527-1424758871dino

...Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа тохиролцсон. Энэ оны 1 сарын дундуур Нью-Йоркод түүний ажилладаг Америкийн Байгалийн Түүхийн Музейг үзэж сонирхонгоо ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

1996 онд ШУТИСын Геологийн сургуулийг Эрэл Хайгуулын Инженер мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй тѳгссѳн. Мѳн тус сургуульд палеонтологийн Магистр зэргийг Монголын эртний шүрийг судалж хамгаалсан.
1996-1997 онд Геологийн Тѳв Лабораторын Палеонтологийн секторт эрдэм шинжилгээний ажилтан
2005 онд Нью Йорк хотын их сургуулийн философийн Магистр зэрэгтэй.
2007 онд Америкийн Байгалийн Түүхийн Музейд Монголын Цэрдийн Галавын хѳхтѳн амьтныг судлаж Докторын зэргээ хамгаалсан.
2007 оноос одоо хүртэл Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ үүсгэн байгуулагч. Тэргүүн.
2008 онд Монтана Мужийн Их Сургуульд судлаач,
2009 онд Ѳмнѳд Жеоржийн мужийн их сургуульд геологийн профессор
2010-2014 Монголын Шинжлэх Ухааны Академийн суурин тѳлѳѳлѳгч.
2013 онд Монголын Үлэг Гүрвэлийн Тѳв Музейн дэд захирал, ерѳнхий палеонтологч
2013 одоо хүртэл Соёл Спорт, Аялал Жуулчлал/Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Палеонтологи, Археологийн музейн шинэчлэл тѳсѳлд зѳвлѳх
2013 одоо хүртэл Америкийн Байгалийн Түүхийн Музейд судлаач
1997 он одоог хүртэл Сээр Нуруутан Амьтдыг судалдаг Палеонтологийн Нийгэмлэгийн гишүүн
1999 он одоог хүртэл Америкийн Геологийн Нийгэмлэгийн гишүүн
2012 он одоо хүртэл Цахим Ѳртѳѳ Холбооны гишүүн
2013 одоо хүртэл Монголын Музейн Нэгдсэн Холбооны Удирдах Зѳвлѳлийн гишүүн
2014 одоог хүртэл Америкийн Музейн Нэгдсэн Холбооны гишүүн
Explorer, Earth Award, Wings WorldQuest, New York, NY (2009)
Emerging Explorer, National Geographic Society (2010)
Хоёр. ПАЛЕОНТОЛОГИЧИЙН ОХИН
heer
-Г.Галбадрах: Уламжлал болсон, хаана төрж, хэрхэн өсөв гэсэн асуултаар яриагаа эхлэх үү?
-М.Болорцэцэг: Би Улаанбаатар хотын 3-р хороололд төрж өссөн. Үндсэндээ "хорооллын хүүхэд". Тэр үеийн хэллэгээр "Нийслэлийн тэргүүний 13-р сургууль" -д сурч байв. Бусдын л адил сурна. 1990 онд 13-р сургуулиа "онц" төгссөн. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС \ТИС тэр үеийн нэршлээр\ -ийн геологийн ангид элсч оров.
-Г.Галбадрах: Яагаад геологийн ангийг сонгосон юм бол, тэр тусмаа эмэгтэй хүүхэд?
-М.Болорцэцэг: Монголын анхны палеонтологичид 1960 аад онд Орост бэлтгэгдсэний нэг нь миний аав юм шүү дээ. Москвагийн алдарт МГУ-д палеонтологич мэргэжлээр суралцаж төгссөн. 400 аад сая жилийн өмнө манай Монгол чинь эх газар бус, далайн дор байсан болохоор далайн амьтдын олдворууд их хэмжээгээр олддог. Тэр дундаас эртний шүрийг аав судална. Баяраа ах маань бас палеонтологич мэргэжилтэй, гэхдээ геологи тал руугаа мэргэшсэн. Тэгэхээр намайг геологийн мэргэжил сонгоход аавын минь нөлөө их байсан байх.
-Г.Галбадрах: Аавын тань нөлөө их байжээ. Гэхдээ палеонтологийн мэргэжлийн анги гэж ТИС-д байсан уу?
-М.Болорцэцэг: Намайг ТИС-д ороход палеонтологийн анги байгаагүй болохоор геологийн ангийг сонгосон. Багаасаа хөдөө их явж байсан болохоор геологийн ангийг сонгохдоо "хөдөө явдаг ажил" гэдэг талаас нь бас сонирхож сонгосон \инээв\. Геологи бол их гоё мэргэжил л дээ. Геологич болсноор газар дэлхий хэрхэн бий болсон болоод бидний эргэн тойрон, дэлхийд болж байгаа янз бүрийн байгалийн үзэгдлийг тайлан таних, мѳн эрдэс, чулуулаг, ашигт малтмалын хэрхэн үүсэж бий болсон талаар танин мэдэж, судалснаар их ѳргѳн мэдлэгтэй болдог. Геологи болон палеонтологийн чиглэлээр манай аав хичээл ордог гол багш нь болохоороо манай ах бид хоёрын магистрийн ажлыг удирдав. Тийм болохоор аав минь зөвхөн бидний аав байгаад зогсоогүй багш, судалгааны ажлын удирдагч, эрдэмтэн байлаа. Монголд яг палеонтологийн чиглэлээр судлаач мэргэжилтэн болоход амаргүй. Тэр талын мэргэжилтэн цөөхөн боловч, нөгөө талаасаа аавыгаа түшиж ийм мэргэжлийг эзэмшсэндээ би бас азтай. Палеонтологийн талаар болон динозавруудын талаар бусад хүүхдүүдтэй харьцуулахад би нилээд багаасаа тодорхой ойлголттой болсон байв.
-Г.Галбадрах: Аавыгаа дагаж судалгааны экспедицэд явдаг байсан уу?
-М.Болорцэцэг: Тэр үед геологийн болон палеонтологийн судалгааны Оросын экспедицүүд Монголд судалгаа их хийдэг байлаа. Аав минь тэр экспедицүүдэд ах нарыг минь дагуулж их явна. Ээж болохоор намайг "эмэгтэй хүүхэд" гээд явахыг зөвшөөрдөггүй. Ээж минь тэр үед Төмөр Замын Техникумд орос хэлний багшаар ажиллаж байсан юм. Зун болохоор механикийн ангийн оюутнуудыг хөдөө ажилд их авч явна. "Оюутан сурагчдын гавшгай отряд" ч билүү тийм нэртэй. Тэгээд хөдөө очиж малын хашаа, зоорь барих гээд нилээд их бүтээн байгуулалтын ажилд оролцдог. Аав минь хоёр ахыг дагуулаад Оросын экспедицэд явдаг болохоор ээж маань дүү бид хоёрыг оюутнуудтай хамт "зуны ажил" д авч явна. Зөвхөн ажил хийлгээд байх биш, тэр нутгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалт газруудаар дагуулж аялуулна. Тийм болохоор хөдөөгийн байгаль орчин, хүмүүсийн амьдралын хэмнэл, түүх дурсгалууд нь миний сэтгэлд их ойр байсан.
-Г.Галбадрах: Хөдөө ч сайхан л даа. Тэгээд ч хөдөө өссөн хүүхдүүд нүүдэлчин зан заншил, байгальдаа ойр байдаг сан.
-М.Болорцэцэг: Хожим нь хөдөөний хүүхдүүд "Би тэр аймгийн, тэр сумын тийм газар төрсөн" гээд нутаг усаа нэрлээд дуудахад нь сэтгэл дотроо жаахан атаархдаг байж билээ. Би болохоор өөрийнхөө тухай "Тэддүгээр төрөх эмнэлгийн тэддүгээр тасгийн тийм орон дээр төрсөн" гэж сайрхалтай биш \инээв\. Монгол хүн төрсөн нутгаа нэрлэж дуудахад нэг л гоё сонсголонтой сонсогддог. Оюутан болчихоод хөдөө явж байсан чинь манай ангийн нэг хүүхэд нэг газар очоод "Энэ миний төрсөн бууц байна, Би төрсөн бууцан дээрээ хөрвөөнөө" гээд л газар хөрвөөж байхад бас л сайхан санагдаж байв. Бид нар болохоор " Төрсөн газар дээрээ хөрвөөнөө" гээд эмнэлгийн орон дээр тонгочоод байлтай биш \инээв\. Ингээд бодохоор монголчуудын маань байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой байгаа нь, бусад үндэстнүүдээс ялгагдах нэг онцлог юм болов уу даа.
-Г.Галбадрах: Тийм шүү. Гэхдээ аавынхаа мэргэжилд ойр өссөн болохоор чамд бас бусдаас илүүрхэх боломж байсан л байх?
-М.Болорцэцэг: Аавынхаа ажил дээр болохоор шинэ жил, хүүхдийн баяраар бэлэг авах гэж очно. Аав минь жижгэвтэр өрөөнд сууна. Тавиурууд дээр нь палеонтологийн үзүүлэн загварууд зөндөө. Төрсөн өдрөөр найз нар маань манай ирэхэд аав минь бидэнд динозаврийн тухай диафильм үзүүлнэ. Тэгэхээр найзууд маань хүртэл динозаврийн тухай бага бус ойлголттой болсон байх. Тэр үед динозаврийн тухай хүүхдүүдэд зориулсан ном, тоглоом байдаггүй байлаа шүү дээ. Байгалийн түүхийн музейд байгаа сүүлээ чирсэн Батаарын ясыг хүн болгон мэддэг байсан байх. Аав минь зуны 3 сар хайгуулын экспедицээр яваад, өвөлдөө судалгааны ажлаараа Орос руу явдаг. Түүнээс бусад цагтаа биднийг дагуулж Ленин клуб \тэр үеийн нэршлээр\ т кино үзүүлнэ, бас музей, үзэсгэлэн их үзүүлдэг байж. Энэ нь биднийг багаасаа л соёл, урлагийн чиглэлээр тодорхой хэмжээний ойлголт, хүмүүжилтэй болохоод сайнаар нөлөөлсөн байх. Гэрт байгаа аавын номын санд геологи, палеонтологийн чиглэлийн орос номнууд их байдаг. Хүүхэд болохоор зургуудыг нь эргүүлж үзэж, хэрдээ сонирхоно. Тийм болохоор бусад хүүхдүүдийг бодоход энэ чиглэлийн мэргэжилд арай ойр байснаараа азтай.
Гурав. ПАЛЕОНТОЛОГИЙН СУДАЛГАА
tsol
-Г.Галбадрах: Палеонтологийн судалгаа ихэвчлэн говь хийгддэг байсан болохоор говьд их очдог байсан уу?
-М.Болорцэцэг: Би Монголын говьд оюутан байхдаа экседицээр явж байсныгаа оруулаад тооцоход 20 иод жил ажиллаа. Эхлээд геологийн судалгаагаар явж байснаа хожим нь палеонтологи буюу эртний амьтан ургамлын судлал руу ороод тэр болгондоо говьд л ажиллав. Анх удаа говьд очоод гүрвэлээс айж зугатааж байсан бол дараа нь тэр гүрвэлээ барьж аваад сонирхож судалдаг болсон. Говь үнэхээр гоё нутаг, тийм болохоор би говь нутагт үнэхээр дуртай. Ер нь Монголд минь зөвхөн говь гэлтгүй, байгалийн үзэсгэлэнт газрууд их байнаа. Бид одоо л үүндээ анхаарлаа хандуулахгүй юм бол хожим нь харамсах цаг ирж магадгүй.
-Г.Галбадрах: Тийм шүү, санал нэг байна. Тэр тусмаа өнөөгийн Монголд ашигт малтмалын орд ихээр нээгдэж байгаатай холбоотой говийн бүсэд оршиж байгаа ховор олдворуудын хувь заяа ч эргэлзээтэй болж байна.
-М.Болорцэцэг: Одоогоор Монголын говьд эрдэс баялгийн алт, зэс, нүүрс гээд их хэмжээтэй нөөцүүд илэрч байна. Нөгөө талаасаа говь бол эртний амьтдын болоод түүхийн олдворуудыг маш ихээр хадгалж байгааг ч мартаж болохгүй. Энэ хоёрын аль алиных нь талаар анхаарч зөв бодлого баримталж, зөв шийдвэр гаргахгүй бол Монголын говь нутаг үндсэндээ их хэцүү байдалд орж магадгүй байгаа. 2005 онд Оюутолгойн орчмоос динозаврын өндөг олдсон. Оюутолгойн хамгийн анхны босоо цооног нь газрын хөрс рүү 20 метр орчим ухаж байхад нь динозаврын өндөгнүүд гарч ирсэн юм билээ. Оюутолгойгоос бидэн рүү утасдсан. Тэгээд манай аав, Сэрчмаа багш бид 3 очиж 20 иод өндөгнүүдийг цэвэрлэж, баримтуулж аваад ШУТИС-д хүлээлгэж өгсөн. Түүнээс ч олон өндөг гарсан юм билээ, заримыг нь хувь хүмүүс авсан бололтой байв.
-Г.Галбадрах: Тэр ямар төрлийн динозаврын өндөгнүүд байсан юм бол?
-М.Болорцэцэг: Динозаврын өндөгнүүд амьтдыг ангилдагтай адил өөрийн гэсэн ангилалтай. Өндөгнүүдийг хараад шууд тийм динозаврын өндөг байна гэж хэлэх боломжгүй. Хэлбэр болоод гаднах хээ болон ѳндѳгний хальсны бүтцээр нь ангилна. Өндѳгний хальсны хөндлөн зүсэлтийг нь электрон микроскопоор харж судалж байж аль ангилалд багтахыг нь тодорхойлдог. Оюутолгойгоос олдсон өндөгний хальсыг би өөрөө судлаад олон улсын хурал дээр илтгэл тавьсан. Оюутолгойн компаниас соёлын ѳвийг хамгаалахтай холбоотой хөтөлбөр боловсруулсан юм билээ. Уурхайг ашиглах явцад ийм олдворууд олдвол, уг олдворуудыг судлах боломжийг судлаачдад олгоно гэсэн утгатай.
-Г.Галбадрах:Энэ талаар хуулинд тусгасан байдаг биз дээ?
-М.Болорцэцэг: Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө археологи, палеонтологийн мэргэжлийн хүмүүс очиж ямар олдворууд, түүхэн дурсгалт зүйл байгаа эсэхийг нь судалж, үнэлгээ гаргах ёстойг хуульчилсан байдаг. Энэ талаар ШУА ийн мэргэжилтнүүд явж, судалж тогтоодог юм билээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас олддог динозаврууд дэлхийд алдартай. Эдгээр динозаврууд энэ музейд хадгалагдаж байгаа. Энэ музейн палеонтологийн экспедиц 1990 оноос хойш одоог болтол ажиллаж байгаа. Энэ хугацаандаа Гурвантэс сумын нутгаас өндгөө дарсан динозаврын олдвор олсон нь манай энэ музейд байгаа төдийгүй маш ховор, үнэ цэнэтэй олдворт тооцогддог. Гэтэл энэ нутгуудаар нинжа нар хувиараа, зарим компаниуд дур зоргоороо ухаж төнхөж байгаа нөхцөлд ийм ховор чухал олдворуудад аль хэдийн аюул нүүрлэчихсэн байгаа. Тийм олдворуудыг олоод хулгайгаар зарж борлуулан, тэд нь дуудлага худалдаагаар өндөр үнэтэй зарагдаж байгаа тохиолдлууд ч цөөн биш байгаа.
-Г.Галбадрах: Тийм ээ, энэ бол санаа зовоосон асуудал. Геологчийн мэргэжлээс хэдийд палеонтологичийн мэргэжил рүү хөрвөсөн юм бэ?
-М.Болорцэцэг: Би ШУТИС-ийг геологийн инженерийн мэргэжлээр төгсчихөөд "ажиллая" гэж бодож байсан л даа. Гэтэл аав минь намайг үргэлжлүүлж сурахыг санал болгосон.Тэгээд л палеонтологийн чиглэлээр аавтайгаа хамт шүр судлаж, магистраа хамгаалав. Магистраа хийж байхдаа Геологийн Төв Лабораторид эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Аав тэнд палеонтологийн секторыг хариуцаж байсан юм. 1990 оноос хойш Америкийн Байгалийн Түүхийн Музейгээс судалгааны экспедиц Монголын говьд ажиллаж байв. 1996 онд намайг магистраа хамгаалж байхад, тэр экспедицтэй хамтран ажиллаж байсан академич Дашзэвэг гуай, манай ааваас палеонтологийн олдвор хайж байгаа газрынхаа геологийн зураглал хийж өгөхийг хүсчээ. Аав хариуд нь намайг "палеонтологийн чиглэлээр магистр хамгаалж байгаа" гээд мэргэжлийнх нь хүн учир авч явах санал тавьж. Тэр үед ер нь геологийн хээрийн ажилд эмэгтэй оюутан дадлага хийхэд галт тогоо бариулах нь нийтлэг байсан болохоор тийм юмуу намайг тогоочоор явж болно гэсэн гэхээр нь сэтгэл дундуур байсан ч палеонтологийн экспедицид ажиллах анхныхаа боломжийг алдахыг хүсээгүй л дээ. Гэхдээ хѳдѳѳ очсон хойноо тогооч хийхээс нь татгалзаад хээрийн судалгаанд нь илүү их цагаа зарцуулж их зүйл сурсан.
-Г.Галбадрах: Яг палеонтологийн мэргэжлийн талаар би сайн мэдэхгүй байна л даа. Энэ талаар арай дэлгэрүүлж тайлбарлавал?
-М.Болорцэцэг: Палеонтологийн шинжлэх ухаан нь эртний амьдралыг судалдаг. Эртний амьдрал байсан гэдгийг бид олсон нээсэн олдвороор тухайн үеийн амьдралыг сэргээн босгодог. Энэ салбар ер нь геологи болон биологийн шинжлэх ухаан дээр их суурилагддаг. Судалж байгаа амьтдаас хамаараад сээр нуруутан ба сээр нуруугүйтны судалгаа гэж хуваагддаг юм. Сээр нуруугүй амьтан гэвэл миний судалж байсан шүр орох жишээтэй. Чулуулгийн насыг, агуулагдаж байгаа амьтны олдвороор нь харьцангуйгаар тогтоож болдог. Би энэ чиглэлээр мэргэшиж байсан л даа. Энэ экспедицид оролцоод сээр нуруутан амьтдын талаар арай дэлгэрэнгүй ойлголттой болж байгаа юм. Сээр нуруутан амьтдыг судлах бол заавал анатоми мэдэх шаардлагатай. Би ХААИС дээр очиж анатомийн багшаар нь хувиараа анатомийн хичээл заалгаж байв. Энэ бол миний хувьд бие дааж өөрийн ирээдүйнхээ төлөө гаргасан анхны шийдвэр байх \инээв\.
-Г.Галбадрах: АНУ-д хэзээ яаж ирсэн юм бэ?
-М.Болорцэцэг: Энэ экспедицэд ажиллаж байхад хээрийн судалгааны арга аргачлалд нилээн чамгүй мэдлэгтэй байсан маань нѳлѳѳлсѳн байх. Би ѳмнѳ нь хэлж байсан геологи нь палеонтологийн шинжлэх ухааны суурь болдог гээд. Геологийн мэдлэгтэй байх нь олдвороо хаанаас олох, олдвор агуулсан чулуулгаа таньж мэдэхэд хэрэгтэй байдаг. Эхний жил экспедицийн америкчууд намайг палеонтологийн мэргэжилтэй болохыг мэдээд, дараа жилийнхээ экспедицэд ажиллахыг санал болгосон. Тэдний хувьд энэ чиглэлээр оюутан сонгож, Америкт сургаж бэлтгэх сонирхолтой байсан юм билээ. Дараа жил нь би магистраа төгссөн байсан болохоор тэд намайг АНУ-д суралцах санал тавьж, би ч уухайн тас зөвшөөрлөө. Тэгээд 1997 онд АНУ-д сурахаар ирсэн.
Дөрөв. МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН БОЛОВСРОЛЫН ТӨВ
mus
...Түүний ажилладаг Америкийн Байгалийн Түүхийн музей надад маш сайхан сэтгэгдэл төрүүлэв. Тэр өдөр музей дүүрэн хүмүүстэй зэрэгцэн "Монголын" гэх тодотголтой палеонтологийн олон олдворуудыг үзэж сонирхох үе "Үлгэрийн ертөнц" мэт л надад санагдаж байлаа. Хүүхдүүдэд зориулсан тусгай танин мэдэхүйн танхим, хүмүүс шөнө хонож болдог тусгай зориулалтын асар том танхим, элдэв шоу зохион байгуулдаг танхимууд, шинээр гарсан үзэсгэлэнгийн танхимуудаар бид хоёр сонирхонгоо ярилцлагаа үргэлжлүүлж байв. "Музей бол уйтгартай газар биш, хүмүүсийн хувьд олон сайхан мэдрэмжийг авч, танин мэдэх, мэдлэг авах, чѳлѳѳт цагаа ѳнгѳрѳѳх, өөрийн хоббигоо зорилготой хөгжүүлж болох олон нийтийн боловсролын том төв. Музейг насан туршийн боловсрол олгодог газар ч гэж бас тодорхойлдог. Судалгаа шинжлэх ухааны бодит үр дүнгээ үзэсгэлэн, олон нийт, боловсролын ажлаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг." гэж хэлсэн түүний яриатай санал нийлсэн.
-Г.Галбадрах: Энд ямар сургуульд зорьж ирсэн юм бэ?
-М.Болорцэцэг: 1997 онд энд ирэхдээ "Эрдэмтэн солилцооны хөтөлбөр" шугамаар ирсэн юм. Ирээд хэлний курст 6 сар суухдаа, Их Сургуульд орох шалгалтанд нь давхар бэлтгэв. Хэд хэдэн сургуулиудад элсэх материалаа явуулаад Нью-Йоркийн Их Сургуульд орлоо. Энэ музейгээс надад 5 жил суралцах тэтгэлэг өгсөн юм. Энэ музейд судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээрээ 4 Их Сургууль харьяалагддаг. Энэ 4 сургуулийн аль нэгэнд нь шалгалт өгөөд тэнцвэл, музейгээс олгодог тэтгэлэгт хамрагдах боломжтой. Ийм хэлбэрээр музей их сургуулийн харилцан холбоог бий болгодог. Ингэснээр энэ хѳтѳлбѳрт хамрагдаж байгаа докторын зэрэг хийж байгаа хүмүүс хичээлээ их сургууль дээрээ ороод, судалгаагаа музей дээр хийж, сан хѳмрѳг дахь олдвор, дээжүүдийг судлаж, музей дэх судалгааны номын санг хэрэглэх түүнчлэн музейн эрдэмтэн судлаач нартай хамтран тѳсѳл хэрэгжүүлж, бүтээл бичих зэрэг асар их боломж олддог.
-Г.Галбадрах:Их том боломж юм байнаа. Энэ тэтгэлгийн талаар арай дэлгэрүүлж тайлбарлаж болох уу?
-М.Болорцэцэг: Би энэ тэтгэлэгт хамрагдсан болохоор жил бүр тайлангаа энэ музейд гаргаж өгнө, нөгөө талаасаа би жил тутам судалгаа хийж олон улсын хурлуудад оролцож, бүтээл хэвлүүлэх, сууж байгаа хичээлүүд дээрээ сайн дүнгүүд авсан байх учиртай. Гэхдээ би судалгааны ажлаа энэ музейн эрдэмтнээр удирдуулж, энэ музейд судалгааны ажлаа хийх зарчимтай. Гол хичээлүүдээ сонгож авч сургууль дээрээ хичээлдээ суучихаад, бусад бүх цагт нь эндэх өрөөндөө судалгааны ажлаа хийдэг. Зун болгон экспедицээр Монгол руугаа явж олдворуудаа цуглуулаад, энд авчирч судална.
-Г.Галбадрах: Анхнаасаа энэ музей чамайг өөрийн музейдээ судлаачаар бэлтгэж байсан юм байна гэж ойлголоо. Одоо ажиллаж байгаа Байгалийн Түүхийн музейнхээ талаар танилцуулаач?
-М.Болорцэцэг: Одоо миний ажиллаж байгаа Нью-Йорк дахь Америкийн Байгалийн Түүхийн музей бол Америктаа төдийгүй дэлхийд нилээд томд тооцогддог. 1869 онд анх байгуулагдаж байсан, үйл ажиллагааныхаа цар хүрээ, нэр нөлөөгөөрөө нилээд өндөр зэрэглэлд үнэлэгдэнэ. Үйл ажиллагааны хувьд боловсролыг их чухалчилж үздэг, судалгаа шинжлэх ухааны ажил бас чухал, олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа байнга зохион байгуулдаг. Товчхондоо хэлбэл, олон нийтэд боловсрол олгох ажилдаа шинжлэх ухааныг байнга ашигладаг гэж гэж ойлгож болно. Энэ музей 19-р зуунд судалгаа шинжилгээний экспедицүүдийг бараг тив болгонд явуулж, палеонтологи, геологи, антропологи, археологи болон этнографийн цуглуулга хийсэн нь одоо сан хѳмрѳгтѳѳ 32 сая гаран олдвор, эд өлгийн зүйлтэй болсон байна.
-Г.Галбадрах: Гайхамшигтай санагдаж байнаа. Тэгэхээр ийм музейнүүд өөрсдийн тогтолцоо, бодлоготой байдаг хэрэг үү?
-М.Болорцэцэг: Археологи, Антропологи, Этнографи, Палеонтологи, Геологи, Сансрын зэрэг чиглэлээр үзмэрүүд нь ангилагдана. Ийм сан хөмрөггүйгээр судалгаа хийх боломжгүй. Их хөрөнгө зарцуулж, ийм сан хөмрөгийг цуглуулаад, уг сан хөмрөгийг судлах мэргэжилтнүүд судлаачдаа бэлтгэж байна. Сан хѳмрѳгийг нь дэлхийн булан болгоноос эрдэмтэн судлаачид ирж судлаж байна. Судалгааныхаа үр дүнг олон нийтэд үзмэр болон олон нийтийн хѳтѳлбѳрѳѳрѳѳ дамжуулан танин мэдүүлж, олон нийтэд боловсрол олгож байгаа. Ийм боловсролыг олон нийтэд олгож байгаа арга нь бас чухал. Зүгээр л шилэн хоргоны цаанаас үзүүлээд байх уу? эсвэл олон нийтэд хүргэх бусад олон аргуудыг сонгож олох уу? гэдэг бол бодлогын асуудал. Энэ нь үзэгчийг байнга музейд хэрхэн татах вэ гэдэгтэй холбоотой. Үзэгчгүй бол музей оршин тогтнохгүй. Музей бол хүмүүсийн хувьд уйтгартай газар биш, харин тэдний сонирхол, танин мэдэхүйг байнга өдөөж байдаг газар. Бага насны хүүхдүүдэд музейгээр дамжуулан шинжлэх ухааны мэдлэг өгдөг.
Тав. МОНГОЛДОО ИЙМ МУЗЕЙ БАЙГУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА
ondog
-Г.Галбадрах: Музейн талаар ярьсан зүйлтэй тань санал нэг байна.
-М.Болорцэцэг: Би оюутан байхдаа энэ музейн экспедицид оролцож байхдаа нэг асуудал дээр сэтгэл дундуур байв. Энэ экспедици Монголоос ийм их олдворууд олж цуглуулаад байгаа хэрнээ яг тогтоож харах юм бол, Монголд төдийлэн ашигтай бус. Ялангуяа манай боловсон хүчинг бэлтгэх тал дээр. Хуучин Оросын экспедиц Монголд ажиллаж байхад манай салбрын анхны палеонтологчдыг бэлдэж, боловсон хүчинд анхаарал тавьж байсан. Гэтэл энэ музей 20иод жил ажиллаад залуу боловсон хүчин бий болгох дээр дэмжлэг ѳгѳхгүй байна. Би ѳѳрѳѳ хүртэл энэ асуудлыг удаа дараа тавиад байгаа. Тэгэхээр үүн дээр ШУА анхаарах хэрэгтэй байна. Энэ музейд анх орж ирээд л миний сэтгэлд "Монголдоо ийм музейтэй болох хэрэгтэй юм байнаа" гэдэг бодол, итгэл зорилго болж суусан. 2000 онд би энд өгсөн ярилцлагадаа яг энэ санаагаа л хэлсэн. Олон жилийн өмнө шүү дээ. Энэ бодол минь миний санаа сэтгэлээс огт гараагүй болохоор 2007 онд "Монголын Динозавр Судлалын Хүрээлэн" нэртэй ТББ байгууллаа. Товчхондоо бол манай байгууллагын зорилго нь, Монголдоо дэлхийн түвшинд хүрсэн палеонтологийн музей байгуулах, музейд ажиллах залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх, Монголоос олдсон динозавруудын олдворуудыг цуглуулан олон нийтэд үзүүлж, тэдэнд энэ талаар боловсрол олгох мѳн олдвортой газруудыг хамгаалах ажилд засгийн газартай хамтран ажиллах зорилготой.
-Г.Галбадрах: Сайхан санаачлага байна. Гэхдээ миний бодлоор бол чи ганцаараа зүтгэхээс илүүгээр өөртэйгээ адил хүсэл зорилготой залуусыг баг болгож бэлтгэх хэрэгтэй байх?
-М.Болорцэцэг: Би эндэх сургуулиа төгсөөд Монтанагийн Их Сургууль дээр судлаачаар нэг жил ажиллав. Тэр хугацаанд Монтанагийн музейтэй хамтран төсөл хэрэгжүүлэхдээ 2 монгол оюутныг энэ чиглэлээр сургаж эхэлсэн. Тэр музейд динозавр судлалаар ажилладаг Жак Хорнер гэдэг эрдэмтэн намайг ойлгож дэмжсэн. "Монголоос олдсон олдворууд дээр монголчууд бид давуу эрхтэй ажиллах ёстой. Бас ийм олдворуудыг Монгол руу буцаах хэрэгтэй" гэсэн санаан дээр бид нэгдэж байлаа. Яг үнэндээ Монголоос олдож байгаа ховор олдворууд ийм музейнуудын нэр хүндийг өргөж байна, тэр төсөл дээр ажиллаж байгаа гадаадын эрдэмтдийн кареерийг ч өсгөж байна. Тэгвэл Монгол дахь үр дүн нь хаана байна вэ? гэвэл тодорхой бус. Тэд илүү монополь байдлаар ажиллаж байгаа биз дээ? Жак бол "Юрийн галвын цэцэрлэг" кинонд зөвлөхөөр ажиллаж байсан, Америктаа нилээд нэр хүндтэй динозавр судлаач. Бид хамтран ажиллаж мөнгө босгон, оюутнуудыг сургаж байгаа. Мэргэжил нэгт байгууллага, залуу судлаачдад туслах зорилгоор ШУАын Палеонтологийн Төвд одоо ажиллаж байгаа зарим залууст судалгааны ажил хийх боломжийг олгож, заримд нь хэлний курст суралцах тэтгэлэг хүртэл олгож дэмжиж байсан. Мөн Монголдоо "Магистрийн тэтгэлэгийн Сан" байгуулж 6 оюутанд тэтгэлэг олгосон. Тэднээс Уянга гэдэг бүсгүй Харвардын Их Сургуульд геологийн чиглэлээр докторт, бас Онон гээд оюутан маань Японд Нагояагийн Их Сургуульд докторт, Монтанагийн Их Сургуульд З. Бадамхатан нар палеонтологийн чиглэлээр үргэлжлүүлэн сурч байгаа.Мөн бас нэг оюутан У.Баасанжав маань шинээр байгуулагдсан "Үлэг Гүрвэлийн Төв Музей" д эрдэм шинжилгээний ажилтан болсон байгаа.
-Г.Галбадрах: Энэ бол маш бодитой ажил байна шүү дээ?
-М.Болорцэцэг: 2009 онд Монголынхоо хүүхдүүдэд хандсан сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Олдвор ихээр олддог говийн сумуудын хүүхдүүдийг хамруулаад 3 өдрийн сургалт хийлээ. Хүүхдүүдэд палеонтологи болон динозаврын талаар тайлбарлаж, олдворт газруудад аваачиж танилцуулав. Энэ сургалтуудыг зохион байгуулахад Өмнөговь аймаг дахь “Байгалд ээлтэй багачуудын холбоо"-г санаачлагч Х. Түмэндэлгэр ах их тус болсон. “Монголын Урлагийн Зөвлөл"-ийнхэн (МУЗ) манай "Хайрцаг дахь динозавр" сургалтыг нилээд сонирхсон. Динозаврын талаар хүүхэд мэдлэг авахад тус болох материал бүхий хайрцагнууд нь сургуулиудаар аялах зориулалттай. Бид ийм 3 хайрцаг бэлтгэсэн байсныхаа 1 хайрцгийг нь говийн сургуулиар аялуулахаар түр үлдээсэн. Ер нь бол "Монголын музейнууд ийм маягаар үзмэрүүдээ хүүхдүүдэд хүргэж, таниулж болох юм байна" гэдэг санааг МУЗд танилцуулж, тэд "Хайрцагтай музей" гэдэг төслѳѳ эхлүүлсэн.
-Г.Галбадрах: Энэ бас сайхан санаачлага байна. Тэр тусмаа өнөөгийн монголын хүүхэд залуусын боловсрол, мэдлэгт их анхаарах шаардлагатай болж байгаа нь үнэн шүү?
-М.Болорцэцэг: Монголын хэд хэдэн музейнуудэд энэ төслийн санааг дэмжин хэрэгжүүлж эхэлж байгаа гэсэн. МУЗ бидний санаачлагыг дэмжээд динозаврын сургалтын 2 хайрцаг хийх тэтгэлэг бидэнд ѳгснѳѳр бид Даланзадгадын музей болон Улаанбаатар дахь Байгалын түүхийн музейд зориүлан хийсэн байгаа. 2010 онд музейн ажилтнууд болон сургуулийн багш нарт зориулан Монголдоо сургалт зохион байгууллаа. Монголд байгаа музейнуудын хувьд үзмэрүүд нь ер өөрчлөгддөггүй болохоор хүн нэг удаа үзсэн бол дахин үзэх сонирхолгүй болдог. Ер нь аль ч музей сан хѳмрѳгийнхээ дѳнгѳж 10 хүртэл хувийг л үзмэрт тавьж олон нийтийн хүртээл болгодог, тэгэхээр ихэнх сан хѳмрѳгт байгаа зүйлүүдийг олон нийт үзэх боломж тун байдаг. Тиймээс эндэх музейнууд сан хѳмрѳгт байгаа зүйлээ олон нийтэд таниулахад нүүдлийн ийм сургалтын хайрцаг сургуулиудаар аялуулдаг. Ингэснээр музейг үзэх сонирхолыг хүүхэд багачуудад бий болгож, тэд ээж аав нараа дагуулан музей ирж үзэх нь музейн хувьд олон нийтийг музей руу татах нэг боломж болдог. Түүнээс гадна аялан явах ийм сургалтын хайрцагууд нь музейгээс алслагдсан сургуулиудад музейн талаар сурч мэдэж авах боломж бий болж байна гэсэн үг. Монголын музейнүүд боловсролын үйл ажиллагаа явуулахад байнга санхүүжилт дутагдалтай байдаг. Музей орж ирсэн орлогоо ѳѳрсдѳѳ зарцуулах боломжтой болвол энэ чиглэлийн үйл ажиллагаа амжилттай явагдана. Манайд ийм эдийн засгийн эрх чѳлѳѳг музейд бий болговол музей Монголд хѳгжинѳ гэж бодож байна.
-Г.Галбадрах:Тийм шүү. Нөгөө талаас музейн зориулалтын барилга байгууламж хэрэгтэй болно?
-М.Болорцэцэг: Би Монтанагийн Их Сургууль дээр ажиллаж байхдаа архитектурын мэргэжлийн багштай нь уулзаад, музейн барилгын зураг төсөл, загвар хийлгэх талаар санал солилцсон л доо. Тэр багш маань биднийг дэмжиж, сургуулийн захиргаанаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр төгсөх ангийн оюутнуудаар ийм загварыг хийлгэхээр дэмжсэн. Би төгсөх курсийн оюутнуудтай уулзаж палеонтологийн музей ямар байх, лаборатори, сан хөмрөг, хэмжээ болон цахилгаан дулааны асуудлыг яаж шийдэж болох талаар өөрийн санаа бодлоо тэдэнд тайлбарлав. Тэд надаас барилга барих газраа сонгохыг хүссэн. Би хотын төвд ойрхон гэж Хүүхдийн парк, хотын төвөөс зайдуу боловч төв замд ойрхон гэж Налайх орчимд газар сонгож санал болголоо. Тэд шууд интернетээр тэр газруудын зураглалыг татаж авч, Монголын цаг уурын нөхцөл байдлын мэдээлэл зэрэг нарийвчилсан судалгааны мэдээллүүд дээр түшиглэн 10 орчим загвар гаргаж өгсөн. Тэр загваруудаас сонгож барилга барих зардлаа босгох санаатай байсан л даа. Гэтэл Монголын ШУА бас музей барих асуудлыг хөөцөлдөж байсан юм билээ. Тэд миний загваруудыг сонирхож үзсэнээ 2, 3 загварыг сонгож авч ѳѳрсдийн байгуулах музейдээ хэрэглэнэ гэсэн.
-Г.Галбадрах: Сонирхолтой түүх байна. Гэхдээ үлдсэн загварууд нь та нарт байгаа биз дээ?
-М.Болорцэцэг: Анхдагч загваруудаас гадна сүүлд нь халаалт, цахилгааныг нар болон салхины тусламжтайгаар шийдэх аятайхан загварууд орж ирсэн. Тэр загварууд бидэнд байгаа л даа. Музей байгуулахаар санаачилж зүтгэсэн ажлууд маань ерөнхийдээ ийм түвшинд явж байна. Барилгыг барих мөнгөө босгох ажил маань хувийн амьдралын ачааллаас минь шалтгаалаад хэсэгтээ завсарласан байгаа. Би чинь эмэгтэй хүний хувьд хувийн амьдралын асуудлууд дээрээ анхаарал тавих хэрэгтэй шүү дээ \инээв\. Гэхдээ аажимдаа болж бүтнээ. Бас тэр үед Батаарын асуудал ч гарч ирээд анхаарлаа хандуулах, нилээд ажиллах шаардлагатай болсон л доо.
Зургаа. АЛДАГДСАН БАТААРЫН ТҮҮХ
bataar
-Г.Галбадрах: Олны анхаарлыг татсан батаарын түүх яаж эхэлсэн юм бэ?
-М.Болорцэцэг: 2012 оны 5 сард би Вашингтон ДС д ажлаар явж байлаа. Ажлаа дуусгаад Нью-Йоркод буцаж ирээд 5 сарын 17 нд орон нутгийн мэдээллийг харж байгаад санамсаргүйгээр энэ тухай мэдсэн юм. Энэ дуудлага худалдаа 5 сарын эхээр зарлагдсан байсныг би өөр хотуудаар явж байгаад мэдээгүй өнгөрсөн байлаа. Дуудлага худалдааны талаарх мэдээллийг сонсмогцоо интернет рүү ороод мэдээллүүдийг нь лавшруулан судлав. Тухайн компаны каталоги руу нь орж бүх мэдээллүүдийг судлахдаа, энэ динозавр Монголоос олдсон олдвор байж магадгүй гэж таамаглав.Тэгээд тэр дороо Ерөнхийлэгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Оюунгэрэл руу э-майл бичлээ. Өмнө нь Ц.Оюунгэрэл гишүүнтэй "динозавр буюу Батаарын талаар олон нийтэд хэрэгтэй мэдээлэл бичиж хүргээч" гэж санал болгоод бид хамтарч анхаарлаа хандуулж байсан юм.
-Г.Галбадрах: Чиний хувьд юунаас үндэслэж уг Батаарыг Монголоос олдсон олдвор байж магадгүй гэж сэжиглэсэн хэрэг вэ?
-М.Болорцэцэг: Ер нь судалгааны практикаас ажихад Монголоос олдож байгаа динозаврын яснууд нь харьцангуй цайвар өнгөтэй, хойд Америк болон бусад орнуудаас олдож байгаа яснууд нь бараан өнгөтэй байдаг юм. Дуудлага худалдаа явуулах гэж байгаа компани нь тэр батаарын олдворыг төв Азиас олдсон олдвор гэж танилцуулсан байлаа. Дуудлага худалдаа явуулж байгаа мэдээллүүдээс анзаарахад хэзээ ч Монголоос олдсон олдвор гэдэггүй, ихэвчлэн төв Азиас олдсон гэж мэдээлдэг юм. Хятад болохоор 2010 оноос энэ чиглэлийн олдворуудтай хамаатай хуулиа "чангалсан". Тэгэхээр сүүлийн үед Монголоос олдсон ийм олдворуудыг төв Азиас олдсон олдвор гэж нийтэд мэдээлэх магадлал өндөр байв.
-Г.Галбадрах: Монголын Засгийн Газраас энэ асуудалд хэрхэн хандав?
-М.Болорцэцэг: Ц. Оюунгэрэл гишүүн миний э-майлыг хүлээж аваад, шууд Ерөнхийлэгчид танилцуулсан юм билээ. Над руу "Чи боломжтой бүх л арга хэмжээг авч дуудлага худалдааг зогсоохыг оролдооч, бид анхаарлаа хандуулж байна" гэж бичсэн байсан. Дуудлага худалдаа 5 сарын 20 нд болох учраас энэ асуудлыг хөндөж, саатуулахад бидэнд 3 хоногийн хугацаа л үлдсэн байв. Тэгээд л Монголын палеонтологийн чиглэлээр ажиллаж байсан гадаад эрдэмтнүүддээ захидал бичиж, дуудлага худалдааг зохион байгуулж байгаа компаны ерөнхий захиралд нь өөрийн ТББ -ын бланк дээр албан бичиг бичиж илгээлээ. Дараа нь шууд л дуудлага худалдаа явуулах компаны ерөнхий захиралтай утсаар холбогдож ярьсан. Гол санаа нь "Энэ дуудлага худалдаанд оруулах гэж байгаа олдвор тань Монголоос хууль бусаар гарсан олдвор байнаа. Тэгэхээр танай компани хууль бус олдворыг зарах гэж байна. Бид энэ олдворыг Монголоос олдсон гэдгийг гарал үүслээр нь батлах шаардлагатай тул та нар дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү?" гэсэн агуулгатай.
-Г.Галбадрах:Тэд саналыг тань хэрхэн хүлээв авав?
-М.Болорцэцэг: Ерөнхий захирал нь надтай хуульчаа холбож өгөв. Гэтэл тэд их л сонин, "Танай Монгол улс чинь 1921 онд тусгаар тогтносон улс, гэтэл энэ олдворууд 70-80 сая жилийн настай. Бараг л та нарт хамаагүй юм биш үү?" гэсэн утгатай хариуг бичгээр ирүүллээ. Дахиад л Ц.Оюунгэрэлтэй холбогдож "Бид яаралтай хуульч авч ажиллуулах шаардлагатай юм байна" гэлээ. Харин тэд ЭСЯ -аар дамжуулаад хуульч олж өгсөн. Ерөнхийлэгч үүрэг өгч, яаралтайгаар БСШУЯ ны сайд Отгонбаяраар ахлуулсан "ажлын хэсэг" гаргасан. Хуульчийн тусламжтайгаар дуудлага худалдааг 10 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэрийг, дуудлага худалдаа болох өдрийн өглөө гаргуулж амжсан. Үндсэндээ тэр 3 өдөр унтах завгүй ажилласан даа. Их ч ядарсан.
-Г.Галбадрах: Энэ бол чиний хувьд Монголынхоо өмнө хийсэн сайн үйлс гэж бодож байна. Харин яг нүдээр хараагүй мөртлөө энэ олдвор Монголынх гэдэгт тийм итгэлтэй байсан хэрэг үү?
-М.Болорцэцэг: Дуудлага худалдаа болохын урд өдөр нь би тэр Батаарыг орж харсан л даа. Хажуугаас нь хараад л шууд Монголынх гэдгийг мэдсэн. Олон жил говьд ажилласан туршлага, мэдлэг маань ийм үед л их хэрэг болсон доо. 6 сарын 5 нд уг Батаарын гарал үүсэл нь Монголынх мөн үү? биш үү? гэдгийг тогтоох мэргэжлийн баг оруулахыг зөвшөөрлөө. Канадаас нэг эрдэмтэн, Монголын ШУА -ын палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн Х.Цогтбаатар гуай бид 3 тэр ѳдѳр шинжээчээр орсон юм. Өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл хугацаанд бүх зүйлийг нягталж, баримтжуулаад хүлээлгэж өгсөн. 3 эрдэмтэд тус тусдаа дүгнэлтээ гаргаж өгсөн. "Монголынх мөн" гэдэг нь батлагдсан учраас шүүхийн шийдвэр гарч уг олдворыг хурааж авч бидэнд хүлээлгэж өгсөн юм.
-Г.Галбадрах: Батаарыг Монголд аваачсан тухай мэдээллүүдийг харж байсан. Гэхдээ Монголд аваачтал нилээд хугацаа, ажиллагаа шаардагдсан уу?
-М.Болорцэцэг: Монгол руу ачуулахын тулд нэг бүрчлэн бүртгэж, тусгай сав баглаа боодол бэлтгэж дараа жилийн яг ойн дээрээ Монгол руу ачигдсан. Жилийн дотор маш хурдан шийдэгдсэн юм шүү. Уг олдворыг хадгалж, зарах гэж байсан америк иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, гэрт нь очиж нэгжлэг хийхэд Монголын 5 динозаврын олдворууд гарсан. Бас өөр хүний нэр дээр хадгалж байсан 17 динозавр, нийтдээ 22 динозаврын олдворууд хураагдсан юм шүү дээ. Тэр болгон дээр ажилласан, амаргүй байсан. Бүтэн олдсон зарим олдворуудыг нь тэд салгаж олон хэсэг болгосон, зарим нь эвдрэлтэй зэрэг асуудлууд байсан болохоор ажиллагаа их байлаа. Тэр бүгдийн баглаа боодлуудыг шийдэж Монгол руу ачуулав. Тэр ачаанууд өнгөрсөн оны 10 сард Монголдоо очсон.
-Г.Галбадрах: Бид энэ мэдээллүүдийн талаар сонсоогүй юм байна. Үндсэндээ бага биш хэмжээний музей байгуулах хэмжээний олдворуудыг Америкаас Монголдоо аваачжээ.
-М.Болорцэцэг: Сая бас 7 динозаврын олдворууд илэрлээ. Францад бол шууд л Монголын олдвор гэж зарлаад нилээдийг зарж байна. Америкт энэ тал дээр биднийг дэмжиж сайн ажиллаж байгаа. Бид энэ тал дээр багагүй туршлага хуримтлуулж амжлаа \инээв\. Гэтэл өөр бусад орнуудад бидний мэдэхгүй ийм арилжаа хичнээн явагдаж байгааг мэдэхгүй л байгаа шүү дээ.
Долоо: БИДЭНД БОЛОМЖ БАЙГАА
child
-Г.Галбадрах:Би бол чамаар бахархаж байнаа. Сайн мэргэжилтэй бас сэтгэлтэй мэргэжилтнүүд л ийм зүйлийг хийж чадах байх. Цаашдаа бидэнд ийм л боловсон хүчнүүд хэрэгтэй болж байна даа?

-М.Болорцэцэг: Бидний хувьд боловсон хүчнээ бэлтгэх нь хамгийн чухал асуудал. Энэ талаар бага зэрэг ахиц гаргах гэж зүтгэж л байна. Бид сайн боловсон хүчинтэй байхгүй л бол хичнээн олдворуудаа цуглуулаад үр дүн нь тийм сайн байж чадах билүү? Монголд олдвор хайж байгаа экспедиц болгонд монгол залуусаа дагалдуулж ажиллуулаад, тэдний зардлаар сургаад бэлтгээд байсан бол бид сайн боловсон хүчинтэй болж чадах л байжээ гэж надад бодогддог юм. Уг нь гэрээн дээрээ тусгадаг. Харин гэрээгээ хэрэгжүүлэх хянах тал дээр монголчууд бид өөрсдөө хариуцлагагүй, хайнга байсных байх.


-Г.Галбадрах: Монголын музейнуудын өнөөгийн төрх байдлын талаар мэргэжлийн хүний хувьд анзаарч байгаа зүйлс байгаа байх?

-М.Болорцэцэг:Монголын музейнуудын хувьд сан хөмрөгтөө "амь оруулах" хэрэгтэй байна. Сан хөмрөг нь хаалттай байгаа учраас бид үзмэрүүдээ алдаад байна, тэгээд ч зогсохгүй юу алдаж байгаагаа ч мэдэхгүй шахам байна. Олон нийт энэ талаар мэдлэг мэдээлэлтэй байна гэдэг чинь уг үзмэрүүдийг хамгаалах нэг арга нь мөн. Миний бодлоор Монгол дахь музейнуудын сан хөмрөгийг олон нийтэд нээлттэй болгох нь шинэчлэл хийх хамгийн эхний алхам гэж бодож байгаа. Мэдээллийн технологийн ийм өндөр хөгжлийн үед музейд байгаа сан хөмрөгийн мэдээллүүдээ интернет дээр тавьж болно. Хэрэв энэ талаар хүмүүс мэддэг болчих юм бол энэ сан хөмрөгөөс гадаадад авч гараад дуудлага худалдаагаар зарах гэж байгаа, эсвэл дэлгүүрийн лангуун дээр зарагдах гэж тавигдсан ховор үнэт олдворуудаа бид таньдаг болно биз дээ? Саяхан Францад манай өндөр гэгээн Занабазарын бүтээл дуудлага худалдаагаар зарагдчихлаа. Бид ингээд алдаад байж болохгүй шүү дээ. Хэрэв тэр бүтээл Монголын аль нэгэн музейн сан хөмрөгт бүртгэлтэй байсан бол бид эргүүлээд авах боломж бүүр их бий.

-Г.Галбадрах: Тийм ээ, музейн сан хөмрөгийн тухайд бид дэндүү хуучирсан сэтгэлгээтэй байгаа байх шүү?

-М.Болорцэцэг: Музейн сан хөмрөгөө амь оруулахын тулд судлаачдаа бэлтгэх хэрэгтэй. Зөвхөн Монголын судлаачид гэлтгүй гадаадын судлаачид ч сан хөмрөгөө үзүүлж судлуулах хэрэгтэй. Судлахыг хүссэн, үзэхийг хүссэн хүн болгонд нээлттэй байж бид сан хөмрөгөө хамгаалж чадна. Музейн сан хөмрөгийг хамгаална гэдэг олон давхар цоожтой хаалганы цаана биш, олон нийтийн оюун ухаан, ой санамжинд оршиж байхыг хэлдэг. Тэгж байж олон нийтэд мэдлэг олгох олон төрлийн арга хэмжээг санаачилж болно. Төрөл бүрийн үзэсгэлэн, шоу арга хэмжээг зохион байгуулдаг болно. Энэ бол улс орны хувьд бодлогын гол асуудал нь байх ёстой.

-Г.Галбадрах: Америкийн музейнүүд санхүүжилтээ хэрхэн шийддэг юм бол?

-М.Болорцэцэг: Америкт улсын музей ховор. Вашингтон ДС-д байдаг Смитссоны институт бол улсынх гэж тооцогддог. Улс хэзээ ч 100 хувь санхүүжүүлдэггүй. 70-80 хувийг нь санхүүжүүлээд үлдсэн санхүүжилтээ өөрсдөө олж үйл ажиллагааныхаа зардалд зарцуулна. Үйл ажиллагааны зардал нь голдуу боловсрол, олон нийтийн хѳтѳлбѳрүүдтэй холбоотой. Улсаас орж ирсэн санхүүжилт нь ажилчдын цалин болон урсгал зардлыг нь даадаг. Манай музейн хувьд жилд 5 сая хүн үзэж байна. Нэг хүн 22 доллар төлөөд үздэг гээд бодохоор багагүй мөнгө. Гишүүнчлэл гэж байна. Шинэ үзмэр нээхдээ гишүүддээ эхлээд үзүүлнэ. Их мөнгөтэй хүмүүс компаниуд ивээн тэтгэдэг. Түүнээс гадна маркетингийн бодлогоор олон үйл ажиллагаа явуулж мөнгө олж болно. Музей олон нийтэд зориулсан олон үйл ажиллагаа явуулж байгаа нь Засгийн Газрын үйл ажиллагаанд дэм болдог учраас татварын хөнгөлөлтүүдийг эдэлдэг юм.

-Г.Галбадрах: Бидэнд музейнүүдийн хувьд их боломж байгаа гэдэг яриатай тань адил бодолтой байна. Бид байгалийн баялгаа ашиглах гэж яарч адгахаас бус хайрлан хамгаалж, бусдад үзүүлэн таниулж энэ хэрээрээ эдийн засгийн хувьд сайн үр дүнд хүрч болох талаар огт тооцож ярихгүй байнаа?

-М.Болорцэцэг: Миний ажиллаж байгаа энэ музейгээр жишээд бодоход, Монголд минь бүр ч илүү боломжууд байгаа. 20-р зууны эхээр Эндрюсийн экспедици маш их мөнгө зарцуулаад Монголын говиос маш үнэтэй олдворууд олж ирж үзмэрүүдээ баяжуулж байсан бол, одоо ч бид судлаад ашиглах юм бол Монголд минь тэр чигээрээ Байгалийн Түүхийн музей байгуулах бэлэн олдворууд байж байгаа. Өөрийн нутагтаа палеонтологийн олдворгүй шахам Япон, Солонгосууд динозаврын музей байгуулаад жуулчдад үзүүлээд мөнгө олж чадаж байна. Эдийн засгийн хувьд ашигтай учраас тэд мөнгөөр олдворуудыг худалдаж аваад музей байгуулж байгаа хэрэг. Тэгээд ч монголчууд бид маш их түүх, өвөрмөц зан заншил, өв уламжлалтай үндэстэн. Бидэнд маш их боломж байгаа.

-Г.Галбадрах:Уулзаж ярилцахад сайхан байлаа. Түүнээс гадна чиний сэтгэлдээ тээж, бас зорьж хэрэгжүүлж байгаа бүхний тухай энэ ярилцлагаас л би өөрөө ойлгож бахархаж байна. Бид хоёрын ярилцлагаас олон олон залуус боломжийг мэдрэх байх. Түүнээс гадна Монголдоо байгуулахаар зорьж хичээн зүтгэж яваа Байгалийн Түүхийн музей хэзээ нэгэн цагт үүд хаалгаа нээж монголчууд бидний бахархлын нэг нь болж чадна гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье, би чадах боломжоороо дэмжих болно.

-М.Болорцэцэг: Тантай уулзаж ярилцсандаа баяртай байна. Би ч бас таны зорьж зүтгэж яваа үйлсийг тань дэмждэг. Хүн болгон мэргэжилдээ бас сэтгэлдээ үнэнч явахад хийж чадахгүй, хийх боломжгүй зүйл гэж үгүй. Таны ерөөсөнчлөн хэзээ нэгэн цагт Монголдоо музейгаа нээх болно. Бас олон залууст Монгол эх орноороо бахархаж, бас хайрлах уужим сэтгэлийг бид хамтдаа бий болгож чадна. Танд ч бас амжилт ерөөе.

...Дэлхийн хэмжээний ийм том музейд судлаачаар ажилладаг шинжлэх ухааны доктор, Монголдоо Байгалийн Түүхийн музей байгуулах гэж зорьж тэмүүлж бүтээсэн бүхэн, хулгай луйврын замаар хил давж арилжигдаж байгаа Батаарыг Монголдоо буцаахын төлөөх тэмцэл, энэ бүхэн түүний сэтгэлийн цараа. Хэдийгээр М.Болорцэцэгийг таньдаг хэдий ч, энэ ярилцлагын дараа түүгээр маш их бахархсан. Тэр маш холыг харж, үр дүнг нь сэтгэлдээ багтааж яваа эрдэмтэн судлаач бүсгүй. Өдий хүртэл хийж бүтээж, зорьж тэмүүлж яваа бүхнийг нь бид дэмжих хэрэгтэй юм гэж бодогдсон. Учир нь энэ бүхний ард монгол бахархал оршиж байгаа. Түүнд алдар цол, хуурай магтаал хэрэггүй. Зүгээр л хийж бүтээж байгаа бүхнийг нь хүн бүр боломжоороо дэмжихэд л болно. Чамд амжилт ерөөе, М.Болорцэцэг ээ. Сайн үйлс хэзээд бүтдэг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2015-02-23