“Торгоны зам” сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч М.Халиунбаттай ярилцлаа.

-Таны Эдийн засгийн форумын үеэр тавьсан илтгэлээс Монголд кроны капитализм бий болчихлоо гэсэн санаа содон дуулдсан...?

-Өнөөгийн үүссэн байдлыг харахаар кроны капитализм буюу улстөржсөн бизнес, бизнесжсэн улс төр сонгодог утгаараа бий болсон. 26 жил хийсэн зүйл маань ерөөсөө л кроны капитализм. Өөрөөр хэлбэл улс төртэй холбогдохгүй бол бизнес нь явдаггүй, улс төрийнхөн нь бизнестэй ямар нэг байдлаар холбогдож байр сууриа хадгалж үлддэг тогтолцоог кроны гэж онцлоод байгаа юм.

-Кроны капитализм эцэстээ юунд хүргэдэг вэ?

-Товчхон хэлбэл дарангуйлалд. Бид эхний алхмаа тавьчихлаа л даа.

-Кроны капитализм хөгжиж дарангуйлалд хүрсэн улсуудад эхэн үедээ манайд одоо өрнөж буй шиг үйл явц ажиглагдаж байсан гэсэн үг үү?

-Тоочвол маш олон улсын түүх бий. Улстөрчдөд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд мөнгө хэрэг болдог. Мөнгө авах газар нь ойлгомжтой. Нэг бол төсвөөс хулгайлна, эсвэл бизнес эрхлэгчдээс мөнгө босгоно. Ийм л хоёр тогтолцоо ажиглагддаг. Сая хэлсэн үзэгдэл манай улсад аль хэдийнэ өрнөчихсөн. Мөнгө босгож улс төр хийж чаддаг болсон. Дараагийн алхам нь ч хийгдээд эхэлсэн. Үүний дараа асар том хэмжээний амлалтууд өгч эхэлдэг. Гэр хорооллыг дахин төлөвлөнө ч гэдэг юм уу нэлээд өргөн цараатай, их мөнгө зарцуулах төслүүдийг санал болгодог. Мэдээж хэн нь хэнээсээ илүү томыг амлах вэ, санал болгох вэ гэдэг дээр өрсөлдөөн өрнөнө. Улстөрчид амлалтаа биелүүлэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хүссэн хүсээгүй томруулдаг. Төсвийг томруулах хоёрхон үндсэн арга бий. Эхнийх нь ард иргэд, аж ахуйн нэгжээс авдаг татвараа нэмэгдүүлэх. Хоёр дахь арга нь зээл авах. Төр иймэрхүү маягаар томроод ирдэг. Төр томрох хэрээр аж ахуйн нэгжийн, компаниудын үйл ажиллагаа хумигддаг. Одоогийн бидний туулж байгаа үе бол аж ахуйн үйл ажиллагаа хумигдаж буй цаг. Өөрөөр хэлбэл хүмүүс ажилгүй болж байна. Бизнесүүд явахаа болилоо. Бизнесүүд мөнгөгүйдэхээр төрийн орлого багасах нь гарцаагүй зүйл. НӨАТ, онцгой, гааль, хүн амын татвар хумигдаад эхлэх нь жам. Өмнө нь авч байсан татваруудын хэмжээ ингээд буугаад эхлэхээр шийдвэр гаргагчид Улаанбаатар хотын татвар гэх мэт шинэ татварууд зохиож эхэлдэг. Мэдээж юу юуны туханд хүрэлгүй татварын хувь хэмжээгээр оролдохгүй. Сүүлдээ бол татварын хувь хэмжээ рүү орно. Шийдвэр гаргагчид татварын хувь хэмжээ рүү орчихсон. Сүүлийн жишээ гэхэд 110 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмчихлээ. Хурц хэлбэр рүүгээ орж байна гэсэн үг.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд гэсэн тайлбартай гарсан шийдвэр шүү дээ...?

-Татварын хувь хэмжээ нэмж эхлэх яг ийм үед янз бүрийн сэдэв моодонд ордог. Жишээ нь сая таны хэлсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг уриа. Үнэн хэрэгтээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг чинь импортын татварыг нэмэгдүүлэх л арга. Хүн өмнө нь хэрэглэж байсан импортын бүтээгдэхүүнээ шууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр сольдоггүй. Өөрөөр хэлбэл хуучин хэрэглээнээсээ татгалздаггүй. Саван гэхэд хэрэглээд сурсан брэндтэй нь адил хэмжээний чанартайгаар үйлдвэрлэдэг дотоодын компани байхгүй байх жишээний. Гадны том компаниудын бүтээгдэхүүнийг дотоодынхтой харьцуулбал өрсөлдөх чадвар хавьгүй илүү гэсэн том шалтгаан бий. Харамсалтай нь иргэдийн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ татвараа дагаад өсдөг, үр дүнд нь хүмүүсийн халаасан дахь мөнгө үнэгүйдэж байдаг. Товчхондоо төр иргэдийнхээ халааснаас төсвөө барьдаг тогтолцоо руу ороод байна.

-Шавхаад ч юм гарахгүй болбол, эдийн засаг тамирдаад ирвэл яах бол. Кроны капитализмаар яваад байгаа улсын хувьд ер нь яадаг юм бол?

-Ийм үед зээл авч эхэлдэг. Бидэнд ажиглагдаад эхэлчихсэн. “Чингис” бондоос эхлэлтэй “Самурай” гэх мэт олон бонд бий. Сүүлд гэхэд л Энэтхэгээс тэрбум ам.доллар авах гэж байх шиг байна. Өрийн хямрал руу ордог гол шалтгаан нь энэ. Нэгэнт авсан хойно өгөх нь жам. Өгөхдөө тулаад ирэхээр эдийн засаг нь хумигдаад юу ч үгүй болчихсон байдаг. Шийдвэр гаргагчдын хувьд мөнгө олох дараагийн зам нь нийгэмчлэх үйл явц болдог. Хамгийн их мөнгө харагдаж байгаа салбаруудыг нийгэмчилж эхэлдэг. Төрийн болгож эхэлдэг гэсэн үг.

-Хувийн хэвшлийнхнээс дээрэм хийнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Хувийн хэвшлээс дээрэмдэж эхэлнэ. Ингээд дарангуйлал эхэлдэг. Мэдээж өмчөө дээрэмдүүлсэн иргэд, хувь хүн төр засагт дуртай байхгүй нь тодорхой. Хөдөлгөөн, эсэргүүцлийн цуглаан гэх мэт эсэргүүцлүүд ажиглагдаж эхэлдэг.

-Манайх шиг ардчилсан улсад арай ч шууд хувийн өмч рүү дайрахгүй байх аа?

-Шууд дайрах өндөр эрсдэл бий. Эквадор гэхэд байгалийн хий, газрын тос, газар тариалангийн экспортоороо бүс нутагтаа давамгайлсан мундаг улс байсан. Ердөө саяхны, арваадхан жилийн өмнөх явдал. Тэр үед төр засаг нь иргэддээ маш том амлалт өгсөн. Эквадорын бүх иргэнийг орон сууцанд оруулна гэсэн амлалт өгсөн. Яг л манайхтай адил зүйл сонсогдож байгаа биз. За тэгээд орон сууцанд оруулах кампанит ажил эхэлж асар том бүтээн байгуулалт өрнөсөн. Өчнөөн байшин барилга барьсан ч сүүлдээ хямарч хүнд байдалд орсон. Барилгын салбартаа маш их мөнгө түгжсэн. Манай улс ч ялгаагүй, энэ салбартаа 7.8 их наяд төгрөг түгжчихээд байгаа. Ийм байдал үүсэнгүүт эдийн засаг нь бүтээмжгүй болж таарна. Манай эдийн засаг ч өнөөдөр бүтээмжгүйдээ орно. Бид 2-3 төгрөг зарцуулаад нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эквадорын төр засгийнхан манайд одоо ажиглагдаж байгаа шиг татвараа нэмэх гэх мэт арга хэрэглэж явсаар эцэстээ нефть олборлогч, газын компаниудаасаа эхлээд нийгэмчилсэн. Өөрөөр хэлбэл шууд улсын мэдэлд авч эхэлсэн. Хүмүүс өмчөө авч үлдэхийн тулд зугтааж таарна. Тэгэнгүүт нь зугтаалгахгүй арга хэмжээ авч эхэлж байгаа юм. Хил дээрээ хаалт хийгээд цэрэг зогсоочихсон. Ингээд л хүн төрөлхтний түүхэнд бас нэгэн алдартай дарангуйлагч төрж байгаа юм. Кроны капитализмын бас нэг тод жишээ нь Зимбабве. Бид хэдэн триллионы тоотой ч үнэ цэнгүй болсон мөнгөн дэвсгэртийг нь хараад шоолж инээлддэг. Тэр улсын толгой нь гадаадын жаахан ч гэсэн хөрөнгө оруулалттай компани байвал шууд нийгэмчилнэ гэсэн хууль гаргаад сууж байна.

-Гэхдээ л арай ч Зимбабве шиг болчихгүй байлгүй дээ...?

-Ингэж бодох нь дэндүү гэнэн хандлага. Сая та бид хоёрын ярьсан зүйл хүн төрөлхтний шинэ түүхэнд гараад ирчихсэн бас нэг үзэгдэл. Ийм хэлбэрийн дарангуйлал хүчтэй байгаа. Хаан гэж нэрлэхээ болиод Ерөнхийлөгч гэдэг болсноос өөр ялгаа байхгүй. Харин ч хэлбэрээ өөрчлөхдөө өмнөхөөсөө илүү хүчтэй болсон.

-Кроны капитализмын гол шалтгаан нь улс төр, бизнесийн хэт хамаарал гэж ойлголоо. Энэ хамаарлыг нь багасгах гарц хайвал байдал эерэг зүг рүүгээ эргэх байлгүй дээ?

-Нэгэнт эргээд эхэлсэн асар том хүрдийг зогсоох хэцүү. Бүх юм нь хоорондоо нөхцөлдөөд, нэг нь нөгөөгөө өдөөгөөд эргэж байгаа. Магадгүй шалдаа буутал унаж хаширвал арай өөр зүг рүүгээ эргэж мэдэх юм.

-Дэлхийн улсуудаас кроны капитализмаар явж байгаад зөв зам руугаа орсон жишээ бий юу?

-Тийм жишээ байхгүй. Институцийн хувьд ганхахааргүй бэхжиж байж хазаарлаж таарна. Манайд кроны капитализмыг хязгаарлаж, зогсоож чадах институциуд байхгүй. Тийм хүчтэй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн ч алга. Тэгэхээр хамгийн бодитой гарц бол иргэд. Иргэд ойлгоц төсөөллөө өөрчилж чадвал эерэг зүйл ажиглагдаж магадгүй. Гучаас доош насны залуу хүмүүс онцгойлж анхаармаар санагддаг. Монголын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, гурван хүний хоёр нь залуус гэдэг утгаараа хүүхэд, залуусаа зөв бодолтой, дархлаатай болгох хэрэгтэй. Боловсролын системдээ маш том өөрчлөлт хиймээр санагддаг.

-Байгалийн баялаг ихтэй, дэлхийн хэмжээний Оюу толгой гэдэг том төсөл хөдөлчихсөн, эндээс олсон мөнгөөрөө боловсрол гэх мэт бусад салбараа хөгжүүлнэ гээд бодохоор бусдаас давуу, өөдрөг зүйлс бидэнд өчнөөн бий. Энэ бүхэн таны яриад байгаа дарангуйллаас сэргийлж чадах юм биш үү?

-Оюу толгой төсөл явлаа гэдэг нь эерэг дохио мөн. Гэхдээ та бид хоёр сууриараа буруу байгаа тухай ярьж байна. Муу хөрсөнд хэчнээн сайн үр тариад нэмэргүйтэй ялгаагүй зүйл болоод байна л даа.

-Тогтолцоо нь буруу байхад хэчнээн том төсөл хэрэгжээд ч үр дүнгүй гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол тийм. 2-3 төгрөгөөр нэг төгрөгийн баялаг бүтээж байна гэж өмнө ярьсан даа. Дэндүү бүдүүлэг үр ашиггүй тогтолцоо байсаар байна. Төрд мөнгө очихоор дандаа бүтээмжгүй юм хийдэг учраас тэр. Социалист гэгддэг Хятад манайхаас арай дээр. 1.7 төгрөг зарцуулаад нэг төгрөг бүтээдэг. Сүүлийн үед эдийн засагт нь “Цагаан заан” гэдэг ойлголт гарсан. Хэн ч явдаггүй зам, хэн ч суудаггүй “сүнс”-ний хотоо тэгж нэрлэсэн хэрэг. Манайд ч бий. Урдуур, Богд уулын хормойгоор барьсан замаар хэдэн хүн явдаг юм бэ гээд тооцвол их сонин дүр зураг гарч ирнэ. Хөгжлийн төлөө гэсэн хаягтай ажлууд улс төрийн шалтгаанаар, ийм юм хийсэн болохоор намайг сонгоно гэдэг дээр төвлөрөөд байна.

-Гадны хөрөнгө оруулалт хэт их хэмжээгээр орж ирэх нь эрсдэлтэй, үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй гэж үзэх хэсэг байхад, гадны хөрөнгө оруулалтаар л босно гэх хүмүүс бий...?

-Өрсөлдөөн байх ёстой. Өрсөлдөөнд гадна, дотнынхон бүгдээрээ орох учиртай. Гадныхантай өрсөлдөөд гарч ирсэн үндэсний компани л бидэнд хэрэгтэй.

-Тэгэхээр аль алинд нь гарааны тэгш нөхцөл олгох ёстой гэсэн үг үү?

-Яг тийм. Өрсөлдөөнөөс шалгарч гарсан компанууд л улс үндэстний баялгийг бүтээдэг.

-Та бид хоёрын яриад байгааг ажил болгохын тулд төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Зөнд нь орхих хэрэгтэй.

-Өрсөлдөөний хэт чөлөөтэй орчин том нь багыгаа барьж идэхэд хүргэж, хэт монополь үүсгэнэ гэсэн болгоомжлол дуулддаг...?

-Монополиуд ихэнх тохиолдолд өрсөлдөөнгүй байдлаас үүсдэг. Өрсөлдөөн байгаа л бол жижиг компаниуд том компаниудаа хүнд цохилтод оруулах эрлийг тасралтгүй хийж, том компаниудынхаа араас нэхэж явдаг. Тэд технологиороо, менежмэнтээрээ, түүхий эдийнхээ онцгой чанараар илүү гарахыг эрмэлзэж завгүй ажиллацгаадаг. Толгойлогч компани нь ч араас нь нэхэж байгааг мэдэж үйл ажиллагаагаа байнга сайжруулдаг. Өрсөлдөөн ийм гайхамшгийг бүтээдэг.

-Манайд өрсөлдөөнтэй, арай эрүүл хөгжиж байгаа салбар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Аль ч салбар давуу талаа ямар нэг улстөрчөөр дамжуулж хууль журам батлуулж баталгаажуулдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Ер нь хаана лиценз зөвшөөрөл өгч байна, хэн нэгний бизнесийг хамгаалж байна л гэсэн үг. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Өрсөлдөөн байгаа газар олон ажлын байр, орлого бий болдог. Жишээ нь лицензийг байхгүй болгох хэрэгтэй. Тэгвэл бүгд хийх гэж оролдоно. Амжилттай, амжилтгүй нь дараагийн асуудал. Уг нь манай эдийн засаг тодорхой хэмжээнд өсөөд хуримтлал бий болчихсон. Төв банкны тайланг харвал хадгаламж гээд чамгүй мөнгө хуримтлагдчихсан. Эргэлтэд орохгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, улс төрийн ийм эрсдэлтэй нөхцөлд бизнест хөрөнгө оруулах бодолтой нь цөөн байна. Хоёрдугаарт, банкны хүү өндөр. Бизнес хийснээс хадгалуулсан нь ашигтай байна. Банкууд өндөр хүүтэй хадгалж байгаа нь Засгийн газрын бондтой холбоотой. Засгийн газрын бондын 93 хувийг банкууд худалдаж авдаг. Энэ бол эдийн засгийн идэвхтэй эргэлт биш. Одоо бидэнд гоё болно, урагшилна гэсэн итгэл хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн энэ олон бизнесийг болиулах ёстой

dnn.mn