Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал, Монсудар хэвлэлийн газрын "Монгол судлалын редакц"-ын эрхлэгч Г.Сүлд-Эрдэнэ

1. Гадаад үг хэллэг, нэр томьёо замбараагаа алдлаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?



Орчин үеийн хөгжилтэй, хөгжингүй улс бүхэн өөрийнхөө бичгийн хэлээр бахархаж, эх хэлнийхээ цаашдын ирээдүй, иргэдийнхээ хэлний боловсролд ихээхэн анхаарч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр боловсрол муутай этгээдийн буруу хазгай хэлдэг, бичдэгийг залруулан засах гэж түүний эсрэг хууль гаргаж, хэлний тухай тусгай нэвтрүүлэг хүртэл бэлтгэдэг. Тийм байтал манай улсад эх хэлний зөв хэрэглээ хэт суларсан нь зурагтын мэдээ нэвтрүүлэг, гудамжаар эрээлжлэх гадна дотно үг зөв буруу хольсон зарлалын самбар, хаяг, рекламнаас төвөггүйхэн харагдаж байна шүү дээ. Тэр бол эх хэлнийхээ үгсийн зөв бичихзүй, зөв дуудахзүйг мэдэхгүй, утгыг нь зөв ухаагүй, ухаараагүй бичигч өгүүлэгчдийг хянахаа байсан, нүдэн балай чихэн дүлийн үлгэрээр байдаг л зүйл мэт хүлээн авдаг төр засгийн бодлогоос шууд хамаарна. Өнөөгийн манай эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан засаг төрийн яндагтан ямбатнууд эх хэлний цэвэр ариун байдал, гаднаас монгол хэлэнд шууд болон дам орж ирж буй олон харь үгс, шинэ нэр томьёо зохиох гэх мэт эх хэлний тулгамдсан асуудал ярих битгий хэл ирээдүйн монгол залуучуудыг бодсон хэтийн том төлөвлөгөө ч алга байна.



2. Ер нь манай улсад нэр томьёо, гадаад үгийг ямар байгууллага орчуулж оноож хэрхэн хэрэглэх талаар анхаарч ажилладаг юм бэ?



Уг нь бол төр засгаас тохоон томилогдсон "Төрийн Хэлний Зөвлөл" өнөөгийн монгол хэлэнд орж ирсэн олон шинэ нэр томьёог цэгцлэх ажлаа хийдэгсэн бол бид юунд ингэж цухалдах вэ? Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй "Бид мундаг эрдэмтдийн өлсгөлөнд орчихоод байна" гэсэн гарчигтай нэр томьёоны дурдалтай ярилцлага өгснийг нь уншлаа. Хийх ажлаа мэдэхгүй байна уу, учраа олохгүй байна уу... Бид ерөнхий сайдад хүртэл удаа дараа "Гадаад хэлнээс орж ирдэг үгсээ яах вэ!" Хэмээн хүсэлт хүргүүлж ч байлаа.



Манай Засгийн газар иргэний танхимтай. утас нь 1111. БШУЯ ч бас иргэд хүлээн авах орон тооны хүмүүстэй, санал хүлээж авах утас нь 1209. Гэхдээ тэдэнд хүсэлт тавиад нэмэр байдаггүй, эдгээр дугаар луу нь залгасан ч хариу өгөөгүй. Үнэндээ цаана нь ямар хариу өгөхөө мэдэхгүй хүмүүс суудаг нь ойлгомжтой. Төрийн хэлний зөвлөл нь ажлаа хийхгүй олон салаа ухагдахуунтай болсон энэ цаг үед нэвтрүүлэг, сонин сэтгүүлээр өөрийгөө дөвийлгөсөн олныг үгээрээ туйлшруулсан ам фигурь сайтай нөхдүүд шинэ үг хэллэг, шинэ нэр томьёог дураараа зохиож ярих туйлшрал газар авч эхэлж байна. Мөн судлаач, эрдэмтдийн талцаж хуваагдсан байдал буюу өөр өөрсдийн хэрэглэж сурсан, зохиосон нэр томьёогоо өөрийн хүрээллийн хүмүүстээ түгээж буй өнгөрсөн ба өнөө үеийн байдлыг бүгд мэднэ биз. Энэ хандлагаас болоод эцсийн эцэст нэр томьёоны хэрэглээ, зохицуулалт нийгмийн амьдралд ямар ч чухал үүрэггүй болсоор байна. Төрийн хэлний зөвлөл эхлээд гадаад үгийг яаж орчуулах, нэр томьёо боловсруулах зарчмаа тогтоочихоод 700 үгийг /зарим үгийг маш ташаа журамласан/ журамлан гаргасан шигээ улиралдаа, жилдээ шинээр орж ирсэн үг хэллэгийг маш оновчтой, судалгаатай, тайлбартайгаар яаж монгол хэлнээ орчуулах, буулгах вэ гэдгийг хэлэлцэн баталж баймаар байна. Нэр томьёог зөв оноогүйгээс цаад ухагдахуун, ойлголтыг ухаарахад түвэгтэй болж, монгол хүмүүс хоорондоо харилцахад хүртэл саад бэрхшээл учирч болзошгүй. Угтаа бол хэлийг хэрэглэгчид цаад зүйлийнхээ нарийн учир утгыг ойлгож мэдэхгүйгээр аль эвтэйхнээр нь л хэрэглэж байна. Үүнийгээ "монгол хүн буруу ярьж, зөв ойлгодог гэдэг" гэж өөрсдийгөө муйхраар өмгөөлөх болсон .



3. Нэр томьёог оноон тогтоох, гаднаас орж ирж буй гадаад үгсийг журамлах асуудалд хоёр янзын туйл байдаг юм шиг ээ. Нэг нь болохоор монгол хэлээр заавал орчуулах ёстой хэмээн хэтрүүлээд, нөгөө нь шууд тэр хэлээр нь монгол үгийн дундуур хавчуулж яриад байдаг шүү дээ. Үүний аль нь зөв юм бэ? Гадаад үгийг бичих, орчуулах дүрэм гэж байдаг уу?



Аль тэртээ 1983 онд зохиогдсон монгол үсгийн дүрэмд гадаад үгийг хэрхэн хэрэглэх талаар тусгагдаагүй, өнөө болтол энэ л хэвээр явж ирлээ. Үүнээс хойш олон шинэ үг бидний хэрэглээнд нэмэгдсээр байна. Хэн дуртай нэгэн нь



1. Комьпютерийг цахимбар, скочийг наалтууц, усан санг шумбуур, редакцийг цэгц, квасийг исгэс, органикийг шимт, констракшинг бүтээц, лото-г шавга, марля-ийг самбай, сальфеткаг салбайдаг, э-мэйлийг цахим шуудан, билъярдыг ёворцог, кофег боргол гэхчлэн ямар ч тогтолцоо, аргачлал, зарчимгүйгээр оноох нь зөв хэрэг бишээ. Хэрвээ кофег боргол гэж орчуулбал капучино, эспрессог ч бас орчуулах хэрэгтэй шүү дээ.



2. Мөн түүнчлэн тракторыг тараактар, радиог араажав, эйркондишин, подвоолк гэх мэтчилэн дуудлага баримтлах,



3. Мөн банк, ломбард, диско, канон, стресс, камер, бонус, такси, курс, кафе гэх мэтээр харь хэлний үгийг шууд тэр хэвээр нь хэрэглэх



4. Мөнгөний машин, төрийн аппарат, их тархи, зөөлөвчний бодлого, ухаалаг утас гэхчилэн этгээд сонин хэллэг бий болгох



5. Кембрижийн боловсрол, канген ус, евро стандарт, донор орон, дебит карт гэх мэтчилэн ухагдахуунаа илэрхийлж чадахгүй сурталчилгаа шоуны аястай үг хэллэгээр өөр өөрийнхөөрөө олон янзаар нэрлэх нь буруу зөрүү ойлголтыг төрүүлж, ойлголт ухагдахууныг холион бантан болгож байна.



Үүнийг зохицуулах гарц бол нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж оноон тогтоож хэвшүүлэх, тогтсон нэр томьёог улам боловсронгуй болгох зарчмаа эхлээд боловсруулах. Гадаадын нэр томьёо боловсруулах зарчмаас үлгэрлэхэд техник технологийн шинээр орж ирж байгаа тухайн үгийг судалж үзээд дэлхийн хамгийн том 5 хэл болох англи орос герман... гэх хэлүүдэд яг энэ чигээрээ хэрэглэгддэг үг болохыг тогтоогоод үүнээсээ үндэслэн шууд авч хэрэглэе. Эсвэл олон хэлэнд орчуулж хэрэглэгдсэн байвал хэлнийхээ дүйх үгийг олж оноох гэх мэтээр шийдвэрлэдэг зарчмууд байх жишээний. Манай хэлний эрдэмтэд шиг дүрмээ зохиогоогүй байж дөрвөн үсэг хасна гэх, нэр томьёо орчуулах хэрэглэх зарчмаа боловсруулаагүй байж, дур зоргоороо өөрийн хүүхдэдээ нэр өгч байгаа юм шиг цахимбар, боргол, уямж гэж нэр оноох бол бодлогогүй ухамсаргүй тоомжиргүй хэрэг л дээ.

4. Манайд шинээр хэрэглээнд орж ирж байгаа гадаад үгсийг бүртгэх ажил явагддаг уу? Ихэнх үгс нь тэр чигээрээ хэрэглэгдээд тэгээд гадаад үгэнд дарлууллаа гээд бухимдаад байгаа хандлага ажиглагддаг.



Орчин үеийн техник технологийн хурд, эрчимтэй хөгжих хөгжлийн энэхүү үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ, материал, заавар зааварчилгааг нэрлэсэн нэр томьёо асар хурдтайгаар хэрэглээнд нэвтэрч, тэрхүү гадаад үгээрээ хэвшиж байна. Бид вэбсайт шүүж, ярианы болон бичгийн хэлнээс сүүлийн 14 жилийн шинэ үгийг шүүрдэж, шинэ үгийн судалгаатай толь бичиг хийсэн. Нэгэнт хэвшээд хэрэглээнд нэвтэрсэн үгсийг бид няцаагаад, нуугаад эсвэл монгол үгээр муйхарлаж шууд орчуулах ямар ч боломж байсангүй. Техник технологийн хурдтай зэрэгцэж, орчуулж, оноох зохицуулалт хийхгүй л бол оройтож байна. Гутлын өсгийг гадагш нь хэлбийлгэж алхаж хэвшчихээд дараа нь дотогш нь болгож алхаж хэвшүүлэхтэй адил хэцүүдэлтэй зүйл юм.

5. Шинээр боловсруулж УИХ-д өргөн бариад байсан "Монгол хэлний тухай хууль"-д нэр томьёо боловсруулах талаар дорвитой заалт байсан уу?



Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ/ гэж оруулсан байсан. Зарчимгүй учраас эрхэмлэнэ гэж бөөрөнхийлсөн байсан даа./инээв/ Мөн холбогдох мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах гэсэн нь бас л худлаа заалт байсан. Холбогдох ямар мэргэжлийн байгууллага гэж? Монголд хаана тийм байгууллага байсан юм. Хөгжмийн нэр томьёог Н.Жанцанноров, хүнсний нэр томьёог Ч.Онгоодой, ургамлын нэр томьёог Ч.Санчир гуай гэх мэт эрдэмтэд өөрсдийн хийж байгаа ажилдаа хамааруулан мэргэжлийн нэр томьёогоо цэгцэлсээр өдийг хүрсэн. Харин энэ заалтаа эрх бүхий судалгааны байгууллагад нэр томьёоны тасаг ажиллуулан салбар шинжлэх ухаан бүрээс нэр томьёо судлаач орчуулагчдыг тогтмол оролцуулан нэр томьёог боловсруулна гэж заавал сая харин тодорхой болж байна хэмээн Батчимэг гишүүнд хуулийн тухай шүүмж гэсэн албан бичигтээ тодорхой тусгаад л явуулсан.

6. Өөрийн тань бодлоор нэр томьёо, гадаад үгийг яаж тогтоон баталбал зүйтэй вэ? Ямар аргаар ажиллавал цэгцрэх бол?

Тогтоон батлахын өмнө харь хэлний нэр томьёо, үгийн гарал, үүсгэлийн талаар сайтар судалж байгаад, гол үгийг олж тогтооно. Өөр үгээр хэлбэл тэр харь хэлний нэр томьёо үгийн ямар утгаар, язгуур, дагавраар бий болоод, одоогийн утга санаа нь ямар зүйлийн ухаан буюу нарийн мэргэжилд чухам юу зааж байгаа эсэхийг харгалзан үзнэ. Харь хэлний нэр томьёотой таарах үг монгол хэлэнд урьд өмнө нь байсан эсэх, эсвэл үгүй энэ хоёрыг хамгийн түрүүн шийдвэрлэнэ. Хэрэв үгүй бол өнөөх харь хэлний нэр томьёог монголчлоод утга санаа нь гарах эсэхийг харгалзвал зохино. Үүнээс гадна гадны улс орны нэр томьёо тогтоодог жишгийг судлан харьцуулж үзээд юун түрүүнд зарчим боловсруулах асуудал л байна даа. Тэрнээс бус ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, эсвэл төрийн хэлний зөвлөл, монгол судлалын холбоо аль ч байгууллагыг хий гэж төрөөс үүрэгдээд, тогтоол зарлиг гаргаад нэгэнтээ газар авахаа байсан цаг үе болжээ. Хэлний тухай хангалттай олон тогтоол зарлиг бий. Хэрэгжсэн нь нэгээхэн ч үгүй. Хэлний хэдэн эрдэмтдийн үзэл бодлын маргаан, хувийн ашиг сонирхол, талцал дээр бус шинжлэх ухаан болоод хэлний хэрэглээний талыг баримталбал л зүйтэй болно. Учир нь хэл бол хэрэглээ. Мөн батлаад, цаас төдийгөөр нь орхих бус нийгэм, олон нийтэд хэвшүүлэх тал дээр түлхүү ажиллаж, хяналт тавьбал л болох зүйл. Нийгэм, олон нийт ч үүнд оролцох учиртай. Яаж оролцох вэ? гэхээр шинээр монгол хэлнээ оруулах гэж буй нэр томьёог өөрийн мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан орчуулах бус "Нэр томьёо тогтоодог байгууллага"-д хандаж, асуудлаа маш, оновчтой зөв хамтран шийдвэрлэсний дараа түгээн, тархаамаар байна. Мөн өөрийнх оруулж ирсэн, орчуулсан шинэ нэр томьёо нь оновчтой бол энэ байгууллагад хандаж бүртгүүлж болно шүү дээ. Харин түрүү үеийн эрдэмтдээ санагалзаж, хуруугаа оролдож суувал нэг л өдөр шийдэгдээд цэгцэрчих ажил бол биш юм шүү.