УИХ-ын гишүүн асан “молекул” хочит Батжаргалын Батбаяр Монголын толгой баячуудын нэг. Өөрийнх нь хэлснээр тэр “нэлээд нарийн, гэхдээ Гобсек шиг харамч бас биш”. Харамч биш гэдгийн баталгаа нь 1996-2000 онд УИХ-ын гишүүн байхдаа тойрогтоо хамгийн их мөнгө хаясан, 2000 оны сонгуулиар “1,2 тэрбумаар эмнэлэг бариулна” гэж амлаад унаж байсан. Тэрээр Багануурын уурхай, Монгол савхи, Гутлын үйлдвэр, “ДВ интернэшнл”, “T and I”, “Туул кашемир” гээд үндэсний томоохон үйлдвэрүүдийн хувьцааг эзэмшдэг.
-Таны бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү? Хэдэн хүүхэдтэй айлын хэд дэх нь вэ?
-Би зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүү. Бид зургаа бүтэн өнчин өссөн. Ээж маань намайг 10-р ангид орох жил 1970 онд бөөрний өвчнөөр өөд болсон юм. Том ах маань тэр үед Крывой Рогийн эм судлалын дээд сургуульд сурч байлаа. Ээжийг өнгөрөнгүүт бид тавыг ээжийн ах дүү нарт нэг нэгээр нь тараагаад өгчихсөн. Яахав, тэр үед баян цатгалан айл гэж байсан биш, хүмүүс бүгд л ядуу байсан. Цувдай, толгой олдсоноо л иднэ, юм ховор юм чинь. Одооны хүүхдүүдийг бодвол бид их л ажилтай байж дээ. Миний доод талын дүү бид хоёр гэртээ үлдээд, тэр айлын бүх л ажлыг хийнэ. Ус авна, хоол хийнэ, түлээ бэлдэнэ, дүү нараа асарна, дэлгүүр хоршоо явна. Хааяа би хүүхдүүддээ “Цэнд ах бид хоёр чинь Урт цагаанаас цувдай толгой аваад, үхрийн толгой шулж бууз хийж иддэг байлаа” гээд ярихаар “Цувдай гэж юу юм” гэж асуух жишээтэй. 10-р анги төгсөхдөө их сахилгагүй, зодоон цохион хийдэг байснаасаа болоод конкурст орж чадаагүй. Хичээлдээ бол сайн байсаан. Улсын математикийн олимпиадын аварга болж байлаа. Хажуугаар нь хүүхдүүдтэй нийлж дарвиж хүүхдүүдийн малгай булаасан барьсан гээд цагдаад дуудагдаж элдэв юм болдог байсан л даа. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг биз дээ. Тэгээд багш нарын зөвлөлийн хурлаар орж бүх арвынхнаасаа ганцаараа конкурст оролгүй хасагдаж байлаа. “Энэ нөхрийг хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ” гэсэн юм. Би III цахилгаан станцад машинистаар ажиллаж байгаад сүүлд станцаасаа Крывой Рогын уул уурхайн дээд сургуульд явж 1980 онд төгсч ирсэн. Сургуулиа төгсөхийн урьд жил талийгаач ханьтайгаа нийлсэн юм.
-Эхнэртэйгээ хаана танилцсан юм бэ? Таны бизнест их нөлөөтэй байсан гэж сонссон?
-Бид хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Ханьтайгаа нийлээд л миний амьдрал жигдэрсэн дээ. Ёстой хоёр биенээсээ өөр юу юу ч үгүй нийлж байлаа. Миний хань чинь бас бүтэн өнчин хүн. Аав нь мэргэжилтэн хятад хүн байсан юм, 1950-иад онд чинь Хятад, Монголын харилцаа сайн байлаа ш дээ. Манай талийгаач гарсны дараа 1960-аад оны эхээр Хятад Монголын харилцаа муудаж Хятадын мэргэжилтнүүдийг вагон вагоноор нь буцааж байсан үе. Тэр үед аав нь буцаад явчихсан, одоо хаана байдгийг нь ч мэдэхгүй. Ээж нь 3-р ангид байхад нь өөд болж эмээ дээрээ өссөн хүн. Анх гэрлэхэд би нэг том чимодантай, манай талийгаач намайг бодвол ажил хийж байсан болохоор 200-ийн нэг цагаан ор, орны араар тавих аравчтай ирж байлаа. Бид хоёр айлын хажуу өрөөнөөс л амьдарлаа эхэлсэн. Барааны панерин хайрцаган дотор хоёр аяга, хоёр гурван халбагатай, нэг плиткатай. Хоёулаа их дэлгүүрээс нэг данх авсан юм. Тэр данхандаа 14 хоног банштай цай чанаж идэж байлаа. Яагаад гэвэл өөр ямар ч сав суулга байхгүй. Аз болоход 20-р дэлгүүрт банш зарна. Сүүлдээ амьдрал ч хоёрын хоёр хүний хүч хөдөлмөрөөр босоод ирсэн л дээ. Манай талийгаач их хөдөлмөрч хүн байсан юм. Тэргүүний залуу алтан медальтай, хоёр гурван ч таван жилийн гавшгайч. Социализмийн үед сайн хувцас олддоггүй байлаа шүү дээ. Тэгэхэд дэлгүүрээс даавуу, драп аваад л костьюм, пальто бүгдийг өөрөө оёдог, бид тавыг бүрэн хувцасладаг байсан. Манайх чинь жил дараалж гарсан 4 бандитай.
-Та мэргэжлээрээ ер нь ажилласан уу? Бизнесээ яаж эхэлсэн юм бэ?
-Оёдлын үйлдвэрийн нэгдэл, хими цэвэрлэгээ угаалгын комбинатад цахилгааны инженер хийж байгаад 1988 оны 5 сард “Болор” гэж хими цэвэрлэгээний хоршоогоо байгуулсан. Ерөөсөө хими цэвэрлэгээний нэг машинтай байхад сарын дотор 3000 төгрөгөөр 30 мянган төгрөг хийх юм байна, нэг ийм машинтай байхад л баяжих юм гэж тооцсон. Ашгүй Худалдаа аж үйлдвэрийн танхимд эксперт хийдэг байсан миний нэг найз над дээр ирээд “Чойрын цэргийн ангид цоо шинэ комплекс машин байна. 225 мянга байна, авах хүн байна уу?” гэсэн. Хоршооллын хөдөлгөөн эхэлж байсан үе л дээ. Тэгээд бид хоёр тэрийг очиж үзээд авахаар шийдэж тэр үед ганцхан байсан Монгол банкнаас зээл авсан. Гэхдээ 225 мянгаар нь аваагүй л дээ. Эхнэр бид хоёр тэр үед машин авах гэж их дэлгүүрт очер бичүүлээд 30-аад мянган төгрөг хадгалчихсан байсан юм. Дээр нь банкнаас зээл аваад нөгөө оросуудаа архидуулж байж буулгаад 105 мянгаар авч байсан юм. Тэгэхэд манай хамаатнууд “Нөгөө Батбаяр чинь өнгөрлөө, шоронд орох нь. Ийм их мөнгө зээлээд яаж төлнө гэж бодож байгаа хүн бэ” гээд л. Гэхдээ би төлнө, чадна гэдгээ мэдэж байсан. Гурван жилимйн хугацаатай, жилд 4-5 хувийн хүүтэй зээл шүү дээ. Гурван сарын дараа л би төлсөн. Дараа нь 1989 оны намар Хөх хотын гадаад худалдааны компаниас манайд үзэсгэлэн гаргасан юм. Тэр үед Хятадын бараа гэж манайд ерөөсөө байхгүй, хятад хүүхний зурагтай алгын чинээ нусны алчуур, будаатай аяга гэхэд ямар үнэт эй байлаа. Хятадаас юу ч оруулдаггүй байсан юм чинь. Тэгээд би хятадтай гэрээ байгуулаад зэс, гууль цуглуулж эхэлсэн. 1990 оны зун нөгөө зэсээ гаргаад, хоргойгоор сольж, хоргойгоо зараад 2 сая төгрөгтэй боллоо. Гэтэл нөгөө 20-р тогтоол гарч 2 сая төгрөгийг маань нэг сая болгосон доо. Тэрний өмнө манай хоршооллынхон хуралдаад “Хайран сайхан мөнгийг маант хар төмөр болгоод хаячихлаа. Хэн энийг нь авахав” гээд намайг огцруулах юм болж байлаа. Би “Гурван сар л тэс, би энэ 300 мянгыг чинь 10 дахин өсгөнө” гэж хэлж байсан. Хэлснээрээ ч өсгөсөн. Тэр үед хоршоолол байгуулахад 5 гишүүн байх ёстой юм. Талийгаачтайгаа хоёулаа ороод, дээр нь ажилчдаасаа 3 хүн нэмж оруулаад хоршооллоо байгуулсан.
-Алдаж онож, шатаж үзсэн үү?
-1991 оны намар Хонконгийн Чао Лин Пин гэж баян нөхөр ирсэн юм. ХАҮТ-аар зуучлуулж би түүнд 28 тонн зэсээ 39 мянган доллараар зарав аа. Килограммыг нь 3 төгрөг 18 мөнгөөр авдаг байсан юм. 28 тонныг 100 мянгаар л авсан байхгүй юу. Тэр үед нэг доллар 30 төгрөг байсан гэж бодохоор аймаар их нугарч байгаа юм л даа. Тэгсэн нөгөө нөхөр зэсийг маань ачуулчихаад, мөнгийг маань өгдөггүй хэдэн сар боллоо, нөгөө зэс хаана явааг бүү мэд. Тэгэхэд соёлын хувьсгалын үед Монголоос хөөгдсөн хятадууд Хонконгод очиж суугаад нэлээн баяжаад эргэж ирж Монголд “Донга интернэшнл” гэж компани байгуулчихсан байсан юм. Би тэдний нэг Наташа гэдэг нөхрөөр Хонконгийн виз гаргуулж Бээжинд очоод Чао Лин Пинтэйгээ уулзсан чинь “Чиний зэс Тянжинд байгаа” гэж байна. Тянжинд очсон чинь зэс маань задраад хагас нь алга болчихсон байсан. Үлдсэнийг нь авч Бээжингийн зэсийн үйлдвэрт аваачиж 30 мянган доллараар зараад мөнгөө Наташагийн дансанд шилжүүлж Хонконгоос очиж бэлэн мөнгөө авчирч байгаа юм. Ирээд хадгаламж банкинд хийчихсэн байсан чинь Тагнуулын төв газрынхан намайг шалгаад валютын хэргээр арай л шоронд хийчихээгүй. Тагнуулынхан “Манай насаараа гадаадад суусан дипломатч гэхэд хамгийн дээд тал нь банкинд 5000 доллартай л байгаа. Тэгэхэд чи нэг өдөр 30 мянган доллар авчирлаа, шоронд хийнэ” гээд сандаргаж байлаа. “Болор” хоршоолол Монголд хамгийн анх удаа валютын данс нээлгэж байсан юм.
-Хоршооллын 5 гишүүний 3 нь хаачсан бэ? Хэдийд задарсан юм?
-Бид маш их амжилттай ажиллаж байсан учраас их юм худалдаж авсан л даа. III хорооллын ахуй үйлчилгээний төвийг 6 саяар худалдаж авч байлаа, энд тэнд зөндөө объёкт авсан. 1992 онд хоршоолол маань тарсан. Яагаад гэвэл тэр үед би “Туул кашемир”-ийн хувьцааны 50 илүү хувийг цуглуулчихсан байсан учраас ерөнхий захирлаар нь очих болсон. Хоршооллынхоо гишүүдэд бүх юмаа хувааж өгсөн. Нийт хөрөнгөний 18 хувь болох 100 гаруй мянган долларын хөрөнгийг л эхнэр бид хоёр аваад түүгээрээ “Туул кашемир”-ийн хувьцааг авсан. Үлдсэн 80 хувийг хоршооллынхоо гишүүдэд өгсөн. Хоршоолол тэр үед 100 гаруй хүнтэй байсан. Хамгийн доод талын энгийн ажилчинд гэхэд л сая шахам төгрөг өгч байсан. Тухайн үед хоршооллууд дундаа “Буян”, “Болор” хоёр л байлаа шүү дээ.
-“Туул кашемир”-ыг яагаад авсан юм бэ?
-“Туул” угаалга, хими цэвэрлэгээний комбинат нэртэй хөндий байшин л байсан, өөр юу ч байхгүй. Улсад 20 сая төгрөгийн өртэй, тэрийг нь би төлсөн. Тэнд би ноолуур боловсруулах гурван үйлдвэр байгуулсан. 1993 онд Америкийн “Форте кашемир”- тай хамтарсан “Мон форте” гэж хамтарсан үйлдвэрийг байгуулсан. 1997 онд америкчуудад өөрсдийнх саналаар нэлээн өндөр үнээр зарсан. Монгол импекс 30, би 30, америкчуудад 40 хувийг нь эзэмшдэг байсан юм. Дараа нь “Говь”-той хамтарч “Монкашемир” үйлдвэр байгуулаад тэрийгээ Италын “Лоропиана”-д зарсан. Хамгийн сүүлд 1998 онд Японы “Иточу”-тай хамтарсан “Туул иточу” компанийг байгуулсан. Өчнөөн олон хүнийг ажилтай болгосон. Итали, Япон, Америкийн хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн. Тэр хоосон байсан байшинд өнөөдөр Монголдоо хамгийн сүүлийн үеийн, орчин үеийн техник технологитой гурван үйлдвэр ажиллаж байгаа. “Туул иточу”-ийн 75 хувийг нь “Туул кашемир”, “Иточу” 25 хувийг нь эзэмшдэг. “T and I”-ийн бүтээгдэхүүн Япон болон Азийн орнуудад алдартай.
-“Бодь цамхаг”-ийг Монголдоо хамгийн өндөр, 10 гаруй сая доллараар боссон гэдэг. Та хэдэн хувийг нь оруулсан бэ?
-Ер нь бол хувь оруулсан. Яг нийтдээ хэдий хэр хөрөнгөөр боссон гэдгийг одоохондоо хэлэхэд хэцүү. Хүмүүс тооцоог нь хийж л байгаа байх.
-Мөнгөтэй хүнд сонирхолтой, хөгжилтэй, эсвэл амь дүйсэн үе гардаг л байлгүй?
-1992 оны хавар нэг сонин юм боллоо доо. Тэр үед Монголд ч, Орост ч доллар гэдэг их үнэтэй, ховор байлаа. Тэр үед би Английн “Сийл интернэшнл” компанид хэдэн тонн ноолуур зарсан юм. 200-аад мянган доллараар. Мөнгөө шилжүүлье гэхэд тэр үед банкны сүлжээ ч ямар байсан биш, дандаа бэлэн мөнгөөр л наймаа явдаг. ХХБ дөнгөж байгуулагдаж байлаа. Англи дахь ЭСЯ дээрээсээ очиж мөнгөө аваад 200 мянган доллар дипломат цүнхэнд хийж барьчихаад Москвад буулаа. Тэр үед чинь оросын мафи, рекэтүүд ид бужигнуулж байсан үе. Лондонгоос Москвад өдрийн 3 цагт ирж байгаа юм. Шөнө 10 цагт Монголын онгоц нисэх ёстой. Онгоцонд оруулахын өмнө шалгалт хийсэн чинь миний цүнхнээс 200 мянган доллар гарахгүй юу. Цагдаа нар нь сүйд болоод л “Бид таныг саатуулахаас өөр аргагүй, ийм их мөнгө хаанаас авсан” гэж байна. Би палхийгээд л явчихаж байгаа юм чинь. Долоо хоногт ганцхан удаа Монголын онгоц нисдэг. Хэрвээ буудлаас гарах л юм бол нэг Монголыг шуудхан үгүй хийнэ. Мэдээж шүү дээ. Би халаасандаа байсан 100 доллараа нөгөө цагдаад өглөө, “бага байна” гэж байна. Дахиад нэг 100-г өглөө. Тэгсэн хажуу тийшээ заагаад “Энэ хоёрыг яах юм” гэж байна. Дахиад 200-г өглөө. 400 доллараар л 200 гаруй мянган доллараа аваад ирсэн. Тэр орос ч орос. Оросууд аягүй жаахан юманд хууртдаг улс. Хэрвээ 40 мянгыг өг гэвэл би өгөх л байсан. Өгөхгүй гээд хаачих юм. Хоосон буцах уу, тэндээ үхэх үү?
-Хамгийн ашигтай наймаа тэр үед юу байсан бэ?
-Ноолуур, зэс. Тэр үеийн бизнесмэнүүд 4-5 нугарах наймааг хийдэггүй байлаа ш дээ, “яршиг, ашиггүй байна” гэдэг. 10-15 нугарч байвал наймаа хийдэг. Одоо бол 10 хувийн ашиг хийвэл их юм. Ноолуур бол маш сайн бизнес. Нэг удаа л том шатсан даа. Бин Ладен Нью-Йүркийн хоёр өндрийг мөргөх үед 1 кг боловсруулсан ноолуурыг 65 доллараар авъя гэхэд нь би өгөхгүй, 70 хүргэнэ гээд хүлээж байлаа. 9 сарын 10-нд л 65 доллар байсан юм. Тэгсэн 11-нд хоёр өндрийг онгоц мөргөөд ноолуур 40 доллар ч хүрэхээ больж байгаа байхгүй юу. Килограмм тутмаас 25 доллараар шатсан. Хэдэн арван тонн ноолуур байсан, нарийн тоог нь хэлмээргүй байна. 50 тонн ноолуур байлаа гэхэд л 750 мянган доллараар шатаж байгаа байхгүй юу. “Говь” компани л гэхэд 7-8 сая доллараар шатсан ш дээ. Миний хамгийн том шаталт тэр. Бурханы аварлаар олон удаа шатаж байгаагүй ээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгүүлч Бу.Заяа