Оюутолгойг ухсанаас Ё.Отгонбаяр мэтийн хүмүүсиийг ухвал төрд ч түмэн олонд ч ашигтай юм биш үү? Нийслэлийн төсвийг хоёр нугалсан хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх мөнгө нэгэн эрхмийн дансаар урссан хэмээн хэвлэлээр шуугиж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын данснаас их хэмжээний мөнгө илэрсэн тул Улсын мөрдөн байцаах газраас баривчилсан. УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн учраас Ё.Отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарт Эрүүгийн хуулийн 166, 270 дугаар зүйлд зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.


Нэг л улстөрчийн халааснаас олон аавын хүүгийн насаараа идэж барахгүй хөрөнгө гарч ирж байгаа нь олныг цочирдуулж, битүүхэндээ шоконд оруулаад байна. Аргагүй дээ эдийн засгийн буурай хөгжилтэй Mонгол орны хувьд ийм их мөнгийг ганц хүн шамшигдуулна гэж яахан бодож, сэтгэх билээ дээ.

Тэрбээр өнгөрсөн Засгийн газрын үед БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь 13 сая 850 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 155 сая 761 мянган төгрөг. Гэтэл эрхэм экс сайдын эхнэр нь нөхрийнхөө “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансанд 2009-2013 оны хооронд нийтдээ 465 тэрбум гаруй төгрөг байршуулсан болохыг хууль хяналтын байгууллагынхан тогтоогоод байна. Тэрбээр "УБ зочид буудал", "Говь", "Чимбай", "Скай Трейдинг", "Альянс" зэрэг компанийн хувьцаа эзэмшдэг аж. Гэтэл мөн л УИХ-ын гишүүн С.Баярцогтын адил хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу өгчээ. Хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгөтэй экс сайд яагаад хөрөнгө орлогын мэдүүлгээ сая дахин багасгаж, саяар илэрхийлэв.

Түүний эхнэрийг ийнхүү цагдан хорьсон талаар өөрөө ч мэдэлгүй жиргэж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр өөрийн жиргээ хуудсандаа “Би хөдөө явж байгаад дөнгөж сая утсаар холбогдлоо. Тодорхой мэдээлэл алга. Ямартай ч тэр их хэмжээний мөнгө надад байхгүй гэдгийг хэлье” гэжээ. Түүнийг өнөөдөр УИХ-ын Тамгын газраас өвчтэй хэмээн мэдэгсэн. Гэтэл эрхэм экс сайд хөдөө орон нутагт ажлаар явж байгаа аж. Юу л болоод байна даа. “Ангийн дарга” З.Энхболддоо худал хэлж чөлөө авсан уу? Аль эсвэл ямар нэг нуугдах гэсэн оролдлого байсан уу?

Ё.Отгонбаяр ханшийг огцом өсгөж дуулиан дэгдээлээ

Юун Н.Энхбаяр. Түүний үнэ цэнийг навс унагаж, экс сайд Ё.Отгонбаяр хэдэн зуун тэрбумаар зэрэглэл тогтоолоо. Харин ч Н.Энхбаяр тэнгэрээс од шүүрсэн мэт гэнэт суллагдах болов. Тэгэхэд нь дөрөө болсон Ё.Отгонбаярт тэр битүүхэн баярлаж суугаа. МАХН гэх нэрийн улс төрийн ууган хүчинд хамт зүтгэж явсан нөхөр ийнхүү буян боллоо хэмээн хүмүүс жиргэж байна. Арга ч үгүй дээ анхандаа экс сайдыг Н.Энхбаярын хүн хэмээж байсан. Түүнийхээ ч үр ашгийг гаргалаа.

Угтаа бол хууль хүчнийхэн төрийн хамгаалалтад байсан эрхмийг төвөггүйхэн хүч хэрэглэж, хоёр хөлийг гозолзуулаад цагдан хорьсон. Улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн намын нөхөд нь үзэж, өнөөдрийг хүртэл цагдан тэмцлээ илэрхийлж байгаа. Түүнийг авлига, албан ту­шаалын хэрэгт холбогдуулан бу­руутгасан. Н.Энхбаяр нь УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан аж. Түүний шамшигдуулсан энэ мөнгөний хэмжээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, түүний гэргий хоёрын угаасан мөнгөний хэмжээтэй зүйрлэвэл юу ч биш. Магадгүй Н.Энхбаярыг яллаж байх үед Ё.Отгонбаяр гишүүн инээгээд л өнгөрсөн байх. Аргаггүй дээ. Учир нь МАНАН-гаас гаргасан Н.Энхбаярыг унагах ганц боломж энэ байсан.

Шил шилээ дарсан өмнөх Засгийн газрын гишүүдийн мөнгө угаасан гэмт хэргүүд үргэлжилж ийнхүү цуварч байна. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын нууц хүү Энхбатын гэрээс хоёр сая 245 мянган юань буюу тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг, дээр нь зургаан мянган америк доллар олдсон билээ. Тухайн мөнгийг хадгалж байсан хүү нь “Бизнес хийж олсон. Христийн сүмийн пастерынх” гэхчлэн худал мэдүүлж байгаад эцэст нь түүний аав Хүрэлбаатарынх гэдгийг хүлээсэн. Нууц данстай эрхмийн араас нууц хүүдээ хадгалуулсан мөнгө илэрч төсвийн хаашаа урсгалтайг тодотгож байна. Энэ шуугианы дараахан Н.Хүрэлбаатар хил даваад алга болсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй гэсэн мэдээлэл гарав. Одоогоор Интерполын албан ёсны хуудсанд түүний нэрийг байршуулаагүй байгаа юм.

Угтаа бол улсаас хамгийн их анхаарч, төсвийг баруун солгойгүй цацдаг Боловсрол болон Эрүүл мэндийн салбараас тэрбумтнууд төрж байна. Монгол орны хамгийн чухал салбарт төр засаг хамаг төсвөө зарцуулж байгаа ч ахиц дэвшилгүй байсны зангилаа одоо л тайлагдаж байх шиг байна. Эдийн засгийн хөгжлийн урагш татаж байгаа уул уурхайн салбарыг ухвал ийм их хэмжээний мөнгө гарахгүй байх аа.

Б.Даваатогтох

www.bataar.mn