Дэлхийн олон орон ардчилсан дэглэмд шилжээд багагүй хугацааг үдэж байна. Гэсэн хэдий хүн төрөлхтний дунд боолчлолын шинэ маяг дэлгэрч, хүн амын эмзэг, ядуу хэсгээ дарлан, мөлжсөөр байгаа билээ.

Саяхан Австралид төвтэй хүний эрхийн "Walk Free Foundation" олон улсын байгууллагаас 167 орныг хамарсан 2014 оны Дэлхийн боолчлолын индексийг гаргажээ. Тайланд дэлхий нийтийн хэмжээнд 35.8 сая хүн боолчлолын хэлбэрт аж төрж байгаа бөгөөд тэдний олонхийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн үзүүлэлт гарсан байна.

Орчин үеийн боолчлолын хэлбэр уламжлалт хэв маягаас зарим талаараа нэлээд ялгаатай билээ. Дэлхийн боолчлолын индекст "Нэг хүн нөгөөгийнхөө эрх, эрх чөлөөг хязгаарлах эсвэл бүрэн хяналтандаа авах замаар өөрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэх, ашиг хонжоо олох явдлыг боолчлол гэнэ" гэж тодорхойлжээ.

-Боолчлолд хамгийн их өртдөг улсууд-

Энэ жилийн судалгаагаар боолчлолын хувьд хамгийн өндөр 10 орны тоонд:

  1. Мавритан - нийт хүн амын дөрвөн хувь буюу 160 мянган хүн
  2. Узбекстан - нийт хүн амын 3.9 хувь буюу 1.2 сая хүн
  3. Гаити - нийт хүн амын 2.3 хувь буюу 240 мянган хүн
  4. Катар - нийт хүн амын 1.3 хувь буюу 29 мянган хүн
  5. Энэтхэг - нийт хүн амын 1.14 хувь буюу 14 сая хүн
  6. Пакистан - нийт хүн амын 1.13 хувь буюу 2.1 сая хүн
  7. Конго - нийт хүн амын 1.13 хувь буюу 160 мянган хүн
  8. Судан - нийт хүн амын 1.13 хувь буюу 430 мянган хүн
  9. Сири - нийт хүн амын 1.13 хувь буюу 260 мянган хүн
  10. Төв Африкийн Бүгд Найрамдах улс - нийт хүн амын 1.13 хувь буюу 52 мянган хүн

Дээрх улсуудад байгалийн гамшиг, улс төрийн хямрал, эдийн засгийн уналт нүүрлэсэн нь боолчлол нэмэгдэхэд нөлөөлдөг бөгөөд хүний наймаанаас олох ашиг орлого нэмэгдэхийн хэрээр гэмт бүлэглэлүүд сүлжээ хүрээгээ тэлж, боолчлолын бизнес бэхжсээр байгаа аж.

Түүнчлэн дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болох АНУ, ОХУ, Хятад, Япон улсуудад боолчлогдон амьдарч байгаа хүн амын тоо төдийлөн буураагүй байна. Хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг албадан гэрлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хэрэгсэл болгох, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг олон төрлийн боолчлолын хэлбэр ноёрхож байгаа юм.

Харин боолчлол бага буюу бараг байхгүй орнуудад Швейцарь, Дани, Финлянд, Норвег, Шинэ Зеланд, Ирланд, Исланд зэрэг улсууд багтжээ.

-Монголчууд боолчлолын түвшингээр 16-д жагсчээ-

"Walk Free Foundation" олон улсын байгууллага өнгөрсөн жилийн жагсаалтыг гаргахдаа боолчлогдож буй иргэдийн хүн амд эзлэх хувь, насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлт мөн иргэдийг улс дотроо болон хил давуулан худалдах гэсэн үндсэн гурван үзүүлэлтийг шалгуур болгож байсан билээ. 2013 онд Монгол улс 162 орноос 109-д жагсаж байсан юм.

Харин энэ жилийн тухайд хоёр үзүүлэлтийг шалгуур болгож тус бүрт нь хоёр өөр жагсаалт гаргажээ.

Нэгдүгээрт, боолчлогдож буй иргэдийн хүн амд эзлэх хувийг үндсэн шалгуур болгосон бөгөөд тус жагсаалтад Монгол улс 167 орноос 16-д жагсчээ. Манай улсад нийт хүн амын 0.9 хувь буюу 25.700 хүн ямар нэгэн хэлбэрээр боочлогддог гэсэн үзүүлэлттэй гарсан байна.

Хоёрдугаарт, боолчлолыг арилгахын тулд Засгийн газраас хэр үр дүнтэй арга хэмжээ авч буй байдлаар нь мөн жагсаасан байна. Үүнд хууль эрхзүйн орчин, хохирогчдод дэмжлэг үзүүлэх байдал, нийгмийн хандлага гэсэн дэд үзүүлэлтүүдийг багтаажээ. Энэхүү жагсаалтад Монгол улс 167 орноос 44-р байранд оржээ.

Б.Саруул

http://world.eagle.mn