"Нөхөрт гарахаасаа өмнө янз бүрийн залуустай уулзаж, учирч үз. Залуу сайхан насаа мэдэр” гэж ахимаг авгайчуул залуу бүсгүйчүүдэд захих тохиолдол бишгүй л байдаг. "Жор мэдэх эмчээс зовлон мэддэг чавганц дээр” гэсэн зүйр үгийг бодвол ахимаг авгайчуудын сануулаад, зөвлөөд байгаа нь зөв юм шиг санагдах нь бий. Гэхдээ бас жор үзэж, гэр бүлийн харилцааны талаар бүтэн судалгаа хийчихсэн судлаачдын дүгнэлт, сануулгыг үл ойшоох хэрэггүй биз ээ. Ингээд та бүхэнд "Нөхөрт гарахаасаа өмнө хэдэн эртэй энгэр зөрүүлэх нь зөв бэ?” гэсэн асуултад сексологич эрдэмтэн, судлаачид юу гэж хариулж, ямар тайлбар өгснийг багцлан хүргэж байна.

Амраг олон бол асуудал олон

Эрчүүдийн сэтгэлийн гүнд онгон охинтой гэрлэж, сэвгүй сайхан амьдрал бүтээх хүсэл үргэлж нуугдаж явдаг. Гэхдээ орчин цагийн байдал, бүсгүйчүүдийн өөрчлөлтийг тооцоод үзвэл энэ хүсэл нь мөрөөдөл, тэнэглэлээс нэг их ялгаагүй болж хувирч байна. Эрчүүд ч онгон охинтой гэрлэнэ гэж найдахаа бараг больсон биз. Гэвч судлаачдын олж тогтоосноор эрчүүд уг нь тэр хүсэлдээ итгэж, найдах хэрэгтэй аж. Учир нь онгон биеэ өгсөн эртэйгээ гэрлэх тохиолдол 100 эмэгтэйн 23-д нь байдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, ¼ нь ийм гэрлэлт байдаг гэнэ.

Бас нэгэн өөр үзэл бол "Хайртай бол өмнөх бэлгийн амьдрал нь хамаагүй” гэсэн бодол. Залуу насны томоогүй үйлдэл, гэнэдэлт гээд уучилж, ойлгож болох юм зөндөө. Өөртэй тань уулзахаас өмнө учирсан эрчүүдийн жагсаалтыг гаргах нь утгагүй хэрэг гэж зарим нь үздэг. Ямартай ч орчин цагийн боловсон эрчүүд ингэж л ярьдаг. Гэвч судлаачдын тогтоосноор бол гэр бүлтэй болохоосоо өмнө байсан бэлгийн харьцаа эргээд гай болох тохиолдол элбэг гэнэ.

Виржинийн их сургуулийн эрдэмтэн Галина Рудес, Скотт Стэнли нар 18-34 насны эмэгтэйчүүдийн дунд хэдэн жилийн турш судалгаа явуулжээ. Ингээд судалгааны дүнгээ гаргатал "Гэрлэхээсээ өмнө хэр олон эртэй энгэр зөрүүлж үзсэн байна, төдий хэмжээгээрээ гэр бүлийн амьдралдаа аз жаргалгүй байдаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн ажээ. Харин зөвхөн нөхөртөө биеэ өгсөн бүсгүйчүүд бэлгийн харьцаанаасаа таашаал авах нь илүү байснаас гадна гэр бүл нь ч илүү аз жаргалтай нь тогтоогдсон байна. Харин гэрлэхээсээ өмнө 1-2 залуутай энгэр зөрүүлж үзсэн бүсгүйчүүдийн 42 хувь нь гэр бүлийнхээ хүнээс таашаал авдаг гэсэн дүн гарчээ. Тэгвэл нөхрөөсөө өмнө 10 болон түүнээс дээш эрчүүдтэй "унтаж” үзсэн бүсгүйчүүдийн 20 хувь нь гэр бүлийнхээ хүнээс таашаал авдаг нь тогтоогдсон байна.

Хүчтэй сэрэл мэдрэмжийн ул мөр

Эрдэмтэн судлаачид гэр бүл салалтын нэг чухал шалтгааныг нөхрөөсөө таашаал авдаггүй байдал гэж үздэг. Нөхрөөсөө өмнө олон амрагтай байсан эмэгтэйчүүд урьдын янаг амрагийн явдлаа үгүйлж, нөхрөө өмнөх залуустайгаа харьцуулж, голох сэтгэл их байдаг. Зарим нь нөхөрт гарснаа алдаа ч гэж бодож эхэлдэг гэнэ. Таашаал авахгүйн дээр ийм эргэлзээ нь гэр бүлийг салалт руу хөтөлдөг ажээ.

Мэдээж, өмнөх эрчүүдтэйгээ нөхрөө харьцуулахад эн зэрэгцэлгүй гологдох нь элбэг байдаг юм байна.

"Секстээ үнэхээр сайн амрагтай байсан бүсгүйн тархинд тэр хүчтэй сэрэл мэдрэмжийн ул мөр үлдчихсэн байдаг. Гормоны таашаал авсан тэр мэдрэмж олон жилийн турш ой тойнд нь үлддэг тул түүнийгээ эргээд үгүйлэхэд эрхгүй хүргэдэг” гэж сэтгэл судлаач Андрей Сахно дүгнэжээ.

Анхны дурлал, анхны хайр хүчтэй романтик сэтгэгдэл дээр үндэслэгддэг тул сэтгэлд их тод ул мөрөө үлдээдэг. Харамсалтай нь анхны юм амьдрал болох нь нэн ховор. Тиймээс тэр анхны гэсэн сэтгэгдэл эмэгтэйчүүдийн насан туршид нь ул мөрөө үлдээж, зарим нь бүр хар сүүдэр болон дагадаг ажээ.

Романтик, хөгжилтэй харилцаагаа үгүйлсэн бүсгүйд нөхөрт гарч, нэгэн янзаар амьдрах нь уйтгартай, гунигтай санагддаг байна. Тэгвэл энэ гуниг, уйтгар гээч нь гэр бүл салалтын хамгийн гол хүчин зүйл гэдгийг Виннипегийн их сургуулийн хэсэг эрдэмтдийн судалгаа саяхан нотолсон байна.

Өмнө дурьдсан Рудес болон Стэнли нарын эрдэмтдийн олж тогтоосноор нөхрөөсөө өмнө олон эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэйчүүдийн сексийн хувьд туршлага сайтай болохоос гадна эрчүүдээс салаад сурчихсан байдаг гэнэ. Салаад, харилцаагаа таслаад сурчихсан тэр дадал нөхрөөсөө ч залхаж, гэр бүлээ цуцлуулахад улам дэм өгдгийг тогтоожээ.

0 байвал онц, 10-аас дээш байвал муу

Эрчүүдийн дунд явуулсан судалгааны дүнд итгэх юм бол орчин үеийн залуусын ихэнх нь "Миний бүсгүй надаас өмнө 10 орчим залуутай энгэр зөрүүлж үзсэн байхад асуудалгүй” гэж үзжээ. Эндээс нэг зүйлийг сайн анхаарч, анзаарах хэрэгтэй. 10 орчим болохоос биш 10-аас дээш биш гэдгийг.

Тэгэхээр огт өөр залуутай учраагүй онгон байвал онцсайн, 10 орчим залуутай байсан бол асуудал болгохгүй байж болох юм байна.

"Зарим эрчүүд эхнэрээ өмнө нь хэдэн эртэй энгэр зөрүүлж байсныг мэдмэгцээ түүнд эмзэглэж, байнга шалгаах "өвчинд” нэрвэгддэг. Тэд илүү дэлгэрэнгүй ярихыг хүсч, шаардаж эхэлдэг. Ингэсээр байгаад гэр бүлийн харилцаа тэвчихийн аргагүйд хүрэх нь ч бий. Зарим нь бүр эхнэртээ гар далайх гол шалтгаанаа ч болгодог” гэж сэтгэл судлаач Андрей Сахно анхааруулжээ.

Үүнээс эрдэмтэд нэгэн зөвлөгөөг эмэгтэйчүүдэд өгч байна. "Элдвийн судалгааны дүнд итгэж, нөхөртөө өмнөх залуусынхаа талаар ярих хэрэггүй. Тэгвэл гэр бүлээ авч үлдэх, харилцаандаа сэв суулгахгүй байж болно” гэж. Нөхөр нь гарцаагүй шалаад, лавлаад байвал "Хайрт минь, чамаас өмнө би нэг л залуутай ганц л удаа унтаж үзсэн. Тэр надтай гэрлэнэ гэдэг байсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ хөгийн амьтан байж таарсан юм. Азаар би түүний хэн гэдгийг эрт мэдсэн нь яамай даа” гэж нөхөртөө хариулах хэрэгтэй. Үгүй бол өмнөөс нь сайхан инээмсэглээд "Би чамтай уулзахдаа онгон байсан шүү дээ” гэж тоглоом хийгээд өнгөрөх ч дажгүй аргуудын нэг юм.

Яар бас яарах хэрэггүй

Бэлгийн харьцаанд орох гэж яардаггүй, хүлээхийг илүүд үздэг бүсгүйчүүд гэр бүлийн аз жаргалыг олж авах нь элбэг байдаг ажээ. Лондоны их сургуулийн профессор Роберт Сеймур аль болох удаан тэвчиж, араасаа удаан гүйлгэсэн эртэйгээ гэрлэх нь аз жаргал авчирдаг болохыг хэлсэн байна.

"Хүн дээр бус амьтан дээр ч үүнийг бас нотолж болдог. Секс хийхээс өмнө эмэгчингээ аль болох удаан эргүүлж, араас нь гүйсэн гэр бүл илүү жаргалтай, бат бөх харилцаатай байдаг нь сармагчин дээр ч нотлогдсон зүйл. Эмэгчин сармагчин олон эр сармагчинтай харилцдаг ч тэр бүрий харьцаанд ордоггүй. Тэгээд удаан хугацааны явцад шаардлага хангахгүй эрэгчингүүд хасагдаж, үнэхээр сайн эргүүлдэг нь үлдэж хоцордог. Тэгээд түүнийгээ эмэгчин сонгодог” гэж Роберт Сеймур өгүүлж байна.

Эмэгтэйчүүд ч амьдрал дээр яг л ингэж хандах ёстой гэнэ. Залуудаа хайртай, секс хийхийг их хүсч байлаа ч гэсэн хэсэг хугацаанд тэвчиж, тарыг нь таних чухал.

Анхны болзооныхоо орой өвөрт нь орох эмэгтэйчүүдийн хувьд сайн нүүдэл биш ээ. Бас нэг талаас нь харахад, онгон байхдаа нөхөртэйгөө гэрлэлээ гээд бэлгийн таашаалыг бүрэн мэдэрнэ гэсэн үг биш аж. Онгон биеэ нөхөртөө өгсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь дур тавилтыг мэдрээгүй нь судалгаагаар бас тогтоогдсон юм байна. Гэтэл олон эртэй энгэр зөрүүлж явсан бүсгүйчүүд бүгдээрээ гэр бүлдээ аз жаргал амсдаггүй гэж бас ойлгож болохгүй.

Өөрөөр хэлбэл, яг ийм тийм гээд заачихсан зааг хязгаар энд байхгүй. Тэгэхээр олон эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй "Би гэр бүлээс аз жаргал амсахгүй” гэж гутарч болохгүй ажээ. Иймээс нэг талдаа яарах хэрэггүй атлаа нөгөө талдаа бас яарах нь ч онодог байх нь.

Зан заншил өөр

Онгон охинд улс үндэстнүүд янз янзаар ханддаг. Зарим улсад өөр эртэй энгэр зөрүүлчихсэн бүсгүй нөхөрт гарч чаддаггүй. Тухайлбал, Ойрхи Дорнодын зарим улсад өөр эртэй "унтчихсан” бүсгүйг нөхөр нь төрхөмд нь шууд буцаадаг. Тэгээд тухайн бүсгүй насан туршдаа үйлээ үзэх нь бий.

Гэтэл Төв Америкийн индианчуудад онгон охин огт хэрэггүй. Учир нь онгон байна гэдэг эрчүүдийн дур хүслийг татдаггүй "эрэмдэг амьтан” гэсэн ойлголттой дүйдэг байна.

Зарим улсад хүзүүндээ цагираг зүүчихсэн бүсгүйчүүд байдаг. Нэг цагираг нь нэг эрийг илэрхийлдэг гэнэ. Аль болох олон цагирагтай байх тусмаа тэр бүсгүйн хурим сүртэй нижгэр болдог аж.

Балеарийн аралд эмэгтэйчүүдийг омгийнхоо өмч гэж үздэг. Тэгээд хуримын орой бүсгүй омгийнхоо хүссэн бүх эртэй энгэр зөрүүлэх үүрэг хүлээдэг ажээ.

Орчин цагийн хандлага

National Survey of Sexual Attitudes and Lifestyles хэмээх нэртэй судалгааг арван жилд нэг удаа авдаг. Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүд насан туршдаа дунджаар хэдэн амрагтай байдгийг тогтоодог ажээ.

1990-1991 онд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд насандаа дунджаар 4 амрагтай байж. Харин 1999-2001 онд явуулсан судалгаагаар энэ тоо 6 болж өсчээ. Харин 2010-2011 онд явуулсан судалгаагаар тоо бүр 8 болсон байна.

Үүний зэрэгцээ бэлгийн харьцаанд анх орж буй нас ч улам залуужжээ. 16 хүрээгүй эмэгтэйчүүдийн 29 хувь нь онгон байдлаа аль хэдийнэ алдсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, бараг 30 хувь нь насанд хүрээгүй байхдаа онгон биеэ алджээ.

Мөн таван бүсгүй тутмын нэг нь сексийн бүхий л чиг хандлагаар "наадаж” үзсэн байдаг гэнэ.

SEREL.MN