, зөөхий 15 мянган төгрөг, айраг литр нь 3500 гээд л үнэ хэлэх. Та бодоод үз л дээ. Тавган дээр гурван кг ааруул, нэг тогооны өрөм, хайлмаг хийх тос 1 кг авахад 70 мянган төгрөг болчих жишээний. 10 литр айраг авахад 35 мянган төгрөг. Хэрвээ чацарганы ундаа хийвэл кг-ийг нь 5-10 мянгаар авна.
Харин хүний гар дээр тавих "Монголд үйлдвэрлэв" бэлэг гээд сонгоход Янмал оймс 5-15 мянган төгрөг, "Монланс"-ын Монгол гутал хэлбэртэй гэрийн шаахай 15 мянган төгрөг.



Гэтэл ийм бяд дундаж давхрагын бидэнд байгаа бил үү. Тавган дээр тавих орос чихэр кг-ийг зургаан мянгаар, баавгайтай бол 15 мянган төгрөг учраас ганцхан кг-ийг гэж тооцож, халаасны хэдэн цаасаа имрэн имрэн бэлтгэл хангадаг айлыг л дундаж гэж тодорхойлж байгаа энэ цагт Монголд үйлдвэрлэгчид маань ч нэгийг бодох цаг нь болж. Зах зээл бага, түүхий эд үнэтэй гэдгийг хаа хаанаа мэдрээд байгаа ч халаасны хэд маань инфляцын ачаар нимгэрчихээд байгааг минь малчид, худалдаачид бас үйлдвэрлэгчид минь ухаараа­сай. Мэдээж үйлдвэр гэдгийг хүнсний хэдээрээ төсөөлөөд сур­чихсан бидний хувьд "Мон­голд үйлдвэрлэв"-ээ дэмжье гэхээр боорцог жигнэмэг төдий л бэлэгтэй болчихоод байгаа нь нууц биш шүү дээ.



За Цагаан сарын тавган дээрээ ааруулаа тавих уу баавгайтай чихэр өрөх үү гэд­гийг чухам уншигч таны сэтгэ­лийн чин зориг л мэдэх нь... Эх сурвалж: www.assa.mn