Монгол хүн бүрийн сэтгэлийг огшоодог дэлхийд ганцхан “Монгол наадам” хэдхэн хоногийн дараа болно. Монголчууд л юм хойно омогшин гайхуулах, магтан сайшаахаас өөр юм мэдэх биш дээ. Гэвч наадмын яг юугаар нь цээжээ дэлдэн байж бахархаад, юугаар нь хамрын самсаа шархиран омогшдог юм бэ? Мэдээж ид хаваа үзэлцэн, уран мэхийг уралдуулан барилдаж байгаа хүчит бөхчүүд, цээлхэн дуутай бяцхан хүүхдүүдийн гийнгоон дуу, шандаст хурдан хүлэг тоос манаруулан барианд ирэх тэр үе, цэц мэргэнээ сорьж буй мэргэн харваачдын уухайн түрлэг гэх байх. Хамгийн том бахархал омогшил нь “Дэлхийд ганцхан монгол наадам, дэлхийд ганцхан монгол наадам” юм болов уу.

Бахархах юм цөөдөөгүй л юм байна. Харин үүний цаана эмгэнэл нуугдаж байгаа гэдгийг цөөхөн хүн хардаг. Харснаа ярьдаг нь бүр ч ховор.

Үндэсний их баяр наадмын хамгийн том дутагдал нь хүний эрх юм. Ялангуяа хүүхдийн эрх. Тэд бяцхан биедээ ахадсан ажил хийдэг. Том том баячууд өөрсдөө сэтгэл санааны ташаалыг авч, баярлах цэнгэх гэж хүүхдийг тэвчишгүй хүнд хөдөлмөр хийлгэдэг. Тэр нь хүүхдийн эрүүл мэнд, бие махбод цаашлаад амь насанд ч аюултайг бүгд мэднэ. Харин үүнийгээ хэрхэн үнэлдэг нь дэндүү өрөвдөлтэй. “Үнэн үү?” гэж асуумаар. Морь гэх адгуус амьтнаа хэдэн зуун саяар үнэлж авдаг. Харин унаач хүүхэд багадаа л гэхэд нэг уралдаанд оролцоход 20000 төгрөг, энэ наадмын бүх уралдаанд оролцоход 500000 төгрөг, хичээлийн хэрэгсэл, хувцас хунар. Тухайн унаач хүүхэд бэртэж гэмтэх, цаашлаад амь насанд нь аюул учирвал хариуцлагыг хүлээх хүн байхгүй. Учир нь унаач хүүхдийн эрхийг хамгаалсан хуулийн заалт бараг байхгүйтэй адил.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд “Уралдах морийг долоогоос дээш насны, морь унаж сурсан, эрүүл саруул хүүхэд унах; Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх; Хурдан морины эмээл, хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн цомхон заалт бий. Харин Монголын xурдан морины уралдааны дүрэмд “Хурдан морь унаач хүүхэд нь сайн дурын үндсэн дээр морь унах ба эх, эцгээсээ зөвшөөрөл авсан байх; Шаардлага гарвал морины комисст хэлж тусламж авах” гэж оруулсан байна лээ. Төгсгөлд нь “Уг дүрмийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлэх нь хурдан морины уралдааныг зохион байгуулагчид, уяач, хурдан морь унаач хүүхэд, морь сонирхогчид, үзэгчдийн эрхэм үүрэг мөн.” гэсэн.

Үнэхээр үүргээ биелүүлж байгаад эрх нь зөрчигдвөл хэн хариуцлага хүлээх вэ? Эдгээр дүрмээр хүүхэд болон тэдний гэр бүл үүрэг хүлээж, хариуцлага үүрнэ гэдгийг эвтэйхэн бөгөөд инээдтэй байдлаар л хэлчхэж байгаа юм.

Одоогоос хэдэн жилийн өмнө НҮБ-ээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн ангилалд “хурдан морь унах”-ыг оруу­лах санал гаргасан. Гэтэл энэ саналыг дэмжих хүн байсангүй, бүр энэ бол монголын уламжлалт ёс заншил хэмээсэн. Энэ нь яригдаж яригдаж унаач хүүхэд хагас дутуу хамгаалалтын хувцастай л болсон. Хүүхдийн хувцас, хамгаалалт, гутал, эмээл, морины хазаар зэрэгт нь стандарт тогтоож өгсөн байдаг ч дагаж мөрдөх нь ховор.

Хурдан морины уралдаан нь ихэнх улс оронд спортын төрөл болдог байна. Тухайлбал, АНУ-д хүүхэд 16 нас хүртлээ мэргэжлийн багш дасгалжуулагчаар бэлтгэгдэж, 16 нас хүрээд хурдан морь унаачийн үнэмлэх авдаг. Хурдан морь унаач 30-40 нас хүртлээ уг спортын тамирчин байх ба 50 нас хүрээд тэтгэвэртээ гардаг байна. Харин Австралид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэж хурдан морь унаач болох ба мөн мэргэжлийн үнэмлэх авдаг. Үнэмлэх аваагүй бол уралдаанд оролцуулдаггүй. Хурдан морины спорт хамгийн эрсдэлтэй спортод тооцогддог учраас хамгийн өндөр амь даатгалд хамрагддаг байна.

Хурдан морины уралдааны үеэр хүүхэд моринд чирэгдэж хүнд гэмтэл авлаа, амиа алдлаа гэдэг мэдээ жил бүр байдаг гэхэд хилсдэхгүй. Жилд дор хаяж нэг гэр бүл хагацал үзэж, нэг амь бусдын баяр баяслын төлөө дэндүү эрт амь насаа зориулан одож байгаа Үндэсний их бахархалт баяр наадам. Ийм эмгэнэлтэй баяр наадмын юугаар нь бахархаж, юугаар нь омогшдог юм бол оо.

П.Оюунгэрэл.