Ada2bc 20070828bizreligion dm 500 x320

Хүн төрөлхтөн бид үүссэн цагаасаа “Домгийн сэтгэлгээний, шашны сургаалын, шинжлэх ухааны ноёрхлын” гэсэн 3 томоохон үеийг дамжин тэдгээрийн дагуу байгаль дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар иржээ.

ЭДГЭЭРИЙН ЯЛГАА ЗААГИЙГ ЦУХАС ДУРДВАЛ:

1. Домгийн сэтгэлгээний үе - Эрдэмтэн судлаачид /Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном, С.Дулам/ домгийг орчлон ертөнц, хүний нийгмийн юм үзэгдэл тэргүүтэнг танин мэдэж, тайлбарлах гэсэн хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан үүссэн гэж үздэг. Тиймээс домгийн сэтгэлгээ бол эртний хүмүүсийн төсөөлөл, таамгаас үүдсэн зүйл бөгөөд тухайн эд юмс, байгалийн үзэгдлийн учир шалтгааныг хүншүүлэн тайлбарласан байдаг. Тухайлбал, үер, аянга, өвчин тахал гэх мэт байгалийн болоод нийгмийн юмс үзэгдлийг хүншүүлэн бурхан, чөтгөр зэрэг эсрэгцсэн дүрүүдээр төлөөлүүлсэн байдаг.

2. Шашны сургаалын үе - Шашин нь тодорхой үзэл сургаал, номлолтой бөгөөд алив муу муухайг эерүүлэн засах дом засал, тарни, тахилгын зан үйл бүхий цогц зүйл юм. Шинжлэх ухаан хөгжөөгүй байх үед бүхий л зүйлийг шашны үүднээс авч үздэг байжээ.

3. Шинжлэх ухааны үе - Энэ үед мэдээж бид бүхэн амьдарч байна. Шинжлэх ухаан нь шашны үүднээс тайлбарлаж чадахгүй байгаа төдийгүй өөр бусад юмс үзэгдлийг тодорхой судалгаа, баримт нотолгоотойгоор баталж нотолдог. Өөрөөр хэлбэл одоогийн томьёоллоор үнэн мэдлэг юм.

Яг энэ цаг үед амьдарч байгаа би, чи, та бид бүхэн XXI-р зуун буюу шинжлэх ухаанжсан нийгэмд амьдарч байна. Гэвч харамсалтай нь монголчууд бид дээрх 3 үеийн алинд нь ч хамааралгүй “мухар сүсэг” гэх аалзны торонд торлогдчихож.

Тэгэхээр юун түрүүнд мухар сүсэг гэх ойлголтыг авч үзье. Мухар сүсэг гэдэг бол алив зүйлийн учир шалтгааныг ойлгож мэдэлгүйгээр сохроор даган дуурайх явдал юм. Нэг үгээр бол мэдлэг, боловсролгүйн үр дүн. Үнэн зөв мэдлэггүй, өөрийн гэсэн үнэт зүйл, бодолгүй байна гэдэг хэчнээн харамсалтай.

Энд би хэт туйлшрахаас зайлсхийж, яг одоо үүсээд байгаа монголчуудын мухар сүсгийн хэд хэдэн бодит жишээг авч үзье.

1. Та бидний амьдралд:Бодоод үзэхнээ монголчууд бидний мухар сүсэг бүр багаас л эхэлдэг юм байна. Аав ээж, эмээ өвөө нар маань “Авдран дээр сууж болохгүй, босгон дээр гишгэж болохгүй, орон дотроо уйлж дуулж болохгүй” гэх мэтээр асар олон болохгүйг бидэнд тулгадаг. Тэгсэн хэрнээ учрыг нь асуухаар муу ёр л гэдэг, бүрэн дүүрэн хариулт өгдөггүй. Нэг асууна, хоёр асууна, тэгээд дуугүй даган мөрдөнө.

Ингээд л мухар сүсэгтэн болох эхлэл тавигдчихаж байгаа юм. Хэрвээ тухай бүрд нь “Монгол гэрийнхээ босгыг улс орныхоо хил хязгаартай зүйрлэдэг учир ихэд хүндэтгэдэг, авдран дотроо үнэ цэнтэй зүйлээ хийж хадгалдаг учраас нандигнан дээдэлдэг учиртай” гээд учирзүй, логикийг нь гаргаад хэлчихдэг байсан бол юутай сайхан. Гэвч би үүнийг маш олон хүнээс, эрдэмтэн судлаачдаас асуун байж бас л хожим мэдсэн. Ихэнх нь учрыг нь мэдэлгүй мухар сохроор дагадаг юм билээ.

Цаашилбал учрыг нь хэн ч хэлж мэдэхгүй асар олон мухар сүсгийн зүйл байх аж. Жишээ нь:

  • Хуримтай таарвал муу, оршуулгатай таарвал сайн
  • Амны бэлгэгүй юм яривал юм /ихэвчлэн мод/ тогших
  • Час өдөр болон хоёр дахь өдөр юм гаргахгүй, замд гарахгүй байх
  • Толь хагарвал муу, аяга хагарвал сайн
  • Хар мууртай таарвал азгүйтэл дагах
  • Хэн нэгний хөл дээр гишгэсэн бол заавал гар барих /гар барихгүй бол өстөн болно, муудалцана гэж үзэх учир/
  • Үхсэн мал, амьтны хажуугаар өнгөрөхдөө “Түй” гэж нулимаад, “Би чамайг алаагүй, алсан хүнээ хараагаарай” гэж хэлэх
  • Үдэш орой болсон хойно хумсаа авахгүй байх, дөрөв дэх өдөр хумсаа авбал баяжих
  • Элдэв муу юмнаас өөрийгөө хамгаалах гэж үсээ зангидахгэх мэтээр үргэлжилнэ.

Тэгээд болоогүй ээ. Дийлэнх нь зурхайгаар амьдралаа шийддэг болж. Дашням, Балжинням давхацсан сайн өдөр хэмээх тухайн өдөр хурим найрын хөл тасрахгүй байгаа нь үүний гэрч.

Үүнээс болоод төрөл садны олон хүний хурим найр нэг өдөр давхцаж хааш очихоо мэдэхгүй самгардах энүүхэнд. Үс засуулахдаа хүртэл сайн өдөр, муу өдөр гэж ялгана. Яг үнэндээ сайн, муу өдөр гэж юуг ч хэлээд байгаа юм.

Түүнчлэн “Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам баяжна” гэдэгчлэн сүүлийн жилүүдэд лам, бөө, удган, үзмэрч нэртэнгүүд хэт олширсон. Зарим нь эзэн Чингисийн нэрийг барьж, зарим нь түрийвчээ даллаад л баяжчихна хэмээн айлдаж энэ ард олныг бүр мунхруулж дууслаа.

2. Цахим орчинд: Мэдээ мэдээлэл авах, солилцох томоохон хэрэгсэл болох цахим орчинд ч бас мухар сүсэг хүчтэй тархаж байна. Могойн чуулган, бурхан, мөнгөний зураг хийгээд “Бурзай бурзай бурзай” гэх юм уу “Та цааш өөртөө шэйрлэж аваарай, лайк дараарай. Тэгвэл та тэд хоногийн дотор баяжна” гэх.

Эсвэл бүр “Энэ мессежийг тэдэн хүнд явуулбал танд сайхан зүйл тохиолдоно” энэ тэр гэх. Хамгийн харамсалтай нь уг заавруудыг ёсчилон хийгээд байгаа нөхдүүд тун эмгэнэлтэй. Тэднийг хатуугаар бол оюуны хоосролд орсон, тархины тураалд өртсөн гэхээс өөрөөр юу гэх вэ? Эдгээрийг постлогч этгээд зүгээр л таны мухар сүсэг, итгэл бишрэл дээр тоглолт хийж тэр авах гэж улайраад байгаа лайк, дагагчийнхаа тоог ихэсгэж байна. Нэг үгээр бол таны сул талыг ашиглаж байна шүү дээ. Үнэхээр л тэдний хэлснээр зураг шэйрлэж, лайк дараад баяжчихдаг, жаргачихдаг бол ажил хийгээд ер нь юу хийнэ.

Монголчууд бид энэ мэтээр олныг хамарсан мухар сүсэг хэмээгч хар тахалд нэрвэгдсээр байна. Бидний мухар сүсгийн өвчлөл хэр хэмжээнд байгааг та бидэнд хэдэн жилийн өмнө болсон “бурханаар бөөлжигч” хэмээх тодотголтой В.Мөнгөнчимэг гэх эмэгтэйн явдал нотолсон.

Дийлэнх масс түүнд нээрээ юм болов уу хэмээн эргэлзэж, баттай итгэсэн цөөнгүй хүмүүс ч бий. Инээдэм ч юм шиг, эмгэнэл ч юм шиг.
Цагтаа дэлхийг эзэлж байсан хэмээн омогшдог монголчууд бидний тэр их ухаан, уураг тархи өдгөө мухар сүсэг хэмээх тахлын вируст ямар их идэгдээ вэ? Тэгэхээр бид одоо яах ёстой вэ?

Германы сонгодог философийг үндэслэгч Имануэль Кант “Хүмүүний өөрийнх нь буруугаас шалтгаалан юм мэддэггүй, харанхуй мохоо, оюун санааны түгжигдмэл болон бусдын үгээр явах байдалд орсон үед түүнээс гаргах гарц нь соён гэгээрэл юм” хэмээсэн буй. Иймд гарах гарц нь ердөө л үнэн зөв, баталгаа нотолгоотой мэдлэг боловсрол эзэмших буюу соён гэгээрэл болж таарч байна. Гэхдээ энд шашны гэгээрлийг яриагүй гэдгийг тодруулан хэлье.

XVII дугаар зууны үед Францын дүр зураг өнөөгийн биднийхтэй тун төстэй байжээ. Хүмүүсийн ухамсар доройтож, авлигал, баян ядуугийн ялгаа, ажилгүйдэл газар авч шашны мөргөлдөөн ихэссэн аж. Энэ үед тухайн үеийн их сэтгэгчид болох Ж.Ж.Руссо, Д.Дидро, Вольтер, Ш.Монтескьенар уг үзэгдлийн учир шалтгааныг хувь хүний хүмүүжил, боловсролтой холбон үзэж хүмүүсийг урлаг, соёлоор соён гэгээрүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ийнхүү урлаг, соёлоор дамжуулан хүмүүсийг мэдлэгжүүлэн хөгжүүлснээр оюуны их хувьсгалыг хийж чадсан түүхтэй/ Д.Наранцацралын “Гоо зүй” сурах бичгээс болон философийн холбогдолтой ном бүтээлээс дэлгэрүүлэн унших боломжтой/.

Харин монголчууд бидний хувьд одоохондоо соён гэгээрүүлэгчид алга. Улс төрчдөөс эхлээд увайгүй эрхмүүд бүгд биднийг мунхаг, харанхуй, мухар сүсэгтэн хэвээр байлгах сонирхолтой. Энэ нь тэдэнд ашигтай.Тиймээс өөрөө өөртөө соён гэгээрүүлэгч байя. Хүний хэлснийг сохроор хууль мэт дагадаг биш, учир шалтгааныг нь мэддэг, тодруулдаг байя. Аливаа зүйлийн үнэн мөнийг мэддэг, ухаарч ойлгодог байя. Ертөнцийг мухар сүсгээр биш, мэдлэг боловсролоор тайлбарладаг байя.

Одоо бидэнд мухар сүсэг хэрэггүй. Бид мухар сүсгийн тахалд өртөж, өөрөө ч мэдэлгүй маш удаанаар зовж шаналсан. Мэдээж дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг сайн ч бай, муу ч бай дасал болсон зүйлээсээ бид тийм амархан салчихгүй. Гэвч бидэнд яг одоо хүлээж суух цаг байхгүй тул мухар сүсгийн хүлээсээ тасар татаж үнэн зөв мэдлэгт дурлах маш их зориг зүрх хэрэгтэй байна. Тэгж л гэмээнэ бид жинхэнэ утгаараа үндэснийхээ баялаг, үнэ цэн нь болж чадна. Улс эх орноо, ирээдүйгээ ч аварч чадах болно.

Нийгэм судлаач: Б.Батцэцэг