Тун удахгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Мэдээж улстөр, эдийн засаг, санхүү, биз­несийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярил­цаж таарна.
Ерөнхий сайд маань “Манай нүүрсийг арай ахиухан үнээр аваач” гэж сулхан дуугарах л байх. Харин өмнөөс нь “Бидэнд нүүрсээ танайхаас хямдхан өгдөг Австрали, Орос, Индонез, Мозамбек гээд зөндөө олон нийлүүлэгч байна. Яах вэ, хил залгаа оршдогийг нь бодоод тонн нүүрсийг чинь 40 ам.дол­лараар авбал авъя. Түүнээс дээш бол яасан ч үгүй” хэ­мээн их гүрний ааш үзүүлж болзошгүй л юм.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн 50 орчим ху­вийг дангаараа бүрэл­дүүл­дэг нүүрсний салбар яах аргагүй их тулааны өмнөх шиг нам гүм, хүлээлтийн байдалд орчихоод байгаа нь хэнд ч илэрхий болсон.
Биднийг төмөр замын ца­ригийг улс­төржүүлж “На­рийн царигтай зам тавь­чихвал хятадууд танкаа ачаад ороод ирнэ” хэмээн баатарлаг эх оронч ца­райлж байх хой­гуур баавгай, луу хоёр тэв­рэлдэн учраа олж, дэл­хийн нүүрсний хамгийн том хэрэглэгч хятадыг оросууд нүүрсээрээ дараад эхэлчихжээ.
Хятадууд жилдээ гур­ван тэрбум тонн нүүрсийг үнс болгож дулааны ца­хилгаан станцуудаа ажил­луулдаг гэнэ. Харин түүнийх нь дөрөвхөн хувь буюу 130 сая гаруйхан тонныг гаднаас авдаг байна.
Мөн ч өчүүхэн байгаа биз. Дэлхийн нүүрс­ний нөөцийн 19 хувь буюу 170 тэрбум тонн нүүрс урд хөршийн хөрсөн дор булаастай байгаа. Ийм агуу нөөцтэй улс манайхаас ганц вагон нүүрс ч царай алдахгүй байж чадна.
Гэтэл биднийг хоорондоо цэцэрхэн төмөр замын царигийн талаар ном хаял­цаад сууж байтал нэгдүгээрт хөрш хятадууд маань хямд нүүрс нийлүүлэгч олонтой болчихлоо.
Хоёрдугаарт дэлхий ний­тийн чиг ханд­лагаас үзвэл нүүрс шатаан устөрөгчийн хий ялгаруулдаг хортой зуршлыг таягдан хаях өдрийг алхам алхмаар ойр­туулсаар л байна. Энэ нь жилээс жилд нүүрсний үнэ буурна л гэсэн үг.
Ер нь монголчуудад “Алтан дээр сандайлсан гуйлгачин” гэсэн тодор­хой­лолт хамгийн бодитой оноосон нэр болж таарах гээд байна. Учир нь бид дэндүү их баялагтай шигээ үнэхээр гүйлгээ ухаан муутай, дээр нь бүтэлгүй нь дэндсэн улс юм.
Дэлхийн хамгийн том хэрэглэгчтэй хөрш зэргэлдээ оршдог газарзүйн түүхэн боломжоо эртхэн ашигласан бол өнөөдөр Ерөнхий сайд нь “Бүсээ чангалахгүй бол болохоо байлаа та минь ээ” гээд сууж байх­гүй л байлаа.
Уг нь мон­голын нүүрсний чанар, нөөцийн талаар ярих юм байхгүй. Гэтэл бид унхиа­гүй, ухаангүй улстөр­жил­төө­сөө болоод ман­гас шиг хэрэглээтэй хөрш­дөө зөв­хөн нүүрс зараад баяжих түүхэн боломжоо алдчихаад сууж байгаа.
Уг нь хятадын нүүрсний хомсдол нь ерөн­­хийдөө тээ­вэрлэлтээс үүдэл­тэй гэх юм билээ. Гэ­тэл тэр орон зайг нь оросууд хэзээний олж ха­раад алс дорнод, хятадыг чиг­­лэ­сэн аварга том төмөр за­мын сүлжээг ашиглалтад оруулс­наар мөнхийн хоёр хөрш маань монголыг той­руулаад л нүүрсээ өгөлцөж авалцаад байх болж.
Одоо хятадууд манайхыг алгасаад ОХУ-ын Тувагийн дэлхийд томд орох Элгагийн ордоос нүүрсээ зөөгөөд эхэл­жээ. Манайхныг жил­­дээ 30 сая тонн нүүрс экс­­портолдог болно гэсэн үл­­гэрийн мөрөөдөл ярьж суух хооронд зөвхөн Тува­гийн энэ ордоос жилдээ 20 сая тонн баяжуулсан нүүрс хятад руу гаргах гэрээнд хоёр улсын тэргүүнүүд га­рын үсэг зурчихжээ.
Оросууд алс дорнодод хятадыг чиглэсэн төмөр за­мын аварга том сүлжээ байгуулж байх зуур хя­та­­дууд ч зүгээр суугаа­гүй байна. Өвөрмонгол, Шин­жааны нутгийг ха­мар­сан аалзны тор шиг төмөр замын сүл­жээний ажил ид өрнөж байгаа одоо үед урдаас нь Киргиз, Казахстан хоёр нарийн царигтай төмөр зам тавьж тун удахгүй нийлэх нь тодорхой болж. Тэр үед Киргиз, Казахстаны аварга том ордуудын нүүрс бас л өмнөд хөрш рүү урсаад эхэлнэ гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг 2012 оны 10 дугаар сарын 18-нд “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат ком­панийн Гүйцэтгэх захир­лаар томилогдоход олон хүн “Монголын нүүрсийг үнэд хүргэх, урагшаа чиглэсэн төмөр замыг энэ хүн л эх­лүүлэн гүйцээж чадна” хэ­мээн тун ч их итгэл найд­вар хүлээлгэсэн билээ.
Гэтэл тун удалгүй баа­хан эх орончид гарч ирээд “Хятадын танкийн цу­­­вааг оруулж ирэх гээ­гүй л бол яасан ч нарийн ца­риг­тай зам тавиулахгүй” гэж зүт­гэсээр энэ ажлыг га­цаа­сан түүхтэй.
Өргөн царигтай тө­мөр замыг цээжээрээ хам­гаа­лаг­чид санасандаа хүрч 2013 оны нэгдүгээр сарын 10-нд М.Энхсайханыг “Мон­­гол төмөр зам” ком­па­нийн Гүй­цэтгэх захирлын алба­наас унагаж дөнгөсөн. Ингэс­нээ­рээ монголын нүүрс үнэгүйдэн үнс болох замыг зассанаас өөр хожсон зүйл байхгүй.
Өргөн царигтай төмөр зам тавьчихлаа гэж бодоход БНХАУ-ын Тянь­жиний боом­тоор нүүрсээ гурав дахь хөршид гаргахын тулд хил дээр зайлшгүй шилжүүлэн ачих хэрэг гар­на. Гэтэл ачиж, буулгах энэ нүсэр ажиллагааны өртөг нь жилд 500 сая ам.доллар болох тооцоог эдийн засагчид хийгээд байгаа.
Алдарт “Чингис бонд” буюу Монгол Улсын жилийн төсвийн гуравны нэгийг зөвхөн нүүрс шилжүүлэн ачих зардалд тавиад туу­хаар хөмхий зууж суугаа улстөрчид жинхэнэ эх орон­­чид мөн үү. Тэдэнд оросуу­дыг аялдан дагах, бүх талаар бууж өгөх ямар хүчтэй эрх ашиг үйлчилнэ вэ.
Сүүлийн үед Таван тол­гойг гадны компаниудад түрээслэх, зарим хэсгийг нь худалдах тухай ч яриа гарах болсон. Энэ бол ёстой л “Аргаа барсан хүү­хэд аавынхаа толгойгоор тоглох” гээч нь болоод байгаа хэрэг.
Гэтэл Таван толгойд орж ирсэн гадны хөрөнгө оруулагчид нэг тонн нүүрсийг хятадын Тянь­­жиний боомтод хүргэх тээв­рийн зардал нь 106 ам.дол­лар болох тооцоо гарчээ. Ин­гэхээр тээврийн зардал нь өөрөөс нь үнэтэй нүүрсийг зүгээр өгье гэсэн ч авах тэнэг олдохгүй нь тодорхой.
Одоогоор Таван толгойн нүүрсийг уурхайн аман дээ­рээс нь 46 ам.доллараар бор­­­­луулж байгаа. Гэтэл хя­тадын зах зээл дээр кокс­жих нүүрс ч эрчим хүчний нүүрс ч адилхан үнэ ханш нь хоёр дахин уначихаад байгаа. Цаашид ч буурсаар байхыг “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Т. Наран аргаа бар­сан байдалтай дурдаж байна лээ.
Цагийн сайханд хя­та­дын өмнөд боомтуудад нэг тонн нь 215 ам.доллараар за­­­­рагдаж байсан Австралийн нүүрс өнөөдөр 135 ам.дол­лараар арай ядан борлуулж байгаа гэнэ. Хамгийн гол нь далайгаар нэг тонн нүүрсийг 15-хан ам.доллараар тээвэр­лэдэг юм байна.
Гэтэл мон­голын говьд булаатай байгаа нүүрсний үнэ өдрөөс өдөрт унаж, тээвэрлэлтийнх нь зардал тонн тутамдаа 106 ам.долларт хүрчихээд байгаа нь монголчууд бидэнд “За та минь. Нүүрсээр баяждаг ч лөөлөө боллоо шүү” гэдгийг л хэлээд байгаа юм.
Одоохондоо улстөрийн сөрөг хүчнийхэндээ ад­луу­лан байж тонныг нь 50 ам.дол­лараар борлуулах ая­даж байгаа монгол нүүр­сийг аварга хөрш маань “Үнэ­­­­­тэй байна” гээд авахгүй боомилох өдөр хаяанд ир­жээ.
Хэрвээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг шиг “Нүүрсээ 40 ам.доллараар өг. Өөр яриа байхгүй” гэчихвэл “Энер­­жи ресурс, МАК, орон нут­гийн Таван толгойн нүүрс­­­ний үнэ шалчийтлаа унаж хувийн хэвшлийнхэн хүссэн хүсээгүй нүүрсний салбараас арчигдах болно. Ямар ч ашиггүй зөвхөн алдаг­дал хүлээх ажлыг ямар ч тэнэг хүн хийхгүй нь ойлгомжтой.
Ийнхүү гэрэл гэгээ дүү­рэн байсан монголын нүүрсний салбарыг бараан ирээдүй угтаж, монгол нүүрсний үнэ шалан дээр унахыг харах өдөр ирэх вий. Ерөөсөө л өөр юм бодохгүй бол лав л “Нүүрсээр баяжина гэж байхгүй юм байна” та минь.

Д.Түвшин
Эх сурвалж: Өглөөний сонин