Ердөө гуравхан жилийн өмнө "орон сууцны үнэ буугаасай” хэмээн хүсдэг байж. Тухайн үед "байр” авчих санаатай. Урьдчилгаанд цуглуулсан хэд маань хаанаа ч хүрдэггүй. Ямар сайндаа орон сууцны үе буугаасай л гэж цаг бүр хүсдэг байв.

Тэгээд явж явж, орон сууц хамгийн доод үнэдээ хүрлээ гэх тэр торгон мөчид л 30 метр/квадрат нэг өрөө орон сууцыг 54 сая төгрөгөөр худалдан авч байж билээ. Бэлэн төлөөгүй л дээ. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж сүүлийн гурван жилийн туршид сар бүр зээлээ төлсөөр л байна. Ингэж явсаар 25 жилийн дараа миний бие банканд өргүй бол энэ орон сууц жинхэнэ утгаараа минийх болох юм л даа. Гэвч одоо бол орон сууцны үнэ битгий буугаасай л гэж хүсдэг болчихлоо.

Яагаад гэж үү. Яагаад гэвэл, тухайн үед хамгийн доод буюу метр/квадратыг нь 1 сая 750 мянган төгрөгөөр бодож авч байсан орон сууц маань гуравхан жилийн дотор үнэ нь "навс унаж” одоо метр/квадрат нь сая хүрэхгүй үнэлгээтэй болчихоод байна. Уг нь шинэ орон сууц. Гэвч манай доод давхарын айл орон сууцаа "35 саяд өгчихнө. Гадагшаа явах гээд мөнгө хэрэгтэй болчихсон” гээд ярьж байхыг нь сонсоод миний өмчийн үнэлгээ ингэтлээ доош буужээ гэдгийг ойлгосон юм.

Уг нь би банкнаас 30 гаруй сая төгрөгийн зээл авсан. Түүнийгээ 25 жилд цувуулж төлвөл хоёр дахин буюу 70 гаруй сая төгрөг төлөх юм. Үндсэндээ 70 сая төгрөгийн өртөгтэй орон сууцанд амьдраад байна л даа. Гэтэл яг зах зээлийн үнэлгээ 30 сая төгрөг болж буучихлаа шүү дээ. Цаашид ч буусаар байх болно гэж салбарынхан нь тайлбарлаж байна.

Шинээр орон сууц авахаар хөөцөлдөж буй хүмүүс энэ сайхан мэдээ. Гэвч орон сууцтай болчихсон бидэнд маш таагүй санагдаж эхэллээ. Амиа бодсон зан гаргасанд уучлаарай. Гэхдээ л 50 сая төгрөгөөр худалдаж авсан байр минь гуравхан жилийн дотор 30 сая болж буурчихаар гол харлах юм байна шүү дээ. Орон сууц үнээ алддаггүй сайн хөрөнгө оруулалт гэж ярьдаг байсан үе тэртээд үлдсэн бололтой. Одоо байраа зараад банкинд өрөө дарья гэвэл байр ч үгүй хэрнээ дахиад тэр хэмжээний өртэй үлдэх нь.

Залуу хүн ам бүл ч нэмэгдэж байна. Тиймээс нэг өрөөгөө, хоёр, цаашлаад гурав болгочих хүсэл байвч, миний гэх өмчийн минь үнэлгээ унаж, үүнийгээ дагаад урам ч хугарч эхлэх шиг. Гэхдээ орон сууцанд орох хүсэлтэй олон залуус энэ завшааныг ашиглаасай л гэж хүсмээр байна. Хадмынд толгой хоргодохоос залхсан бид арай л яарчихсан бололтой. Гуравхан жил шүдээ зуучихсан бол өнөөдөр банкинд багахан зээл тавиад орон сууцтай болчих боломжтой байжээ.

Орон сууцны үнэ энэ хэвээр буурсаар байвал над шиг олон залуус хоосон зүйлд төлбөр төлж, олон жил зээлийн хүүнд дарагдах нь байна шүү дээ. Тиймээс орон сууцны үнэ дахиж битгий буугаасай л гэж хүсч сууна.

Амар