Монгол Ардын намын шинэ Ерөнхий нарийн бич­гийн даргыг тодруулах сун­гаа ойртохтой зэрэгцээд мөрөөдлөө яригчид олширч эхэл­лээ. Дор бүрнээ өөрий­гөө “МАН-ын генсек”-ээр өр­гөм­жилж, авралын элч мэтээр тодорхойлж байна. Магадгүй энэ нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас МАН-ын дарга цаашлаад УИХ-ын дарга, Ерөн­хий сайд, Ерөнхийлөгч болж байсан улстөрчдийн нам­тар­тай холбоотой байж мэдэх юм. Үүнийг үе, үеийн Ерөн­хий нарийн бичгийн дар­га нарын намтар нотлох бөгөөд тэдний тухай тоймлон хүргэе.

Н.Энхбаяр: Тэрбээр энэ цаг үед л МАН-ын “дай­сан” мэтээр чичлүүлж бай­гаа ч цагтаа намдаа амьд бурхнаар өргөмжлөгдөж бай­сан эрхэм. Энэхүү алдар нэр нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан 1996-1997 оноос эхтэй. Тэрбээр энэ хугацаанд намын­хаа нүүр царай болж, боловсрол­той, мэдлэгтэй, ухаантай, гадаад хэлний мэдлэгтэй гээд бүхий л мөн чанараараа МАХН-ыг чирэгчийн үүрэг гүй­цэтгэж байж. Тийм ч учраас тэрбээр уг албан тушаалаас шууд МАХН-ын даргаар сонгогдсон бай­даг.

Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийнхөө хувьд ахмад үеэ намаасаа холдуулах, тэдний ул мөр үндэс угсааг үгүйсгэх, өөрийгөө өргөмжлүүлэх бүх төлөвлөгөөгөө Ерөнхий нарийн бич­гийн даргын албыг хашсан жил хүрэхгүй хугацаанд “бичсэн” байх талтай. Тэгэхээр тэрбээр намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг үр ашигтайгаар ашиглаж, өөрийнхөө замыг тэг­шитгэх дамжлага шат болгож чад­сан хамгийн овжин генсек байж мэдэх юм.

Л.Энэбиш: УИХ-ын дарга Л.Энэбиш агсны тухайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дараа буюу 1997-2000 оны хооронд намынхаа генсекээр ажилласан. Ин­гэхдээ тэрбээр намын дарга болох Н.Энхбаярынхаа айдас, болгоомжлол нь байсан тухай намынх нь гишүүд дурсдаг. Хэдийгээр дээрх дүгнэлт хэт­рүүлэг мэт санагдаж болох ч энэ үеийн Монголын улс төрд “Н.Энхбаяр хийгээд Л.Энэбиш нарын зөрчил” гэсэн нэгэн гашуун түүх бичигдэх нь бий.

МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд Ерөнхий сайд болоод намынхаа дарга болсон даруйдаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа эхлүүлсэн ахмадуудаа холдуулах арга ухааныг нарийвчлан хэрэгжүүлж эхэл­сэн гэдэг. Үүнийг нь Ерөнхий нарийн бичгийн дарга нь болох Л.Энэбиш эсэргүүцсний зэрэгцээ тухайн үед дэгдсэн казиногийн хэрэгт Н.Энхбаярын нэр холбогдож байсныг олж мэдсэн байдаг. Мөн “АПУ” компанийн хувьчлал, “Чингис хаан” банкны санаархалд ч тэд­ний санал зөрөлдөж байсныг тэр үеийн хэвлэлийн шарласан хуудас гэрчилнэ. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын 2000 оны сонгуульд ялалт байгуулсан МАХН дахь эрх мэд­лийн хуваарилалт ч намын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг улам бүр зөрчилдүүлж орхисон гэх юм билээ. Хэдийгээр тухайн үед Л.Энэбиш агсан УИХ-ын дарга болсныг эс тооцвол шүү дээ.

Д.Идэвхтэн: Тэрбээр МАХН хүчирхэг байх үед буюу 2001-2004 онд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ үед Монголд хэн хүчтэй байсан бэ гэхээр бүгд Н.Энхбаяр гэдэг хариултыг өгөх нь гарцаагүй. Тийм ч учраас Д.Идэвхтэн гэдэг хувь хүнийг улстөрч талаас нь бус зөвхөн Н.Энхбаярын гар хөл гэдэг талаас нь харагсад дэндүү олон. Энэ үнэлэмж өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй бөгөөд тэр­бээр УИХ-ын дэд дарга байхдаа ч, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байхдаа ч тодорхойгүй нэгэн бай­саар ирсэн. Зөвхөн удирдлагын хэлснийг дамжуулах, түүний байр суурийг олон нийтэд бататгахыг чухалчилсан болохоос бус хувь хүнийхээ мөн чанар, үзэл бодлыг иргэд сонгогчдоос нуучихсан гэхэд хэтрүүлсэн болохгүй ээ.

С.Баяр: Тэрбээр Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2005-2007 оны хооронд хашихдаа Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын нэгэн адил МАХН-ын даргын суудалд хүргэх нүүдэл хэмээн харснаараа тэр хоёрт адил төстэй зүйл нэг мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас намын дарга болох М.Энхболдыгоо унагах хорыг тэрбээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хүч хавсран гүйцэтгэсэн.

Ингэх­дээ тэрбээр Н.Энхбаярын гэх тодотголтой “элсний-13”-ыг хур­цалж, намынхаа их хурлыг ёстой л ший жүжиг болгож хувиргах нь тэр. Үүнийхээ хүчинд өөрөө МАХН-ын дарга болсон. Тэр ч битгий хэл намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас шууд МАХН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайд гэсэн давхар, давхар үсрэлт хийсэн нь түүнийг Н.Энхбаяраас өөрцгүй нэгэн болсныг нь баталсан юм. Түүгээр ч зогсохгүй тэрбээр Ерөнхий нарийн бичгийн дарга байх хугацаандаа намдаа өөрийн гэсэн баггүй улстөрч гэдэг хувь хүний дутагдлаа нөхөхөөр олон арван үл танигдах залуус, нутаг нэгтнээ хүчээр шахаж, оруулж ирсэн нь МАХН-д чамгүй зөрчил үүсгэсэн талтай.

Ё.Отгонбаяр: Гэнэтийн сон­голт. С.Баяр намын дарга болохтой зэрэгцээд МАХН-ын Удирдах зөв­лөлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр сэнтий рүү үсэрчихсэн нэгэн. Энэ албыг тэр­бээр 2007-2009 онд хашсан бөгөөд нам гүм, чив чимээгүй намынхаа даргын сүрд дарагдсан Ерөнхий нарийн бичгийн дарга байсан юм. Магадгүй түүний ийн нуувчинд орох үндэс нь өмнөх жил нь гаалийн Х.Баатарт гаргаж өгсөн “Манай намын Бага хурлын гишүүд дор бүрнээ намдаа хандив цуглуулахад тодорхой үүрэг хүлээдэг болно” гэх утга бүхий албан бичигтэй нь холбоотой байж болох. Тэрбээр уг бичгийг Гаалийн ерөнхий газ­рын дарга асан Х.Баатарыг шал­гуулж байхад гаргаж өгсөн нь тухайн үедээ л багагүй дуулиан, шуу­гианыг дэгдээсэн. Түүнчлэн С.Баярын МАХН-ыг боловсролтой, мэд­лэгтэй залуусын цугларалт бол­гож харагдуулахыг хүссэн үндсэн төлөвлөгөөнийх нь нэг хэсэгт гол дүр бүтээсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийхээ ч хүчинд тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албанд сууж чадсан юм.

У.Хүрэлсүх: Онцгой Ерөнхий нарийн бичгийн дарга. 2009-2012 он хүртэл хуучин МАХН хийгээд шинэ МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа тэр­бээр намынхаа дарга бөгөөд Ерөн­хий сайд асан С.Батболдын сүр сүлд, нэр хүнд гээд бүх зүйлийг өөрийнхөө сүр хүчинд дарж орхисон нэгэн. Улмаар намынхаа уугуул нэрийг сэргээж, намынхаа залууст цор ганц удирдагч мэтээр өөрийгөө ойлгуулж чадсан нь түүний хувьд амжилт гэхээс илүүтэй алдаа бол­сон байж болох. Хэдийгээр тухайн үедээ тэрбээр С.Батболдоосоо сүртэй, итгэлтэй харагдаж байсан ч цаг хугацааны шалгуурт түүний уг жүжиглэлт, дүр эсгэлт нь өөрөө завсарлага авахаас өөр аргагүй байдалд хүргэсэн гэвэл үнэнд нийцнэ. Тийм ч учраас тэрбээр УИХ-ын гишүүний эрх мэдлээс татгалзаж, өдгөө 2016 оныг хүлээж, шинэ эхлэлд өөрийгөө бэлтгэхийг чухалчилж буй.

Г.Занданшатар: Яг одоогийн нөхцөл байдалд түүний талаар МАН-ын гишүүд хоёр янзын байр суурьтай байгаа. Нэг хэсэг нь “МАН-ыг өнгөрсөн хугацаанд Г.Занданшатар л авч явлаа” хэмээн талархаж буй бол тэдний эсрэг талд намын “Ерөнхий нарийн бичгийн дарга хүн хэзээ ч сул дорой, үлбэгэр сулбагар байж болохгүй юм байна” гэх дүгнэлтийг хийчихсэн гэх. Өөрөөр хэлбэл тэрбээр энэ удаа У.Хүрэлсүх най­зынхаа үлдээсэн сүүдэрт дарагдаж орхисон ч ялагдлын хүнд үед намаа зохион байгуулалтад оруулж, баг хамт олноо нэгтгэх гэж чадлаараа зүтгэсэн нь тодорхой.

Тиймээс ч дараагийн Ерөнхий нарийн бич­гийн дарга болохоос илүүтэй 2016 онд Монголын улс төрд жинтэйхэн шиг бууриа сэлгэн орж ирэхийг чухалчлах болов уу. Харин МАН-ын дараагийн Ерөнхий нарийн бич­гийн дарга нь хэн байх вэ. Б.Энхмандах, Ж.Сүхбаатар, Д.Цогт­баатар, Ж.Мөнхбат...?

Г.Отгонжаргал

УЛСТӨРИЙН ТОЙМ СОНИН