Аль нэг улсын нисгэгч онгоцоо хулгайлан өөр улсад нисэж очсон тохиолдол цөөнгүй бий. Харин миний энд өгүүлэх түүх нэлээд анхаарал татсан тул зориуд орууллаа.

1989 оны 5 дугаар сарын 20-ны орой тухай үеийн ЗХУ-ын Нисэх хүчний ахмад өөрийн агаарын цэргийн баазаас “Миг-29” онгоцыг хулгайлж нисээд Турк улсад газардсан нэгэн тохиолдол гарсан юм. Энэ хэргийг үйлдсэн зөвлөлтийн нисгэгч бол 1961 онд төрсөн Александр Михайлович Зуев байсан юм. Тэрбээр 1982 онд Армавирск дахь нисэхийн дээд сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгч мэргэжлээр төгссөн нэгдүгээр зэргийн нисгэгч байлаа. Нисэх хүчинд ажиллах анхны гараагаа “Миг-23” сөнөөгч онгоцны эскадрильд нисгэгчээр эхлэв. Түүнийг сургууль төгссөн жилд/1982 онд/ ЗХУ-ын нисэх хүчний ангиудад цоо шинэ “Миг-29” гэдэг хос хөдөлгүүртэй, 4 дүгээр үеийн сөнөөгч онгоцнуудыг нийлүүлж эхэлжээ. Зөвлөлтийн инженерүүд “Миг-29” онгоцыг АНУ-ын “F-15”, “F-16” онгоцнуудын эсрэг агаарын тулаан явуулах зорилгоор бүтээжээ. Ингээд шинэ онгоцны нисгэгч нарыг бэлтгэх шаардлагатай болж, тодорхой тооны нисгэгч нарыг шилж авсаны дотор азтай тохиолдлоор А.М.Зуев багтсан байдаг. Энэ байдал нь түүнийг Афганистанд алба хаах явдлаас “мулталсан” юм.
1989 онд ахмад цолтой болсон А.М.Зуев нь Гүрж улсын “Миха-Цхакая” гэдэг газар байрлах 176 дугаар сөнгөөгч онгоцны хороонд, онгоцны үйлдвэрээс шинэ онгоц хүлээн авдаг хэсэгт ажиллаж байв. Гэр бүлийн байдал болоод зөвлөлтийн тухай үеийн амьдралд сэтгэл дундуур байсан А.М.Зуевийн толгойд армиас гарах тухай бодол нь эргэлдэх болжээ. Тэр зөвлөлтийн хамгийн сүүлийн сөнөөгч онгоцыг хулгайлж аваад баруунд гарах нь хамгийн найдвартай хувилбар юм гэж бодох болжээ. 1989 оны 4 дүгээр сарын 9-нд Гүржийн засгийн газрын ордонд томоохон хурал болж тус улсын коммунист нам татан буугдсан явдал нь түүний онгоц хулгайлах бодлыг эргэлт буцалтгүй болсон гэдэг. Гэхдээ уг хэрэг явдлаас өмнөхөн туршин-нисгэгчийн курст явуулж өгөхийг дарга нараас хүссэн ба түүнийг нь зөвшөөрсөнгүй. Ийм учраас тэрбээр архи ууж эхэлсэн ба хэд хэдэн удаа жижүүрийн ажлаа таслаж байв. Нэгэнт онгоц хулгайлахаар шийдсэн тэрбээр нарийн төлөвлөгөө бодож боловсруулжээ.
Ер нь онгоц хулгайлж ниснэ гэдэг ярьж байгаа шигээ амархан ажил биш. А.М.Зуевийн хувьд таван давхар саадыг давж байж, хүссэндээ буюу туркийн нисэх буудалд/ердөө 200 км зайтай Р.Э./ хүрэх боломжтой байлаа. Эхнийх нь хамт жижүүрт гарч буй бие бүрэлдэхүүнийг аргалах, хоёрдугаарт онгоц зогсож буй зогсоол руу орох харуул хамгаалалтыг давах ёстой. Уг хаалган дээр зэвсэгтэй цэргүүд 24 цагийн турш хамгаалалтад зогсдог. Харуулыг давж жижүүрийн онгоцонд хүрсэн ч гэсэн хажууд нь байгаа механикч нь зөвшөөрөлгүй ямарч нисгэгчийг онгоцны кабинд оруулахгүй. Яаж ийж аргалаад онгоцыг аваад агаарт хөөрсөн ч гэсэн эрсдэл ихтэй. Тухайлбал зөвлөлтүүд онгоцоо алдахгүйн тулд түүнийг агаарт нь пуужингаар устгах, эсвэл өөр онгоцоор араас нь хөөлгөж устгах боломжтой байв. Түүгээр барахгүй баруунд/турк/ ямар ч зөвшөөрөлгүй гэнэт нисээд очвол цаадуул нь өөдөөс нь буудаад унагаж мэдэхээр байсан юм. Агаарт онгоцоор удаан нисвэл устгагдах магадлал өндөр гэдгийг мэдэж байсан тул онгоцоо аль болох хурдан хаа нэгтээ газардуулах ёстой гэдгийг тэр мэдэж байжээ.
1989 оны 5 дугаар сарын 20-ны шөнө түүний жижүүртэй ээлж таарлаа. Тэрбээр өөрийн эхнэр төрж хүүтэй болсоны баярыг хамт олонтойгоо хуваалцахаар болж тэр орой хамт жижүүрт гарч байсан жижүүрийн нисгэгчид, техникийн ажилтнуудыг цуглуулан урьдчилан бэлтгэсэн “торт”-оор бүгдийг нь дайлжээ. Гэвч үнэн хэрэгтэй түүний эхнэр хэд хоногийн өмнө төрчихсөн байсан ба “торт”-д их хэмжээний унтуулах эм хольчихсон байв. Нэг их удалгүй нойрсуулах эмийн үйлчилгээ эхлэж, эскадрилийн дарга, харуулын цэрэг хоёроос бусад нь бүгд унтаад өгөв. Эхний даваагаа амжилттай давсан А.М.Зуев дараагийн алхамаа хийж онгоцны зогсоол руу явлаа. Харуул дээр яваад очсон чинь таньдаггүй цэрэг таарч, зөвшөөрөлгүй түүнийг аэродромын зогсоол руу оруулсангүй. Ингээд аргагүй эрхэнд харуулын ээлж солигдохыг хүлээх хэрэгтэй болжээ. Удалгүй ээлж солигдон түүний таньдаг цэрэг манаанд гарсан тул ямар нэгэн асуудалгүй онгоцонд хүрч очлоо. Тэнд жижүүрийн онгоц хөөрөхөд бэлэн зогсож байв. Ингээд онгоцны хажууд буй жижүүрийн механикийг буулгаж авахаар ноцолдсон хэдий ч нөгөөх нь “бяртай” нөхөр таарч бүтэлгүй болсон тул түүнийг гар буугаар буудав. Нөгөө механикч гэсэн хариу гал нээж түүний гарыг шархдуулжээ. Гэвч А.М.Зуев онгоцны бүхээгт орж амжсан байдаг. Тэр онгоцоо агаарт хялбархан хөөргөв. Агаар гарсан хойноо өөрийнх нь араас нэхэж магадгүй гэсэн тооцооны үүднээс зогсоол дээр буй бусад жижүүрийн “онгоцнуудыг жагсаал”-аас гаргахаар шийдлээ. Нэг эргэлт хийн шумбаж орж ирээд буудах гэтэл онгоцны их бууны хоёр гал хамгаалагчийн нэгийг нь авахаа мартсан байсан тул буудаж чадсангүй. Энэ үйлдэлдээ “бантсан” тэрбээр онгоцоо хар далайн руу чиглүүлэн шууд нисчээ.
Удалгүй туркийн агаарын довтолгооноос хамгаалах ангийн радарын дэлгэц дээр нэгэн зөвшөөрөлгүй онгоц гарч ирээд өөрсдийг нь чиглэн нисэж явааг илруулэв. Ингээд хариу арга хэмжээ авахаар бэлдэж байтал нисгэгч нь радио станцаар “Би америк хүн байна,” гэсэн дохио өгсөн байдаг. А.М.Зуев онгоцоо Туркийн “Трабзон” дахь нисэх буудалд амжилттай газардуулав. Болсон явдлын тухай Турк дэхь АНУ-ын элчин сайдын яаманд яаралтай мэдэгдэв. Ингээд асуудал үүсэж эхэллээ. Онгоцоо алдсан зөвлөлтийн тал даруй онгоц болоод нисгэгчийг буцааж өгөхийг туркийн талаас шаардсан ба туркийн тал америкийн гаргах шийдвэрийг хүлээж байв.
А.М.Зуев онгоц хулгайлан нисэж ирсэн тухайгаа улс төрийн шалтгаантай гэж туркүүдэд тайлбарлаж байсан бөгөөд АНУ-аас улс төрийн орогнол хүссэн байна. Америкчууд түүнийг нэг их удалгүй АНУ руу авч явсан ба удалгүй түүнийг хүсэлтийг ёсоор болгосон байдаг. Ингээд тэр америкийн Калифори мужид амьдрах болсон юм. 1990-1991 онд АНУ-ын тэргүүлсэн холбоотны хүчин, Иракийн эсрэг явуулсан “Цөлийн шуурга” ажиллагаанд америкийн нисгэгчид түүнийг зөвлөхөөр ашиглаж байв. Яагаад гэвэл Иракийн нисгэгчид зөвлөлтөд үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцуудаар нисэж байсан юм.
1992 онд А.М.Зуев, америкийн нэгэн зохиолчтой хамтран онгоц хулгайлан баруунд гарсан тухай ном бичсэн байдаг. Тэрбээр 2001 оны 6 дугаар сарын 10-нд Сиаттль хотын ойролцоо зөвлөлтийн сургалтын “Як-52” онгоцоор нислэг үйлдэж яваад осолдож, амь үрэгджээ.
Туркийн тал оросын “Миг-29” онгоцыг хэдхэн хоногийн дараа оросуудад буцааж өгсөнөөр хэрэг явдал дуусгавар болжээ.

Эх сурвалж:

Eggi Mongolian “ОНГОЦ ХУЛГАЙЛСАН” НЭГЭН ТҮҮХ