"Ном бол ертөнцийг харах цонх" гэдэг ч...


Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсон цаг үеэсээ дохио зангаагаар харилцан ойлголцож байсан бол хөгжлийнхөө явцад хад чулуун дээр сийлэн харилцаж байжээ. Энэ нь алсдаа бичиг үсгийн үндэс суурь болсон байна.

Үндэстэн угсаатнууд өөрсдийн гэсэн бичиг үсэг зохион хэрэглэх болсноор хоорондоо захиагаар харилцахын зэрэгцээ хойч үедээ сургамжлах, өөрсдийн амьдрал ахуй түүх соёлоо таниулах өвлүүлэн үлдээх үүднээс сударлан бичиж байсан нь “ном” хэмээх зүйлийн эхлэл болжээ.


Эрт цагт түүх, уран зохиолын бүтээлүүд төрөн гарч байсан бөгөөд ном бүтээл бий болохын хэрээр тэдгээрийг хадгалж хамгаалах шаардлага гарч байсан нь номын сан бий болох эхлэлийг тавьсан. Дэлхийн хамгийн эртний номын сан нь НТӨ VII дугаар зуун буюу одоогоос 2700 жилийн өмнө Ассирын хаант улсад байгуулагджээ.


Ном нь анхандаа зөвхөн язгууртнууд чинээлэг давхаргынхны хэрэглээ байсан бол Грек, Ромд академиуд байгуулагдсан үеэс боловсрол олохыг зорьсон хэн бүхэн уншиж танилцах боломжтой болсон юм. Гэвч ховор номнуудыг зөвхөн хаад язгууртнууд л хэрэглэж байв. Жишээлбэл, XIII зуунд Монгол хаад л зөвхөн хэрэглэх боломжтой байсан Алтан дэвтэр, Монголын нууц товчоо зэрэг олон бичиг судар байсан боловч цагийн эрхэнд зарим нэг нь үгүй болсон бол үлдэж хоцорсон ном судрыг хэн бүхэн унших боломжтой болжээ.


Эртний болон дундад зууны нийгэмд хүмүүс номыг бичсэнийхээ дараагаар олон хувилан тараахын тулд дахин дахин хуулбарлан бичдэг байсан байна. Үүнийг хялбарчлах арга нь барлах явдал байв. Бар гэдгийг орчин үеийн канон, сканнер зэрэгтэй адилаар ойлгож болно.


Барлах гэдэг нь мод зэрэг хатуу биет дээр сийлбэрлэн түүнийгээ будгаар будан дээрээс нь цаасаа тавьж хэвлэх арга юм. Энэхүү арга Египтэд НТӨ XVI зуунд анх үүссэн баримт байх ба Дорно дахинд НТ VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Хамгийн түгээмэл хэрэглэдэг аргад модон бар, төмөр бар, чулуун бар, цоолбор ордог. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, барласнаа бэхээр цаасан дээр дардас болгон буулгадаг байна.


Монгол улсад бурхны шашин дэлгэрэхэд Хятадаас анх орж ирсэн ба монголчууд барлах урлагийг нарийн зохиомжтой, олон тэргүүн, мутартай янз бүрийн бурхад бүтээхэд ашиглаж байжээ. Монголд 20 дугаар зууны эхэн үед Модон бар, Төмөр бар, Чулуун барын хэдэн зуун урлан байсан.

Орчин үед техник технологи хөгжиж ном сурах бичиг, сонин сэтгүүл зэрэг бүхий л зүйлсийг үйлдвэрт хэдэн мянгаар нь хэвлэх болжээ.


Хүн төрөлхтөн юуны учир ийнхүү ном судрыг бичиж тэмдэглэн үлдээж байна вэ? Мэдээж хэрэг хүмүүст, хойч үедээ мэдлэг мэдээлэл түгээх үүднээс сургамжлах үүднээс бичиж тэмдэглэдэг байхад зүгээр л хүмүүсийг түр зуур хөгжөөх зорилготой ном бүтээл ч байна.


Ном нь анхандаа зөвхөн хойч үеээ сурган хүмүүжүүлэх зорилготой байсан бол одоо түүнээсээ илүүтэй хүмүүсийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Чөлөөт цагаараа ном уншсанаар “pc” тоглоом зэрэг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тоглоомонд автахгүй байх, логик сэтгэлгээ хөгжих, хүмүүстэй зөв боловсон ярьж сурах зэрэг чадваруудыг эзэмшиж авдаг. Ном уншдаг хүний хэл яриа цэгцтэй байдаг. Тийм дээ ч гадаа гудманд явж буй залуусын хэлж буй үг, хоорондоо харилцаж буй ярианаас хэр зэрэг боловсон ном уншдаг хүн бэ гэдгийг таних бүрэн боломжтой.


Сүүлийн үед номыг уншхаасаа илүүтэй тавилга хэрэгсэл мэтээр ойлгох хүмүүс олшрох болсон. Зүгээр л бестселлер болж буй номуудыг хэдэн ботиор нь худалдан аваад ханын шүүгээндээ нар салхи үзүүлэлгүй, шилтэй хоргоны цаадах үзмэр болгох нь нэг талаар хөрөнгөлөг хэсгийнхний нэгэн ёсны чамирхал болсон гэлтэй. Тиймдээ ч номны үнэ зах зээл дээр багагүй нэмэгдээд байна.

Дэлхийн баячууд мэдлэг ховор номуудыг өндөр үнээр худалдан авах явдал ч байдаг аж. Жишээлбэл, 1994 онд The Codex Leicester, Leonardo Da Vinci буюу Да винчигийн Нууц код гэх бүтээл 30,8 сая ам доллар, 2007 онд Magna Carta буюу Агуу тунхаг гэх бүтээл 21,3 сая ам долларын үнээр худалдаалагдаж байсан байна. Гэхдээ энэ бүтээлүүд нь үнэхээр ховор нандин бүтээлүүд байж чадсан. Монголын нийгэмд ч энэ иймэрхүү үйл явдлууд давтагдахыг үгүйсгэхгүй.


ГЭХДЭЭ...


Өндөр үнээр зарагдаж буй номууд нь тийм ч хэрэгцээтэй ном байж чадахгүй. 313 мянган төгрөгний үнэтэй Монголчуудын түүх хэмээх 9 боть номыг худалдаж аваад гэртээ тавьчихвал орсон гарсан хүмүүс харахад өнгө үзэмж сайтай бас л боловсролтой гэр бүл мэт харагдана. Гэвч тэрхүү номоо өөрсдөө ч уншаагүй байх нь элбэг. Уншсан ч гэсэн хэнд ч хэрэггүй, энд тэндээс эвлүүлж зүйгээд биччихсэн үнэн чанартаа оюуны хулгайн бүтээл.

Түүгээр ч барахгүй түүхчид ч өөрсдөө ойлгоход түвэгтэй үг хэллэгтэй Монголын түүхийн бүхий л цаг үед зохиогдсон 30 боть номыг гэртээ тавьчихвал номын тавиур дүүрээд л явчихна. Гэхдээ бас л уншихгүй. Үзмэр болох нь дамжиггүй.


Энэ мэтчилэн ном гэдэг зүйлийг гэрийн эд хогшил тавилга мэтээр ойлгодог болсон цаг үед чанартай сайн бүтээлүүд нь номын дэлгүүрийн ширээн дээр тоосонд дарагдаж, сэтгэл хөөрөл, өнгө үзэмжээр бичсэн зохиолууд нь бестселлер болж, хэн ч ойлгохгүй ч хавтас өнгө үзэмж сайтай ном нь шилэн хоргоны үзмэр болсоор л байх нь.


С.Ууганбаяр