"Дэлхийн эдийн засгийн форум" институтээс дэлхийн улс орнуудын 2013-2014 оны өрсөлдөх чадавхийн тайланг хэвлэн гаргажээ. "The Global Competitiveness Report" нэртэй тус цуврал тайлан нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг харьцуулан үнэлдэг бөгөөд ингэхдээ тухайн улсын институтуудын чадавхи, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн зах зээл гэх мэт салбар бүрээр цуглуулсан баримт мэдээлэлд маш нарийн анализ хийж, үр дүнг нь мэдээлдэг байна.

"The Global Competitiveness Report: 2013-2014" тайланд дэлхийн 148 улсын өрсөлдөх чадавхийг эрэмбэлжээ. Тус тайланд өгүүснээр, өрсөлдөх чадварын хамгийн эхний байруудад Швейцарь, Сингапур, Финлянд, Герман, Швед зэрэг хөгжингүй улсууд оржээ. Харин Монгол Улс өрсөлдөх чадавхиар 148 улсаас 107 дугаар байр буюу өрсөлдөх чадвар хамгийн доогуур орнуудын тоонд багтсан байна. Монгол Улс 2012-2013 онд өрсөлдөх чадавхиар 105 дугаар байранд эрэмблэгдэж байсан бол энэ удаа хоёр байраар ухарчээ (Тус тайланг дараах холбоосоор орж харна уу: http://www3.weforum.org/docs/WEF_GlobalCompetitivenessReport_2013-14.pdf).

Боловсролын чанар нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадавхийн индекст нэг чухал хүчин зүйл болдог байна. Иймд манай боловсролын үзүүлэлт сайн байвал, энэ нь манай улсын өрсөлдөх чадавхийн ерөнхий индексийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болох учиртай байв. Гэтэл, сүүлийн хэдэн жил Ё.Отгонбаяр, Лу.Гантөмөр, Б.Насанбаяр нарын удирдлагаар Монголын боловсрол урьд өмнө байгаагүй шинэчлэгдэж, дэлхийн түвшинд хүрлээ гэсэн сурталчилгааг ихээр явуулж, энэ нь хэвлэл мэдээллийн бүхий л орон зайг эзэлж ирсэн юм (Гэтэл иргэд тэднийг хэвлэлтэй хаалтын гэрээ хийсэн гэж харддаг). Үүнээс гадна, тэдний үед хэвлэлийн сурталчилгаанд их хэмжээний төсвийн мөнгө зарсан гэх мэдээ ч бий.

Харин "The Global Competitiveness Report" улс орнуудын ерөнхий индексийг гаргахдаа тус үзүүлэлтэд чухал хүчин зүйл болох боловсролын чанарыг дангаар нь үнэлж, эрэмбэлдэг ажээ. "The Global Competitiveness Report: 2013-2014" тайлангаас харвал, Монгол Улс боловсролын чанараар маш доогуур байранд эрэмблэгдсэн байна. Тус тайланд мэдээлснээр, Монголын бага боловсролын чанар 148 орноос 91 дүгээр байранд, харин үүнээс дээшхи шатны боловсролын системийн чанар нь сүүл мушгиж 137 дугаарт эрэмблэгджээ (The Global Competitiveness Report, 281 дүгээр тал).

"Дэлхийн эдийн засгийн форум"-ын судалгаа Монголын боловсролын өнөөгийн шинэчлэл нь хэрэг дээрээ юу болов гэх ноцтой асуултыг бидний өмнө тавьж байна. Гэтэл сүүлийн 5-6 жилд Монголын БШУЯ, Ё.Отгонбаяр, Лу.Гантөмөр, Б.Насанбаяр нарын удирдлагаар боловсролын салбар шинэчлэгдэж дэлхийн түвшинд хүрлээ гэсэн үнэнд нийцэхгүй сурталчилгааг тасралтгүй явуулжээ!

"The Global Competitiveness Report"-ын үнэлгээ Монголын боловсрол сайхан болсон, шинэчлэгдсэн мэтээр сурталчилж олон түмнийг төөрөлдүүлж байсныг ийнхүү илчилж орхилоо. Тэд бидний боловсролыг ийм болгосныхоо төлөө хариуцлага хүлээх болов уу?

Ч.Номун

Эх сурвалж: www.gashuun.mn