Идэр залуус минь, жаахан ч болов нийгмийн идэвхтэй байцгаа.. Өчүүхэн ч болов улс оронд нь юу болж, ямар үйл явдал өрнөж, юу нь бүтэж, юу бүтэхгүй байгааг анхаарч, анзаарч, ажиглацгаа. Ойлгож ухаарахыг хичээцгээ..



Яагаад гэвэл, 10 жил хүрэхтэй үгүйтэй хугацааны дараа өнөөдрийн бүтээгдэж буй энэ Монгол орны ачаа та нарыг хүссэн, эс хүссэнээс огтхон ч хамаарахгүйгээр та нарын нуруун дээр ачигдаж, Монгол Улс гэдэг энэ улсын жолоо цулбуур та бүхний гарт очих болно.



Яагаад гэвэл Та бүхнийг Баабарын ДОРИ ИДЭР ДҮҮ-гийнхээ гэнэн дүрд үнэнчээр итгэчихээд төрийн хэргийг чинадад огоорч зөвхөн “төрсөн биеэ засах” сүжиг сажиг үйлд гүйлдэж байх хооронд төр улсыг чинь амин хувиа хичээгч мунхагууд, гадна дотнын шуналтнууд цөлмөн хоосолж, хожим нүцгэн биеэс чинь өөр юу ч үгүй үлдээчихвэл, тэр цагт та бүхэн амаа мянгантаа баривч, толгойгоо түмэнтээ шаавч нэгэнт хожимдсон байх болно.



Яагаад гэвэл Та бүхнийг валентиндаж, баардаж, хий хоосон том том мөрөөдөж, гуниглан гиюүрч, эсвэл алиалж, маазарч явах хойгуур хожим та нарын үр хүүхдийг валентиндах ч юмгүй, баясах ч юмгүй, бүр маазарч, хошигнох ч юмгүй болтол хуу цөлмөчихсөн байх ахул та бүхэн үр хүүхдийнхээ өмнө юугаа хэлж, хуйхаа маажих юм бэ?



Яагаад гэвэл Та бүхнийг Элбэгдоржийн “хайрласан” 70 000-аар аархаж байх хойгуур, МАН-ын “буян болсон” 20 000-аар “тамхилж” байх хойгуур, АН-ын хайрласан “эрх чөлөө”-өө эдлэн дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж байх хойгуур нэг л мэдэхэд эдлэх эрх чөлөөгүй, элгээ дэвтээх эх оронгүй болгочихсон байх ахул та бүхэн хэндээ гомдоллож, хэндээ ялархах гээ вэ?



Яагаад гэвэл та бүхнийг андройд утсаар өрсөлдөж, Apple нотебүүкт дурлаж, алсын удирдлагад донтож явахад чинь нэг л өдөр Эзэн Чингис чинь хүнийх болж, эцэг эхийн чинь цуснаас харь гени илэрч, эх түүхийг чинь харийнхэн бичиж, Бурхан Халдунд хятадууд тухалж, Ноён уул чинь там болчихсон байх ахул та бүхнийг хэн тоож, ямар нохой шиншлэх юм бэ?



Яагаад гэвэл та бүхнийг Солонгос сериалд шүлэнгэтэж, сохор мухраар Адам Смит, Фридмэнийг шүтэж, анархизмыг ардчилал хэмээн эндүүрэн элгэмсэн тэвэрч, язгуурт нэгтнүүдээ гутааж, ямаан омогт харийнхнийг мундаг хэмээн шогширч явах хойгуур нь та нарт өөрийн гэсэн бахархал, үндэсний гэсэн үзэл санаа, өвөг дээдсийн өв ухаан байхгүй болчихсон байх ахул Та бүхэн тэр бүхнээ хэнээсээ зээлж, хэнээсээ худалдаж авах гээ вэ? Та нарыг энэ гариг дэлхий дээр хэн монгол гэж үнэлж, хэн монгол угсаатны хэлтэрхий хэмээн хүндлэх, онцгойлох юм бэ?



Яагаад гэвэл Та бүхнийг ийнхүү алмай царайлж, ДОРИ ИДЭР болон довоо шарлуулж, хувиа хичээж явах хооронд чинь Монголын оюун билгийн ертөнцөд буй та бүхний орон зайг мухар сүсэг түрэн эзэмшиж, муухай зальтнууд гол тоглогч болж, муйхар лүүмпингүүд хөдлөгч хүч нь болох гээд байна. Хэрвээ та бүхэн алмай царайлсаар суугаад тэдэнд боломжийг тавьж өгөх аваас та бүхний ирээдүй нэг л өдөр мухар сүсгийн өмнө толгой гудайн, мунхаг харанхуйн өмнө мухардаж, муйхар лүүмпингүүдийн улыг долоох болно.



Яагаад гэвэл улс орон мөхөж, сөнөдөг үзэгдэл зөвхөн өнгөрсөн зуунуудтай түүх болон үлдээгүй, өнөөдөр ч мөн Их гүрнүүдийн ашиг хүслийн огтлолцол дээр жижиг улс орнуудын мөхөл сэхэл үргэлжилсээр байгааг бид Ливи, Сири, Иемэн, Ирак, Афганы жишээн дээрээс харж байна. Эх оронд минь бугшиж, буцалж буй энэ бурангуй явдал цаашид шатлан өргөжсөөр байх ахул нэг л өдөр бид дээрх улс орнуудын араас орох болно.



Яагаад гэвэл жилээс жилд сонгуульд санал өгөгчдийн тоо буурсаар, ард түмний улс төрд хандах идэвхи буурсаар, улам бүр цөхөрсөөр байна. 1996 онд хүн амын 92 % нь сонгуульд саналаа өгч байсан бол 2012 онд 65 % нь болжээ. Тэр дундаа залуусын идэвх оролцоо эрс буурсан. Гэтэл Монгол орон маань хүн амын 30 хувь нь 16-30 хүртлэх насны идэр залуус байдаг Залуусын орон шүү дээ. 900 000 идэр залуус байна. Залуус та бүхэн улс орны аж амьдралаас холдон хөндийрөх хэрээр ов зальтнуудад боломж нэмэгдэж, та бүхний ирээдүйг манантуулж байна. Залуус та бүхнийг зэвсэг бариад гудамжинд гар гэсэнгүй, дахин хувьсгалж гэсэнгүй, харин энэ болж буй үйл явдлуудыг харж, анзаарч, мөн чанарыг нь таньж ухааран ухамсарлаасай гэж хүсэж байна. Чухам залуус та бүхэн л ингэж эс чадваас нийт ард олны ходоодоороо саналаа өгөн хууртдаг нь дахиад л үргэлжилж, хуурамч дүрт ардчилагчид, эх орончид улам гааран дархлагдсаар байх болно. Залуус та нар л эрүүл саруул ухаанаар эргэн тойрноо харж, энэ улайрсан популистуудын давралтыг хязгаарлах боломжтой. Чухам иймээс л Идэр Залуус та бүхнийг идэвхтэй байгтун хэмээн уриалж байна.



Тийм учраас ИДЭР ЗАЛУУС минь жаахан ч болов идэвхтэй байгтун... Та бүхний идрийн цог золбоо, хүчин чадал, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл хаана байна вэ? Та бүхний эзэмшсэн боловсрол, мэдлэг хаана байна вэ?



Монголын нийт хүн амын 0.5 хувь нь болсон 150 000 гаруй мянган оюутнууд Та бүхэн хаана байна. Та нар бааранд байна уу, эсвэл аль нэгэн лангууны ард усан нүдлээд сууцгааж байна уу. Эсвэл... Оюутан хэмээх яруу сайхан нэрийг бүү гутаагтун...
Б.Номинчимэд