Бүх л ээжүүд охиноо түр зуурын сэтгэл хөдлөлөөс болоод тэнэг алхам хийж, өөрийнхөө хайрыг хүртэх эрхгүй залуугийн хүүхдийг тээх эсвэл хамгаалалтгүй сексийн харилцаанаас болоод өвдөж зовох вий дээ хэмээн эмээж суудаг. Гэхдээ энэ талаар охиндоо хэрхэн хэлэх учраа олдоггүй. Харин нэгэн ээж охиндоо өөрийн бодлоо захидлаар бичжээ. Хэрвээ чи ч бас өсвөр насны охинтой бол түүнтэй “энэ яриа”-г эртнээс хийж өөрийгөө үнэлэхэд нь сургаарай.

Нэгэн ээжийн өсвөр насны охиндоо бичсэн сексийн тухай захиа

Хонгор охиндоо,
Миний охиныг өсөн томрох тусам олон хөвгүүд амьдралд чинь орж ирэх болно. Тэд чамд дурлалын үгсээ учирлаж, чамайг хүсэж байгаагаа илэрхийлэх болно. Тэд сексээр ч бас дутагдана.

Надад итгээрэй, охин минь. Гал халуун дурлал, хүсэл шунал ямар байдгийг ээж нь мэднэ. Харин тэр хөвгүүн чамд дараах итгэлийг төрүүлж, дараах зүйлийг амлаж чадахгүй байвал энэ жинхэнэ хайр сэтгэл биш гэсэн үг юм шүү.

Тэр тэвчээртэйгээр гурав гаруй жил чамайг хүлээж чадах уу? Жирэмсэн болохоос эхлээд хөхүүл үе дуустал, ахин жирэмслээд хөхүүл үе дуустал чиний тогтворгүй гормонууд хүсэл тачаалыг чинь бараг л хөлдөөчихөж магадгүй. “Би зүгээр л унтмаар байна, маш их ядраад байна” гэдэг үг л амнаас чинь гарна. Энэ үед ч тэр чамайг хайрлаж чадахгүй аваас энэ жинхэнэ хайр сэтгэл биш юм шүү.

Хамаг хөл чинь хавагнаж бүдүүрсэн үед ч чамайг үзэсгэлэнтэй гэж хэлж чадах уу? Жирэмслэлтээс болоод хөлний чинь судаснууд бүдүүрч тодорсон үед ч тэр чамайг тачаангуй хэмээн харж чадах уу? Нүдэнд чинь уутанцар тодорч, гэдэс чинь унжсан үед ч чамайг хэчнээн сайхан харагдаж байгаа тухай магтаж чадах уу? Тэгж чадахгүй бол, жинхэнээсээ чамд хайртай эсэх нь эргэлзээтэй юм.

Хүүхдээ төрүүлсний дараах сэтгэл санааны хямралын нөлөөгөөр чи түүн лүү юм шидэлж, чангаар хашгирч, хэзээ ч хэлэхгүй гэж бодсон муу муухай үгсээ хэлж ч магадгүй. Зүрх сэтгэлд чинь байгаа зовлон гунигийг ойлгож, энэ бүхний дараагаар чамайг улам ихээр хайрлаж чадах тийм эр л чамд үнэнээсээ хайртай гэсэн үг.

Тэр ажилдаа явна, ажил дээр нь мэдээж маш олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байх болно. Хүүхэдгүй, бүдүүрсэн судасгүй, өндөр өсгийт өмссөн сайхан бүсгүйчүүдтэй цуг ажиллана. Тэд намирсан урт үсээ хаялан, түүн лүү хүсэмжит харцаа шидэлж мэднэ.

Харин ажлаа тараад гэртээ ирэхэд нь түүнийг үсээ дээш нь шууж эмх замбараагүй боосон, хүүхэд тэвэрсэн, гаран дээрээ шүлс дусаасан эмэгтэй угтаж авах болно. Нүүрээ будаагүй чам дээр орой болгон ирэхдээ чамайг харахаас илүү жаргалтай зүйл энэ орчлонд байхгүй мэт хандаж чадахгүй бол, түүний хайртай гэдэг үгэнд үнэн сэтгэл бий болов уу?

Хайр халамжинд нь уярсан чи чихэнд нь өнөө орой түнийг “шагнана” гэж шивнэнэ. Гэтэл тэр үдэш нь чиний халуурч бүлээрсэн том охин, уйланхай нялх хүү хоёр та хоёртой цуг л унтана гэж зүтгэнэ гээч. Үүнийг хараад уурлаж бухимдахын оронд шоолж инээгээд, та гурвыг тэврэн унтаж чадах хүн бол гайхалтай хайрын эзэн мөн.

Ийм эрэгтэй хүн ертөнц дээр байдаг гэж үү? Тийм ээ, хайрт охин минь, яг тийм эрийг чи аав аа гэж дууддаг юм. Тэр надад жинхэнэ хайр гэж юу болохыг энэ олон жилийн турш ойлгуулсан.

Одоо миний гормонууд тогтворжсон. Бас би жирэмсэн эсвэл хөхүүл биш. Миний хүсэл эргэн ирсэн. Яг “эргэн ирсэн” гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй байна л даа. Үнэндээ хүсэл шунал маань яг юу байсныг ч би сайн мэдэхгүй байна. Тийм хүчтэй, тийм “түүхий” тийм нэг зүйлийг би яг үгээр илэрхийлж чадахгүй нь.

Би одоо бол зүгээр л дурласан эмэгтэй биш, харин хүүхдүүдийнхээ аавыг хайрын дээдээр хайрлаж буй эмэгтэй. Муу муухай үед минь ч намайг үзэсгэлэнтэй хэмээн итгүүлж, сул дорой өдрүүдэд минь намайг хүчтэй хэмээн магтаж, эргэлзээгээр дүүрэн өдрүүдэд надад үнэ цэнийг мэдрүүлсэн тэр эр. Намайг тэвчээртэйгээр хүлээж, халуурсан хүүхдээ асарч байхад минь гулгидастай даавуу угааж зогссон тэр эр юм шүү дээ.

Энэ бол жинхэнэ хайр мөн охин минь. Энэ л магадгүй жинхэнэ хүсэл байх. Юу ч тохиолдсон чиний дэргэд үхэн үхтлээ байх тэр хүнтэй хуваалцах хүсэл тачаал бол хайр юм. Их л ойлгомжгүй, тайлбарлах аргагүй, солиотой зүйл. Их гайхалтай, халуухан секс мөн.

Хүлээгээрэй охин минь. Тийм хүнийг хүлээгээрэй. Гэрлэлтийн дараа ч чамайг тэвчээртэйгээр хүлээж чадах тэр хүний цээжнээс зүрхээ олох шиг гайхалтай зүйл үгүй юм шүү.

Хайртай шүү,
Ээж нь.

http://amjilt.com/