Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Түүхээ бид өөрсдөө бичнэ” гэсэн санаачлагаа сонинд хэвлүүлжээ. Ямар учиртай юм бол хэмээн лавшруулан харахаар ийм гарчигтай зүйл нийтлэгдсэний ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааны санаачилсан ард түмэнд тэр бүр ил харагдаад байдаггүй нөр их ажил байдагт орших бөгөөд түүний зах зухаас энд өгүүлэхийг зорилоо.

1990 оноос хойш Цагаан даргад сууж үзээгүй даргын сэнтий гэж бараг үгүй. УИХ-гишүүн, Сангийн сайд, Боловсролын сайд дараа нь Элбэгээг дагасны хүчинд өнөөдрийг хүртэл хоёр сонгууль дамнан туж даргын ажил хийсээр өнөөдрийг хүргэжээ. Цагаан дарга энэ сонгуулиар УИХ-д зүтгээд болохгүй бол дуртай газраа элчин сайдаар томилогдох гавъяатай хүн. Түүнийг үхэн үхтлээ дарга хэвээр байх, Монголд ардчиллын буянг эдлэж яваа азтай, цөөхөн хэдхэн хүний нэг гэлцдэг.

Тэр зүгээр нэг дарга биш байнга шинийг эрж, санаачилж явдаг уйгагүй нэгэн. Түүний санаачилсан ажлуудаас дурдвал “Ядууралтай дайн зарлая!”, “Хүнд суртлыг хогийн саванд чихэцгээе!” “Элсний нүүдлийг зогсоох нь!” зэрэг маш сонирхолтой хөтөлбөрүүдээс гадна ард түмэндээ шинэ жилээр архи биш сүү уулгаж сургах, мөн Улаанбаатарыг дэлхийн хамгийн утаагүй хот болгон 2060 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар дээд хэмжээний уулзалтуудыг хүртэл хийгээд амжчихжээ. Ирэх сард л гэхэд түүний санаачилсан тавьхан тэрбум төгрөг зарж хийх олон улсын дарга нарын дээд хэмжээний сайхан уулзалтыг /АСЕМ/ эх орондоо зохион байгуулах гэж байна.

Үүнээс гадна Цагаан дарга бол жинхэнэ эх оронч хүн бөгөөд, тэрбээр өөрийнхөө мөнгөөр монголын түүхийн 120 боть гаргах, 180 ангит кино хийх ажлаа эхлүүлснийг жирийн иргэд тэр бүр мэдэхгүй ч байж болно. Мөн “Эх хэлээ хайрлан хамгаалъя” гэсэн сэдвийн дор зарим гадаад үгнүүдийг монголчлох түүний санаачлага ерөнхийлөгч Элбэгдоржид машид таалагджээ.

Нэгэн удаа Цагаан дарга ерөнхийлөгчийн дэргэд кофе ууж суунгаа ер нь энэ кофег монголоор “хоргол” гэж нэршүүлчихмээр юм гэжээ, ерөнхийлөгч хариуд нь нээрээ тийм, гэхдээ бор өнгөтэй юм чинь боргол гэсэн нь дээр байх гээд тэр хоёр үгээ нийлүүлж шинэ үг зохиосон түүхтэй.


Мөн компютерийг- цахимбар, банкийг-мөнгөн хүүдий гэе, жишээ нь Хаан банкийг “Хааны мөнгөний хүүдий” гэвэл хичнээн билэг дэмбэрэлтэй сонсогдох бол, гэх мэтчилэн харийн олон үгнүүдийг эхнээс нь оновчтой болгож эх хэлэндээ жинхэнэ байр суурийг нь олж буулгах ёстой гээд ийм ажлыг ч мөн хийж байгаа.

Шат дараатай энэ ажил нь цэгцрэн цэгцэрснээр дэлхийд анх удаагаа Ерөнхийлөгчийн тамгын газар, монголчуудыг саяхан болтол сураггүй байсан интернэтийн үнэгүй тольтой болгож чадсан бөгөөд бас цаашид хятад, вьетнам үнэгүй толиор энэ ажлыг үргэлжлүүлэх гэнэ. Улаанбаатар хотоор тогтохгүй хөдөө орон нутагт ч Вьетнам авто засварын газрууд олширсон учраас ийм толь зайлшгүй шаардлагатай болжээ. Ерөөсөө Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилсан зүйлүүдийн анхдагч сэдлүүдийг Цагаан дарга гаргаж өгдөг гэдгийг хүмүүс мэдэж аваасай гэсэндээ удахгүй болох сонгуулийн өмнө юмыг буруугаар ойлгодог хүмүүст зориуд энэ бүхнийг хэлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Эх орондоо ардчиллалыг түгээн дэлгэрүүлсэн нөр их ажилд тэрбээр одоо ч хүчин зүтгэсэн хэвээр боловч хүн амын дийлэнх хэсэг ядуурч буй нь түүнтэй ямар ч холбоогүй гэдгийг ард түмэн гадарлаж байгаа байхаа.


Зөнөсөнөөсөө болоод ч тэр үү ерөнхийлөгчийн тамгын газрын даргын өрөөнөөсөө гаралгүй бараг найман жил өдөр шөнийг ялгалгүй ажлаа явуулж байх хооронд улс төрийн гол намууд өвөр түрийндээ орцгоон, нам дамнасан бүлэглэлүүд үүсч хүний өөрийнгүй нэг нэгийгээ мөрдөн мөшгиж, хавчин гадуурхаж, шорон гянданд хүртэл хийж амжсан муухай хэрэг явдлууд гарсаар байгаа билээ.

Байдал нэгэнт ороо бусгаа болсон энэ цагт хэний ч хувь тавилан буруугаар эргэж мэдэх осолтой учраас УИХ-д нэрээ дэвшүүлж, ялалт байгуулах талд жин дарж байж энэ байдлаас аврагдах бодитой шаардлага түүнд нэгэнт гарсан тул Цагаан дарга хамгийн баталгаатай тойрогт очиж нэр дэвших маягтайгаар сонгогдох бүрэн боломжтой гэсэн тандалт судалгаа гарчээ.

Ялангуяа ерөнхийлөгчид халтай эсрэг талынхан хүчирхэгжиж байгаа энэ цөвүүн цагт түүнд бусдын төлөө нэр дэвших сайхан сэтгэл төрсөн ч гэж хэлж болохоор. Тийнхүү удтал нухацтай бодсоны эцэст хийж буй энэ шийдвэртэй алхамаа тэрбээр цагаа олсон зөв зүйтэй шийдвэр болсныг саяхан нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авсны дараа албан ёсоор баяртайгаар мэдэгдэж, Хөвсгөл нутгийг зорилоо. Цагаан даргадаа дахин УИХ-ын гишүүн болоод эргээд ирээрэй гэсэн билэгтэй сайхан ерөөл дэвшүүлэе!. Гишүүн болчихвол ямар сураагүй юм биш дахиад сайд болчих. За бүр болохгүй бол элчин сайд болох сүүлийн хувилбар ч танд бий шүү.

Ингээд уншигч та бүхэнд үргэлжийн дарга байх хувь тохиолтой Цагаан даргын хийж хэрэгжүүлсэн ажлын жишээ болгож нэгэн зураг толилуулъя:

Зураг 1:

Цагаан дарга санаачлага гаргах болгондоо нэр хүндтэй хүмүүсийг урьж өрөөндөө цай боовоор дайлж, гаргасан санаачлагаа даагаад авч гарахаар жаазанд зарлиг болгож принтерлээд хамт зургаа татуулдаг ордны жаягийг тогтжээ. Энэхүү жаазны жин нь ойролцоогоор 13,7 кг байдаг бөгөөд удахгүй ирэх АСЕМ-ын төлөөлөгчдөд ч мөн ийм жаазанд сүг зураг зурж гардуулах ажээ. Зургийн голд П.Цагаан.

П.Ерөөлт