Саяхан нэг Мисс охины сонинд өгсөн ярилцлагыг уншиж суутал “Ном уншдаг уу” гэсэн асуултад “Хааяа уншдаг. Гэхдээ зузаан ном уншиж чаддаггүй” гэж хариулсан байв.
Уг нь тэр үзэсгэлэнтэй сайхан охин байсан ч түүний энэ хариултаас харахад залхуу тэгээд толгой нь хоосон л байх даа гэж голох сэтгэл төрсөн. Мөн Дэлхийн мисст орох гэж байгаа тул хэл сурахыг их хичээж байгаа гэсэн байв. Яагаад ч юм түүний ярилцлага нэг л таг түг нэг л тийм гоё ухаалаг логиктой яриа хөөрөө дутагдаж, уншиж буй надад л лав түүнийг хүндлэх, үнэлэх өчүүхэн сэтгэгдэл төрсөнгүй. Манайхан Ардын жүжигчин Сувдаа гуай гэх мэт Монголын сор болсон сайхан эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагыг бишгүйдээ л уншсан биз. Тэгэхэд ямар байдаг билээ дээ. Нэг л их сайхан эгэл бөгөөд цэгцтэй тэгсэн хирнээ эрхэмсэг ярианууд хөвөрч бид тэднийг өөрийн мэдэлгүй хүндэтгэх сэтгэл төрдөг шүү дээ.
Миний үеийнхэн буюу 70-аад оныхон тэрнээс өмнөх үеийнхэн ном их уншдаг байсан. Зарим нэг залуус тэр үед компьютер байгаагүй интернет байгаагүй ном уншихаас өөр юу хийх вэ гэж боддог. Яг үнэндээ бол манай үеийнхэн дунд ном уншдаггүй хүмүүсч бас байсан. Харин эсрэгээрээ одоо залуу үе дунд номын хорхойтой олон залуус байгаа. Би залуусыг үе үеэр нь ялгаварлаж хэн нэгнийг нь буруушаахыг бодохгүй байна. Гэхдээ өөрийгөө тэр “ном уншихаас өөр хийх зүйлгүй үеийнхэн” дунд багтсандаа одоо талархаж явдаг. За олон юм нуршаад яах вэ ном бидний амьдралд ямар ач тусаа өгдөг вэ гэдгийг хэдхэн жишээгээр залуусдаа хэлэхэд:
Ном хүний оюун ухааныг задалж логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхоосонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгоогүй зүйлээ хүн “Яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж амьдралын ухаанд сургадаг. Манай ард түмэн “Ухаан далай номноос эхтэй” гэж үр хүүхэддээ сургаж ирсэн нь дэмий ч нэг үг биш байх.
Номноос хүн нинжин сэтгэл хүнлэг ёсыг дээдлэх ухаан өөртөө төлөвшүүлдэг. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас номоор дамжуулж хүнлэг нинжин сэтгэл, хүний сайхан сэтгэлийн хүчийг магтан дуулсаар ирсэн. Иймд би ном их уншдаг хүн яав ч атгаг муухай өчүүхэн бодолтой болдоггүй байх гэдэгт бат итгэдэг.
За тэгээд номын ач тус зөвхөн дээрхээр хязгаарлагдахгүй маш их. Зөвхөн санаанд буусан гол гол зүйлүүдийг дурьдахад л ийм байна. Зарим нэг тэр тусмаа залуу хүмүүсийн сэтгэгдлийг сонсож суухад би жүжигчин, дуучин эсвэл модел, мисс болох дуртай. Надад ер нь ном унших хэрэгцээ байхгүй гэх ухааны юм сонсоод би дотроо харамсдаг. Тэднийг бас өрөвддөг. За жүжигчин боллоо гэж бодоход ном уншиж ухаан санаа чинь задраагүй бол хувилж орох гэж буй дүрийнхээ дотоод мөн чанарыг яаж мэдрэх вэ. Яаж тэр “өөрөө биш” дүрийг гаргаж чадах вэ. Мисс боллоо гэхэд тэр Дэлхийн мисст орох гэж буй охин шиг хэл сайн сурч, ном уншиж хөдөлмөрлөхгүй бол тэр номноос авдаг дотоод гоо сайхныг өөртөө яаж бүрдүүлэх вэ. Тэр оюун ухааны сорилтын асуултад яаж учир утгатай, бусдын сэтгэлд хүрсэн хариулт тайлбар өгч чадах вэ. Манай миссүүд, Монгол бүсгүйчүүд Дэлхийн миссийн тэмцээний тайзан дээр өнгө зүсээрээ нэг их гологдох зүйлгүй ч нэг л биеэ барингуй өрөвдөлтэй харагддагийн учир юу вэ. Гадаад хэл сураагүй, боловсролгүй, дотоод гоо сайхандаа анхаардаггүйтэй нь л холбоотой гэж би боддог. Олон ч хүн үүн дээр санал нийлэх биз.
Эцэст нь залуусаа өнөөдөр та бүхэн гаднаас нь харахад хөөрхөн царайлаг байна бас их нуруулаг болсон байна. Гэтэл дотоод ертөнц чинь даан ч “жижигхэн” хүмүүс олон болжээ. Энэ юутай холбоотой вэ. Би бол ном их уншдаггүйтэй л хамгийн их холбоотой гэж бодож байна. Иймд та бүхэндээ “Ном сайн унш бас дахин унш” гэж л захимаар байна.