Өнгөрч байгаа нэгэн долоо хоног үйл явдлаар баян долоо хоног байж дээ. Долоон өдрийг хэлж байгаа хэрэг шүү дээ.

Энэ өдрүүдэд Монгол Улс гурван сая иргэнтэй боллоо.

Монголоос олимпын аварга төрсөн тэр өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэр үеийн Сүхбаатарын талбайд хөлчүү гарч ирээд “Би азтай ерөнхийлөгч, чи азтай ерөнхий сайд" гэж байсан шиг л ёстой баяраар бялхаж байх шив дээ.
Чухамдаа 2 сая 999 мянга, 999 хүнээ тэжээж чадахгүй тэвдэж байгаа энэ улсад “Хүн нэмбэл хүнс нэмнэ" гэдэг үг яг тохиролтой. Гурван сая дахь иргэндээ ч яахав байр сууц, хүнс хоол, мөнгө төгрөг өгдөг юм байж. Тэр өдөр төрсөн хүүхдүүдийг ч бас гомдоохгүй гэж байгаа. Энэ хэдээс гадна УИХ-ын 76 гишүүн, агентлагуудын дарга нар гээд 100 илүү хүн ч яахав тэртэй тэргүй монголчуудын амьдралаас тасарсан хүмүүс, цагаан сараар хөдөөгүүр жаахан хэсч бэлэг цуглуулаад дараа нь гадаадад байдаг гэрээдээ явчихна.
Бусад 2 сая 900 мянган хүнээ яах гэж байгаа төр юм бол.
Ингээд билгийн улирлын цагаан сар хүртэл “Монгол Улс гурван сая хүн амтай" гэдгээ ярьж, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн хоёр нь өдөр бүрий үүнийгээ дурсан “Би азтай хүн. Миний өнгөн дээр......" гээд л өөрөө тэр хүүхдийн эцэг нь юм шиг ярьсаар нэгэн жилийг өнгөрөөнө. Үгүй ер хөл хөөрцөг болж байгаагий нь ээ.

Гэтэл “Би азтай......." гэдэг баяр хөөр үүгээр дууссангүй ээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутгаас нэг занданшуулсан шарил олж гэнэ. Одоо бас л нэг хэсэгтээ “Монгол Улсыг дэлхий бишрэн харж байна" гэцгээнэ. Өнөө л Бат-Отгон, Давааням, Нагаанбуу гээд Чингис хааны тухай агуу мэдлэгтнүүд онол чойроо уралдуулна. Магадгүй явж явж Чингис хааны онгон ч болж мэднэ..

Энэ бүхэн яагаад ингэж ганцхан долоо хоногт багтаад ар араасаа цувраад л бөөн бөөн баяр хөөр авчраад байна аа.
Ердөө л билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн ойртож байгаад л хамаг учир нь байгаа хэрэг.
Эдийн засгийн хямрал, хүн ардын хүнд байдал тохиох бүрийд л ийм нэг сайн сайхан, сонин содон үйл зэрэгцдэг.

1990-ээд онд монголчууд картын бараанд дугаарлаж байхад яалаа даа. Харь гаригийнхан гэнэт л монголчуудыг санаад, хайрлаад ирж буугаад л заримыг нь авч нисээд л......Үзмэрч Дашцэрэн Ромбу гаргийнхантай уулзаж цээжээ маажуулаад л..........О.Дашбалбар “Тэр ч эгэлд хүн биш ээ. Яриад сууж байхад толгой дээгүүр нь шар гэрэл цацраад" гэсэн алдарт үгээ хэлж парик Жаргалсайхан, Ш.Гүрбазар хоёр дагаж явж сурвалжлаад.......
Зохиолч Дожоодорж гуай бас нэг “Алтан цөгц" олоод л.....Монголчуудын хувь заяаг яг шийдэх юм болоод л.
Өнөрмаа гэдэг бүсгүй зүв зүгээр сууж байтал энд тэнд гал гараад......ШУА-ийнхан судалж үзээд “Үнэхээр л тусгай хүн байна. Гал гаргадаг юм байна" гэж нотлоод.......

Тэр үед хүмүүс картын баранд дугаарлаж, дээр дороо орон тэмцэлдэж байхдаа чухам л үүнийг ярьж зугаагаа гарган, сэтгэлээ тайвшруулж, үүний ачаар ч эрх баригчдыг муулан жагсч цуглахгүй, босч тэмцэлгүй тэсч өнгөрөөсөн.

Одоо монголчууд тун хүнд үетэй учраад байгаа. МАН-ын эрх барьсан 23 жилийн мулгуу бодлого, Н.Алтанхуягийн хоёр жилийн ухаангүй явдал хоёрын үр шимийг амсаад тэвдэж байгаа энэ үед анхны цагаан сар нь тохиож байна. Юм бүхний үнэ тэнгэрт хадсан ч цалин тэтгэвэр нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй ард иргэд яая даа гэцгээж “Үнэхээр туйлдаж байгаагаа бие сэтгэлээрээ мэдэрч байгаа" энэ үед ийм олон баяртай явдал тохиож байгаа нь энэ.

Яах гэж ингэж байна вэ, яагаад яг ийм үед ийм олон баяртай зүйл тохиогоод байна аа. Мэдээж уулзаж учирсан хоёр хүн, хэд гурвуулаа эдийн засгийн хүндрэл, цагаан сарын бэлтгэлээ яана даа гэцгээн эрх баригчид, төрийн томцуулыг зүхэхээс сэргийлэх гэж энэ олон баярыг “зохион байгуулж" яг ийм үед тохиолгож байгаа нь энэ.

Ер нь хүмүүсийн сэтгэл санаа гундуу байгаа үед үзэл суртлын ийм аргыг зохион байгуулалттайгаар хэрэглэх нь аль ч улсад байдаг л зүйл. 1990-ээд оны эхэн үеийн ЗХУ, Оросыг эргээд сана даа. Мөн л хаа сайгүй “Барбашка" гарч ирээд л айлын эд зүйл зүв зүгээр байж байгаад гэнэт хөдлөөд л, яг л бөмбөр цохиж байгаа юм шиг дуугараад.......
Ёстой оросын хэвлэл бүхэн үүнийг бичиж, уулзсан хүн бүр үүнийг л ярьж байсан.

Үнэхээр ч яг үүнтэй адил одоо нийслэл, хөдөө орон нутагт хүмүүс энэ л хоёрыг ярьж байна. “Гурван сая дахь иргэн Өмнөговьд төрсөн гэнэ. Байрыг нь хаанаас өгөх юм бол", “Төрөхдөө л амьдралаа аваад явчихдаг азтай хүүхэд юм", “Тэр өдөр төрсөн 180 хүүхдэд нь ямар бэлэг өгөх бол", “Бас чацуутан 29 хүүхдэд нь...." гээд л. Эсвэл “тэр занданшуулсан шарил чинь хутагт хувилгаан хүнийх гэнэ" гээд....
Жаахан байж байгаад бүр давслаад “Өнөө буриадын Итгэлт хамбынх шиг бие нь бүлээн байна гэнэ", “Монголчуудыг яг аврах хувилгаан чинь энэ гэнэ" гээд л......

“Юуны чинь наадам, цагаан сар" гэдэг шиг юун өнөөх эдийн засгийн хүндрэл, Сайханбилэгийн худал яриа амлалт, Оюутолгой, Таван толгой, цагаан сарын бэлтгэл, юмны үнэ өссөн тухай, Улаанбаатарын утаа зэргийг хэдийнээ мартагнасан.
Эрх баригчид чухам л үүнийг хүсч байгаа.
Эх сурвалж: www.assa.mn