Сурагчид болоод эцэг эхчүүдийн хувьд оюутан болохыг л чухалчлахаас мэргэжлээ нэгдүгээрт тавьж заншаагүй байна.

Дэлхий дээр 40 мянган мэргэжил байдгаас 7000 нь Монголд байна. Харин үүнээс тоотой хэдийг нь л бид мэддэг, бас сонгодог. Эмч, багш, хуульч, эдийн засагч гэж эргэлдсээр, бүгдээрээ ижил мэргэжилтэй болж, ажлын байр, авдаг цалингаа булаацалдах боллоо. Өвөр зуураа өрсөлдлөө гээд өөрчлөгдсөн ч юмгүй өнөөдрийг хүрчээ. Харин хүүхдүүдээ яах вэ, ямар мэргэжил эзэмшүүлбэл өөрт нь болоод амьдралд нь, цаашлаад улс оронд тустай бол. Энэ асуултын хариуг олох гэж олон эцэг эх толгой гашилгаж байна.

Энэ жилийн хувьд ЕБС-ийг 37 мянган сурагч төгсөнө. Тэднийг хувь хувьсгалын 100 их дээд сургууль хүлээж байгаа. Мэдээж олонх нь оюутан болно. Оюутан болохоор зорьж буй хүүхдүүдийн хэдэн хувь нь мэргэжлээ оновчтой сонгосон бэ гэдэг нь эргэлзээтэй. Ер нь бол ЭЕШ-ын өмнө мэргэжил сонгоно гэдэг дэндүү оройтсон хэрэг л дээ. Хүүхдүүдийн дийлэнх нь 8-9 дүгээр ангиасаа, үгүйдээ л 10 дугаар ангиа төгсөхдөө мэргэжлээ сонгож, сонгосон мэргэжлийнхээ дагуу шаардлагатай гэсэн хичээлээ түлхүү судалдаг болжээ. Сургуулийн багш нар ч ингэж хичээллэхийг зөвлөж байгаа. Харин сурагчид болоод эцэг эхчүүдийн хувьд оюутан болохыг л чухалчлахаас мэргэжлээ нэгдүгээрт тавьж заншаагүй байна. Зөвхөн сургуулиа эхлээд сонгочихдог нэг хэсэг хүмүүс байна, МУИС-д л орно, ШУТИС хамгийн гоё гэхчилэн. Хүүгээ заавал эмч болгоно гэсэн хэр нь эмч нар дотроо хичнээн олон мэргэжлээр салж мэргэшдэгийг огт анзаардаггүй.
Ийм мэргэжлээ сонгож чадахгүй тулгамдаж байгаа сурагчдад туслах үүрэг уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд бий. Гэтэл тус яамны вэб сайтад яам болоод сайдынхаа хийж хэрэгжүүлсэн ажлын сурталчилгаа мэдээллийг голчлон байршуулсан байна. Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл гээд мэргэжил сонголтын талаар зөвлөгөө байршуулж болох бүхий л газрын вэбсайтыг шүүгээд энэ чиглэлийн мэдээ олсонгүй.
Ядаж л хамгийн чухал хэрэгцээт мэргэжлийн талаарх мэдээлэл алга. Монгол Улсад хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтыг одоогоос хоёр жилийн өмнө Засгийн газраас зарлаж байжээ. Түүнээс хойш шинэчлэгдсэнгүй. Тухайн үед бага анги, цэцэрлэгийн багш хэрэгцээт мэргэжлийн магнайд жагсаж байжээ. Харин одоо бол дуу хөгжмийн болон хосолсон мэргэжилтэй багш нар хамгаас эрэлттэй байгааг МУБИС-ийн захирал яриандаа тодотгосон байна.Тэгэхээр хоёр жилийн өмнөх жагсаалт хоцрогдсон мэдээлэл болж таарах нь.
Харамсалтай нь, 2016 оны төгсөгчид хуучин жагсаалтаар баримжаалж байгаад мэргэжлээ сонгож байна. Харин хойтон хавар ЕБС төгсөгчдөд зориулж, эрэлттэй мэргэжлийн жагсаалтаа шинэчлэх хэрэгтэй байгааг дашрамд дуулгая.
МЭРГЭЖЛИЙГ ТАВ АНГИЛДАГ БОЛЖЭЭ
Мэргэжлийг харилцах чиглэлээр нь үндсэн таван бүлэгт хуваан үздэг болжээ. Үүнд:
1. Хүнтэй харилцдаг мэргэжлүүд /цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтан, хилийн алба, мөрдөн байцаагч/
2. Техниктэй харилцдаг мэргэжлүүд /шүүх шинжилгээ, гамшгаас хамгаалах алба, гал түймэртэй тэмцэх алба, замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба гэх мэт инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүд/
3. Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч, биологич, ой судлаач/
4. Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/
5. Уран сайхны дүртэй харилцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжигчин, дуучин гэх мэт/
Хүүхдийнхээ үндсэн зан төлөв, сонирхдог хичээл, ур чадварт тохируулаад мэргэжлийг сонгох учиртай юм байна. Харин дараа нь сонгосон мэргэжлээр чинь ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, тухайн мэргэжлийн нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын талаар ярилцахад гэмгүй гэдгийг судалгааны байгууллагынхан онцолж байлаа.
Харин дараа нь, хамгийн сүүлд тэрхүү мэргэжлээр аль сургуульд сурахаа сонгох учиртай юм байна. Монгол Улс 100 гаруй их, дээд сургуультай. Тэдгээрээс сонгосон мэргэжлийн дагуу сургалт явуулдаг олон сургууль байж таарна. Чухам алийг нь сонгох вэ гэдэг мэргэжлээ сонгохоос ялгаагүй чухал аж. Түүнээс ЭЕШ-д авсан онооныхоо хэмжээгээр сургууль сонгоно гэдэг хямд үнэтэй чанаргүй бараа сонгож байгаагаас ялгаагүй билээ.
Мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн чансаа, магадлан итгэмжлэл, багш нарын чансаа, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй хувь, номын санд буй номын хүрэлцээ гээд олон хүчин зүйлийг харьцуулан үзэх ёстой юм байна. Тэр бүү хэл тус сургуулийн багш эрдэмтдийн сүүлийн үеийн ном бүтээл, мэргэжлийн сэтгүүлүүд захиалдаг эсэхийг ч харахад илүүдэхгүй гэнэ шүү.
Зөвхөн МУИС л гэхэд 14 бүрэлдэхүүн сургууль, орон нутгийн хоёр салбар сургууль, 100 гаруй тэнхимтэй гээд бод доо. Тэр болгоныг нарийн мэддэг хүн бараг үгүй. Хар таамгаар сонгосон мэргэжил, сургуулийн балаг насан туршийнх байх юм.
Сэтгүүлч Т.Цээпилмаа
Эх сурвалж: News.mn