Дэлхийн хэмжээний томоохон шоу “Got talent”-ыг HD Монгол телевиз өндөр үнээр худалдан авч үзэгчдийн хүртээл болголоо. “Авьяаслаг монголчууд” шоуг “Монгол” телевиз яах аргагүй өндөр төвшинд зохион байгуулж байгаа нь үнэн. Нөгөө талаар анхны удаа энэ том хэмжээний шоуг жижигхэн зах зээлд гаргаж буй тэдэнд алдах онох зүйл байгааг нь нуугаад яах вэ.


Том хэмжээний шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг авсан нь өөрөө амжилт байж болох ч энэ шоуны туршид бид нэг л зүйлийг юу юунаас илүү сайн ойлгож авлаа. Энэ бол монголчуудын сэтгэлгээ хэр өргөн хүрээнд байна вэ гэдэг асуудал. Тэнд шүүж суугаа, түүнийг зохион байгуулж байгаа хүмүүсээс гадна үзэгчдийн боловсрол дэлхийн хэмжээнд хүрч чадсан уу гэдгийг энэ шоу ил тод хэлээд өгчихлөө.

Шүүгчийн сонголт магад зөв байсан уу, үнэхээр авьяастны эрэлд мордох хүмүүс байсан уу гэдгийг уншигч та өөр өөрийн өнцгөөр дүгнэх нь дамжиггүй. Харин үзэгчид бид үнэхээр шилдэг авьяастныг тэндээс шүүж гаргаж ирж чадсан уу гэдгийг бодоход гэмгүй болжээ. Барилгачин залуу шиг, Хан-Уул шиг дуулдаг залуу олон зуугаараа бий. Бид дууч ард түмэн. Биднийг хүүхэд байх үед үсэрч дэвхцэн бүжиглэж байсан нүргэлсэн хөгжимтэй рэп бүжиг, караокед чадвараа гайхуулах дуучдыг өрөвдөх гэхээс илүүтэй хэн нь үнэхээр “монгол авьяас” юм бэ гэдгийг бид хараахан шүүж тунгааж чадахгүй байна уу гэдгийг бодоход гэмгүй болжээ.

Үүнийг Ц.Чулуунбат шүүгч ч ил тод хэлсэн. Залуу үе маань өнөөдөр шинэ тутам илүү сонин содон зүйлийг суралцаж, дэлхийн урлагийн хөгжилд алхам алхмаар ойртох гэж хичээж буйг “гудамжны бүжигчин” Т.Саруултөгс бидэнд харуулсан. Харамсалтай нь манай үзэгчид үүнийг ойлгох болоогүй юм байна. Өнөөх бүтэлгүй хайр, гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөсөн нийтийн дууны урлагаасаа холдох болоогүй гэдгийг энэ удаагийн шоу илүү тод харууллаа. Бид өрөвч ард түмэн.

Эсвэл хэт сэтгэлийн хөөрөлтэй байж болох ч даяаршиж буй энэ нийгэмд дэлхийн хөгжлөөс ингэтлээ холдож боломгүй байгаа юм. Өрөвдөх сэтгэлээр бус монгол гэх нэрийг дэлхийд гаргах үндэсний хөгжим, уран нугаралт, уртын дуу, хөөмэй гэсэн жинхэнэ ориг авьяастны бид эрж хайх, тэндээс таашаал авах учиртай. Бас орчинүеийн урлагийн хөгжлөөс холдож боломгүй байгаа юм. Түүнийг ойлгодог, түүнээс таашаал авч суръя. Аль болгон аавын тухай дуунд уярч суух вэ. Урлаг гэдэг нийгмийг чиглүүлж, хүнээсээ өмнө хөгжиж явах учиртай. Урлагаар дамжуулж боловсрол олгох асуудлыг дэлхий дахин тэргүүний зорилгоо болгодог. Харамсалтай нь Монголд тийм зүйл алга. Саяхан жүжигчин Ц.Төмөрхуяг урлагийн хөгжлийн талаар хатуу боловч үнэнийг ярьсан байна билээ.

Тэрбээр “Оросын алдартай жүжигчид манай драмын театрт ирж, жүжиг үзчихээд бид нар 1957 онд л ингэж тоглож байсан даа гэж доромжилсон. Ингэж доромжилж байхыг нь би сонсоод, юу ч хэлж чадаагүй, угаасаа үнэн юм чинь. Жүжиг гэдэг шоу биш. Гэхдээ нийгэм өөрөө мөнгө шаардаад байгаа учраас театр хүртэл шоу хийгээд байна. Уг нь тэд үзэгчдийг дагуулж тоглодог гэдгээ мэднэ. Гэтэл одоо нийгмийг дагуулах биш, өөрсдөө дагаад байна.

Монголыг дэлхий үзэхгүй, харахгүй, харах шаардлагагүй байна. Яагаад гэхээр хичнээн зуун жилээр хоцорчихсон яваа юм чинь. Урлаг, улстөр аль нь ч адилхан” хэмээн ярьсан байх аж. Хатуу боловч өнөөдөр байдал ийм л байна. Дуурь бүжгийн эрдмийн театрт өдөр болгон дэлхийн сонгодгуудаас гадна үндэсний гэсэн дуулалт жүжиг, хөгжим бүжгийг тоглож байгаа. Өвөл, хавар, зуны хувиараа гаргаад тэд өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан үндэсний гэсэн бүхнийг үзэгчдэд хүргэх гэж чармайж буй. Харамсалтай нь тэнд үзэгч алга.

Урлагийг чин сэтгэлээсээ ойлгодог нийгмийн цөөхөн хэсэг, хичээлийн шугамаар үзэх гэсэн оюутнуудаар л үзэгч нь хязгаарлагддаг. Харин Бөхийн өргөө, Улаанбаатар паласт тоглож буй гурван дуутай нийтийн дуучдын тоглолт пиг дүүрэн байгаа нь бидний сэтгэлгээ, урлагийн боловсрол хаана байгааг харуулж буй юм.

Улсын драмын эрдмийн театр тавих жүжгийнхээ тал хувийг бараг л сурталчилгаанд зарцуулж байж ганц нэг жүжгээ үзэгчдэд хүргэдэг. Гэхдээ тэдний орлого хэзээ ч хошин шогийн продакшнуудыг гүйцэхгүй байгаа юм. Үүнийг урлагийнхан мэдэхийн дээдээр мэддэг. Үзэгчдээ дагаж биш дагуулж явах учиртай гэдгээ мэддэг ч тэдэндмөнгө хэрэгтэй учраас үзэгчдийнхээ боловсрол руу биш халаас руу нь өнгийх зарчмаар ажиллаж байгаа юм. Монгол түмэн дуу хуурын асар баян сан хөмрөгтэй, гадны нэг савангийн дуурийн араас хошуурч, чинийхээ сайхныг тэнгэрээс олж харлаа гэх ядмагхан санаатай дуунд уярч суух хүмүүс биш.

Дэлхий дахины тэр шүтэж бишрээд байгаа “Ромео Жульетта” шиг жүжгийг аль эрт биччихсэн байсан юм. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” гэх мэт дэлхий дахины сонгодогуудтай эн зэрэгцэх уран бүтээл олон зуу бий. Харамсалтай нь үзэгч байхгүй учраас эдгээр алдартай жүжгүүд зөвхөн их, дээд сургууль, бага дунд боловсролын салбарт тухайг нь унших төдийхнөөр хязгаарлагдаж буй юм. Эцэст нь хэлэхэд, урлаг бол өндөр шалгууртай. Гоё биетэй, том алаг нүдтэй бол жүжигчин болдог юм биш. Мөнгөтэй хэн ч дуу гаргаж, дөрвөн дуу мөнгөөр хийчихээд тоглолт хийдэг юм биш.

Урлагийн босго хатуу гэдгийг энэ салбарын сайн муу дундуур явж ирсэн хүмүүс өнөөдөр ил тод хэлэх цаг нь болжээ. Хэн дуртай нь дуучин жүжигчин гэсэн цол өөртөө өгдөг, аль нэг арилжааны телевиз болсон болоогүйдууны, жүжгийн тэмцээн хийж өөрсдийгөө од гэж бодчихсон эрээвэр хураавар одонцоруудыг төрүүлж буйг цэгцлэх цаг нь болсон байна. Түүнчлэн, дэлхийн сонгодог үзэж сэтгэлийн таашаал авчихдаг, орчин үеийн урлагийг ойлгодог үзэгчээ бэлтгэхэд манай урлагийнхан сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй байна. Бүгдийг мөнгөөр харахаа одоо болиоч гэж гуйя.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох