Үг оршихуй дор хүний ертөнц оршихуй.
----
Монгол улсад энтрепренёршипийг хөгжүүлэх асуудал монгол хүний сэтгэлгээ буюу монгол хэлэнд "энтэрпренёр", "энтэрпренёршип" хэмээх шинэ нэршлүүд ямар утгатай үг болон төлөвшихтэй шууд холбоотой. Ширээ гэх үг тулах хөлтэй, дээр нь хүмүүс юм тавьж бичих зэрэг ажил хийж, тохойлдон суух зориулалт бүхий тавцантай эдийг нэрлэж хэвшсэн нь тийм эдийн оршин байгааг баталдагчлан монгол хэлэнд "энтэрпренёр" хэнийг, "энтрепренёршип" юуг заахаар төлөвшинө тэдгээр нь манай нийгэмд үүсэж бүрэлдсэн байх болно.
----
Entrepreneurship, business, businessman, industrialist, innovator, mogul, tycoon, manufacturer, magnate, business person...
Хүний ертөнцийн баялаг тоймгүй олон янзын хэлбэртэй, түүнийг бүтээх үйл явц ч тоо томшгүй арга хувилбартай. Баялаг бүтээгсдээ, бүтээх үйл явцаа цэгцтэй судалж, шинжлэх аргачлал хөгжсөн орнуудад аж ахуй, түүнийг эрхлэгчийг нэрлэх олон төрлийн нэршил байдаг нь төдий чинээ үгийн сан шаардагдахуйц хэмжээнд эдийн засгийн харилцаа хөгжиж, тоглогчдын үүрэг оролцоо нарийсч хуваарилагдаж ирснийг харуулж буй.
Үүний дундаас "бизнес" нь англи хэлэнд дангаар хэрэглэгдэхдээ нэг бол хүний голлон эрхэлдэг ажлыг, нөгөө бол бараа үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлж ашиг олох үйл ажиллагаа буюу энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг илэрхийлдэг. "Бизнесмэн" нь энэ төрлийн байгууллагад ажилладаг, ихэвчлэн нөлөө бүхий, удирдах албан тушаал хашиж байгаа хүнийг илэрхийлнэ. "Бизнес"-ийг арилжааны, санхүүгийн, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, уул уурхайн, үйлчилгээний зэргээр томоохон ангилж болох ч, манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэрийн салбар бүхэлдээ нэг нойллоод гадаад худалдаагаар дахин гараанаас гарсан 1990-ээд оноос хойш арилжаа наймааны болон үйлчилгээний бизнесийн утгаар түлхүү хэрэглэгдэж, бизнесмэний томоохон төлөөллүүд ч эдгээр салбараас төрөн гараад буй онцлогтой. Мөн манай нийгэмд "бизнесмэн" хүн өөрийн гэсэн нэр хүнд, байр суурьтай нийгмийн бүлэг болон хэвших явц үргэлжилж байна. Баялаг бүтээх салбар буюу үйлдвэрлэлийн хөгжлийн хамтаар бизнесийн салбарт нэр хүнд, нийгмийн статус анхлан оногдсон бусад орнуудаас нэлээд ялгаатай, өвөрмөц бүтэц тогтоод байна.
"Энтэрпренёр" гэх сэдэв үг маань ийм бүтцэд онгойж буй хоосон зайг нөхөх үүрэгтэйгээр монгол хэлний үгсийн санд шинээр нэмэгдэж орж ирсэн гэж үзэж болно. Энэ нь өнөөг хүртэлх үгийн сан илэрхийлж чадахгүй байсан ямар нэгэн шинэ ухагдахуун хэрэгцээтэй байгаагийн шинж бөгөөд шинэ үгийн хамт шинэ сэтгэлгээ, ухамсар үүсэж, шинэ ухамсраас шинэ үйлдэл, үйлдлээс нийгмийн шинэ онцлог үүсэх процесс эхлэл шатандаа өрнөж байна. Үгийн гарал үүслийг мөшгиж үзвэл "entrepreneur" хэмээх аливаа "ажил хэргийг эрхлэх" утга бүхий франц үгнээс гаралтай үг нь 1723 онд анхлан өнөөгийн утгатай ойролцоо утгаар толь бичигт гарч байсан агаад дэлхий дахинд бүтээлч аж ахуйн эриний үүр цайх үетэй давхцаж буй нь нэгийг өгүүлнэ.
"Энтэрпренёр"-ыг хаанаас нь харснаас хамаараад янз бүр харагддаг хүүхэлдэйн киноны баатар, аварга том Хеффалумп заантай их зүйрлүүлдэг. Нуугдмал боломжийг олж харах, төсөөлөн бодох, төсөөллийг бодит зүйл болгохоор зүтгэх, тодорхой бус ирээдүйн эрсдлийг үүрэх, үр ашгийг сайжруулах, шийдвэр гаргах, удирдах, хуучныг үгүйсгэх, шинийг эрэлхийлэх зэрэг ямар үүрэг, шинж чанарыг нь онцолж буйгаас хамаараад маш олон төрлийн тодорхойлолт, тайлбар бий. Онолын хувьд "үл үзэгдэх гар" үйлчилдэг чөлөөт зах зээлд энтэрпренёр яг ямар үүрэгтэй талаар төдийлөн онцгойлж үздэггүй байсан онолын талбарт австрийн эдийн засагч Ж.Шюмпетр хуучныг нурааж, шинийг бүтээх (инноваци) замаар нийгмийг шинэ түвшинд гаргадаг хувь хүний дүрийг оруулж ирснээр анх удаа "энтэрпренёр"-т шинжлэх ухааны үндэслэлтэй үүрэг, нэр хүндийг нь олгосон гэж үнэлэгддэг.
Шюмпетрийн хүн "энтэрпренёр"-ийн хувьд "бизнесмэн" төвтэй монголын эдийн засагт харьцангуй саяхнаас нэвтэрсэн үг тул нийтэд ойлгогдох утга, орчуулгын хувилбар, кирилл галиг нь хараахан тогтож ирээгүй байна. Ийм шатанд өөрийн хэлэнд нийцэх үг шинээр бүтээж хэвшүүлсэн практик ч байдаг. Капиталист японы загалмайлсан эцэг гэгдэх Эичи Шибүсава феодлын японд хэрэглэгдэж асан наймаачин гэх утга бүхий ханз үгийг халж "жицүгёока" хэмээх "энтэрпренёр"-т дүйцэх шинэ ханз үг гаргасан байдаг.
"Жицүгёока"-г шинээр үгийн санд нэмсэн үеийн Япон орон өнөөгийн манай нийгмээс ч хүнд байдалд байлаа. Цэргийн лордууд төвтэй хоцрогдсон нийгэмд худалдаа арилжааны салбарынхан күнзийн суртлаас улбаатайгаар хамгийн үнэ хүндгүй, дорд үзэгдсэн нийгмийн бүлэг байв. Шибүсава улс орныг шинээр бүтээн байгуулж асан их реформын эринд эх орныхоо үгийн санд шинэ үг нэмэрлэх хамгийн амбицтай ажлыг гардан хэрэгжүүлсэн юм. Тэрээр нийгмийн шинэ бүлгийн тухай онол, ном, ухуулга, хичээл, яриа, өөрийн үлгэр дууриал, бодит жишээгээр дамжуулан энтэрпренёршипийн үзэл санааны зөв суурийг хэвшүүлж, орчин цагийн япон хэлэнд "жицүгёока"-г өвлүүлэв. Тэр үгэнд шингэсэн утгыг биежүүлсэн ажил хэрэгч, хариуцлагатай, нийгэмд үнэ цэнэтэй, ёс суртахуунтай, мэргэшсэн баялаг бүтээгсэд өнөөдөр Японыг өдөр тутам бүтээн байгуулж байна.
Монголд ч өнөөдөр шинэ үгийг манлайлан хэрэглэх хэсэг үгийн бодлого барьж чиглүүлэх ёстой гэж санана. Энэ үгэнд өнөөгийн монголын нийгэмд хамгийн дутагдсан шинж чанар бүхий эдийн засгийн дүрийг уяж хэвшүүлэхийн тулд дор хаяж нөлөө бүхий нийтлэл, үг ярианд хэрэглэхдээ өндөр шалгуур тавьж байх, тухайлбал нийгэмд үнэ цэнэтэй аж ахуй эрхэлдэг, бизнесийн ёс зүйтэй баялаг бүтээгчийг л заан хэрэглэх, орон орны хамгийн инноватив, хамгийн бүтээлч энтэрпренёруудын түүхийг мэдэж, олон нийтэд таниулах, дэлхийн аж үйлдвэрийн харилцаанд ямар хэлбэрийн энтэрпренёршип гол үүрэг гүйцэтгэж ирсэн талаар ерөнхий болоод их сургууль, олон нийтийн боловсролд системтэй мэдлэг өгөх хэрэгцээтэй.
Энтэрпренёршип монгол хэлэнд хамгийн төгөлдөр утгаар хэвшиж, төгөлдөр утгын дор монголын энтэрпренёрууд олшрох болтугай.
@bolushka
2014/11/07
http://www.tsahimurtuu.mn