Шинэ оны улстөрийн шуугианыг ууган хүчин МАН ч биш, АН ч биш МАХН эхлүүлэх нь нэгэнт тодорхой боллоо. Ард үлдсэн оны хуучирч амжаагүй хэвлэлийн хуудаснаа “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа гарахыг МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва зөвлөсөн тухай тэрээр өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн” гэх мэдээлэл үлдсэн ч шинэ оны босгон дээр олон талаасаа амь орж эхлэв. Зөвхөн үүгээр ч зогсохгүй О.Баасанхүү энэ тухайд тодорхой байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, тэрээр “Д.Тэрбишдагва намайг намаас гарахыг зөвлөсөн. Би намын тухай зүйл ярьсан. Харин Д.Тэрбишдагва өөр зүйл ярьж, бидний дунд үл ойлголцол үүссэн” хэмээсэн. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын жагсаалтаар УИХ-д суусан гишүүдийг эргүүлэн татдаг болох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ хууль нь хэрэгтэй хийгээд намын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод бусдын үгэнд ордоггүй, тэр тусмаа намынхаа даргын үгийг ч үл ойшоодог нөхдүүд олон болжээ. Тэгэхээр намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийн энэхүү хууль айлгаж байна хэмээн захиалгатай гэмээр ч нийтлэл бичигдэх болов. Энэ хууль хэзээ өргөн баригдаж, хэзээ батлагдахыг бүү мэд. Хөндлөнгийн эх сурвалжийн ам дагуулсан энэ нийтлэлийн ар талд чухам юу нуугдаж байгаа нь л сонин. Магадгүй, хэн нэгнийг айлгаад ч байгаа юм шиг. 
         
Мөн дээрх твиттер хуудаснаа жиргэсэн жиргээний мөрөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа дарга Н.Энхбаяртай уулзахаар Солонгос улсыг зорьсон тухай ч хэвлэлүүд дэлгэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд О.Баасанхүүг МАХН-аас гаргах замаар өөрөө УИХ-ын гишүүн болохоор нэгэнт шийдсэн байна. Сонгуулийн хуулиар О.Баасанхүү намаасаа гарсан тохиолдолд автоматаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, жагсаалтын дараагийн хүн нөхөн тангараг өргөх учиртай хэмээн өгүүлсэн ч байна. Болохгүй зүйл алга. Үнэхээр МАХН-ын дарга өөрөө хүсч байгаа бол УИХ-д орж болно. МАХН-ын жагсаалтад эрэмбэлэгдэж УИХ-д сууж байгаа хэдэн гишүүний хэнийг нь ч нэрийг татуулж чадна. Бас намаас нь гаргаж чадна. Харин үүний золиос нь хэн болох вэ гэдэг нь л анхаарал татсан зүйл аргагүй мөн. Юутай ч намын жагсаалтын нэгдүгээрт МАХН-ын дарга эрбэмлэгдсэн бол намын дэд дарга Ч.Улаан хоёрт, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар удаалж орж ирсэн. Тэгэхээр намынхаа даргад суудлаа өгөх хамгийн өндөр магадлалтай хүн нь яах аргагүй О.Баасанхүү мөн. Ч.Улаан бол мэдээжийн хэрэг үгүй. З.Баянсэлэнгэ нэг удаа иргэний зориг гаргаж мэдэх. Ц.Оюунбаатарын хувьд ч буурь зааж үлдэх байх. Тэгэхээр З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын аль нэг нь Н.Энхбаярт суудлаа өгөхөөс өөр аргагүй. 

Хэдийгээр тэд Н.Энхбаяр, МАХН хэмээх нэрийн буянаар УИХ-ын суудалд очсон ч амьдралд ганцхан удаа олдох алтан боломжийг тийм ч амар өгчихгүй. Тэгэхээр үүний цаана хөрөнгө, мөнгө гээд маш том тохироо явна. Хэн нэг нь хэдийгээр иргэний зориг гаргаж байгаа хэдий ч нам дотор хагарал ч үүсч магадгүй. Хэрвээ Н.Энхбаярын улстөр эхлээд УИХ-д ороод ирвэл Засгийн газрын бүтэцэд хүртэл өөрчлөлт орж таарна. Хамгийн сонирхол татаж байгаа зүйл гэвэл “Намынхаа даргын үгэнд ордоггүй. Дүрэм журамгүй” хэмээн захиалгат бололтой нийтлэлийг Ж.Батзандангаар халхлан бичиж байгааг ухаж ойлгоход ихээхэн төвөгтэй юм. Шууд утгаар нь ойлговол, УИХ-д суудал авсан МАХН-ын хэн нэгэн гишүүнийг шууд намаасаа хөөх гэж байгаа мэт. Юутай ч хуулиараа бол жагсаалтаар орж ирсэн гишүүн хэрвээ намаасаа татгалзвал УИХ-ын гишүүнээс шууд автоматоор татгалзах учиртай. 

Хамгийн гол аюул нь эрх баригч нам Н.Энхбаярыг УИХ-д оруулж ирэх эсэх асуудалд заавал гар бие оролцож таарна. Тэд Н.Энхбаяраас айж байгаа бол түүнийг УИХ-д оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна. Арай л Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж тэнэгтэхгүй байх. Тохиролцохоос эхлээд айлгах шантаажлах гээд олон л зүйл болно. Ц.Элбэгдорждоо ч хандана гээд энэ оны улстөр ихээхэн сонирхолтой эхлэх нь. Намаасаа татгалзсан гишүүн УИХ-ын суудлыг автоматаар орхих хуультай ч хууль бусаар аргамжих олон аргыг эрх баригч намынхан мэднэ. Ялаас мултраад удаагүй байгаа Н.Энхбаяр даргад ирэх шантааж бий. Түүний дүү Н.Энхтуяаг өнөөдөр болтол интерполоор эрэн сурвалжилж байгаа. Хамгийн наад зах нь гэхэд л энэ ажиллагааг идэвхжүүлнэ. Бусдыг нь хоморголон шалгана гэхээр Н.Энхбаяр эрх биш хойш сууж л таарна. Нөгөө талд намынхаа даргын золиосонд явахаар зэхсэн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нартай эрх баригчид тохироо хийхийг үгүйсгэхгүй. Хор найруулж байгаад М.Сономпилийг зайлуулж, О.Баасанхүүг сайд болгоё л доо. Үгүй гэж чадах уу. М.Сономпилийг зайлуулахад хор найруулаад ч байх шаардлагагүй байх. Тэгээд ч удахгүй Н.Алтанхуягийн Засгийн газар унана. Дараагийн Засгийн газарт багтаана гэхэд хойш сууж л таарна. З.Баянсэлэнгийн дараагийн улстөрийн карьерт нөлөөлөх томоохон амлалт өгье л дөө. Үгүй гэж чадах уу. Ганцхан олдсон энэ боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй. Магадгүй тэдний амьдралд ахин ийм боломж ирэхгүй ч байж болно. Тэгэхээр их улстөрд гуравдагч хүчний уухайгаар дамжсан их үймээн дэгдэх нь гарцаагүй болжээ. Эцэст нь анхааруулж хэлэхэд цаадуул нь хулхидаж мэдэх нөхөд шүү. Таны өмнө АН-ын үгэнд орох уу, Н.Энхбаяр даргынхаа үгэнд орох уу гэдэг том бөгөөд тун ч эмзэг сонголт байна. 

С.Ууганбаяр