2013 оны эцсээс Монголд эхлүүлсэн дээд боловсролын байгууллагын бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрт баримжаалсан мэргэжлийн сонголтоос эхлэлтэй шинэчлэлтийн явц, үр дүн дааруу байна. Хөтөлбөрийн багт олон тооны эрдэмтэн, багш, судлаач ажилласан. Шинэчлэлийг сайтар боловсруулсан замын зураггүй, эргэлзээ төрүүлсэн, тодорхой бус байдалд түлхсэн байдлаар, гадаадын туршлагыг хэт хуулбарлан хийхийг оролдож байгаа нь цаашид бага, дунд, дээд боловсролын харилцан шүтэлцээтэй нэгдмэл тогтолцоо алдагдахад хүргэх вий. Дээд боловсролын шинэчлэлд дараах хүндрэл гарч байгаа нь ажиглагдлаа.

1. Туршлагатай, нэр хүндтэй хуучин багшлах бүрэлдэхүүн болон өрнөдөд эрдмийн зэрэг, боловсрол олсон, туршлага багатай шинэчлэгчдийн сэтгэл зүйн бэлтгэл, үүсч болзошгүй эрсдлийг тооцоогүй, тэд нарын хамтач ажиллагааг хангаагүй.

2. Хөтөлбөрийг хэд хэдэн хувилбарт сонголтоор боловсруулаагүй. Хөтөлбөрийн багт өөрөөр сэтгэгч бие даасан, чөлөөт судлаачдыг татан оруулаагүй.

3. Шинэчлэл явуулах асуудлын дэс дарааллыг зөв сонгоогүй. Шинэчлэлийг орон тоо, ажлын байр, цалин, оюутны кредитийн зөрүүгийн нэмэлт үнэлгээ гэсэн эмзэг асуудлаар эхлүүлсэн.

4. Шинэчлэлийг урьдчилж сайтар боловсруулсан замын зураггүй, Монгол орны өвөрмөц нөхцөлд нийцсэн өмнөх туршлагагүйгээр эхлүүлсэн. Шинэчлэлийн багийнхан өөрсдийн бүтээсэн, хэрэгжүүлсэн шинэ санаа, шинэ сэдэл, нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааны суут эрдэмтэдийн мэдээллийн сан, дэлхийн шилдэг их сургуулийн Web сайт, лекцийн санд бараг бүртгэгдээгүй байсан нь эргэлзээ, цаашдын тодорхойгүй байдлыг даамжруулсан. Өмнөх профессор, багш нар нь шинэчлэгчдийн нэгэн адил эрдмийн зэрэг, цолтой, хэд хэдэн гадаад хэл мэддэг, компьютер, интернет сайн ашигладаг байсан учраас бүтээлээрээ оюутануудад танигдаагүй шинэхэн докторыг ямар шалгуураар сонгох, аль хичээлийг заалгахаа оюутанууд мэдэхгүй байгаа нь ажиглагдсан.

5. Шинэчлэлийн багийнхан маань ч өрнөдийн сургалтын зарим хөтөлбөрийн агуулга, лекцийн файл, үндсэн сурах бичгүүд үеэ өнгөрөөсөн, үйл явцын өрнөлтөөс хоцорсон учраас өрнөдийнхөн ч боловсролын эрс шинэчлэлийн гарцыг хайх болсныг анзаараагүй бололтой.

6. Багш нар бүгдээрээ интернетийн ач буянаар дэлхийн шилдэг сургуулиудын сургалтын тогтолцоо, шинэчлэлт, өөрчлөлтийн алхам бүртэй аль хэдийнээ танилцсан байдгийг дутуу үнэлсэн бололтой. Тэд нарын үр хүүхэд, ач, зээ нар нь ч өрнөдийн шилдэг сургуулиудад сурсан, суралцаж байгааг бодолцох л зүйл байсан.

7. Үүсч болзошгүй үр дагварыг урьдчилан бодохгүйгээр дээд боловсролын уламжлан хөгжиж ирсэн тогтолцоог өөрчлөх гэсэн оролдлого нь ирэх хичээлийн жилд хуучин ч үгүй, шинэчлэлт ч үгүй бантан дээд боловсролыг хүлээж авч магадгүй болгож байна.

8. Хөтөлбөр тооны хувьд цөөрсөн ч түүний агуулгад чанарын ахиц гараагүй. Зарим багш Баруунд ийм байдаг гэж сургасаар байдаг боловч үйлдэл, сэтгэлгээ нь орчуулан хуулбарлах арга, хэлбэртэй л байна. Өмнөхээсөө агуулгын хувьд эрс ялгаатай, дэлхийн жишигт хүрсэн, мөн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийн анхдагч нь болж өгсөн лекцийн файл, багш нэг бүрийн блог нийтлэл, орчин үеийн үндсэн сурах бичгийг 2014-2015 оны хичээлийн жилийн эхэнд сүлжээгээр үнэ төлбөргүй хүлээж авна гэсэн оюутнуудын хүлээлт биелэсэнгүй. Олон суралцагч MOOC (Massive Open Online Courses), COURSERA (Станфордын их сургуультай түншлэн боловсролын бизнес эрхэлдэг технологийн компани)-тай эгнэхүйц шинэчлэлт манай сургуульд хийгдэнэ гэсэн мөрөөдөлд хөтлөгдөж хичээлдээ ирцгээсэн.Мөн дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекцитэй сүлжээгээр танилцах боломж нийтэд аль хэдийнэ нээгдсэн тул кредитийн зөрүүгийн үнэлгээ төлөхгүйгээр сургуулийнхаа докторуудын лекцүүдтэй сүлжээгээр танилцана гэж бодож байжээ.

9.Боловсролын тогтолцоонд төрөлжин задрах, нэгдэн нийлэх үйл явц зэрэг явагдаж байхад хөтөлбөрийн шинэчлэлд зөвхөн багцлан цөөлөх гэсэн өрөөсгөл хандлагыг баримталсан. Ирээдүйн мэргэжлээ зөв, чөлөөтэй сонгоход зайлшгүй шаардлагатай кредит цагийг цуглуулах, суурь болон мэргэжлийн хичээлийн мэдлэг, чадварыг оюутан эзэмшихэд кредит цагийн өндөр, ялгаатай үнэлгээ нь оюутны төлбөрийн чадвартай суралцах боломжинд сөргөөр нөлөөлөх болжээ.

10. Webometrics.info-оос Европ, Америк, Ази, Африк болон Далайн орнуудын 22,000 шилдэг их сургуулийн 2014 оны зэрэглэлийг нийтэлсэн жагсаалтанд Ази тивийн хувьд Монголын 10 их сургуулийн зэрэглэлийг (Дэлгэрэнгүй мэдээллийг Shildeg.net-ээс уншина уу?) багтаасан байна. Эндээс харахад тун тааруухан дүр зураг харагдлаа. Иймд гадаадын их сургуулиудын араас дагаж дууриах, тэднээс хуулбарлах замаар дээд боловсролын чанарын хоцрогдлын ялгаа, орон зай, цаг хугацааны зөрүүгээ дөтлөх гэсэн ирээдүй цагийн уриа, амлалтаас аль болохоор зайлсхийж манайхаас илүү потенциалыг урьд нөөцөлчихсөн гадаадын шилдэг их сургуулиудад дөхөж ойртохын тулд өөр, шинэ арга замыг хайж хэрэгжүүлмээр байна.

11. Ер нь техник, технологи, судалгааны тусгайлсан лабораторийн туршилт шаарддаггүй, тунхаглалын шинжтэй бизнес, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинэ хөтөлбөрийн лекцийн өмнөхөөсөө эрс ялгагдах агуулга, файл, блог мэдээллийн сан, үндсэн сурах бичгийг 6 сараас 1 жилийн хугацаанд багтааж, ямар нэгэн нэмэлт зардал шаардахгүйгээр дэлхийн “Top” их сургуулийн жишиг түвшинд боловсруулан нийгмийн Вэб сайтэд байршуулах боломжтой. Бидний бие дааж бүтээж хэрэгжүүлсэн 220 орчим шинэ санааны нийтлэл бүрэн эхээрээ Нийгмийн ухааны болон шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences )-д байршсан болно. Мөн Бидний боловсруулсан шугаман алгебрийн лекцүүд (Дэлгэрэнгүй мэдээллийг Shildeg.net-ээс уншина уу?) болон бусад олон лекц, шинэ санаа, тэрчлэн домайн нэр дэлхийн Top их сургуулиуд, шилдэг сургалтын төвүүдийн Web хуудсанд байршиж, сургалт, зар сурталчилгаанд түгээмэл хэрэглэгдэж байна.

Т. Ёндон