Сибирь бол багтаж ядсан хүн амтай Хятадын ирээдүй хэмээн цөөнгүй судлаач хардаг. Гэвч, Сибирь нь Оросын газар нутаг билээ. Хэдийгээр байгалийн түүхий эдээр үлэмж баян, өргөн уудам энэ нутаг Оросынх боловч, эдийн засгийн хувьд хурдацтайгаар Хятадын хараат болж буйг тэд тэмдэглэж байна. Энэ үед, Владимр Путин Барууны улсуудтай харьцаагаа эрс муутгасан нь Орос, Хятад улсуудыг улам ойртуулсан юм. Одоо оросууд өөрийн түүхий эдийн зах зээл болох Хятадыг улам бүр итгэлт нөхрөө гэж харах болжээ.

Гэвч, Москвагийн Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал, монголчууд бидний мэдэх судлаач, Александр Храмчихин Оросыг түрэмгийлэх жинхэнэ аюул нь Барууныхан бус, харин Сибирийг өөрийн ирээдүй болгон харж буй Хятад хэмээн үзэж байгаа юм. Монголыг хамгаалах нь Орост ямар ашигтай вэ гэсэн сэдвээр сонирхолтой өгүүлэл бичиж байсан Храмчихин хэн нэгэн Орост цэрэглэн халдвал, тэр нь Барууныхан бус, харин Хятад байх болно, гэхдээ тэр үед Хятад дайнд эргэлзээгүй ялна хэмээн хэлжээ. Ингээд, windowoneurasia.blogspot.com -д Пол Гобл хэмээх еврази судлаач хүний бичиж, толилуулсан материалыг эрхэм уншигч та бүхэнд хүргэж байна.

А. Храмчихин: Оросыг түрэмгийлэх жинхэнэ аюул Хятад

Хэрэв хэн нэгэн Оросын эсрэг цэргийн түрэмгийлэл үйлдвэл, тэр нь олон орос хүний бодож байгаа шиг Барууныхан биш, харин Хятад байх болно, гэхдээ энэ үед Хятад дайнд эргэлзээгүй ялна хэмээн Москвагийн Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин өгүүллээ.

AsiaRussia.ru сайтад толилуулсан нэгэн өгүүлэлдээ, Храмчихин Хятад өнөөгийн газар нутгийнхаа хил дотор оршин тогтнох "үнэндээ" боломжгүй, иймд Оросыг цэрэглэн довтлох нь бараг гарцаагүй гэж нотолжээ. Хятад [улсынхаа хувьд] хавьгүй жижигхэн болохыг хүсэхгүй л бол, хавьгүй томрохоос өөр замгүй юм. Зүүн Өмнөд Азид байдаггүй хэрнээ, Орос, Казахстанд буй баялаг Хятадад хэрэгтэй.

"Мэдээж, [Хятадын хувьд] тайван замаар (эдийн засгийн болон хүн амзүйн түрэлтээр) өргөжин тэлэх нь илүү дээр, гэвч цэргийн довтолгооны хувилбарыг орхиж болохгүй юм" гэж тэрээр бичжээ. Бээжингийн зэвсэгт хүчний бэлтгэл нь Хятадын удирдагчид энэ талаар бодож байгаа гэдгийг хүчтэй сануулж байна. "Ойрын жилүүдэд Хятадын армийн хийж буй хээрийн сургуулилтууд яг юунд зориулав гэдгийг хэлэх боломжгүй ч, тэд Оросын эсрэг түрэмгийлэлд бэлтгэж байна" хэмээн тэрээр үргэлжлүүлэн өгүүлжээ.

Хятад зэр зэвсгийн хувьд Оросоос хамааралгүй болж байна. Тус улс энэ салбарт Америк, Европын технологийг хуулбарлан хулгайлах чадватай гэдгээ удаан хугацаанд харуулсан төдийгүй, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сайжруулсанаар, цэргийн салбарт Орос Хятадаас маргаангүй хүчирхэг гэдгээ мэдэрдэг цаг өнгөрсөн ба бүр зарим салбарт аль хэдийн хоцрогдсон хэмээн Храмчихин өгүүлжээ.

Хятад Оросоос багагүй хэмжээний цэргийн технологи үргэлжлүүлэн худалдан авч буй ганц салбар нь Тайвань болон АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хэрэглэж болох тэнгисийн флот болжээ. Орос, Хятадын хооронд тэнгисийн дайн болохгүй гэдэг нь тодорхой, хэрэв дайн болбол, хуурай газрын хоёр гүрний хооронд л болно.

Энэ хоёр хүчний хувьд, Хятад нь Оросоос ямар нэг технологи авахгүй (хамааралтай болохгүй) байна, яагаад гэвэл, дайн болсон тохиолдолд түүнийгээ Оросын эсрэг ашиглах хэрэгтэй болно шүү дээ хэмээн Москвагийн судлаач онцолсон юм. Мөн, тэрээр Хятад одоо агаарын хүчний хувьд ч Оросоос хамааралтай байхаас зайлсхийж байна гэдгийг нэмж сануулжээ.

Сүүлийн саруудад Москва, Бээжин хоорондоо найрсаг дулаан үг солилцож байгаа хэдий ч, Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн цогцолборууд хурдан хугацаанд хоцрогдсон, зарим талаар Хятад Оросын эсрэг чөлөөтэй хөдлөхийг хүсч байгаа учраас, хоёр орны цэргийн технологийн хамтын ажиллагаа саяхнаас зогсонги байдалд орсон хэмээн Храмчихин өгүүлсэн юм.

Чанар болон тооны хувьд, Орос, Хятадын зэвсэгт хүчин "одоо бараг тэнцүү", гэвч Хятад олон салбарт урагшилж байна. Тус улсын зэвсэгт хүчин Оросоос тооны хувьд үлэмж давуу, сургалтын хөтөлбөрүүд нь илүү сайн, илүү эрчимтэй бөгөөд зэвсгийн систем нь Оростой харьцуулахуйц сайжирчээ.

"Москва тактикийн цөмийн зэвсгүүдээ тйим ч амархан хэрэглэж чадахгүй, яагаад гэвэл, тэдгээрийг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр хэрэглэх хэрэгтэй болно шүү дээ. Харин Хятадын стратегийн пуужингууд Европын Оросын хэсгийн гол хотуудыг үнсэн товрог болгох хангалттай чадавхитай. Үнэндээ, Оросын энэ хэсэг хүн олон, байгалийн баялаг хомс учраас Хятадад хэрэггүй" хэмээн Храмчихин өгүүлж байна.

Дээрх шалтгаанаас үүдэн, ердийн зэвсгээс цөмийн дайнд шилжих нь Москвад хэцүү байх юм. Харин, "Хятад мөн адил ингэхээс (цөмийн дайн хийхээс) татгалзана гэж бодвол, энэ нь үлгэр. Энэ үлгэрийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Хоёр улс хоорондын цэрэг дайны нөхцөл байдлыг судалж үзвээс, Оросуудад ганц зам л харагдаж байна: Хятад хэл сур" хэмээн Храмчихин хэлсэн юм.

Орчуулсан Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn