Монголчуудын оюун санааны амьдралын түүх тэдгээрийн нүүдэлчин ахуйгаас шалтгаалсан өвөрмэц замыг туулжээ. Цаг үетэй нь холбож улируулан нягтлах аваас мөн аман зохиол, аман түүх домгоос нь үзэх аваас, монгол хүний сэтгэлзүй, ухамсарт айдас хүйдэс, өвчин шаналалаас үүдсэн мухар сүсэг (анхан үеийн), бөөгийн шүтлэг, суурин иргэдийн томоохон шашины нөлөө, хаялага, Бурханы шашны гурван удаагийн дэлгэрэлт, марксизм-ленинизмын шашинчлагдсан түрэмгийлэл, элдвээр хиртсэн либерал ардчиллын хийрхэл, анархизм ... ер аливаа нийгэмд нэвчдэг, дайрдаг бүхэн л байжээ.
Монгол мэргэдийн философи сэтгэлгээ, танин мэдэхүй, аргазүй, логикт гэнэн материализм ба урсгал диалектикийн элементүүд, идеализмын элдэв зүсмийн илрэлүүд, сэтгэлгээний туйлшрал, түүхэн хязгаарагдмал байдал, үзэл сургаалыг шашинжуулж хиртүүлэх согог гэх мэтийн байдаг л үзэгдлүүд бас бүгд л бүртгэгджээ. Тэдгээр ' алдаа, согогийн шүүмжлэл ч мөн амаар болон бичгээр үлджээ.
Дэлхийн том шашинууд хүчтэй хөгжиж нийгмээ бүхэлд нь эзэмдэх болсон бүс нутгуудаас монголчууд хол хөндий, оорцог оршин байсны улмаас Христын хийгээд Лалын шашны нөлөөнд эргэлтгүй автахаас “Аврагдсаар” л байжээ. Тэг тэгсээр эцэс сүүлдээ үеэ нэгэнт өнгөрөөсөн Бөө мөргөлөөс салж Бурханы шашинд орсон байна.
Бурханы шашныг Монголд дэлгэрүүлэх оролдлого нийтдээ гурван удаа хийгджээ. Эхнийх нь монголчуудын анхны эзэнт гүрэн болох Хүннүгийн үед Жагараас түрэг хэлтэн улсуудаар дамжин орж иржээ. Хүнүгийн ноёд, язгууртны хүрээнд дэлгэрч эхэлж байсан боловч мөнхүү үеийн дайн, самууны нөхцөлөөс шалтгаалан газар авч, бэхжиж чадалгүй байсаар орхигдож мартагджээ. Хоёрдахь дэлгэрэлт нь Годан хаан ба Сажа бандидагийн уулзсан XIII зууны дунд хэрээс XV зууны дунд хүртэл үргэлжилжээ. Удаах гуравдахь дэлгэрэлт XVI зууны эцсээс XX зууны дунд хүртлэх үеийг хамарчээ. Эдгээр нь нийтдээ нэг мянга орчим жилийг дундаа хоёр завсарлан багтааж буй болно.
Монголчуудын оюун санааны амьдралын хувьсал, хөгжил, монгол хүний сэтгэлзйү, ухамсрын төлөвшилт бүр анхнаасаа л амьгүй болон амьд байгалийн үзэгдэл, юмстай салшгүй холбоотой байж, тэднээр нөхцөлдөж, тэдгээрийг тусгаж, байгаль дахь бодит харилцаа, холбоог таньж ашиглаж, таньж мэдсэнээ практик амьдралаар шалгаж, үнэн мөнийг нь нотолж ирсэн түүхтэй юм. Тийм онцлогтой болохоор “Монгол төрийн хар хүн” элдэв өнгө, зүсмийн мухар сүсэг болон үнэн худлыг нь шалгах боломжгүй ид шидэд итгэж хөтлөгддөггүй байжээ. Чухамдаа тийм байжээ гэдгийг нь тодорхой өгүүлсэн ардын аман зохиол, ёгт үлгэр, хошин шог олон бий...
Байгалийн аюултай үзэгдлүүдийн учир, шалтгаан, цаг хугацаа, давтамжийг нь таньж ойлгох хэрээр уул, ус, тэнгэр, хангайд хандсан сүсэг бишрэл нь аажмдаа эх орноо, нутаг усаа гэсэн хайрын сэтгэлээр солигдож “Унасан газар, угаасан ус”- аа ариун дагшнаар нь хадгалах, евлүүлэх гэсэн арга, “Мэх” болж хувирах нь ч элбэр болжээ. Төрсөн хүү, охин нь Эцэг, эхээ гэхийн нэгэн адил сэтгэлээр монгол хүн унасан газар, угаасан усаа, эх нутгаа гэх сэтгэл, хайраар бялхаж ирсэн түүхтэй билээ. Энэ байдлыг тусгасан, магтан дуулсан дуу, шүлэг, ерөөл, магтаал, туульс олон байдаг нь одоо ч өвлөгдөн үлдсээр л байгаа болно.
Нүүдэлчин, малчин хүмүүс өнгөрсөн түүхийнхээ туршид яг өөрсдийн нь нэгэн адил сүүгээр бойжигч амьтныг нялх төл байхаас нь эхлэн харж, маллаж, тэжээж, эмчилж, шилж сонгон үржүүлж ирсэн болох тул амьтны биологи, физиологи,
анатоми, эмгэгзүйн талаар асар их мэдлэг хуримтлуулсан байдаг. Тэрхүү их мэдлэгээ өөрсдийн бие дээр хөврүүлэн ойлгож ирснээр өөр аль ч ард түмнээс илүү ихээр хүний биеийн анатоми, физиологи, эмгэгзүйн мэдлэгтэй болж чадсан нэгэн онцлог монголчуудад бас бий.
Нялх төл, эх мал, эзэндээ үнэнч нохой, морь мэттэй байнга харьцаж байсан монголчууд ихээхэн энэрэнгүй хүмүүс байдгаараа хол, ойрд алдаршжээ. Энэ байдал нь тэднийг хүмүүнлэг, зочломтхой, өр зөөлөн, бусдын зовлон, жаргалыг хуваалцах төрөлхийн гэхээр сайхан сэтгэлтэй болгосон нь бас нэгэн онцлог юм. Товчилж хэлэх аваас дээр өгүүлсэн онцлогууд нь монголчуудын оюун санааны амьдралыг их олон талтай, их олон сайхан шинжтэй, хүмүүнлэг, энэрэнгүй, нийтэч, уян зөөлөн, өрнүүн баялаг болгож хувиргажээ. Энэ бүхэн нь монгол хүний ёс суртахуун, гоо сайхан, урлаг, уран сайхны мэдрэмжид тусгалаа олсон байдаг.
Байгальтай зохицон амьдрах, байгалиас идэх, уух, өмсөх зүүхээ олох, амь насаа хамгаалах, амьд үлдэх чадамжийн хувьд нүүдэлчид, малчидтай өрсөлдөх, тэднээс давуутай гэгдэх хүмүүс, ард түмэн байхгүй болно. Энэ баримт бол нүүдэлчид, малчдын олсон хуримтлуулсан мэдлэг нь шалгагдаж үнэн болох нь тогтоогдсон мэдлэг мөнийг үзүүлдэг ажээ.
Байгалиас холдох, түүнтэй тэмцэх, эвдлэн сүйтгэх замаар орсон ард түмэн амиа алсуур хорлож байдаг. Нүүдэлчид, малчид бол харин байгалиа ч тэтгэж, дэмжиж, өөрсдийгөө ч мөн элбэг сайхнаар амьдруулж чадаж байжээ. Ингэхлээр байгаль ба тэдний холбоо, харилцаа, нөлөөлөл зүй зохистой юм. Ийм зохист байдлаа нүүдэлчид таньж тогтоосон төдий бус бүр магтаж, бахдаж, урлагийн төрөл, салбар бүрээр үзүүлж, сурталчилж иржээ.
Нүүдэлчдийн ахуй, амьдрал бол өөрсдөөр нь танигдсан, ухамсарлагдсан бодит байдал, оюун санааны ертөнцөд нь үнэлэгдэж, сайшаагдсан бодит байдал юм. Чухам үүнд нүүдэлчдийн идэрмэг их хүчин чадал оршиж, илэрч байдаг ажээ.
Бурханы шашин суртал Монгол даяарт түгэн дэлгэрснээр Монголын оюунлаг хүмүүс төвд, самгарди хэл, бичиг сураад Энэтхэг, Төвдийн нэр алдар нь дэлхийд цууриатсан их бичгийн хүмүүсийн зохиол, бүтээлтэй танилцаж, бүр гүнзгий судалж, тайлбар, шүүмж бичиж, гол чухал олон асуудлаар Монголын эрдэмтдийн гэх ном, бүтээл бичих, хэвлэх болжээ. Энэтхэгийн Нагаржуна, Асанга, Васубанду, Дигнага, Аръядева, Шантидева гэх мэтийн эрдэмтэд, Төвдийн Зонхова, Хайдав, Жалцов, Жамъяншадав, Монголын Лувсанпэрэнлээ, Ишбалжир, Лувсандагвадаржаа, Лувсанчүлтэм, Агваанхайдав, Агваанбалдан нарын ном, бүтээлийг Хүрээ, хөдөөгүй лам, хуваргууд судалж, гол чухал зүйлүүдээр нь ном хаялцаж, дээд цол олох дамжаа барьж, сав болон шим ертөнц, хүний сэтгэхүйн нууцад цаашлан нэвтэрцгээж байх болжээ.
Монголын уламжлалт мэдлэг, ухаан тэгэж Энэтхэг, Төвдийн эрдэмтэн мэргэдийн олж хуримтлуулсан их сан хөмрөгөөр баяжиж XIX зууны дунд, сүүлч үе гэхэд нэгэн оргил, цэгдээ хүрэн цэцэглэжээ. Тэгэвч Буддагийн үзэл, сургаал аажмаар ихэд шашинжиж, чухамхүү тэр шашинжиж хиртсэн байдлаараа Төвдөд тархаад, бараг мянгаад жилийн дотор бүр илүү их хиртэж,
Төвдийн зарим том толгой лам нар, хутагт, хувилгаадын ном, ёсоо огоорсон үйлдлүүдээр нэр хүнд нь унаж эхэлж байсан үедээ Монгол даяар дэлгэрсэн болох тул тэрхүү хир буртаг нь ч Монголын хутагт, хувилгаадад халдаад доройтох, мөхөхийн үрийг бас зэрэгцүүлэн тарьсаар ирсэн нь хор хөнөөлөө нэгэнт өгч эхэлсэн байв. Мөнхүү сөрөг үзэгдлүүдийн эсрэг Монголын ариун явдалт шударга гавж нар үгээ хэлж, шүүмж бичиж, олшруулан тарааж, тэмцэж эхэлж байжээ. Мөнхүү цаг үеийн шашин суртал, ёс журам, дэг, зан үйл, лам хувргийн биеэ авч явах соёл, хэм хэмжээнд шинэчлэл хийх шаардлага гарчихаад байгааг ариун явдалтан хамба, цорж гэсгүй нар олж хараад ийм ажлыг эхлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлцгээж, бүр бусдыгаа уриалж байв.
Монгол орон социалист, коммунист үзэл санааны хүчтэй урсгалд түлхэгдэн ороод гүнзгий эргүүлэгт нь автаж живээгүйсэн бол Монгол дахь Бурханы шашин шинэчлэгдэх үйл явцад аль нэг хэмжээгээр автагдах нь ийнхүү зайлшгүй болчихоод байжээ. Нийслэл Хүрээний их хамба Агваанхайдавын бичсэн “Бурханы шашин их эрдэнэ бээр (шашин нь өөрөө) арван зүгийн ялгуугсан бурхан бодисатв сэлтэд илгээсэн захиа бичиг”, “Хонь, ямаа, үхэр, гурвын хүүрнэсэн яриа”, “Ламын залбирал” хэмээх судрууд, мөн Агваанбалдсан цоржийн “Чирданжи намшиг” зэрэг олон ном, зохиолд ном, нэр ёсоо алдсан хутагт хувилгаадыг хурцаар шүүмжилж шашин номын үйлсийг ариусгах, шинэтгэхийн чухлыг учирлан өгүүлжээ. Тийм хэмжээнд танигдаж,' буруутгагдах болсон алдаа, дутагдлыг засаж залруулах нь цаг хугацааны л асуудал болчихсон байлаа. Хожуухан нь Ардын засгийн газраас том толгой лам нарын эсрэг хийсэн тэмцэлд дээр дурдсан бүтээлүүд дэх шүүмжлэлийг ашиглаж Лам нарын сэтгүүлд (Лам нарын сэтгүүл №2.УБ.1926) нийтлэн олонд сурталчилж байжээ.
Ном, нэр, ёсыг умартан бие сэтгэлээ задгайлж бусрмагт автах болсон лам, хуврагийн олонхи нь хутагт, хувилгаад гэгдэгсэд байв. Хутагт, хувилгаан хэмээх нэр цолыг эхэн үедээ зөвхөн Далай лам, Ванчин эрдэнээс олгодог, тодруулдаг байсан бол хожуухан нь Манжийн хаан нэр, цолыг (шагналын журмаар) олгож эхэлжээ. Энэ нь том толгой лам нарыг өөртөөө татах, үйлчлүүлэх, бусдыг нь ийм нэр, цол олохын төлөө Манжийн төрд зусар, тахимдуу хандуулахын төлөө хийж байсан арга заль байлаа. Богд хаант засгийн үед хутагт, хувилгаад тодруулах эрхийг Богд хаан эдлэх болж түүний тойрон хүрээлэгсэд ч шан харамж авилга авах замаар ноёдын үр хүүхэд, төрөл төрөгсдийг хувилгаанаар тодруулах хэрэгт ил, далд оролцох болжээ.
Ингэж Монголд хутагт, хувилгаадын тоо их өсөж харин чанар, боловсрол нь уруудаж доройтсон байна. Биесээ ихэд бодсон, дүрэндээ эрдэж зоргоор аашилсан хутагт, хувилгаад шашин, номын ёсыг цалгардуулах нь Хүрээ, хөдөөгүй л үзэгдэх, дуулдах болжээ. Тэдний зарим нь төр шашны хэрэгт хутгуур болж үндэсний ашиг, сонирхолд хохирол учруулж байжээ.
Бурханы шашныг Монгол даяар дэлгэрүүлэх замаар Монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх, нэг шашин шүтээнийг тойруулан Ар, Өвөр, Цахар, Барга, Буриад, Ойрд бүгдийг эв найрамдалтай, нэгдсэн захиргаа, төв төртэй болгохыг хичээж энэ зорилгын үүднээс Халх ба Ойрдын ноёд далдуур тохиролцон Чингисийн угсааны хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн нь тухайн цаг үедээ зөв сонголт байв.
Тэр үеийн Халх, Ойрд ноёд монголчуудыг нийтэд нь оюун санааны нэг л тэргүүтэй болгож ойртож нягтруулахыг хичээж байжээ. Чингис хааны угсааны Автай сайн хааны (1544-1588) хүү Түшээт хан Гомбодоржийн (1594-1655) нуган үрийг ийм зорилгоор сонгон авчээ. Энэ нь монголчууд Бурханы шашин сурталд бүрэн эзлэгдэхийн дохио байлаа. Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазрыг Далай лам Жонан Дарнатын XV дүрийн хувилгаан Гунгаанимбогийн удаах дүр мөн байна хэмээн айлдаж баталгаажуулжээ.
Гунгаанимбо бол Монголд бурханы шашныг дэлгэрүүлэхэд онцгой хүчин зүтгэл гаргасан хувилгаан бөгөөд 1634 онд Халхад нас баржээ. Занабазар хүү дараа жил (1635 онд) төрсөн бөгөөд 1639 онд түүнийг Дарнатын гэгээний удаах дүр хэмээн зарласан ньзүйд нийцсэн арга хэмжээ байжээ. Бурханы шашныг шинэ тутам хүлээн авсан Монголын сүсэгтэн олныг энэ тэр гэгээнтэн, хутагт, хувилгаадын хойд дүрүүдэд мөргүүлж, шүтүүлж байх нь шашин номын ашиг, сонирхолд тун ч нийцтэй байсан биз ээ...
Гэвч хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулдаг арга хэмжээ нь дорхноо л улс төрийн, эдийн засгийн, бизнесын, бүр булхай луйврын шинжийг олж төрөл арилжаад зальжин ихэс дээдэс гэнэхэн сүсэтгэн олныг мэхлэдэг гох дэгээ, өгөөш болж хувирчээ. Хувь заяагаа итгэж, сүсэглэж даатгаад үнэтэй цайтай бүхнээ олон хойт дүрийн Далай лам, Банчин эрдэнэ, мөн олон хойт дүрийн хутагт, хувилгаадад үе үеэрээ улиран, ээлжэн барьсаар 400 гаруй жилийн дотор Монголын бараг бүх баялаг Төвдийн сүм хийдүүд рүү урсан оджээ. Алт, мөнгө, үнэт эдлэл, үнэт үс, эрдэнийн чулуу, эмийн ургамал, эмээлтэй морьд, ачаатай тэмээд гэх мэтийн асар их баялгийн үнэ, өртөг нь төвд хэлээр уншуулж сонссон ном, гуулин бурхад, хонх, дамар, эрхи, сахиус, тахилын цөгцнүүд мэтийн зүйлс байлаа. Энэнийг тэгш, шударга солилцоо байсан, лам хувраг, хутагт хувилгаадын сүсэгтнүүдэд үзүүлсэн үйлчилгээний тоо, чанар, үр дүнд нйицсэн төлбөр байсан гэх үү?...
Марксизм, Ленинизмыг Монголд дэлгэрүүлж, монголчууд бид оюун санааны амьдралаа мөнхүү үзэл, сургаалд захируулан 70 жил амьдрахдаа ЗСБНХУ-ын хилрүү дээр дурдснаас дутхааргүй их баялгийг мөн урсган гаргажээ. Юу юу үнэ төлбөргүй буюу маш бага үнээр урсан гарсныг хэлэх, тоочих нь илүүц биз ээ !...
Материал, баялгийг харь улсаас импортлох нь үзэл санааг импортлохоос хавьгүй хямд байж ирсэн хачирхмаар баримт энд дурдагдан буй нь “Хорвоогийн нэгэн гайхамшиг” биш гэж ҮҮ?..
Үзэл санаа, онол сургаалыг “Үйлдвэрлээд" экспортолж болно л доо. Ганцхүү энд элдэв, заль булхай, луйвар байж таарахгүй билээ. Үзэл санааг үнэлж, худалдан авч болно. Оюун санааны амьдрал бол өөрийн гэсэн хэрэгцээ, хэрэглээтэй байдаг. Гэхдээ мөнхүү хэрэгцээгээ “Хуурамч хулхи” бүтээгдэхүүнээр хангах гэж “Тэнэгтвээс” юу юугаа алдаад, юу ч үгүй хоцордгийн жишээг холоос эрэх хэрэггүй юм даа...
1990 оноос хойш монголчуудын оюун санааны амьдралыг либерал ардчиллын үзэл, сургаал, үнэт зүйл эзэмдэх, чиглүүлэх болсон билээ. Угийн задгай, сул чөлөөтэй, дур зоргоороо байхын уламжлал бүхий монголчуудад энэ нь ихээхэн зохихоор мэт боловч яг хэрэг дээрээ жинхэнэ, хариуцлагатай, иргэний ардчилал буй болсонгүй...
Хэлэх, ярих эрх чөлөөг олсон гэцгээнэ. Хэн ч сонсохгүй бол хэлж яриад ашиг байх уу? Хэвлэх нийтлэх эрх чөлөө олсон гэцгээнэ. Хэвлэл мэлээллийн хэрэгслүүд өнгө, мөнгө, эрх, тушаалд үйлчлэх болсон нөхцөлд энэ нь хоосон үг биш гэж үү?
Сонгуулийн эрх, сонгуулийн ардчилалтай болцгоосон гэцгээнэ. Ашиг, сонирхол, түрийвчээрээ холбогдсон хоёр бүлэг хүмүүсийн гарт л төр засгийн эрх мэдэл, цэрэг, цагдаа, шүүх,-прокурортойгоо цуг ээлжлэн, угсран ордог аргад энэ эрх “Төрөл арилжин” орчихмоор сонгох эрх нь “Бухимдах эрх” болчихоогүй гэж үү? Гаднаас бурханы шашин суртлыг бүх нийтээрээ уралдан, өрсөлдөн дэлгэрүүлснээр нэн их хохирол үзлээ.
Дараа нь коммунист(большевик)үзэлсуртлыгмөнгаднаасшуурхайлан, хүчлэн дэлгэрүүлснээр удаах том хохирлыг амслаа. Одоо либерал ардчиллын далбаан дор идэх, завших луйвраа хэрэгжүүлж байгаа дотоод болон гадаадын шулаачдад хууртаж дахиад л том хохирол үзэж байна. Улстөрийн хоёр том намын аль аль нь ардчиллын нэр бариад бусрмаг зүйл чөлөөтэй үйлдэж байгаа болохоос биш аль аль нь жинхэнэ ардчилсан нам болж төлөвшиж яагаа ч үгүй байна. Энэ хоёр нам нийт нийгмийн хэмжээнд ардчиллын үнэт зүйлүүдийг нэвтрүүлж хэвшүүлэх нь битгий хэл намынхаа дотоодод ч ардчилал үгүй нь нотлогдлоо.
Монголчууд үзэл, сургаал, суртлыг хариас экспортлоод огт зохихгүй байгааг арьс махан дээрээ гуравдахиа, дөрөвдэхээ мэдэрч өвдлөө, шаналлаа, хохирлоо. Одоо болоо юм биш үү? Гадны харийн, моодны гэсэн бүхнийг шууд л хуулбарлан дууриаж ард түмнээ хохироодог болчимгүй залууст хууртаж, хулхидуулж ханалаа шүү дээ !
Төрийн сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг засгийн газруудад ядаж Монголдоо ашигтай (хэн хэндээ ашигтай) гэрээ, хэлэлцээр хийчих эрдэм мэдлэгтэй сайд нэг ширхэгч байсангүй. Засгийн газар ч тэр, Ерөнхийлөгчийн тамгын газар ч тэр ялгаагүй нэг жулдрай жаал сайд хийж нөгөө жулдрай нь зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байх жишээтэй. Ядаж зөвлехүүдээ хашир, туршлагатай, нас бие тэгшрсэн ахмад үеэсээ сонгон авч болно доо? Намын дарга нарт нт ийм байр сууринаас хандах ухаан ядаж байхгүй юм.
Пролетарийн хувьсгал гарч болох хэмжээнд хүртлээ ядуусын тоо, хэмжээ өсчээ. Амьдралын бэрхшээл, гачигдлаас болоод бараг л 4 хүн дутмын нэг нь сэтгэцийн өвчтэй болсон бололтой. Өдөр ярьдаг зүйл нь өр, зээл, шөнө ярьдаг зүйл нь хулгай, дээрэм болсоор удлаа. Тусгаар улсын нөхцөлд, ардчилсан төрийн үед, эрх чөлөөтэй монголчууд яахаараа ингэж туйлдаж бас туйлшран баян цөөнх, ядуу олонхи болчихдог билээ?
Ардчиллын алтан харайцаанууд харин хүчирхэг, тарган бүргэдүүд болцгоосон гэнэ. Ард түмэн харин турж доройтсон болжморууд мэт болцгоожээ. Ард олны оюун санааны амьдрал хямралд автаад ардчиллын үнэт зүйлүүд хий үзэгдэл болон Монголын хот, хөдөөд тэнэж яваа сурагтай ... Юу хийх, юунаас эхлэх вэ? “Оч” (“Искра”) сониноос уу?. Хууртсанаа ойлгоод инээцгээх vv? Хууран мэхлэгчдийг
бас яалтай нь билээ?...
Судлаач профессор Д.Чулуунжав