Саяхан буюу өнгөрсөн 9 дүгээр сарын 19-нд ОХУ-д "Үндэсний зэвсгийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ өдрийг тохиолдуулан "Риа Новости" агентлаг өнөөгийн Оросын хамгийн шилдэг 10 зэвсгийг нэрлэжээ. "Риа Новости" үндэсний шилдэгээр ямар зэвсэг нэрлэснийг хамтдаа сонирхъё.

1. S-300 пуужингийн систем

S-300 нь алсын зайн газар-агаар ангилалын пуужин юм. Энэ пуужинг 1979 онд Алмаз-Антей үйлдвэрт анх үйлдвэрлэжээ. S-300 пуужинг агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар зохион бүтээсэн бөгөөд энэ нь бай тус бүрт 12 пуужин харвахдаа зургаан нисэх онгоцыг нэгэн зэрэг онилох чадвартай. S-300 систем 300 км-ийн радиус доторх дайсны бүх нисэх онгоцыг хянаж чаддаг юм.

2. Калашниковын автомат

Калашниковын автомат нь оросуудын зохион бүтээсэн хамгийн алдартай зэвсэг байж магадгүй юм. Зөвлөлтийн зэвсгийн инженер Михайл Калашников 1947 онд Калашниковын автомат (оросоор Автомат Калашников) буюу АК-47 хэмээх өөрийн нэрээр нэрлэсэн автомат бууг зохион бүтээжээ. Тэр цагаас хойш АК-47, АКМ-ийг оролцуулаад сайжруулж зассан янз бүрийн загварын 90 сая орчим автоматыг 100 гаруй оронд хэрэглэж байна.

3. КА-52 "Аллигатор" нисдэг тэрэг

КА-52 "Аллигатор" довтлогч нисдэг тэргийг дайсны явган цэрэг, танк гэх мэт хуягт техникийг устгах зориулалтаар зохион бүтээжээ. КА-52 нь алдарт "Хар Акул" хэмээх түрүү үеийн КА-50 нисдэг тэрэгний хоёр нисгэгчийн суудал бүхий шинэ хувилбар юм. Хэдийгээр КА-52 нь туршуулын даалгавар гүйцэтгэх зориулалттай хөнгөн нисдэг тэрэг боловч, түүнтэй эн зэрэгцэх бат бэх хуягтай өөр нисдэг тэрэг үгүй.

4. Панцир-S1 пуужингийн систем

Панцир-S1 нь богино, дунд зайн газар-агаар ангилалын пуужин бөгөөд 1994 онд Оросын Тулад анх зохион бүтээжээ. Хэдийгээр Панцирын тусгал зөвхөн 20 км боловч, 15 км-ийн өндөрт нисэж буй бүх төрлийн нисэх онгоц, нисдэг тэрэг, хүнгүй нисэх онгоц (дрон), залуурт пуужин, агаар-газар ангилалын залуурт зэвсгүүдийг устгаж чадна.

5. "Акул" ангилалын шумбагч онгоц (Щука-Б)

ЗХУ "Акул" (Аварга загас) ангилалын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцнуудыг 1980 онд анх зэвсэглэлдээ нийлүүлжээ. Акул нь түүхэн дэх хамгийн том шумбагч онгоц ажээ. Энэ шумбагч уртаараа 175 м, өргөнөөрөө 23 м бөгөөд усан доогуур олон сар аялж чадна. Хүчирхэг цөмийн пуужингаар 8,300 км-ийн алсад орших байг устгах чадвартай "Аварга загаснууд" нь пуужингаа усан дороос харвах чадвартай юм. Хэт дуу багатай хөдөлгүүр нь НАТО-ийн эргүүл сүлжилдэх усанд аялах боломжийг Акулд олгожээ.

6. Ми-8 нисдэг тэрэг

Ми-8 бол хүн ба ачаа тээврийн зориулалтаар зохион бүтээгдсэн Зөвлөлтийн үеийн нисдэг тэрэг юм. Ми-8 нь үр ашигтай, 3,000 кг ачаа зөөх чадвартай тул, дэлхийд хамгийн олноор үйлдвэрлэгдсэн нисдэг тэрэгний нэг болжээ. Өнөөдөр, 12,000 Ми-8-г 50 гаруй оронд ашиглаж байна. Ми-8 нь ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг жинхэнэ ажлын морь юм.

7. Тополь-М баллистик пуужин

Тополь-М нь 47 тонн жинтэй, 22 м урттай, 11,000 км-ийн зайг туулж цөмийн цохилт өгөх чадвартай, тив алгасагч (баллистик) аймшигт пуужин юм. Энэ пуужинг АНУ-ын пуужингийн хамгаалалтын системийг сөрж, цохилт өгөхөөр зохион бүтээжээ.

8. Су-27 нисэх онгоц

Орост үйлдвэрлэсэн Сухой Су-27 АНУ-ын дөрөвдэх үеийн F-15 сөнөөгч онгоцны жинхэнэ эрлэг. Супер маневер бүхий хос хөдөлгүүрт энэ сөнөөгч онгоц 18,500 м-ийн өндөрт цагт 1,400 км-ийн хурдтай нисч чадна. Су-27-ын агаар-агаар ангилалын автомат залуурт пуужин, 30 мм-ийн их буу нь "Flight International magazine"-ны зүгээс Су-27-г "XX зууны хамгийн шилдэг цэргийн нисэх онгоц"-оор шалгаруулахад тусалсан юм.

9. РПГ-7 пуужин харвагч

Авсаархан, танк эсэргүүцэгч пуужин харвагч, РПГ-7-г ЗХУ-д бүтээжээ. Үүнийг бүх төрлийн хуягт, танкийн эсрэг ашиглах зориулалттай. РПГ-7 нь тун энгийн загвартай зэвсэг юм. Хямд, үр ашигтай байдаг нь РПГ-7-г дэлхийн даяар өргөн ашигладаг, айж явах зэвсгийн нэг болгожээ.

10. Төмөр замт пуужингийн систем

Төмөр замт пуужингийн систем нь тив алгасагч цөмийн пуужин тээвэрлэгч галт тэрэг юм. Гадна талаас нь харвал, ердөө л иргэний тээврийн галт тэрэг. 2005 онд энэ системийн байлдааны үүргийг цуцалжээ. Гэвч, Зүүн Европ дахь НАТО-ийн өргөжин тэлэлтийг эсэргүүцэхийн тулд, 2013 оноос төмөр замт пуужингийн системийг буцаан сэргээхээр төлөвлөсөн гэнэ.

Эх сурвалж: www.gashuun.mn

- See more at: http://gashuun.mn/1131#sthash.fWJmE48R.dpuf