Шинэ цагийн ардчиллын салхийг эх орондоо эргүүлсэн Бирмийн Ерөнхий сайд Ан Сан Су Чигийн Засгийн газар Хөрөнгө оруулалтын хуулиа батлахаар хоёр сар гаруй хугацаанд ард түмнийхээ дунд санал асуулга, нээлттэй мэтгэлцээн өрнүүлээд байна. Эдийн засгийн бусад салбараа “мордохын хазгай” болгож, ганц уул уурхайгаас хамаарсан эрэмдэг эдийн засагтай болохгүйн төлөө бизнесмэнүүд болоод эдийн засагч, олон улсын судлаач, энгийн иргэд хүртэлх бүх оролцогчийн дуу хоолойг хуульдаа шингээхээр хичээж буй. Энэ зуур ашигт малтмалын зах зээлд тэдний хүчтэй өрсөлдөгчөөр тодроод байгаа Монгол Улсын парламентчид зүүдэндээ орсон санаагаа хууль болгож батлуулах гэж яаран адгаж байна. Эдийн засагч, судлаач, хуульчдын судалгаанаас урган гараагүй харин улс төрийн тавцанд төлөөлөлтэй хэдэн бизнесмэний хувийн ашиг сонирхолдоо захиалсан хууль энэ юм.
ҮНДСЭН ХУУЛИАС ДЭЭР ЗАЛАРСАН ЭРХ АШИГ
Үндсэн хуулийн арваннэгдүгээр зүйлийн хоёрт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байна. Тэгвэл Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэнбугай ч монгол, гадаад гэж ялгаварлагдахгүйгээр татвараас 5-10 жилээр хөнгөлөгдөх бөгөөд хяналт, шалгалт багатай үйл ажиллагаа эрхлэх юм. 15 тэрбум төгрөг гэдэг Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнхийнх нь хувьд ахадсан тоо. Нийт үйлдвэрлэгчдийн олонх нь жижиг, дунд аж ахуй эрхэлж байгаа. Мөнгөний эргэлт нь сайндаа л 3-5 сая төгрөгт багтдаг. Ийм болохоор энэ хуулийн луужин Монголын эдийн засгийн ганц хувийг “эзэгнэн төрсөн” төрийн тэрбумтнуудын зүг зааж байгаа юм. Бүр тодруулбал, хувийн бизнесээрээ шат хийж төрд эрх мэдэл олж авсан, мэдээлэл, авлига, эзэнтэй тендерүүдийн “эх баригч”-ийн үүрэг гүйцэтгэж буй ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчдийн тэрлэсэн захидал нь энэ хууль. Энэ хуулийг батлахдаа хүрвэл Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу эдгээр гишүүд кноп дарж, санал өгөх эрхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүдийг өнгөцхөн харахад л 20 орчим нь томоохон компанийн эзэд. Зөвхөн эхний хэдийг нь жагсаахад, “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэ, “Алтай Холдинг”-ийн Сү.Батболд, ”Женко” Х.Баттулга, АПУ-гийн Г.Батхүү, “Бридж” Д.Ганхуяг, “Голомт”-ын Л.Болд, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, “Монгол Тамхи Со”-гийн Ц.Дашдорж, “Бодь”-ийн М.Зоригт, “Мон Уран” Б.Наранхүү, МАК-ийн Н.Номтойбаяр, НИК-ийн О.Содбилэг, MCS Л.Энх-Амгалан, “Монос” Л.Эрдэнэчимэг зэргээр нэрс дурайж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулиар бол төрд төлөөлөлтэй акулуудаас бусад нь Монголын эдийн засагт хэрэггүй бололтой. Энэ утгаараа иргэдийг мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлан гадуурхаж байна. Гэтэл хажууханд маань хятадууд эдийн засаг нь хямарлаа гээд манай Засгийн газар шиг хэдэн хуудас цаас бариад гадаадынхныг гуйж түүгээд, иргэдээ хэтэвчээр нь ялгаварлан гадуурхаад яваа юм лав алга. Харин ч жижиг, дунд үйлдвэрлэгчдэдээ дөрөөлөн гадаадаас хамааралгүй, товчхондоо бол Европ “ханиахад” өөрсдөө “халуурдаггүй” дархлааг бүтээхээр зэхэж байна. Дотооддоо ажлын байр шинээр олноор нь бий болгож, дотоодын компаниудаа дэмжих, ялангуяа жижиг компаниудаа татвараас чөлөөлөх ээлтэй бодлого хэрэгжүүлснээр санхүүгийн цаг агаар дулаарна гэж шинэ Засгийн газар нь эрдэмтэн, судлаачдынхаа гаргасан таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байна.
Тэгвэл жижиг, томоор нь ялгаварласан Монголын Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл батлагдвал хэдэн улстөрчийн компаниас өөр зүйл үлдэхгүй. Үүгээр ч зогсохгүй монгол, гадаад гэсэн ялгааг үгүй хийчихээр монгол хүний нэрээр хэн ч компани байгуулаад ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр шууд Улсын бүртгэлд бүртгүүлээд давуу эрх эдлэхээр заажээ. Энэ бол Монгол Улсын эрх ашигт шууд халдаж буй, үндэсний аюулгүй байдлаа хөсөр хаяж буй үзэгдэл болоод байна.
УИХ-ын өнгөрсөн чуулганаар баталсан Стратегийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг УИХ-ын чуулганаар заавал оруулж зөвшөөрөл авдаг байсан хууль тэгтлээ муу байсан уу гэвэл бас үгүй. Стратегийн буюу эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл харилцаа холбоогоо өөрсдөө хянаж, төр хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар барьж байх нь гадаад улс орнуудын хөгжлийн жишиг. Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах үндэс суурь нь болохоор тэр хуулийг буруутгаж, “уулын буга хараад унасан морио” гэгч болох гэж байна. “Хөрөнгө оруулагч гэж үзээд зөвхөн бүртгэх системээр явж байгаа нь өөрөө инээдэмтэй юм. 15 тэрбум төгрөг гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдын хувьд тийм их мөнгө биш. Дотоодын бизнесмэн хөрөнгө оруулагчдын хувьд ийм чадалтай хүн цөөн. Харин ч гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр дотоодын олигархиуд олон жилээр өөрсдийгөө татвараас чөлөөлөх гэсэн оролдлого байх” гэж УИХ-ын гишүүн Г.Уянга хэлсэн нь ч дээрхийг батлаад байна.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ “ЗАЛГИХ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
“Атар” талхыг өдөр бүр худалдан авч байгаа жирийн монгол айлаас авахуулаад сонин гарчиглах гэж хэвлэл захиалж байгаа оффисын ажилтан хүртлээ бүгд л хөрөнгө оруулагч. Тэд бизнесийг дэмжиж байна, бас хөгжүүлж байна. Түүнээс биш халааснаасаа мянган “ногоон” цухуйлгаад явж байгаа гадаад хүн, эсвэл том компанийн захирлаас бусдад нь энэ нэр томъёо хүртээлгүй гэвэл эндүүрэл.
Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөвт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэжээ. Тэгвэл урд хөршөөс оруулж ирж Монголд үнийг нь нэмээд зардаг эрээн даавууг Чингэлтэйн Чимгээ эмээ ч оёдлын машин дээрээ хялбархан бүтээгээд зарчихна. Гэхдээ л түүнийг хөрөнгө оруулагч, бүтээгч гэж төр нь лав харахгүй байгааг Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл харуулж байна. Харин ч үндэсний аюулгүй байдал хаанэгтээ гээгдэж, оронд нь бүртгүүлээд л ороод ирэх буруу замаар хөлжсөн гадны нөхөд, эсвэл төрд сандайлсан тэрбумтнууд энэ хуулийн “өрөм”-ийг хүртэх нь. Тиймээс бид хэнийг хөрөнгө оруулагч гэж үзэх, ямар салбарт оруулах, ирээдүйд ямар үр ашиг өгөх вэ гэдгийг тооцох хугацаа хэрэгтэй байна. Түүнээс биш үргэлж бусдын дээвэр дор амьдарч, саахалтад нь самуун дэгдэхээр дагаад өөрсдөө хямарчихдаг дархлаагүй эдийн засгийг халах цаг ирж.
ӨӨРЧЛӨЛТГҮЙ ХУУЛЬД ЯАРАХЫН УЧИР
“Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөс эдийн засгаа сэргээх боломж харагдахгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн тогтвортой байсан нь төсөлд тусгаад байгаа энэ татварууд юм. Тогтвортой явсан татвараа дахиад тогтвортой байлгана гэж хуульдаа тусгаж өгснөөр хөрөнгө оруулагчийг татах уу, үгүй юу. Үүнд эргэлзэж байна” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэлсэн. Тэгвэл өөрчлөлтгүй хуулийг өөрчилсөн нэр зүүж дахин батлахын учир юу вэ. Хөрөнгө оруулалтад тавих иргэдийн хяналтыг сулруулах, хэн ч байсан хамаагүй хөрөнгө оруулагч нэр зүүлгээд гадаад эзэнтэй Монгол Улсыг бүрдүүлэх гэж байгаагийн цаад учир олигархиудын захиалгатай “булш”-ны хуульд байна.
Ж.ЦОГЗОЛМАА
ЗУУНЫ МЭДЭ СОНИН