"Мухар сүсэг" ялж "Боловсрол" ялагдсан уу? № 2: Монгол хүн бичиг үсэгтэй болсоны ашиг гарсангүй шив.

Монгол хүн бичиг үсэгтэй болсоноор өөрийгөө хөгжүүлж хүмүүнлэг энэрэнгүй иргэн хүн болох ёстой байсан. Гэтэл мухар сүсгийн номууд уншаад байвал хүн хэзээ ч хөгжихгүй харин ч бичиг үсэггүй хүнээс илүү дордоно. Сонин уншиж буйгаа бичиг үсэгтэй болсоны ач гэвэл ёстой л инээдэм. Сонин бол хүнийг хөгжүүлэх зорилготой биш.

Мухар сүсгээс салгахын тулд боловсрол хэрэгтэй. Энэ боловсролыг бичиг үсгээр олж авна. Гэтэл Монгол хүн 70 гаруй жилийн өмнөөс анх удаагаа нийтээрээ бичиг үсэгтэй болсоны хэрэг өнөөдөр яагаад гарахгүй байна вэ?

Өнөөдөр Монгол хүн бичиг үсэгтэй боллоо гээд юу уншина вэ? Юу ч уншихгүй өөрөөр хэлбэл мэдлэг боловсролын тухай уншиж боловсорч чадахгүй байна гэвэл бичиг үсэгтэй болсоны хэрэг байна уу?

Өнөөдөр олон нийтэд зориулсан мэдлэг боловсролын хэдэн ширхэг ном долоо хоног бүр цаашлаад сар бүр хэвлэгдэж байна вэ? Тэгвэл мухар сүсгийн хичнээн ном сүүлийн 20 гаруй жилийн дотор хэвлэгдэж Монгол хүнийг боловсролоос бүрэн холдуулж чадсан бэ? Ямар номнууд Монгол хүнийг мухар сүсэгтэй болгож залуу үеийн хөгжлийг зогсоож ээж аав нарыг гүн мухар сүсэгт унагаав? Хэн?

Ямар ч хамаагүй боловсролын эсрэг мухар сүсэгийн номнууд танин мэдэхүй, оршихуй, хоосон чанар гээд л олон номууд тавиур дүүрэн. Зохиолч нэртэй хүмүүсийн бөө шүтээн шүгдэн сүсэг гэсэн оюуны доод хэмжээнд боловсролын эсрэг номууд хэвлэгдсээр л түүнийг уншиж тархиа хордуулсаар л. Үүний тулд бичиг үсэгтэй болсон гэжүү? Уншаад тэгээд юу ойлгов? Уншаад тэгээд ямар шинэ зүйлийг мэдэж авсан бэ?

Монгол хүн өөрийгөө хөгжүүлж ухаанаа цэнэглэхгүй хий хоосон ямар ч утгагүй ямар ч баталгаагүй зүйл уншаад хэрэг байна уу? Хамгийн аюултай Монгол хүний тархийг доод хэмжээнд байлгадаг уншлага бол сонингууд. Монгол хүн сонин унших ямар хэрэгтэй юм бэ? Сонин уншихгүй байж болно биздээ? Сонингуудыг хэн бичиж яах гэж бичиж яагаад бичиж буй гэдэг тодорхой шүү дээ. Монгол хүн зөвхөн сонин унших гэж бичиг үсэгтэй болоогүй биздээ. Ямар том эндүүрэл ямар их харамсал вэ.

Монгол хүн бичиг үсэгтэй болсон 40-өөд он тийм ч сайхан эхлээгүй. Ялангуяа лам нар Монгол хүнийг боловсролтой болж сүм хийдээс хөндийрнө гэдэгт маш дургүй байсан. Тэд хүүхэд залуучуудыг бичиг үсэгтэй болж сургуульд орно гэдэгт зөвшөөрөхгүй тэр үеийн бичиг үсэггүй ээж аав нарыг мухар сүсэгтүүлж нийгмийн хөгжлийг олон жилээр ухраасан.

Лам нарын хажуугаар баяд ноёдууд ард түмнийг бичиг үсэгтэй болж боловсрол эзэмшинэ гэдгийн эсрэг үхэн хатталаа тэмцсэн. Яагаад гэвэл зөвхөн баяд ноёд феодалуудын хүүхдүүд бичиг үсэгтэй байсан тул тэд ард түмэнд их л мундаг харагддаг байсан. Гүрсэд бичиг үсэгтэй харин "Түмний нэг" Чимид бичиг үсэггүй шүү дээ.

Өнөөдөр лам нарч мөн баяд ноёдууд ч бас л нийт нийгмээс тасарч ард олныг мухар сүсэгтэй болгож боловсролоос хөндийрүүлсэн үйл ажиллагаа улам л хүчтэй боллоо. Баяд ноёдууд хүүхдүүдээ Америк Англи гээд л өндөр үнэтэй сургуулиудад сургаж буй бол бас л нийгмийн дээд хэсэгт байрлуулах гэж буй муу хар санаа. Тэр бүтэхгүй. Өнөөдөр мэдлэг боловсролтой болоход тийм ч их мөнгө хэрэггүй. Жишээлбэл Герман оронд боловсрол үнэгүй шүү дээ. Тиймээс тэнд ноёд феодал байхгүй.

Их дээд сургуулиудын танхимаар мухар сүсэг тараасан лам нар холхилдсоор л. ШУА гэж байгууллага лам нарт бүрэн бууж өгчээ. ШУА хүн төрөлхтөний мэдлэгийг төлөөлж чадахаа больжээ.

Монгол хүн бичиг үсэгтэй болсон ч гэсэн тохиолдож буй хамгийн том аюул бол уншаад буруу ойлгодог. Нөгөөтэйгээр буруу ойлгосон хүмүүсийн номууд ч бас номын сангаар дүүрэн. Бичиг үсэг сайн хэрэг харин буруу ойлгох бол жинхэнэ мухар сүсэгтэнүүдийн том зэвсэг. Буруу ойлгуулах зорилготой зөвхөн үгээр тоглодог мухар сүсэгтэнүүд нэг талдаа улстөрчидтэй төстэй.

Үг яах вэ түүний утга гэдэг хамгийн чухал асуудал. Яагаад Монгол хүн зөвхөн үгийг л чухалчилж харин утгыг чухалчилахгүй явж ирцгээв? Үгийн утгыг тайлбарлаж чадаагүй ерөөсөө чадахгүй хүмүүс бол хэлнийхэн. Тэдэнд үгийн утгыг тайлбарлах мэргэжил байхгүй. Хэлнийхэн яаж бусад мэргэжилийн үгнүүдийг тайлбарлаж чадах билээ. Энэ алдааг эхлүүлсэн хүмүүсийн жишээ бол Монгол хэлний тайлбар толь бичиг шүү дээ.

Монгол хэлний тайлбар толь бичиг гэдэг нэртэй зузаан ном бол зөвхөн үгийн цуглуулга болохоос биш утгын тайлбар биш. Утгагүй үгээр дүүрсэн энэ Монгол хэлний хүмүүсийн ном бол доод хэмжээнд хийгдсэн ядуухан толь бичиг.

Үгийн утга гэдэг биеэ даасан мэдлэгийн салбар. Үгэнд итгэж үгэнд үнэмшиж сурсан Монгол хүнийг мухар сүсэгтэнүүд болон улстөрчид жинхэнэ хүүхэлдэй тоглоом болгодог жишээ олон бий. Яагаад үгийн утга чухал вэ гэхээр утга өөрөө үгнээс цаагуур ойлголт. Тиймээс цаад утгыг ойлгох чухал.

Монголын зүйр цэцэн үг гэдэг нэртэй "Ертөнцийн гурван цагаан" гэсэн хэдэн мөртүүдэд ингэж бичсэн байдаг:
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан.
Үүгээр юу хэлнэ вэ? Үүний утга юу вэ? Цагаан гэсэн үгийн цаад утга бол үнэн гэсэн ойлголт. Энэ мөртүүдийг уншаад бичиг үсэгтэй хүн юу гэж ойлгох вэ? Үүнийг ойлгох ойлголт бол юм болгон өөрийн цаг хугацаатай гэсэн ойлголт. Хүн залуу явна тэр цаг төгсөнө. Хүн нас ахиж хөгширнө. Эцэстээ хэн ч гэсэн үхнэ.

Монгол хүн нэгэнт үхлийн тухай маш буруу ойлголттой явж ирсэн. Үүний шалтгаан бол нэгэнлэг Монгол шашин үүсэх боломж гараагүй. Тиймээс Буддын, Христийн, Лалын гээд бүх шашинуудыг холиж хутган хүлээн авч ирсэн. Хэзээ ч шашиныг ойлгоогүй. Тэр тухай ойлгуулах гэж бичсэн ном ч байхгүй байдаг.

Яагаад өнөөдөр Христийн шашин амжилттай байна вэ гэвэл тэд библийг Монгол хэл дээр буулгаж чадсан. Яагаад Буддын шашин мухар сүсэг хэвээрээ үлдсэн гэхээр Монгол хэлэнд орчуулах дургүй. Яагаад гэвэл ид шид цаашлаад ер бусын гэдэг хүмүүсийг айлгах мухар сүсэг устаж Буддын шашины мөн чанар танигдах гээд байна шүү дээ.

Монгол хүн үгэнд итгэж үгийн утгыг ойлгохгүй яваагийн ганц хоёр жишээ татахад ийм л байна. Үгийн утга гэдэг хэлсэн үгээр цаанаа юуг төлөөлүүлж хэлэв гэдгийг ойлгох. Хайр гэсэн үгээр асар том онолыг төлөөлүүлсөн. Хайрын тухай мэдэх гэвэл ном унших ажил гарна. Ном унших гэдэг хөдөлмөр. Гэтэл Монгол хүн ном уншиж буй хүнийг юм хийгээ ч бүтээгээ ч гэж баллаж ухааны хөгжлийг зогсоодог. Хөгжөөгүй ухаан яадаг тухай Монголчуудын өрөвдөлтэй түүхээсээ мэднэ шүү дээ.

Мэдээж хайр гэхээр хийсвэр гэж болохгүй. Хайр бол бодит. Юугаар бодит вэ гэхээр хийж буй үйлдэлээрээ бодит. Хайр байхгүй биш байгаа. Тиймээс байгаа гэдгийг батлахын тулд хайр үзсэн байх хэрэгтэй.

Үгийн утгаар бодол утгажина. Үнэхээр утгагүй үгээр бодол явагдахгүй. Үгийн утгыг ухагдахуун цаашлаад нэр томьёо ч гэж буруу тайлбарладаг. Ухагдахуун гэдэг ухаж ойлгох. Харин үгэнд томьёо гэж байхгүй харин ойлголт л гэж бий.

Ширээ гэсэн үгээр энэ дэлхийн олон сая ширээнүүдийг дөрвөлжин ч бай эсвэл дугуй ч бай төлөөлүүлдэг. Үүнийг абстракцлах гэж нэрлэдэг. Үүгээрээ ширээ хийсвэр гэсэн ойлголт биш. Ширээг ухаандаа янз бүрээр абстракцлах боломжтой. Яагаад гэвэл бодит учраас. Бурханыг абстракцлаж болно. Өөрөөр хэлбэл хийсвэрлэж болно. Гэхдээ хүнтэй адилхан царайтай хийсвэрлэдэг. Гэтэл хүний нүүр гэдэг бодит. Тэгвэл бурхан гэдэг үгээр юуг төлөөлүүлнэ вэ?

Үгийн утга зөв байж чадвал өгүүлбэр үнэн болох боломжтой. Худлаа өгүүлбэр хэлэх шаардлага байна уу? Монгол хүн бичиг үсэгтэй болсоноор ярианы хэл бичгийн хэл болох ёстой байсан. Гэтэл зурагтаар яриж буй хүмүүсийг харахад ярианы хэл бичгийн хэл болж чадаагүй гэдэг тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл Монгол хүн ярианы хэлний түвшинд л үлджээ.

Монгол хэлний хүмүүс үгээр тоглож үгийг утгагүй болгож хаясаны гай гэвэл өнөөдөр бичгийн хэл хөгжиж чадсангүй. Тийм ч учраас нийт хүмүүс ном унших соёлтой болж чадсангүй. Ном соёл биш гоёл болсон.

Яагаад ном анх хэвлэгдэж эхэлсэн бэ гэхээр нэгэн ойлголттой болох зорилготой хэвлэгдсэн. Гэтэл Монгол хүмүүс дэлхий дээр ном хэвлэгдсэнээс хойш даруй 500 жилийн дараа ном уншаад бүгдээрээ буруу ойлгоод хүн бүр өөрийн ойлголттой байх ёстой гэж мухар сүсэглэдэг. Өнөөдөр МУИС-ын хоёрдугаар байранд оюутнууд ном уншаад бүгдээрээ буруу ойлгочихсон сууж байдаг. Яагаад гэвэл тэдэнд лекц нэртэй худлаа өгүүлбэрүүд профессор нэртэй худлаа багш хоёр нийлээд ухаан хордуулдаг. Ухаан хордсон оюутнууд сургуулийн хаалгыг ардаа орхин диплом өвөртлөн нийгэмд орж ирдэг. Ингээд нийгэмийн хордолт үргэлжилдэг. Боловсрол болохоо байсан шүү дээ. Хийх ажил мөн ч их байна даа.

Ном оюун тэжээл болох ёстой. Оюуны тэжээл авч чадахгүй Монгол хүн өнөөдөр энэ дэлхийн хамгийн их мухар сүсэгтэй хүмүүс болж хувирсан. Жинхэнэ хүнлэг шашинууд орж ирсэнгүй. Жинхэнэ хүнлэг шашин орж ирсэн бол Ганданд очсон хүн нэг ч төгрөг төлөх ёсгүй.

Үгийг хүн эхлээд сонсоно. Түүний дараа мартахгүй санах санамж чухал. Санамж гэдэг ухаанд буй. Одоо сонссон үгийг ухаандаа бодож боловсруулах хэрэгтэй. Түүнийхээ дараа ойлгосон гэдэг чухал. Ойлгож авсан бол түүнийгээ батлахынтулд одоо буцаагаад өгүүлбэр болгон хэлж эсвэл бичиж чадах гэдэг боловсролтой хамаатай.

Бичгийн хэлэнд орчуулга гэж байдаг. Харин ярианы хэлэнд орчуулга биш тайлбар өөрөөр хэлбэл интерпретац гэж л бий. Гэтэл Монгол хүмүүс хүний ярисан зүйлийг гадаад хүмүүст орчууллаа гэж буруу ярих жишээтэй. Орчуулгын тухай яривал энд дахиад олон хуудас бичих ажил гарна. Дараа ярилцах чухал сэдэв.

Монгол хүн бичиг үсэгтэй болсоны ач тусыг хэрэглэж мухар сүсгээс чөлөөлөгдөж боловсролтой болох тийм л шийдвэрлэх цаг үе ирждээ. Шинийг авч хучнаа ардаа орхих тэр зориг хатуужил үгүйлэгдэнэ.

Бичиг үсэгтэй болсон гэдэг сайн хэрэг харин юу ч уншихгүй бол бичиг үсгийн хэрэг байна уу?

Доктор С.Молор-Эрдэнэ