Тэр 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ энэ лоозонг барьж зогссон. Дорнодчууд ч түүнтэй нөхөрлөхөөс цааргалаагүй. Хүссэнээр нь гишүүн болгосон. Яг тэр мөчөөс эхлэн тэдний нөхөрлөл дуусчээ. Дорнодчууд одоо “юутай ч нөхөрлөчихөв дөө” хэмээн шогширч сууна. Гэвч оройтжээ. 2016 онд Н.Номтойбаяр гишүүн тойрогт өрсөлдөлгүйгээр намын жагсаалтад дээгүүр бичигдэх тохироог хэдийнэ хийсэн гэх. Гэхдээ НАМЗХ-ндоо байвал тэр шүү дээ. Байвал гэдэг нь тэр удахгүй 35 нас хүрнэ. НАМЗХ-ны дүрмээр бол та 35 нас хүрсэн л бол залуу хүнд эс тооцогдоно. Өөрөөр хэлбэл, “Шувуухай” өдийг хүртэл өсгөж өндийлгөсөн үүрээ орхин нисэх цаг нь болжээ. Өнөөдрийг хүртэл НАМЗХ-ны залуус энэ л дүрмээр явж ирсэн. Харин Н.Номтойбаярт энэ дүрэм таалагдсангүй. Тэр “тэтгэвэр”-тээ гаралгүй үүрэндээ өтлөхийг хүсчээ. Энэ хүсэлд нь саад болсон холбооныхоо ерөнхийлөгчийг хүртэл огцруулах гэж үзсэн. Энэ талаар холбооны залуус “Нэг талд МАН-ын болон НАМЗХ-ны нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрсэн нөхдүүд дүрмээ өөрчилж бэхжихийг, нөгөө талд улс төрд бор зүрхээрээ, байгууллагынхаа үнэт зүйл, зарчимыг дээдэлж яваа хэсэг залуус дүрмээ барьж ажиллахыг шаардаж байгаа” гэж тодорхойлж байв.

Уг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ эртнээс л “Номттой нөхөрлөе” гэж явсан хүн. Гэвч найзынхаа тарыг таниад “Номттой” биш “Номтой нөхөрлөе” хэмээн холын Америкыг зорьсон гэх. Ийнхүү “Номттой” нөхөрлөсөн бүхэн эцэст нь амаа барьж хоцрох болжээ.

Ямар ч банкны менежерээс гарахгүй сэтгэл түүнээс л гарна

Саяхан болсон явдал. Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн даатгалын сангийн мөнгөнд ихэд санаа зовж буйгаа илэрхийлж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд асуулга тавьж байгаагаа хэвлэлээр зарлаж байв. Энэ мөнгөнд санаа зовж байгаагаа илэрхийлэх дараагийн алхам нь банкуудад байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд дахин хуваарилалт хийх зорилго бүхий тогтоолын төсөл санаачлах байв. Нэг ч их удалгүй төслөө санаачилсан. Түүнийгээ бариад УИХ-ын НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцүүлэхээр орж ирсэн. Тэр хурал дээр ч хөгөө чирсэн дээ. Түүний зохиосон хуваариар бол тус сангийн хөрөнгийн ихэнхийг ХААН болон Төрийн банкинд байршуулах ёстой болов. Мэдээж Байнгын хорооны гишүүд тэгш бус энэ хуваарилалтыг эсэргүүцсэн. АН-ын гишүүд “Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн даатгалын сангийн мөнгөнд тэгтлээ санаа зовоод байсны учиг одоо л тайлагдлаа. “МАК” энэ хоёр банкнаас их хэмжээний зээл авахаар хөөцөлдөж байгаа гэсэн нь ийм учиртай байж. УИХ-ын гишүүн ингэж банк лоббидож болохгүй” гэх зэргээр баалсан. Энэ үед нам нэгт нөхөд нь түүнийг шоолсон харцаар чимээгүйхэн харж суусан нь камерт бичигдэж үлджээ. Мэдээж тэр тогтоолын төслөө татаж авсан. Харин “МАК” нэр дурдсан хоёр банкнаас зээл хүссэн өргөдлөө татаж авсан эсэхийг бол мэдэхгүй юм. Ингэж нэг удаа Н.Номтойбаярын “Но”-той лобби бүтэлгүйтсэн удаатай.

Дампуурсан бизнесмэний хорогдох эцсийн нөмөр нь төр

Гэхдээ тэр дандаа ч бүтэлгүйтээд байдаг эр биш ажээ. “МАК” хэмээх “Нүүрсний машин” нь зогссоноос хойш гишүүний гэр бүлийн бизнес дампуурлын ирмэгт ирсэн гэх. Энэ удаа тэр банкнаас биш төрөөс аврал эржээ. УИХ-ын гишүүд арилжааны банкны зээлийн эдийн засагч биш учраас түүнд хатуурхсангүй. Тэгээд ч аврал эрэгч нь тэтгэврийн зээл хүсч яваа ядарсан өвгөн биш “МАК”-ын босс Нямтайширын хүү, УИХ-ын гишүүн Номтойбаяр шүү дээ. Тэр ч гишүүдийг гялалзтал лоббидож чадсан нь нөөцөөрөө Оюутолгойн дараа орох зэс, молибдены баялаг ордыг “МАК”-д чимээгүйхэн тавьж өгснөөс харагдана. Үүнд АН-ын ч, МАН-ын ч гишүүд идэвхийлэн оролцсон. Энэ асуудал Үндсэн хуулийн Цэцэд хүрсэн ч Цэцийн гишүүд Цагаан Суваргын орд газрыг стратегийн ордын жагсаалтаас хассан УИХ-ын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй. Ийнхүү Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэж томрох дуртай Үндсэн хуулийн шүүх маань Н.Номтойбаяр гишүүний дор орж бүр доошоо орсон юм.

Цагаан суваргын орд бол хойч үедээ хадгалж байсан үүц байлаа. Энэ ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 онд анх удаа нөөцийг нь улсад бүртгүүлж байжээ. Нийт хүдэржилтийн долоон бүсэд хуваагддаг ба Сэрвэн Сухайт гэх хэсэгт 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэр, 1.2 сая тонн зэс бүхий 240 сая тонн сульфидын хүдрийн нөөцтэй. Ийм л том ордыг Н.Номтойбаяр гишүүн “МАК”-даа авч өгч чадлаа. Одоо Монголын төрд ард түмэндээ үлдээх өрнөөс өөр юу ч үлдсэнгүй дээ.

www.itoim.mn