“Нам дагавал ам тосдоно” гэдэг шинэ цагийн зүйр үг гарчээ. Хуурсаар хуурсаар худалч, Xулхидсаар хулхидсаар улстөрч болох хүсэлтэй залуус гудамжаар дүүрэн байна.

Намын буянаар албан тушаал авдаг, төрийн албанд ордог жишиг тогтчихсон учраас намаа дагавал ам тосдоно оо хэмээн залуус ярьдаг болжээ. Сургууль төгслөө намд элслээ тэгээд л ажил нь бэлэн хүлээж байгаа гэх ойлголт залуусыг эвдэж байна.


Тиймдээ ч төрийн албанд өөрсдийн мэдлэг чадвараар өрсөлдөөд орох бус намын дарга, удирдлагуудад тал засч, нэг намын төлөө гудамжинд гарч уриа лоозон барьж зогсоод л ажилд ордог гэсэн сэтгэлгээтэй залуус хэтэрхий их байна. Төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагч, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэлтэй хүн байхгүй болчихож. Нэг нам засаг барингуут төрийн алба тэр чигээрээ солигдоно. Дахиад л ажлаа мэдэхгүй гонжоом, зангиагаар гангарсан залуус том том улс төр ярьж, нэг муу сэтэр зүүсэндээ бардаж луйвардаж мөнгө хийнэ. Ажилд ороход хамгийн түрүүнд аль намын гишүүн болохыг нь асууна. Хэрэв даргын намын хүн биш бол хэч­нээн туршлагатай, эрдэм чадалтай байгаад ч тус болохгүй, ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад баяртай. Дараагийн дөрвөн жилд дэмжсэн нам нь ялаасай хэмээн залбирч, улстөржих, ажилд аваагүй намын нөхдүүдийг гутаах ажлаа хийнэ.

Ер нь улстөрч болох шиг амар ажил алга. Гудамжинд гарч өлсгөлөн зарлаад УИХ-ын гишүүн. Нэг улстөрчийн гар хөлийн үзүүрт зарагдаад төрийн албан хаагч. Үзэл бодолдоо үнэнч, залуу халуун нас цусаа түмнийхээ төлөө өгдөг баатар мэт дүр эсгэн хөдөлгөөн, бослого өрнүүлэх замаар улс төрд орж болдог гэдгийг О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, С.Ганбаатар нар харуулчихсан. Тэд зорьсон зорилгынхоо эцсийг нь үзэж чадаагүй учраас залуус тэднээс суралцаж гудамжинд гарч амархан од болох замыг сонгож байна. Эцсийн дүнд нь тэд хожиж, үзэл бодлоороо нэгдэж, тэднийг дэмжсэн ард түмэн хохирч үлддэг. Тиймээс ч сургуулийн ширээнээс өндийгөөд л намын батлах гардаж авч байна.

Намууд ч гишүүдийн тоогоор өрсөлддөг болж. Манай намыг сонгож тэдэн залуус ирлээ, тийм тооны залуус намд нэгдэж байна гэж ирээд л өнөө хэдийгээ хөөргөнө. Монголчууд намаараа талцаж, эхнэр нөхөр хоёр нэг дээвэр дор багтахгүй салсан онигоо гэмээр гашуун үнэн байна. Тангараг өргөсөн эмч хүн санал өгсөн АН-ынхандаа очиж үзүүл хэмээн улстөржиж хүний амиар “наадсан” үнэнийг нуух аргагүй. Хэрэв чи манай намд элсэхгүй бол мянгат малчны цолыг чинь өгөхгүй хэмээн сумын Засаг дарга нь иргэнээ дарамталж байсан гэдэг юм билээ. Нам нийгмийг ингэж талцуулж байна. Намаар талцаж хэрэлдүүлэх, хэн нэгнийг цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр доромжлох ажилтай залуус одоо ажлаа эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхтэй зэрэгцэн захиалгат сэтгэгдэл бичих үндсэн ажилтай сүрхий ухаантнууд мэдээ мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг элдвээр гутааж доромжлох, өрсөлдөгчийг нь үнэ хүндгүй харагдуулах гэж гутааж эхэллээ. Эмх замбараагаа алдаад байгаа цахим сайтын сэтгэгдэлийн ард ердөө л нам дагаж “далдаганасан” нөхдүүд байгаа юм.

Намын ажлаа сайн хийж “кок” авахын тулд тэд иргэдийн гэнэн сэтгэлээр “наадаж” улс төр хийдэг. Нэг асуудлыг өлгөж аваад л улстөрчдийг буруушааж мэдээлэл хийнэ, ярилцлага өгнө, Ардын нам сайн АН-ынхан муу ажиллаж байна хэмээн мэдэмхийрнэ. Сонгууль дөхөнгүүт тэд үүрнээсээ гарч ирцгээлээ. Ард түмний гэнэн, итгэмтгий зангаар тоглох улс төрөө хийж эхэлжээ. Тэдний энэ байдал хэзээ засагдах бол. Магадгүй энэ байдал үргэлжилсээр байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Нам дагаж албан тушаал авдаг төрийн албан хаагчдын хүрээ тэлсээр байвал энэ улсын хөгжил урагшаа биш хойшоо ухарна. Хийх гэсэн сэтгэлтэй биш хийрхсэн залуусын ирээдүй бүрхэг байна. Энэ байдлыг одоо засах цаг нь болжээ.

Б.Балжир

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв