Саяхан дэлхийн нэр хүндтэй Харвардын их сургуулийг төгсөгч, манлайлагч залуус Монголд айлчилсан билээ. Тэд Монголд ирээд Монголын их дээд сургуулийн оюутан залуустай уулзжээ. Уг нь, энэ уулзалт Харвардын их сургуулийн залуус болон Монгол оюутнуудын хооронд сонирхол, мэдлэг, оюуны үр дүнтэй солилцоо, эрэл хайгуул болох ёстой байв. Гэвч харамсалтай нь уулзалт Монгол оюутнуудын ухамсар, сонирхол ямархуу түвшинд байдгийг таарууханаар харууллаа хэмээн тус уулзалтанд оролцогч нэгэн харамсан өгүүлж байна. Тэрээр facebook хуудаснаа ингэж өгүүлжээ:

Саяхан Харвард, Флечерийн хэдэн нөхөд ирээд Трекийнхээ хажуугаар Монголын оюутан залуус, мэргэжилтнүүдтэй яриа хийгээд явлаа. Тэр өдрийн турш хүмүүсийн илтгэл, семинарууд болон монголчуудынхаа тавьж буй асуултуудыг сонссоноо дүгнэн хуваалцъя:


- Ихэнх хүмүүсийн тавьж байгаа асуулт нь хувийн ашиг сонирхлын чанартай, олон нийтдээ хүртээлгүй, ярьсан сэдвийг нь гүнзгийрүүлж асуухаас илүүтэйгээр өөрийнхөө төлөө тавьсан “Харвардад яаж явах вэ?”, “Харвардад сурахын тулд ийм байхуу, тийм байхуу” гэх мэт асуултууд. Нэг нь бүр орчуулагч дагуулж очсоноо “Би Америкт сурмаар байна, тэгэхийн тулд TOEFL-ийн хэдэн оноо хэрэгтэй вэ?” гэж Монголоор асууж байх жишээтэй. Эхний ээлжинд англи хэлээ сайн сураад, тэрийгээ ашиглаад Google гэдэг юм хэрэглэж сураад тэр хамгийн энгийн асуултаа хайж олчихоод дараа нь бүр нэтээс хайгаад олдохгүй юмаа хүний цагийг үрж асууж байвал яасан юм гэсэн бодол л өөрийн эрхгүй төрсөн. Ингэснээр тэр хүний чамайг үнэлэх үнэлэмж ч гэсэн нэмэгдэнэ.

- Энэ байдлаас дүгнэхэд манайхан дэндүү бэлэнчлэх дуртай, амандаа бэлэн хоол орохыг хүлээгээд сууж байдаг даанчиг залхуу хүмүүс юм гэдгийг баттай ойлгов. Энэ нь мэдээж хүн болгон биш, гэхдээ олонх нь ийм байгаа нь ажиглагдсан.

- Зарим хүмүүсийн маань тавьж буй асуулт ямар ч цэгц замбараа байхгүй, яг юу гэх гээд байгаа нь тодорхой биш, түүнийг нь 2-3 дахин тодруулж байж асуултын гол санааг нь ойлгож байв.

- Мөн Монголчууд маань олны дунд буцалсан яриа өрнүүлсэн асуулт тавихаас, айдаг ичдэг юм шиг санагдсан. Хүмүүс яриагаа хийж дуусаад асуулт хариултын хэсэг болонгуут асуулт асуухгүй, тэгсэн мөртлөө дууссан хойно нь явж очиж нилээн яриа өрнүүлж харагдана. Эсвэл бусад хүмүүс сонсчихно гээд амиа хичээдэг ч юм уу бүү мэд.

- Тэр өдөр яриа, илтгэл тавьсан хүмүүсийн нэг нь би өөрөө байлаа. Гэтэл тэнд таарсан хүмүүс “Юу хийж яваан? Зохион байгуулж байгаа юм уу?” гэж дахин дахин асууна. Энэ нь тэр танилцуулга номоо ч олигтойхон нээж үзээгүй байгаагийн шинж. Тэднийхээр бол Монгол хүн энэ багт яасан ч багтахгүй, байх боломжгүй гэсэн сэтгэлгээ л байх шиг байна лээ. Монголчууд бид гадаад хүн гэхээр л бусдаас ангид, мундаг хүмүүс мэт төсөөлж долигонож, Монгол гэхээр л үргэж цэрвээд, өөрийнхөө өрөөсөн дугуй, “Би энэнээс юу сурдаг юм” гэсэн аястай хандана. Урмыг чинь хугалсанд уучлаарай гэхдээ, би шалгуурыг нь давсан учраас энэ багт багтсан, цаашид 2 сарын турш 6 орноор Харвард, Станфордынхонтой багшилж явах санал авсан бөгөөд энэ мэтээр дахин дахин таарах учраас асуух асуултаа бодож тавьж байгаарай!

Гашуун ч гэсэн дээрх шүүмжийг санууштай! Өнөөгийн Монгол оюутнууд маань эрх чөлөө, дэлхийн сайн сайхны төлөө эх орноо зориулсан ч яахав гэж хийрхэх мөртөө бодит амьдрал дээр оюутны 70 мянгаа ярьж, оюутны амьдралыг шоу цэнгээн төдийгөөр төсөөлдөг нь харамсалтай ч юм уу даа. Уг нь тэд л үндэстэн, эх орныхоо хөгжлийн төлөө, мэдлэг оюун эзэмшихийн төлөө хэнээс ч илүү хамгийн их санаа тавьж явах ёстой хүмүүс юмсан.

Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=10153178286428001