Жил бүр 40-50 мянга гаруй хүүхэд залуус их, дээд сургуулиудад элсэн орж, оюутан болдог гэсэн статистик мэдээ байна. Эдгээрийн 30 мянга гаруй нь дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхдүүд байдаг бөгөөд харин ирэх намар энэ тоо 20 гаруй мянга болж цөөрөх магадлалтай гэсэн урьдчилсан судалгаа гарчээ. (Эх сурвалж: www.dorgio.mn)

Тэгвэл энэ олон оюутнаас яг хэд нь өөрийн сонгосон мэргэжлээр, хүссэн сургуульдаа суралцах бол?

Дунд сургуулиа төгсөж буй хүүхдүүдийн ихэнх нь өөрсдийн зорилгыг нарийн тодорхойлж, ирээдүйд хэн болохоо шийдэж амжаагүй байхдаа их сургуульд ордог гэвэл нэг их худал хэлсэн болохгүй болов уу. Ихэнхдээ эцэг эхийн санал зөвлөгөө, эсвэл өөрийн сэтгэл хөөрөл, мэдрэмжээр ямар нэг мэргэжил сонгож их, дээд сургуульд ордог. Үүнийг бичигч өөрөө ийм байдлаар мэргэжлээ сонгож, их сургуульд сурч төгссөн болохоор сайн мэдээд байгаа юм. Арван жилдээ физик, математик гэхээс илүү монгол хэл, уран зохиолын хичээлдээ сайн байсан тул аав ээжтэйгээ ярилцаад сэтгүүлч болохоор шийдэж байлаа. Тухайн үед би телевизээр байнга гардаг хүмүүсийг л сэтгүүлч гэж боддог байж. Гэтэл их сургуульд ороод мэргэжлийн хичээлээ үзэж эхлээд миний төсөөлдөг байсан “тэр хүмүүс” бүгд сэтгүүлч биш нэвтрүүлэгч, хөтлөгч нар байсныг мэдсэн юм.

Ер нь хүмүүс хэрхэн яаж мэргэжлээ сонгодгийг би чухам мэдэхгүй юм. Гагцхүү өөрийн дотно танил хүрээнийхэн, мөн өөрийн жишээн дээрээс үзэхэд аливаа ажил мэргэжлийн онцлог, үүрэг зориулалтын тухай бодит болон төсөөллийн гэсэн маш том зөрүүтэй ойлголтууд залуусын дунд байгаа нь харагдаж байна. Яагаад хүүхэд залуус ирээдүйн амьдралын гол баталгаа болох ажил мэргэжлээ ингэж шал өөр зураглал, баримжаагаар сонгож, тэр чиглэлээрээ суралцаж байна вэ?

Энэ нь магадгүй дунд сургуулиа төгсөх дөхсөн, ахлах ангийн сурагчдад хэн ч энэ мэргэжил ийм ажил хийдэг, иймэрхүү цалин хөлс авдаг, тухайн мэргэжлээр ажиллахын тулд чамд ийм, тийм ур чадвар байх ёстой гэж хэлж ярьж, зөвлөдөггүйгээс болж байж болох юм. Одоо ч нэг үеэ бодвол интернэтээр бүх мэдээллийг авч байгаа учраас эдгээрийг судалж, ерөнхийд нь “гадарладаг” болоод мэргэжлээ сонгож буй олон хүүхэд байгаа байх. Гэхдээ бас ингэж чадахгүй “харанхуй” хэвээрээ аль нэг их сургуульд орсон болоод суралцаж байгаа хүүхэд залуус ч их бий.

Тэд өөрийн сонирхолтой, хийж чадах ажил мэргэжлээ таньж мэдээгүй, ойлгоогүй байхдаа сургуулиа сонгосон тул хичээлүүдэд нь дургүй байсаар “За ямар ч байсан сургуулиа төгсөөд дипломтой болъё, хүнд харуулах юмтай байя” гэсэн үүднээс сургуулиа төгсөж, дипломоо гарддаг ч мэргэжлээрээ ажилладаггүй болон ажилгүй хүмүүсийн тоог дахин хэдээр нэмдэг.

Монголдоо дээгүүрт ордог МУИС, МУБИС зэрэг улсын сургууль төгссөн хэрнээ ажилгүй байсаар байгаад гадны орнуудад “хараар” ажиллахаар гарч буй олон хүмүүсийг би мэднэ.

Энэ мэтчилэн зүйлүүд ирээдүйд болохгүйн тулд одоо л мэргэжил, сургуулиа дахин нэг бодож үзээд зөв сонголт хийх нь хамгийн чухал гэдгийг эцэст нь тэмдэглэе.

Л.Навчаа