Юм нээрээ хурдан өөрчлөгдөж байна шүү. 1998 он, АНУ-д сурч байсан эхнэртээ нэг и-мэйл шидчихээд, одоо бол тун гайгүй ажил хийж байгаа, тухайн үед оюутан байсан (энд нэрийг нь дурдаж ичээгээд юүхэв) гарын шавьдаа “Өглөө Нацагдоржийн номын сангаас Нараа эгчид чинь и- мэйл явуулаад” гэтэл өөдөөс “Тийм үү, жинхэнэ эмээл үү, жижиг сувенир үү?” гэж асууж байж билээ. Би одоо заавал тэр Нацагдоржийн номын сан дээр очиж, эхнэр лүүгээ морины эмээл илгээгээд байхдаа ч яах вэ дээ. Үнэндээ бол Болдоогийн буруу ч гэж юу байхав, үг, ойлголт гэж арав гаруйхан жилийн өмнө ийм л байсан юм даа. Ядаж байхад би ч “мэйл” гэж хос эгшиг оруулж барилгүй, шууд урт эгшгээр, болхи л дуудсан байж таарна.

Хэл гэж нийгмийн үзэгдэл юм болохоор нийгэм хурдан хөгжихийн хирээр хэл бас дагаад л хурдан хувьсах аж. Саяхны зарим үг хэллэг гэхэд л аль хэдийн хуучраад мартагдах тал руугаа орох нь гээ. Манай ээж жишээ нь “утас улайлаа, одоо боль” гэж ирээд л загнадаг сан.

Индүү, плитка зэрэг цахилгаан хэрэгслийг залгаад орхичихвол, өөрөөр хэлбэл хэт удаан хэрэглээд байвал халаад улайдаг байсантай утасаа зүйрлэж байна л даа. Утас гэдэг тэр үед тоолуурт ороогүй, “үнэгүй юманд нугасгүй” гэдэг болохоор хэд л бол хэдэн цаг яриад суучихдаг байсан юм. Тэгээд л дөрвөн цагаас илүү хугацаагаар яриад эхлэхээр ээж тэгж загнаж байгаа хэрэг. Одоо цагт бол утас улайна гэж байхгүй, нэгжээрээ шатаад түрийвч л улайж эхлэх байх даа.

Утас гэснээс 2001 онд намайг явж байхад манайд гар утас бол хэрэглээнд хангалттай гарчихсан, гангараа биш болчихсон байсан үе. Гэхдээ нэгэн рүүгээ “дохих” гэсэн ойлголт, нэр томьёо бол байгаагүй юм. 2006 онд зуны амралтаараа нутагтаа ирлээ. 10 жилийн ангийнхаа нэг найз руу залгасан, залгасан дор л шууд салгачхаад байх юм. Гурав дөрөв залгаад болсонгүй, уур хүрээд сууж байсан, харин нөгөөх маань буцаагаад залгаж байна аа. Гайхаад л өнгөрлөө. Дараа нь тэгсэн нэг дүү маань залгахаар нь хурдхан аваатахсан, “Өө та чинь яаж байна аа, хүн дохиж байхад чинь нэгж шатаачих юм” гэж гомдоллов. Ингэж л анх “дохих” гээч зүйлтэй танилцаж билээ.

Ер нь энэхүү “дохих” гээч үйлдлийн цаана хүн амьтны зэрэг зиндаа, хөрөнгө мөнгөний зэрэглэл шууд харагдаж болохоор бас л өвөрмөц үзэгдэл юм билээ. Ангийн маань андын хувьд мань эр надаас чинээлэг байна гэсэн үг. Харин дүү над руу дохиод байна аа гэдэг бол өөрөө надаас нийгмийн байдлаараа дор байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн биз. Гэхдээ бас юмыг сайн муу хоёр талаас нь харж болно. Залгахаар авалгүй эргээд залгаж байгаа хүнийг бол нэг талаас аархаж, томорхож байна гэж гомдож болох ч, нөгөө талаас хүний төлөө, нүнжигтэй, сайхан сэтгэлтэй гэсэн үгсээр магтаж болох, дохиод байгаа хүнийг бол нэг талаас нарийн, өөрийгөө доош хийсэн гэж болох ч нөгөө талаас өөрийг тань тэгж сайхан хүндэлж, дээд зиндаанд авч үзэж байна шүү дээ гэж эергээр хүлээн авч болох юм даа.

Хэл шинжлэлийн үүднээсээ “дохих” хэмээх үгийн гарал үүсэл нэн сонирхолтой. Алдарт Цэвэлийн тольд “дохих” хэмээх үгийг дөрвөн утгатай хэмээн тайлбарлаж:

1. дохио өгөх; гараар дохих; хуруугаар дохих; нүдээр дохих;

2. хөгжимчдөөс хөгжмийн зохиол тоглох, дуучдаас найрал дуу дуулахад удирдах; энэ хүн сайхан дохиж байна.

3. толгойг бөхөсхийх; зөв гэж толгой дохив;

4. үүрэглэх; нойр муутай хоносон учир хичээл дээрээ дохиж байжээ.

Эхний “дохио өгөх” гэсэн утгаас бусад бүх утга салаалан гарсан нь илт байна. Үүрэглэх гэдэг утга ч хаа хамаагүй хол мэт санагдавч үнэндээ бол үүрэглэж байгаа хүн толгойгоо дохих мэт хөдөлгөөн хийдгээс адилтган тэрхүү утга салаалсан аж. Ер нь угаасаа хэлэнд ижил нэр үүсэх хамгийн гол арга бол яг энэ мөн, эхэндээ ийм байдлаар утга салаалаад хожмоо бие даасан үг болдог юм.

Тэгвэл Цэвэл багшаас хойш утас гээч юм төлбөр тоолууртай ч болсон байна, гар утас гээч зүйл ч шинээр гарсан байна, ер нь юм юм л болж, “дохих” гэж үг ч шинэ утгаар баяжжээ. Ингээд толь бичигт бяцхан нэмэлт хийвэл:

5. Гар утасныхаа нэгжийг хэмнэх үүднээс залгаж буй этгээдийг буцаан залгуулахын тулд нэг дуудаад утасаа салгах.

Бас л нэг төрлийн “дохио өгөх” бол мөн юм даа. Утга ингэж салаалдаг аж.

Одоо харин гол зүйл рүүгээ оръё. Энэхүү миний толь бичигт нэмье ээ хэмээн санал болгоод буй “дохих” хэмээх үгийн 5-р утга энэ дэлхийн олон хэлний орчуулахад хамгийн хэцүү 10 үгийн жагсаалтад орчихсон байна гэвэл та итгэх үү? Бүр нэгдүгээр байрыг нь бол эзлээгүй л дээ, тэр үгийг хамгийн сүүлд хэлж өгнө өө.

Олон хэлний орчуулагч нарыг нэгтгэдэг товчоо, компани, их сургуулийн хэлний тэнхим зэргээс орчуулахад хамгийн хэцүү үгийг олж шалгаруулсан жишээ олон байдаг юм байна. Тэдгээрээс хамгийн нэр хүндтэй нэг шалгаруулалтын дүнгээс та бүхэнд толилуулбал сонирхолтой байх бол уу?

Ер нь орчуулахад төвөгтэй үг маш олон л доо. Орчуулга хийж үзсэн хүн бүр энэ зовлонг амссан байгаа. Ялангуяа тухайн ард түмний амьдрал ахуй, соёл уламжлалтай нь холбоотой үгс бол тайлбаргүйгээр орчуулахын арга үгүй. Пүрэвдорж найрагчийн алдарт “Хөх даалимбан тэрлэг”-ийг дээл гэж юм амьдралдаа өмсөх нь байтугай хараа ч үгүй гадаад хүнд орчуулж өгөхөөр боллоо гэж бодъё.

Эргэцээ морины эргээ бодож

Элбэг сайхан ташаа тавилаа...

Ямар морины юуг нь бодсон гэнэ ээ? Тэгээд хаана юу тавьсан хэрэг вэ?

Уулын жавар унана хэмээн

Унаган туурай нударга тавилаа

Дөнгөж төрсөн нэг настай адууны хөлийн үзүүрт байх эвэрлэг зүйл тэр оёж байгаа хувцсанд чинь ямар хамаа байна аа?

Мань гадаад бол ингэж л гайхах болчхоод байгаа юм.

Гэхдээ үнэнийг хэлэхэд “дээлийн нударга”, “морины эргээ” зэрэг бол яг үнэхээр орчуулахад хэцүү үг гэдэгт орохгүй. Дэлхийн улс болгон өвөрмөц сонин ёс заншил, эдлэл хэрэглэгдэхүүнтэй, тэдгээрийг нь заасан үг, жишээ нь тухайн юмыг нь зургаар үзүүлэхэд л ойлгогдохоор байвал хэчнээн орчуулах боломжгүй ч “хамгийн хэцүү” хэмээх жагсаалтад ордоггүй юм. Олон хэлний орчуулагчид, хэл шинжээчид “хэцүү” үгийг цуглуулахдаа бодит юмын нэрийг биш, харин өвөрмөц сонирхолтой ойлголтыг илэрхийлэх үгийг илүү чухалчилдаг. Өөрөөр хэлбэл өөр хэлтэн хүн юуг хэлж байгааг нь ойлгохгүй, мэдрэхгүйдээ гол нь биш, харин ч тайлбарлавал хүн бүр ойлгохоор энгийн, гагцхүү бусад гадаад хэлнээ бүтэн өгүүлбэрээр хэлэх санаа, ухагдахууныг ганцхан үгээр илэрхийлдэг, тэр нь байнга хэрэглэгддэг, тийм л өвөрмөц үгсийг эрэлхийлдэг юм. Жагсаалт руугаа орвол илүү ойлгомжтой болох биз ээ.

10-р байранд Өмнөд Америкийн уугуул нутгийнхны нэгэн хэл болох Яган хэлний“мамихлапинатапэй” гэдэг үг оржээ. Энэ нь хоёр этгээд нэг нэг рүүгээ хоёул ямар нэг зүйл хүсэж байгаа боловч хэн нь ч түрүүлж үйлдэл хийхээс зүрхшээн, үг дуугүйгээр, гэхдээ бас утга учиртайгаар ширтэлцэхийг нэрлэх үг гэнэ.

9-р байр. Жаюус

Индонези хэлний энэ үг бол хүний ярьсан нэг зүйлийн онигоог илэрхийлэх үг. Гэхдээ онигоо болгон жаюус биш, онигоог маш муу, уйтгартай, утгагүй ярьснаар харин ч бүр инээхээс аргагүй байдалд хүргэдэг, тийм онигоог нэрийдэх үг юм.

Энэ үгийн тайлбарыг бичсэн, харин нэг явдал санаанд орж байх чинь. АНУ-д жил тутам болдог Монгол судлалын хурлын 2008 оных Чикаго хотноо хуралдаж Монгол Соёлын Төвийн гишүүд бид Вашинтон хотоос машинаар Чикагог зүглэн хөдөлсөн юм. Замын уртыг онигоо ярьж л барахаар шийдлээ. Тэгсэн Соёлын Төвийн гишүүн, (нэрийг нь заавал дурдаж ичээгээд юүхэв) Зүүнхараа хотын харьяат нэг бүсгүй маань нэг тоть, архичин эзэн хоёрын тухай онигоо ярих гэж бүр холион бантан болж билээ. Онигоогоо холиод, мартаад, санахдаа буруу санаад, тоть нь архичин байснаа, сүүлдээ “Биш ээ эзэн нь эхлээд архи уудаг юм” гэж ирээд л нөгөө Гэсэрийн туужийн Монгол, Төвдөд тархсан, модон барын, гар бичмэл хувилбар гэдэг шиг арваад янзаар ярьж үзээд, сүүлдээ аргагүй больсон сон. Эхэндээ уур хүрмээр тэм боловч эцсийн дүндээ тэр бүхэн нь харин ч хөгжилтэй, бид онигооных нь учрыг олох гэсээр, хувилбар санаа дэьшшүлэн инээлдсээр байж бүтэн хоёр цаг явчихсан байж билээ. Энэ болсон явдлыг бусад нөхдөдөө ярихдаа баахан урт тайлбартайгаар өгүүлж байгаа юм, гэтэл индонези хэлээр бол маш амархан буухаар байж шүү дээ : “Манай Энхцэцэг өчигдөр нэг жаюус яриад...”. Ингээд л бол оо.

8-р байрны үг маань нөгөө “дохих”-той холбоотой, холбоотой ч гэж тэр үг мөн болохоор жагсаалтаа гүйцээчхээд, дараа нь тухайлан ярилцъя.

7-р байр. Кёоикумама

Япон хэлээр энэ нь хүүхдээ хичээл сурлагын амжилт гаргуулахаар хэт их шахдаг эх хүнийг нэрийдэх үг аж. Япон хэлтэй нэг найзаасаа лавласан, энэ нь үнэндээ “кёоки – боловсрол”, “мама-ээж” гэсэн хоёр үгийн нийлцээс бүтсэн нийлмэл жинхэнэ нэр юм байна. Монголд бол тусгайлан нэрийдсэн үг байхгүй л болохоос биш манай гэргийгээс өгсүүлээд кёоикумаманууд ч олон доо олон.

6-р байр. Тартл

Жагсаалтад анх удаагаа үйл үг орж ирж байна. Шотланд хэлээр “тартл” хэмээх нь хүнийг бусдад танилцуулж байхдаа нэрийг нь мартчихаад бага зэрэг гацах, ээрэх үйл юм.

5-р байр. Икцуарпок

Энэ бас үйл үг. Инуит гэж Эскимо-Алеут хэлний бүлгийн нэг салбар хэл бий. Хэлэлцэгчид нь Орос, Дани, Канадын хойд туйлтай ойролцоох бүс нутгаар амьдарна. Иниут хэлэнд дээрх үйл үг нь хүн ирж байна уу гэж байн байн гарч харуулдах гэсэн утгатай. Манай хөдөөд ч гэсэн нэгнээ хүлээн харуулдаж, гэрээс гаран саравчлан харах бол танил дотно л дүр зураг. Гагцхүү ялгаа нь тэр үйлийг илэрхийлэх ганц үг байхгүй юм даа.

4-р байр. Кафунэ

Португал хэлний Бразил дахь аялгуунд “кафунэ” гэдэг нь нэгнийхээ үсэнд гараа хийгээд зөөлхнөөр илбэн таалахыг хэлнэ. Бразилчууд айхтар романтик улс болохоороо иймэрхүү үйлдэл бүрдээ тусгай нэр өгдөг юм биз дээ. Есениний нэг шүлэг байдаг:

Амраг чиний минь хун цагаан гар

Алтан шаргал үсэнд минь умбана... гэж. Бразилчууд тэгвэл Есенин шиг ийм олон юм хэлж байх ямар ч шаардлага байхгүй. Угаасаа үг хэл нь цаанаа тийм нэг найраглаг. “Чи, би” ч гэж төлөөний нэр хэлэхгүй, зүгээр л хайртынхаа нүд рүү харж байгаад л аажуухнаар “кафунэ...”, гүйцээ.

3-р байр. Торшлусспаник

Герман хэлний энэхүү үгийг махчилж орчуулбал “хаалга хаагдах үеийн тэвдээн” гэж болно. “Хаалга хаагдах” гэж эмэгтэй хүн насны эрхээр боломжгүй болж ирэх үеийг зүйрлэн хэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл “торшлусспаник” гэдэг нь бүсгүйчүүдийн хүүхэд төрүүлэх, гэрлэх зэрэг асуудал хожимдож, биологийнхоо цагтай уралдан, сандран тэвдэх байдлыг өгүүлэх үг аж. Энэхүү нийлмэл үгийн сүүлчийн “паник” гэдгийг манайхан “тэвдэх, сандрах, үймэх” гэж орчуулахаасаа илүү “пааник, пааниганд орох” гэж монголчилж хэрэглээд дадсан билээ.

2-р байр. Тинго

Пасхи арал дээр хэлэлцдэг, зарим номд пасхаль хэл, зарим тохиолдолд рапануй хэл гэгддэг хэлний “тинго” хэмээх үг маш өвөрмөц утгатай. Энэ нь найзынхаа гэрээс өөрийн хүссэн, хэрэгцээтэй юмаа нэг нэгээр нь зээлж авсаар байгаад бүгдийг нь дуусгаж орхих үйлийг нэрлэдэг үг юм байна. Тусгай үг байхыг бодоход тийм явдал пасхи арал дээр байнга тохиолддог хэрэг ээ дээ?

Үгийн тэмцээний аваргын алтан медальтныг өгүүллийнхээ эцэст задална гэсэн болохоор одоо нөгөө 8-рт орсон “дохих” хэмээх үгээ авч үзье.

Үнэндээ яг монгол хэлний энэ үг наймд ороогүй юм л даа. Орчуулагч нарын санал хураалтаар чех болон словак хэлний “прозвонить” хэмээх үг дэлхийн орчуулахад хамгийн хэцүү 10 үг дотор багтаж. Ингээд “прозвонить” хэмээх үгээ тайлбарласан нь:

“зөвхөн гар утсанд хамаарах үг бөгөөд хэн нэгэн рүү ганцхан удаа залгаад утасаа салгах, энэ тохиолдолд дуудлага авсан тал буцааж залгах бөгөөд эхний залгагч минут болон мөнгөө хэмнэх үйлдэл” гэжээ.

Энэ үгийг уншсан ямар ч монгол хүнд тийм ч орчуулж боломгүй, хэцүү үг, ойлголт гэж санагдахгүй нь лав. Хөөрхий чех, словакийн ард түмэн бидний л адил нэгжээ харамладаг, дотно нэгнийхээ нэгжийг хэмнэдэг, гар утасны систем нь бидэнтэй л адил улс байна шүү дээ. Гэтэл бусад зарим улсын, ялангуяа барууны улсын хэлнүүдэд энэ нь яагаад орчуулахад хэцүү үг болдог билээ?

Аргагүй ч юм даа, жишээ нь АНУ-д гэхэд л гар утасаар ярихад залгасан залгуулсан хоёулангийнх нь минут гүйдэг юм. Ийм тохиолдолд дохих ямар ч шаардлагагүй, шаардлага байхгүй байхад тэр талаар ойлголт ч байхгүй юм л даа. Харин сонирхолтой нь зөвхөн залгасан нь мөнгө төлдөг бусад улс орнуудын хэлэнд “прозвонить, дохих” гэсэн үгс хар аяндаа бий болчихжээ. Ямар ч хэл шинжээч энэ үгийг тэр утгаар одооноос эхэлж хэрэглэ гэж шийдэхгүй шүү дээ. Нэг мэдэхэд л хэрэгцээ нь л байгаа бол үг өөрөө хэрэглээнд гараад ирнэ. Үүнийг л хэлний аяндаа цэгцрэх тогтолцоо гээд үглээд байдаг хүн дээ, би.

Жишээ нь, Испани болон Бразилид “токуе” буюу “хүрэх, хатгах”, Камерунд англи хэлний “бийп” буюу “дохио өгөх, чагнаалдах”, Сербид “чимнути” буюу “нудрах, ёврох” гэсэн үгээр, Австралийн англи хэлэнд “пранк”, Малавийн англи хэлэнд “флаш” гэсэн англи үгээр тус тус “гар утсаар дохих” хэмээх утгыг илэрхийлдэг ажээ.

Олон хэлний ийм сонирхолтой үгсийг харж байхад монгол хэлэнд ч гэсэн орчуулахад бэрх үг, ойлголт олон бий дээ гэж бодогдох. Гэвч миний бие энд монгол утга зохиолын хэлнээс биш нутгийн аялгуунаас нэг дуртай үгээ жишээ болгон авъя.

Ойрад аялгууны хамгийн дуртай үг маань “дөжгөх” билээ. “Дөжгөх” гэж гадаад хэлэнд байтугай халх аялгуунд ч орчуулахад бэрх үг. Улаанбаатарынханд тайлбарахаар “долигонох” биш үү гэж тэнэгтээд байдаг юм. “Дөжгөх” бол яавч “долигнох” биш. “Сүйд майд болох” гэдэг үг дөхөж мэднэ, гэхдээ хүн ирэхлээр “сүйд майд болно” гэвэл хоол цай хийгээд, сандраад айхтар юм болсон байх учиртай, “дөжгөхөд” бол тэгээд байхгүй. “Саймшрах” арай ч биш, “танимхайрах” гэхээр бүр биш болчихно, юу гэмээр юм бэ дээ, зарим хүн гэр орон, амьдрал ахуйн тань тухай сайхан яриа хөөрөө өрнүүлээд, дотносуу ханддаг даа, тэр чинь л “дөжгөж” байгаа хэрэг. За тэгээд энэ үгийг та англи, орос, япон, герман хэлэнд буулгах гээд нэг үз дээ. Бас л амар биш байгаа биз.

Ингээд амласан ёсоор өгүүлийнхээ төгсгөлд үүцээ задлах уу даа? Дэлхийн олон хэлний тоо томшгүй олон үгийн дотроос орчуулахад хамгийн бэрх үгээр чилуба хэлний “илунга” хэмээх үг шалгарчээ. Чилуба гэдэг нь Африкийн Конго улсын албан ёсны дөрвөн хэлний нэг нь, 6 сая орчим хүн хэлэлцдэг, язгуурын хувьд банту хэлний нэг салбарт тооцогддог юм.

“Илунга” хэмээх нь “ямар ч доромжлолыг эхний удаад уучилдаг, хоёр дахь удаад тэсээд өнгөрөөдөг, харин гурав дахь удаад нь уучилдаг ч үгүй, тэсч өнгөрүүлдэг ч үгүй хүн” гэсэн утгатай. Хоёр дахь дээрээ уурлаад дэлбэрчихвэл та “илунга” биш, гурав дахиа тэсээд өнгөрөөчихвөл ч “илунга” болж чадахгүй нь байна шүү дээ. Яг гурав дахь дээрээ л тэсэрдэг хүн - “илунга”.

Хүний хэл ээ гэж, сонин сайхан эд шүү. Хүний амьдрал ч гэсэн дээ, бас л сонин сайхан, арвин баялаг юм шүү дээ. Ухаан нь хайртыгаа санаад л, хааяа “дохиод “ л, байн байн икцуарпокдоод л сууж байтал өнөөх маань хүрээд ирнэ. Гэнэт уулзахаараа бас балмагдаад хоёулаа хэсэг мамихлапинатапэй болон сууна. Тэгээд тэр минь арай зориглоод, кафунэдаад ирэхлээр л сая тайвширч, мэгдэхээ болиод, тингоддог хөршийнхөө тухай, кёоикумама ээжийнхээ тухай буу халан, илунга найзынхаа тээр жил ярьсан жаюусыг санан хөхрөлдөж гарна даа...

Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ