Өнөөдрөөс 158 жилийн өмнө Сербийн агуу суут сэтгэгч Никола Тесла хорвоод мэндэлж байжээ. Тэгвэл түүний гайхамшиг юундаа байсан бэ, яагаад заавал бүх цаг үеийн хамгийн шилдэг суутан гэж үздэг юм бэ? Энэ асуултын хариултыг та дараах хэсгээс олж авна уу.

Никола Тесла: Суутнууд үргэлж шөнө дөлөөр сууж хорвоо ертөнцийг задлаад өглөө таныг сэрэхэд шинэ зүйлс нэмчихсэн буцаагаад угсраад тавьчихсан байдаг. Тэд бол эвдрээгүй зүйлсийг "Засдаг" хүмүүс юм. Суутнууд өөрийг нь тойрон байгаа хорвоог шинэчлээд завгүй байдаг учир ихэнх зүйлсийг үл ойшоодог. Тэд үргэлж л ямарваа зүйлст санаа зовж, түүнээсээ болоод шаналж явдаг.

Тэгвэл 100 гаруй жилийн өмнө Серби-Америк гаралтай зохион бүтээгч Никола Тесла эвдрээгүй зүйлсийг "засахаар" сэтгэл шулууджээ. Тэр үед дэлхий даяараа гэрэл гаргахын тулд лаа ашигладаг байсан бол Тесла өнөөдөр дэлхийг эрчим хүчээр хангаж байгаа одоогийн цахилгаан системийг буюу "хувьсах гүйдэл"-ийг анх зохион бүтээсэн юм.

Хүн төрөлхтөнд хоёр дахь үйлдвэрлэлийн эрин үеийг өгсөн хүнийг хэн гэж бид талархах ёстой вэ? Никола Тесла. "Гэхдээ би Томас Эдисон гэж бодож байсан шүү дээ" гэж хүн бүхэн хэлнэ. Үгүй дээ, талархах ёстой хүн чинь Тесла байсан юм.

Ихэнх хүмүүс Томас Эдисон гэх нэрийг сонсоод гэрлийн чийдэнг зохион бүтээсэн хүн гэж бодно.

Тэгвэл үнэндээ Эдисон гэрлийн чийдэнг зохион бүтээгээгүйгээс гадна түүнээс өмнө энэ зүйлийг бүтээхээр ажиллаж байсан 22 өөр хүний санааг сайжруулсан төдий л зүйл хийжээ.

Бүр сайн яривал Эдисон гэрлийн чийдэнг хэрхэн борлуулахыг мэддэг байсан юм.

Үнэндээ Тесла залуу байх даа Эдисоны доор ажилладаг байжээ. Эдисон нэгэнтээ Теслаг хэрвээ тогтмол гүйдлийн учрыг олчих юм бол өнөө цагт нэг сая доллартой тэнцэх хэмжээний мөнгө амлаж байв. Тесла ч учрыг нь олж Эдисоноос амласан мөнгөө өгөхийг шаардахад Эдисон инээгээд "Тесла, чи Америкчуудын хошигнолыг ойлгохгүй хүн юм даа" гэж байжээ.

Томас Эдисон бол Суутнуудын дунд орсон суут биш хүмүүсийн тод жишээ юм. Тэр өөрийнх нь бүтээл хэчнээн их мөнгө олж болохыг л боддог байсан. Тэр математикч ч байгаагүй, эрдэмтэн ч байгаагүй. Зүгээр л бусдыг өөрийнхөө төлөө хэрхэн ажиллуулахыг мэддэг хүн байсан юм.

Эдисон Суутан биш, Удирдагч байлаа. Тесла гайхалтай зүйлсийг бодож олоод, бичилгүй мартчихдаг зантай байсан юм.

Харин Эдисон хэн нэг ажилтан нь шинэ санаа оллоо гэхэд зохиогчийн эрхийн газар руу шуудхан харайлгадаг байжээ.

Эдисонд итгэл алдарсан Тесла түүний төлөө ажиллахаа больж, өөрийнхөө "Хувьсах гүйдлийг" бүтээх ажилдаа орсон юм. Энэ нь дэлхий нийтэд өөрийнхөө тогтмол гүйдлийг борлуулах гэж хичээж байсан Эдисонд агуу дайсан гарч ирлээ гэж бодогдуулжээ.

Эдисоны тогтмол гүйдэл бараг нэг километр газар яваад л цахилгаан станц барихаас гадна, цахилгаанаа хол дамжуулах чадамжгүй байсан юм. Гэтэл хувьсах гүйдэл нарийн утас хэрэглэж, өндөр хүчдэл гарган, хол зайд цахилгаан дамжуулах чадамжтай байлаа.

Тэгвэл Эдисон яасан бэ?

Эдисоны лабораторийн эргэн тойронд амьдардаг хүмүүсийн тэжээвэр амьтад ээлж ээлжээр алга болж эхлэв.

Учир нь Эдисон сургуулийн хөвгүүдийг нохой, муур амьдаар нь авч ирвэл 25 цент өгч байжээ.

Тэгээд Эдисон тэр амьтдаа гудамжинд хүмүүсийн нүдэн дээр Теслагийн хувьсах гүйдлээр цохиулж эхлэв.

Учир нь Теслагийн хувьсах гүйдлийг ахуйн хэрэглээнд ашиглах нь хэчнээн аюултай болохыг харуулах гэж тэр. Товчоор хэлэхэд: Эдисон хамгийн адгийн муу зан гаргасан юм.

Та хэзээ нэгэн цагт Маркони гэдэг нэрийг сонсож байсан уу?

Тэрээр Радио долгионыг нээсэн гэж Нобелийн Физикийн шагнал хүртэж байсан. Гэтэл үнэндээ түүний ажил бүгд Теслагийн өмнө хийж байсан ажлаас улбаатай гэдгийг та мэдэх үү? Маркони тив алгассан шуудан илгээж, дэлхий нийтэд алдар цуугаа дуурсгаж байхад Тесла юу гэж хэлсэн гээч?

"Маркони сайн хүн. Тэр цааш нь хийж л байг. Миний 17 зохиогчийн эрхийг ашиглаж байгаа нь надад хамаагүй" гэжээ.

Энгийнээр Тесла= Хамгийн эелдэг зохион бүтээгч байв.

Тэгвэл та Радар гэж сонсож байсан уу?

Яагаав тухайн цэгт ойртон ирж байгаа пуужин, хөлөг онгоц, нисэх төхөөрөмжийг илрүүлдэг гайхамшигт технологи.

Английн эрдэмтэн Роберт А. Ватсон-Ватт 1935 онд радарыг бүтээсэн гэж түүхэнд бичигдэн үлджээ. Гэтэл 1917 онд буюу Ватсон-Ваттаас 18 жилийн өмнө Никола Тесла анх энэ санааг сэдэж байсан юм.

Тэрээр Германы шумбагч онгоцууд заналхийлж эхэлсэн Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед АНУ-ын Усан цэргийн флот үүнийг хэрэглэх хэрэгтэй гэж үзэн өөрийн санаагаа илэрхийлж байв.

Гэвч харамсалтай нь Нэгдсэн улсын Судалгаа хөгжүүлэлтийн яамыг удирдаж байсан Томас Эдисон Усан цэргийн флотод ийм технологи бодит амьдрал дээр хэрэг болохгүй гээд татгалзсан хариу өгчээ. Сайн байна Эдисон. Чи ч үнэхээр муу хүн байж дээ.

Түүхэнд Вильгельм Рентген гэдэг нэрийг "Икс туяа"-г нээсэн хүн гэж албан ёсоор бичиж үлдээсэн байна.

Тэгвэл сахал самбаандаа баригдсан энэ нөхрийг энэ алдрыг хүртэхэд хэн нөлөөлсөн гээч?

НИКОЛА ТЕСЛА ЮМ ШҮҮ ДЭЭ.

Анх рентген туяаг нээх үед хүмүүс төрөл бүрийн өвчин, тэр ч бүү хэл сохор хүнийг эдгээнэ гэж итгэдэг байв. Харин Тесла энэ туяа тун аюултай учир анагаах ухаанд ашиглахаас татгалзжээ.

Гэтэл Эдисон өрсөлдөгчөө давах хүслээ барьж дийлэлгүй Икс туяаны туршилтад хүн оруулж эхэлсэн юм. Түүний нэг ажилтан Кларенс Делли хэт их цацраг идэвхээс болоод гараа тайруулаад зогсохгүй цээжний хөндийн хорт хавдраар өөд болов.

Делли цацраг идэвхийн туршилтын үеэр амиа алдсан анхны Америк иргэн болсон бол эцсийн эцэст Эдисон жинхэнэ зүйл зохион бүтээсэн юм.

Туслахынхаа аминд хүрчихээд Эдисон туршилтаа өөр дээрээ явуулж эхлэв. Байнга Рентген туяагаар нүдээ шарснаас болж бараг сохрох шахсан Эдисоноос "Икс туяа"-ны тухай асуухад: "Битгий надтай Икс туяаны тухай ярь. Би айж байна" гэж 1903 онд хэлж байжээ.

Хэн анх Ниаграгийн хүрхрээнд усан цахилгаан станц барьж, дэлхий өөрөө эрчим хүчний мундаг эх үүсвэр гэдгийг таниулсан юм бол?

Тэр хүн бол Никола Тесла. Транзисторыг бүтээхээс зуу гаруй жилийн өмнө хэн зохиогчийн эрхийг нь авч байсныг мэдэх үү?

Транзисторын тусламжтай мэдээллийн насжилтыг уртасгаж эхэлсэн учир та өнөөдөр Фейсбүүкийнхээ хуудсыг шинэчилж, интернетээс дуртай бүхнээ татаж байна.

Тэр хүн бас л Тесла. Гадаад сансраас анх радио долгионыг бичиж авсан анхны хүн хэн бэ? Дахиад л Тесла. Асаачихсан үед Нью Йорк хот даяар мэдрэгдэхээр хүчтэй газар хөдлөлт үүсгэх төхөөрөмжийг хэн бүтээсэн бэ? Никола Тесла.

Бөмбөрцөг аянга гэж сонсож байсан уу

Энэ нь бөмбөрцөг хэлбэртэй болсон цахилгаан газраас метр хэртэй зайд алгуурхан хөдөлж байгааг хэлж байгаа юм. Ийм үзэгдэл тун ховор тохиолдох бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч эрдэмтэн лабораторийн нөхцөлд үүнийг бүтээж чадаагүй.

Байзаарай, 1890-ээд оны үед Тесла чадсан юм байна. Тэгвэл алсын удирдлага хэн бүтээсэн юм бол гэж гайхаж байсан уу? Тэр чинь Тесла.

Неон гэрэл?

Дахиад л Тесла.

Орчин үеийн цахилгаан хөдөлгүүр?

Нөгөө л Тесла.

Утасгүй холбоо?

Тесла.

Цахилгаан хэрэгтэй болсон үед дэлхийн ион давхаргаас бороо орж, таны гэрт байгаа бүхнийг утасгүй цэнэглэж байснаа санаж байна уу, Үгүй ээ учир нь Тесла ийм зүйл бүтээсэн боловч адгийн шаарнууд өөрийнх нь санааг хулгайлна гэдгээс айгаад дэлхий нийттэй хуваалцаагүй юм.

Теслаг суут ухаантан байсан гэдэгтэй маргах аргагүй.

Тэрээр найман хэлээр ярьдаг байсан: Серби, Англи, Герман, Чех, Франц, Унгар, Итали тэгээд Латин.

Гэтэл бидний ихэнх нь ганцхан хэлээр ярихаас гадна тэрийгээ ч сайн мэдэхгүй байх тохиолдол бий.

Тесла бүхэл бүтэн ном цээжилчихээд хэрэгтэй бол цээжээр ярьж чаддаг байлаа.

Гэтэл бидний ихэнх нь нууц үгээ ч олигтой санадаггүй.

Тэрээр толгойдоо бүхэл бүтэн төхөөрөмжийг ургуулан бодчихоод нэг үг ч бичиж тэмдэглэлгүйгээр бүтээж чаддаг байлаа.

Гэтэл бидний ихэнх нь тархиндаа эмэгтэй хүн, амттай талх хоёрыг ургуулан бодоход ихэнх цагаа зарцуулдаг.

Бүр их хачирхал төрүүлэх нь 86 нас зооглосон Тесла насан туршдаа ганц бие явжээ. Нэг хэсэг нь 188 сантиметр өндөртэй гэдэг бол нөгөө хэсэг нь түүнийг 200 сантиметр өндөртэй байсан гэж ярьдаг. Ямартай ч ийм өндөртэй эрэгтэй 1890-ээд оны үед эмэгтэйчүүдийг хуйлруулдаг байсан нь тодорхой. Харин ажилд нь саад болно гэж үзсэн Тесла хэнтэй ч болздоггүй байсан юм.

Бүтэн 86 жил гоонь явсан Тесла гэртээ хиймэл аянга үүсгэхийн тулд бүхнийг гаргуунд нь хаяж байв.

Жич: Томас Эдисон 16 настай охинтой гэрлэсэн.

Жичичиич: Эдисоныг үүнээс цааш дахиж муулахгүй гэдгээ амлая.

Тэгэхээр энэ олон гайхамшигтай нээлтүүд, суут ухааныхаа ачаар Тесла баян, алдар нэртэй байсан байх ёстой, тийм биз? Харамсалтай нь үгүй.

Теслагийн амьдарч байсан цаг үед дэлхий нийт зөвхөн ашигтай, бодит зүйлийг хүсдэг байв. Дэлхий нийт түүнээс радио долгион биш гэрлийн чийдэн, талх шарагч хүсэж байсан юм. Теслагийн оруулсан хувь нэмэр хөгжлийг хувьсах шатанд авч ирсэн.

Түүний дэлхийд өгөх байсан хамгийн сүүлийн бэлэг нь Нью Йорк хотын захад баригдах аварга том цамхаг байсан.

Тэр нь манай гаригийг тэр чигээр нь үнэгүй эрчим хүчээр хангах байлаа.

Харин энэ төсөлд хөрөнгө оруулсан эрхэм байгууламж ашиглалтад ороод ямар ч мөнгө олохгүйгээс гадна гаргаж байгаа эрчим хүчийг нь зохицуулах боломжгүй гэдгийг мэдээд төслийг зогсоосон юм.

Энэ их шуналтай хүн төрөлхтөн Теслагийн амьдралыг орвонгоор нь эргүүлчихсэн гэхэд болно. Никола Тесла амьдралынхаа ихэнх хэсгийг халаас хоосон өнгөрүүлсэн юм. Энэ бүх эмх замбараагүй байдлыг тэрээр тэвчээд л амьдарсан. Орчин үед ийм хүнийг "Дэндүү солиотой" л гэж тодорхойлох байх.

Тесла сүүлдээ хий юм харж, бодит байдал, төсөөлөл хоёроо ялгахаа байсан гэдэг. Тиймээс тэр олон жилийг лабораторидоо цор ганцаар өнгөрүүлсэн юм.

Тесла ихэвчлэн хамгийн жаргалтай мөчөө лабораторидоо ганцаараа цоожлуулсан мөч гэдэг байв.

Никола Тесла амьдралынхаа эцсийн мөчийг халаас хоосон, Нью Йоркын нэгэн зочид буудалд өнгөрүүлсэн юм. Тэрээр хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа амьдрал нь ямар байсныг тод томруунаар хэлжээ.

"Би олон жилийн турш хэдэн мянган тагтаа хооллолоо. Гэхдээ тэдний дунд нэг л онцгой, үзэсгэлэнтэй шувуу байсан юм. Цав цагаан өнгөтэй, далавчин дээрээ цайвар саарал судалтай тэр л шувуу бусдаасаа өөр байлаа. Учир нь тэр шувуу эмэгчин шувуу байсан юм. Би тэрнийгээ хаана ч харсан танина. Намайг хүсээд дуудах л юм бол би хаана ч байсан тэр шувуу намайг олоод л ирнэ. Тэр намайг, би түүнийг ойлгодог учраас л тэр шүү дээ. Би тэр тагтаанд хайртай байлаа. Тийм ээ би тэр тагтаанд эр хүн эмэгтэй хүнийг хайрладаг шиг, тэр намайг эмэгтэй хүн шиг хайрладаг байсан юм. Намайг түүн рүү харах бүрт нэг юм хэлэх гээд байгааг нь би мэддэг байсан. Тэр минь үхэж байлаа. Харин дараа нь надад тэр тодорхой дохио үзүүлж, нүднээс нь гэрэл цацарсан. Хүчтэй гэрлийн цацраг."

Төсөөллийнхөө лазер гэрэлтэй тагтааны тухай ярьж байлаа гэж үү?

Теслагийн хүн төрөлхтөнд өгсөн бүхнийх нь хариуд барьсан бидний шагнал энэ л байсан юм.

Та буруу цагтаа төрсөн эрхэм байлаа. Та 19-р зууны Архимед, та 19-р зууны Стив Возниак, та 19-р зууны Тони Старк байсан юм шүү.

Та хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн цаг хугацаанд амьдарч байсан хамгийн агуу суутан.

Эвдрээгүй байхад нь засах гэж шаналж, бодож, хичээдэг хүн бүрийн өмнөөс хэлэхэд: Баярлалаа, Никола Тесла.

Д.Багахүү | GoGo.mn