Дэлхийн кино ертөнцийн түүхэнд хамгийн их сенсацийг дэгдээж, цөөнгүй оронд гаргахыг нь хориглосон кино олон байдаг. Эдгээр киног тухайн орны засгийн газар, эрх бүхий байгууллагаас богино болон урт хугацаагаар гаргахыг хориглох эрхтэй бөгөөд зүй бус хэсгийг хасах, засварласан тохиолдолд эргэн хянаж хоригоо цуцалдаг.

Нийтлэлд дурьдагдсан киноноос гадна БНХАУ-д “Avatar”, “Pirates of the Caribbean: At Worlds End”, “Lara Croft Tomb Raider: The Cradle of Life”, “Back to the Future” зэрэг киног гаргахыг хориглосон бол Вьетнамд “The Hunger Games” хориотой гэнэ.

10. Schindler’s List (1993)


Гаргахыг хориглосон улс: Иран, Индонез

Нэрт найруулагч Стивен Спилбергийн найруулсан дэлхийн шилдэг кинонуудын нэг “Schindler’s List” киног Австралийн зохиолч Томас Кинилигийн “Schindler’s Ark” (1982) зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Киног Иран, Индонез зэрэг оронд гаргахыг хориглосон нь Еврейчүүдэд хүндэтгэл үзүүлсэн явдал юм. Стивен Спилберг киноны найруулагчаар ажилласныхаа хариуд шан харамж авахаас татгалзсан нь Еврей нарыг хоморголон хядсан Фашистуудын харгис явдлаас амьд үлдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлсэн сэтгэл байжээ.

9. The Da Vinci Code (2006)


Гаргахыг хориглосон улс: Самоа, Соломоны арлууд, Шри Ланк, Энэтхэг, Иран

2006 оны хамгийн их ашиг олсон №2 дахь киногоор нэрлэгддэг триллер жанрын энэхүү киног Америкийн зохиолч Дэн Брауны “The Da Vinci Code” (2003) романаас сэдэвлэн бүтээжээ. Шашины зүтгэлтнүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас ийнхүү зарим оронд гаргахыг хоригложээ.

8. Last Tango in Paris (1972)


Гаргахыг хориглосон улс: Өмнөд Солонгос, Сингапур, Португал, Итали, Испани

Марлон Брэндогийн гол дүрд нь тоглосон энэ кино бол Италийн романтик жанрын дэлгэцийн бүтээл юм. Сексийн хэт задгай, завхай зайдан явдлыг нийтэд ил тод харуулсан гэдгээрээ цөөнгүй оронд гаргахыг хоригложээ. Кинонд амиа егүүтгэж нас барсан эхнэрээсээ хойш Парис хотын залуухан бүсгүйтэй учир ургуулах болсон зочид буудлын эзэн Полын тухай гардаг.
Найруулагчаар Бернардо Бертолучи ажилласан ба тэрбээр дур булаам танихгүй эмэгтэйтэй гудманд тааралдаж секс хийвэл ямар байх вэ гэсэн нууцхан хүслээрээ энэ киног бүтээсэн гэдэг. Сонирхолтой нь кино $1.25 сая ам.доллараар бүтэж $96.301.534 ам.долларын ашиг олжээ.

7. A Clockwork Orange (1971)


Гаргахыг хориглосон улс: Ирланд, Сингапур, Өмнөд Солонгос

Киног Америкийн нэрт найруулагч Стэнли Кубрик (1928 - 1999) найруулсан бөгөөд Английн зохиолч Энтони Бёржессийн “A Clockwork Orange” (1962) романаас сэдэвлэн бүтээгджээ. Харгис гэмт бүлэглэлийнхний тухай өгүүлдэг “A Clockwork Orange” киног 1971 - 2011 онд Сингапурт гаргахыг хориглож байсан бол өдгөө зөвшөөрөх болсон гэнэ. Гэвч Ирландад гаргахыг хатуу хориглодог аж.

6. Cannibal Holocaust (1980)


Гаргахыг хориглосон улс: Шинэ Зеланд, Норвеги, Исланд, Турк

Амазон мөрний эргээр нутаглаж байсан хүн идэшт омгуудын тухай бодит түүхийг өгүүлдэг “Cannibal Holocaust” киног Италийн кино найруулагч Ружеро Деодато бүтээжээ. Тэрбээр киног найруулсныхаа төлөө хоригдож явсан үе ч байсан бөгөөд энэ нь зураг авалтын үеэр хэд хэдэн жүжигчин нь камерын өмнө жинхнээсээ нас барсан гэсэн цуу ярианаас үүдсэн байдаг. Киног дээрх орноос гадна Шри Ланк, Өмнөд Африк, Филиппин, Морокко, Кувейт, Иран, Грек, Финлянд, Бутан зэрэг улсад одоо ч “жигшүүртэй” хэмээн үзэж гаргахыг хатуу хориглодог.

5. The Texas Chainsaw Massacre (1974)


Гаргахыг хориглосон улс: Герман, Норвеги, Сингапур, Швед, Ирланд, Бразил, Финлянд

“The Texas Chainsaw Massacre” бол хүний махаар хооллодог гэр бүлийн тухай дэлгэцийн аймшигтай бүтээлээр нэрлэгддэг. “The Total Film” сэтгүүлээс кино ертөнцийн түүхэн дэх хамгийн шилдэг аймшгийн киногоор шалгаруулсан байдаг ба зураг авалтыг нь Техаст байдаг фермийн нэгэн байшинд хийжээ. Өнөөдөр энэ байшин алдартай ресторан болсон түүхтэй. Киног $300.000 орчим ам.долларын санхүүжилтээр бүтээж $30.859.000 ам.долларын ашиг олжээ.

4. Saw VI (2009)


Гаргахыг хориглосон улс: Украйн, Тайланд, Испани

Кино шүүмжлэгчдээс тийм ч сайн үнэлгээ авч чадаагүй ч ашиг орлогоороо толгой цохиж байсан “Saw” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байсан ч 2009 оны ангийг нь зарим оронд гаргахыг хоригложээ. Киног аймшгийн төрөл жанрын бусад киноноос харьцангуй бага тамлан зовоож, тарчлаадаг гэж үздэг ч эдгээр үндэстний хувьд харин ч эсрэгээрээ байж боломгүй кино ажээ.

3. A Serbian Film (2010)


Гаргахыг хориглосон улс: Норвеги, Испани, Финлянд, Бразил

Энэ бол бүх цаг үеийн хамгийн их сенсаци дэгдээсэн Серби кино бөгөөд найруулагч Сржан Спасоевичийн онцлох бүтээлийн нэг юм. Киног дээрх орноос гадна Малайз, Австрали, Шинэ Зеланд, Сингапурт гаргахыг хориглосон бөгөөд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрцгий доромжлолыг ил задгайгаар гаргасан гэж үзжээ. Кинонд нас ахиж яваа “порно” одын тухай гарах ба карьераа эцэслэж эцсийнхээ кинонд тоглохоор шийднэ.

2. The Human Centipede II (2011)


Гаргахыг хориглосон улс: Их Британи, Австрали, Шинэ Зеланд

2010 онд дэлгэцнээ гарч байсан “The Human Centipede (First Sequence)” киноны үргэлжлэлийг Австралид түр хугацаагаар гаргахыг хориглосон байдаг бол Шинэ Зеланд, Их Британид бүрэн хориглосон байдаг. Кинонд харгис хэрцгий хүчирхийлэл, догшин түрэмгий гаж байдлыг хэт харуулсан гэдэг утгаар нь гаргахыг хориглосон байдаг бөгөөд “хүн” жаран хөлтийг бүтээхээр эрс шулуудсан Англи залуугийн тухай кино юм. АНУ-д нээлтээ хийж кино театруудад гарах бүрт театрын гадна түргэн тусламжийн тэргийг бэлэн байлгаж байжээ. Учир нь киног үзээд хэт айж мэгдэхийн зэрэгцээ сэтгэл мэдрэлийн өөрчлөлтөд орсон хүмүүс цөөнгүй байсан юм.

1. Grotesque (2009)


Гаргахыг хориглосон улс: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Кино зохиолыг Японы жүжигчин, найруулагч Кози Шираиши бичиж өөрөө найруулсан ба кинонд сэтгэл мэдрэлийн өвчтэй галзуу нэгний харгис яргалал, сексийн хүчирхийлэл, тамлал доромжлолыг харуулсан байдаг. “Grotesque” нь өгүүлэмж бага, харгис доромжлолыг түлхүү харуулснаараа багагүй шүүмжлэлд өртсөн боловч найруулагчийнх нь хэлснээр харин ч эсрэгээрээ бодит байдлыг ямар ч хуурмаг зүйлгүйгээр шударга харуулсан шилдэг кино болсон гэжээ.

ask.mn